Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулж,  

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00289 дугаар шийдвэртэй, Б.Б ийн нэхэмжлэлтэй “Даланзадгадын дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5 386 800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлага: “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, захиргаа удирдлагын хэсэгт бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа:

 Б.Б  миний бие нь 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Өмнөговь аймгийн Даланзадгадын Дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид  өнөөдрийг хүртэл нийт 13 жил тасралтгүй ажилласан юм. Нийт ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хариуцсан ажил албан тушаалдаа хариуцлагатай хандаж тус ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байсан юм.

Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс манай байгууллагын гүйцэтгэх захирал Л.Б  нь намайг ёс зүйн зөрчил гаргасан учир ажлаас чинь хална гэж загнаж эхэлсэн. Удалгүй 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлцүүлэн ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулан өгсөн юм.

Тухайн үедээ намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаараа хэлээгүй атлаа тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргаж ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд зохицуулсан бөгөөд миний бие сахилгын зөрчил болон ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг “хүнийг хэл амаар доромжилсон” гэж Хөдөлмөрийн дотоод журмын 14.5 /ИТА болон ажилчид дараах ёс зүйн алдаа гаргасан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална/, 14.5.1 /ёс зүйн алдааг дор дурдсанаар ойлгоно/, 14.5.3 /Хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилсон, заналхийлсэн/ гэсэн заалтууд болон Хөдөлмөрийн гэрээний 6.4 /Ажлын байранд, үйлдвэрлэлийн талбайд согтуу байсан, танхайрсан, албан үүргээ биелүүлж байгаа ажилтан, хөдөлмөр эрхлэгчид саад учруулсан бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан/, 6.6 /Компанийн хөдөлмөрийн дотоод журам, бусад хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн нь тогтоогдсон/ гэсэн заалтуудыг үндэслэн ажлаас халж байгааг би хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Б  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэн нэгнийг хэл амаар доромжлоогүй, ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг хууль бус үндэслэлээр ажлаас халсан. Өнөөдрийг хүрэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 5386800 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, хуучин ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б  нь 2014 онд хүний нөөцийн мэргэжилтэн хийж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан өөртөө цалин нэмэх, Хүний нөөцийг тойроод буруу мэдээлэл тарааж сүлжээ үүсгэх, тэтгэврийн нас болоогүй хүнийг ажлаас чөлөөлөх шаардлага тавих зэрэг ёс зүйгүй үйлдлийн улмаас захирлын зөвлөл хуралдаж албан тушаалыг нь өөрчилсөн.

 Энэ хүнийг 2016 онд дээд боловсролтой, хамт олныг удирдан зохион байгуулж байдаг хүний хувьд урьд гаргасан алдаагаа ухамсарласан байх гэсэн үүднээс гүйцэтгэх захирал Л.Б  нь бичиг хэрэг, архивын албан тушаалд эгүүлэн томилсон боловч дахин удирдлагын итгэл алдсан нь тогтоогдоод байна.

 Захирлын нарийн бичиг, байгууллагын архивын ажилтан хүний хувьд байгууллага болон хувь хүн, удирдлагын нууцлалыг чанд хадгалах ёстой байтал тухайн зүйлийг нууцалж чадалгүй бусдад мессежээр харьцан задруулж байсан нь нотлогдсон. Тус мессенжерт ээлжийн инженер Н.Т  хамаатай нь өөрийн буруугаа хүлээж гүйцэтгэх захирлаас уучлалт гуйсан. Энэ үед гүйцэтгэх захирлын өрөөнд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Ц  байсан учир  Д.Ц  дарга гэрчлэх болно.

Уг мэдээллийг ээлжийн инженер Х.О  анх олж харсан бөгөөд компанийн талаар ноцтой мэдээ, мэдээлэл ил байхад нь гүйцэтгэх захирал Л.Б ид мэдэгдэж мэдээллийг харуулсан. Ээлжийн инженерүүд дундаа нэг компьютертэй байдаг учир компьютерийг нээж ажлаа хийх гэтэл бүх мэдээлэл ил байсан тул хувь хүний нууцад халдсан гэж үзээгүй. Х.О  нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны эрхийг биелүүлж мэдээлэл өгсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтад ажилтан захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ханган биелүүлэхийн зэрэгцээ дүрэм, журам хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлж мэдээлэх эрхтэй гэж заасан байдаг.

 Б.Б  нь Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах шаардлагын тусгай шаардлага болох зан харилцааны соёлтой байх, өөрийн биеийг зөв боловсон авч явдаг байх, үнэнч шударга зарчимч байх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх гэсэн үүргийг биелүүлээгүйгээс гадна Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэлтэй байна.

“Ноцтой зөрчил” гэдэгт уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг үндэслэлгүй гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн гэж үзэж байна.

 Ийм учраас Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлын цагаар бусадтай сошиалоор хэд хэдэн нэр бүхий хүний нэр төрийг үндэслэлгүй гүтгэн доромжилж, цалин хөлсөө хамт хот явж ирээд л нэмэгдүүлдэг гэх мэт ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн гүтгэлгийг санаатай бөгөөд санамсаргүй тараасан нь баримтаар нотлогдсон. Хүний цалин хөлстэй холбоотой шийдвэрүүдийг бусдад тараахгүй байхыг сануулдаг үгийг хүртэл “намайг нууцал л гэдэг юм” гэж бусдад дэлгэрүүлж ажилдаа дэндүү хайнга ханддаг, захирлын тушаал, шийдвэрийг үл ойшоодог зэрэг нь энэ ажилд тэнцэхгүй гэдэг нь өөрийнх нь гаргасан үйлдлээр илэрсэн.

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, төлөвлөсөн тушаалаа гаргалгүйгээр, захирал чамд нэг боломж олгож байна, чамд өөр ажил өгье, чи сайн бодоод хариу өгөөрэй гэж хэлээд явуулсан. Найз болох, цаад харилцагч Т т хүртэл найздаа хэлээрэй нэг удаа боломж олгож шийдвэрээсээ татгалзах боломжтой гэхдээ нарийн бичгийн ажил

хийхгүй гэж хэлүүлж байсныг гэрчилнэ. Мөн турбин цехийн даргад үүрэг өгч Б.Б ийг танай цехийн ашиглалтын инженерээр ажиллуулбал ямар вэ, чи судалж үзээд хариу хэлээрэй гэсэн, тэр хүн “уул нь хэл ам ихтэй л хүн шүү дээ даргаа, та шийдвэр гаргавал би хүндэтгэн үзнэ“ гэж хэлж байснаа нотолно гэж үзэж байна.

 Иймэрхүү асуудалтай тушаал гаргаагүй 04 дүгээр сарын 05-ны хүрсэн бөгөөд тэр өдөр ирж уулзаад шууд л тушаалаа авъя, төлөвлөснөөрөө гаргаад өг гэж шаардсан. Мөн захирал ямар ажил хийх юм гэхэд хариуд нь би юм оёдог амьдралын хэмнэлээ өөрчлөх боломж гарч байгаа ч юм бил үү. Ер нь халагдана гээд тушаалаа аваад явсан. Явах үедээ хамгийн ноцтой нь “та хэнд ч битгий итгэж байгаарай” гэж хэлсэн. Энэ үгийг захирал маш ноцтой үг гэж хүлээж авсан, өөрөөр хэлбэл хоёр жил гаруйн хугацаанд өөрийнхөө хийж байсан бүх үйлдлийг тодорхойлсон.

Тиймээс хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлийн 3 дахь заалт “ирсэн явсан бичиг баримтыг архивлах, нууцыг чандлан хадгалах, гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрийн мэдээллийг зохих түвшинд зөв хандлагаар хүргэхэд оршино” гэсэн заалт болон гэрээний 4.1, 6.4, 6.6, 6.9.2 заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрээ гаргасан. Байгууллагын нууцад хувь хүнтэй холбоотой мэдээлэл гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр хамаардаг ба Буяндэлгэр нь нарийн бичиг хийснээсээ хойш байнга задруулж байсан гэж үзэж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00289 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар “Даланзадгадын дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б ийг бичиг хэрэг, архивчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 386 800 төгрөгийг “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан Б.Б т олгосугай,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б  нь улсын тэмдэгтийн хураамж 101 139 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 101 139  төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

              Хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах гомдолдоо: ...“ДзДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны А/05 дугаартай тушаалаар батлагдсан 01 дугаартай хавсралтаар “ДзДЦС” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлдэг. Тус журмын 1.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн дотоод журам нь тус компанийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн" гэж заасан.

Хөдөлмөрийн дотоод журам нь тус байгууллагын хөдөлмөрийн харилцааг нийтэд нь зохицуулж, уг журмыг үндэслэн ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилладаг. Тус баримт бичгээр зохицуулаагүй үйл баримтыг хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан зохицуулахаар тусгасан бөгөөд уг дотоод журам нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл буюу илүү хүчин чадалтай баримт бичиг юм.

 Ажил олгогч нь Б.Б ийг Хөдөлмөрийн дотоод журмын 14.5 дахь хэсэгт "ИТА болон ажилчид дараах ёс зүйн алдаа гаргасан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас хална.”, 14.5.1 ёс зүйн алдааг дор дурдсанаар ойлгоно, 14.5.3 хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилсон, заналхийлсэн, мөн хөдөлмөрийн гэрээний 6.4 ...бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан, 6.6 Компанийн хөдөлмөрийн дотоод журам, бусад хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн нь тогтоогдсон зэрэг үндэслэлүүдээр ажлаас халсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажлаас халах үндэслэлүүдийг шууд нэрлэн зааж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тухайлан тодорхой зааж өгсөн байна.

Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ...Дараах үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцална гээд 6.4, 6.6-т шууд нэрлэн заасан байхад шүүхийн шийдвэрт “Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулж ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцоогүй байх ба, энэ талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Гэрч нь тухайн үйл баримтыг талаар мэдсэн, харсан, сонссон байхыг шаарддаг бөгөөд гэрч Х.О  нь Б.Б ийг албаны нууц задруулсан, бусдыг доромжилсон үйлдлүүдийг гэрэл зургаар баримтжуулан байгууллагын удирдлагад танилцуулсан, энэ талаарх зүйлээ гэрчийн мэдүүлгээр тодорхой нотолсон, мөн Д.Г  нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Х.О ын авчирсан баримтат мэдээллүүдийг авчрахад байлцсан, мэдсэн сонссон гэрч байх бөгөөд энэ талаар болон Б.Б ийг албаны нууц хэрхэн задруулдаг талаар хангалттай мэдүүлсэн.

Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болох “Захирлын зөвлөлийн дэргэдэх бүх гишүүдийн хурлын тэмдэглэл” зэрэг нь тухайн байгууллага тухайн зөрчлийг дотооддоо шалган тогтоосон байх шаардлагыг хангаж байна. Уг тэмдэглэл нь тухайн хуралдаанд оролцсон гишүүд болон ажилчдын гарын үсэг бүгд зурагдсан албан ёсны баримт бичиг болох бөгөөд энэ нь Б.Б ийн албаны нууц задруулж, хууль зөрчсөн, мэдээлэхдээ бусдыг доромжилсон үйлдлүүдийн талаар бүгд хэлэлцүүлж, мэдүүлсэн нь эдгээр хүмүүс бүгд гэрч болж, үүнийгээ албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Эдгээр бичмэл нотлох баримтууд дээр бэхжигдсэн хүмүүсийн мэдүүлэг, хэлэлцүүлэг гэрчийн мэдүүлгүүд нь Б.Б ийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэдгийг хангалттай нотолж байхад анхан шатны шүүхээс нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2- т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасан байхад шүүх хариуцагчийн өмгөөлөгч болох надад хуралдааны товын мэдэгдэх хуудас ирүүлээгүй, мөн утсаар мэдэгдээгүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хэргийн оролцогчдын зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд шалтгааны баримтаа хүргүүлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд хүргүүлдэг бөгөөд миний бие нийтэд зарласан сонгон шалгаруулалтанд оролцож, сургалтанд хамрагдаж байсан бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд хүргүүлэхэд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс зайлсхийсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг баримтлан шүүгчийн захирамжаар 300 нэгжээр торгожээ. Гэтэл зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт хувь хүнийг 50 нэгжээр торгоно гэж торгуулийн санкцийг зааж өгсөн байхад шүүх хуулийг илтэд буруу хэрэглэн 300 нэгжээр торгосон нь шүүх хууль зөрчсөн байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан байх бөгөөд өмгөөлөгчийг торгохдоо шүүгчийн захирамжаар торгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн.

Иймээс Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00289 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлага хангаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, харин хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Б.Б  нь “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5 386 800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэл  шүүхэд гаргажээ. /хэргийн 01 дүгээр хуудас/

Хариуцагч тал нь Б.Б ийг удаа дараа байгууллагын нууц задруулсан, байгууллагын нууцыг задруулахдаа  хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг үндэслэлгүй гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил байсан гэсэн үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 11, 36, 116 дугаар хуудас/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг  эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх тухай давж заалдах гомдол гаргасан байна.

         “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувь хувьцаат компаний гүйцэтгэх захирлын /цаашид “Даланзадгадын Дулааны цахилгаан станц” ТӨХК гэх/ 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн б/74 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Компаний дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3, хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6 дахь заалтыг үндэслэл болгон Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.  /хэргийн 03 дугаар хуудас/

Б.Б  дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.

 Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд шууд цуцлах эрхтэй.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь тухайн үйл баримттай буюу гэрээг цуцлах болсон үндэслэлтэйгээ тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ба хариуцагчийн төлөөлөгч нь Б.Б ийг байгууллагын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж байх тул Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан гэж үзнэ.

Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтанд "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж,  5 ба 8 дугаар зүйлд байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байх ба нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө, тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж үзвэл байгууллага энэ тухай гомдлоо шүүхэд гомдлоо гаргах эрхтэй гэж байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Б.Б ийг албаны нууц задруулсан гэж байгаа боловч албаны

 

нууцад ямар мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хамаарах талаар тухайн байгууллагаас тогтоосон шийдвэр болон Б.Б тэй нууцыг хариуцуулахаар байгуулсан гэрээ байхгүй, нууц задруулсан талаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ы 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд гаргасан “...байгууллагын нууцад хувь хүнтэй холбоотой мэдээлэл гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр хамаардаг Б.Б  нь нарийн бичиг хийснээсээ хойш байнга задруулж байсан гэж үзэж байна...” гэх буюу Б.Б ийг байгууллагын нууц задруулсан гэх тайлбар нотлогдоогүй байна, түүнчлэн байгууллагын нууцыг задруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь ажил олгогчийн “хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбрээр доромжилсон заналхийлсэн ёс зүйн алдаа гаргасан” үндэслэлээр гарсан тушаалын үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.3-д хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбрээр доромжилсон заналхийлсэнийг ёс зүйн алдаа гэж ойлгоно, хөдөлмөрийн гэрээний 6.4-д “ ажлын байранд, үйлдвэрлэлийн талбайд согтуу байсан, танхайрсан, албан үүргээ биелүүлж байгаа ажилтан, хөдөлмөр эрхлэгчид саад учруулсан, бусдыг хэл амаар доромжилсон, бусдын эрх чөлөөнд халдсан”,  6.6-д “компанийн хөдөлмөрийн дотоод журам, бусад хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн нь тогтоогдсон” гэх заалтуудыг баримталсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд “...гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан нарын талаар буруу, худлаа мэдээлэл тараасан, ... бусдын нэр төрд харшлахаар мэдээлэл тараасан...” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...6, 7 хүний нэр хүндийг гутаасан, зарим хүмүүс нь өөрийг нь гутаасан талаар мэдэхгүй байгаа...” гэж тайлбарлаж байна.  

Дээрх тайлбараас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байж болох агуулга байгаа боловч өөрсдийн эрх зөрчигдсэн гэж үзсэн иргэд нь эрхээ сэргээлгэх, хамгаалуулахаар шаардлага гаргасан байдал тогтоогдоогүй, улмаар энэ нь ажил олгогчийн нэр, хүнд, үйл ажиллагаанд хэрхэн сөрөг үр дагавар үүсгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Түүнчлэн зарим иргэд энэ тухайгаа мэдээгүй гэх хариуцагчийн тайлбараар Б.Б ийг бусдыг хэл амаар доромжилж ёс зүйн алдаа гаргасан гэх боломжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагддаг тул “ хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдэг нь эд хөрөнгө, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд сөрөг үр дагавар үүсгэх, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нь харшлах, хөдөлмөрийн гэрээнд ойлгомжтой, тодорхой нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүй байна.

 

Б.Б  нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ямар үйлдлийг хэзээ гаргасан, уг үйлдэл хөдөлмөрийн гэрээний ямар зүйл, заалтанд нэрлэгдэн заагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд Б.Б  нь хэнийг доромжилсон, гүтгэсэн, нууцыг задруулсан үйл баримт тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар .ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар авах нэхэмжлэх эрх үүснэ.

Эрхээ эдлэхийн тулд ажилтан урьд авч байсан цалин хөлсөө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын  9-д “дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэсний дагуу шүүхэд нотлох үүрэг мөн үүснэ.  

Ажилтан ажлаас буруу халсан үеийн олговрыг ажилгүй байсан бүх хугацаагаар нэхэмжлэх эрхтэй боловч олговрыг тодорхой хугацаагаар тооцож, эсхүл тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн эрх тул хариуцагчаас ажилгүй байсан үеийн олговорт хэдэн төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлдээ дурдсан мөнгөний дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т зааснаар нэхэмжлэлийн үнэ гэж ойлгож шүүх энэ хэмжээнд шийдвэрлэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг тодорхойлох диспозитив зарчимд нийцнэ.

Шүүх Б.Б ийн ажиллаж байсан сүүлийн 3 буюу 2018 оны 01, 02, 03 дугаар сарын дундаж цалингаас тооцож дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5386800 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичсэн боловч уг дүгнэлт нь  ямар нотлох баримтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, уг нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай зааж бичих мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Б.Б ийн урьд авч байсан цалин, хөлсний талаарх мэдээлэл нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт гэх / хэргийн 04, 12, 22 дугаар хуудас/ баримтуудад зөрүүтэй бичигдсэнээс гадна өөрөө шаардсан олговрын хэмжээгээ 4 удаа 1328000, 2656000, 3320000, 3452800 төгрөг гэж , үүнээс 7 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутанд шүүхэд гаргасан тайлбартаа 3452800 гэж байсан бол мөн өдрийн 15 цагт явуулсан шүүх хуралдаан дээр 5386800 төгрөг гэж мөнгөн дүнгээр илэрхийлсэн байсан. /хэргийн 29, 43, 85, 101, 116 дугаар хуудас/

Энэ нь нэхэмжлэгч Б.Б ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байжээ гэж үзэх үндэслэл болж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг шүүхээс Б.Б т тайлбарласан,  тэрээр уг ажиллагаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцсон байх ба шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Б.Б  нь урьд авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлох цалин хөлсний цэс, данс, бүртгэл зэрэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтуудад хэмжээ нь зөрүүтэй бичигдсэн, ажилласан хоног нь тодорхойгүй байх  тул түүнийг шаардлагын энэ хэсгээ нотолж чадаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Дундаж цалин хөлс тодорхойгүйгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцож суутгах боломжгүй байна.  

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ялгаж чадаагүйгээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосноор цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй учир хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгох гэсэн нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл байхад шүүх бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн зөрүүг буцаан олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00289 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б ийг урьд эрхэлж байсан “Даланзадгадын дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн бичиг хэрэг, архивчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 386 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дугаар заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

4 дүгээр заалтыг “...101139 төгрөг төлөхөөс...”, “...101139 төгрөг гаргуулан...” гэснийг “...70200 төгрөг төлөхөөс..., ...70200 төгрөг гаргуулан...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101500 төгрөгөөс 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрыг 5585714105 дансанд  хэвээр үлдээж, үлдэх 31300 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

          ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                  П.ДОЛГОРМАА