Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******булган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан

******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.*******д холбогдох эрүүгийн 38004500060 дугаартай, 163/2024/0083/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******-*******ын *******, ******* аймгийн ******* суманд төрсөн 92 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын ** дүгээр багийн ******* зах гэх газарт оршин суух бүртгэлтэй ч одоо ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хорооны дугаар гудамжны тоотод түр оршин сууж байгаа, бага боловсролтой, мэргэжилгүй, “Тамир” 00 цаасны үйлдвэрт ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* настай, эрэгтэй, РД: .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.******* нь 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн сумын нутгаас Ч.ын эзэмшлийн улаан өнгийн Даюун загварын мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсны улмаас 1,135,417 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 38004500060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.******* нь 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,600,000 төгрөгийн,

мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн сумын нутгаас Ч.ын эзэмшлийн улаан өнгийн Даюун загварын мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсны улмаас 1,135,417 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эдгээр үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

Мал хулгайлах гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Ё.гийн өгсөн: 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 4 тооны адуугаа алдсан. 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 01 өнгөрч байхад манай адуу яг гэрийнхээ гадаа байсан гэсэн. Тэгээд өглөө босоход байхгүй болохоор нь хайж эхэлсэн. Тэр өдрөө хайгаад олоогүй, маргааш нь буюу 20 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хайж яваад Алаг-******* сумын гэж хүнтэй уулзаж өнгө, зүсийг нь хэлэхэд алга болсон адуунуудыг таньсан байсан. ...тай уулзахад “би энэ адуунуудыг өчигдөр Мөрөн оруулсан. Надтай нэг залуу тааралдаад машинаа зарчихаад явж байна. Энэ 4 адууг Мөрөн оруулаад өгөөч” гэж гуйгаад байхаар нь би оруулж өгсөн. Би тэр залуугаас гарал үүслийн бичиг байгаа юу? гэж асуухад байгаа гээд гарал үүслийн бичиг үзүүлсэн гэсэн. ... тэр залууг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй гэсэн. эдгээр адууг өөрийнхөө Портер машинаар ачиж Мөрөнд ирээд 4 дүгээр багийн 25-07 тоотод авчирч буулгасан байсан. гийн яриагаар хулгайч залуу замдаа нэг хүнтэй утсаар яриад явсан гэсэн. Тэр утсаар ярьсан цаад хүн нь “хэдтэй ирсэн” гэж асуугаад хаана очих газрыг нь зааж өгсөн гэсэн. ..Би энэ талаар сонсож мэдээд 20 оны 06 дугаар сарын 28-нд Алаг-******* сумаас ирээд цагдаагийн хамт чэнж хүүхнийд очиж уулзахад миний 4 адууг 1,800,000 төгрөгөөр аваад махлаад зарчихсан гэсэн. Тэр хүүхнээс хэн авчирч өгснийг асуухад “Батнасан гэдэг хүн утсаар яриад адуу авах уу? гэхээр нь би авна гээд авсан. Батнасанг танина, авчирч өгсөн хүнийг танихгүй гэж хэлсэн. Тэр чэнж хүүхэн авсан дөрвөн адууныхаа зургийг болон адуу авчирч өгсөн залуугийн зургийг авсан байсан. Зургуудыг үзэхэд миний алдсан адуу зүсээрээ мөн байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

2. Гэрч Б.гийн өгсөн: …Би 20 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим адуунд яваад буцаж явтал Алаг-******* сумын төвийн ар талд байдаг Баяндалай гэх айлын ойролцоо 4 адуу байхаар нь сонирхож очиж харчихаад хөдлөөд явах гэтэл тэр айлаас нэг залуу гараад ирсэн. Тэр залуутай уулзахад “Чандмань-Өндөр суманд маяти машинаа зараад буцаж явна. Машинаа 12 адуугаар зарсан, 4 адуугаа аваад буцаж авна. Баяндалайгаар ачуулах гэж байна, Баяндалай сумын төв рүү машины өндөрлөгөө авчрах гээд явсан, танд тамхи байна уу” гэхээр нь би байхгүй гэтэл “дэлгүүрээс тамхи аваад ирье” гээд миний мотоциклын араар суусан. ...Гэртээ ирээд 30 минут болж байтал Хөх болон нөгөө адуу ачуулна гэсэн залуу хоёр 4 адуугаа туугаад манай хашаанд ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи Баяндалайгаар ачуулна гэсэн яасан бэ?” гэхэд “машины өндөрлөг нь бүтсэнгүй, аягүй бол замдаа адуу алаад хаячихна, танаар л ачуулна” гэсэн. ...Хөх “би таныг Мөрөнгөөс буцахад барилгын материалаа ачуулъя” гэхээр нь би зөвшөөрөөд 4 адууг нь ачаад Мөрөн рүү 11 цагийн үед гарсан. Би хөх өнгийн 15-85 ХӨВ улсын дугаартай, Портер загварын машинтай, энэ машинаараа тэр 4 адууг ачаад нөгөө адуу ачуулсан залууг суулгаад явсан. ...Мөрөнд өдрийн 12 цаг өнгөрч байхад ирсэн. Морь ачуулсан гэх залуу Алаг-*******эс гарахдаа, Мөрөн орж ирэхдээ миний утсаар хоёр удаа ярьсан. Эхэлж ярихдаа “Алаг-******* сумын ард ирсэн байна. Адуу явахгүй байна. Ачаад орохоос хүн хөлслөөд ачаад орлоо” гэж ярьсан. Мөрөнд орж ирэхдээ дахин залгаад “хэдийн хэдэд, хаана очих юм?” гэхэд нөгөө хүн нь хаягийг нь зааж өгсөн. Тэгээд би хэлсэн хаяг дээр нь хүргэж өгсөн. ...20 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим манай морины уяан дээр хоёр залуу ирээд урд өдөр ачсан 4 адууг сурагласан. Тэгээд би болсон явдлыг үнэнээр нь хэлж өгсөн. ...Тэр залууг танихгүй, нэрээ Заяа гэсэн. Надад 98605911, 96833396 гэсэн хоёр дугаар өгсөн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),

3. Гэрч У.ийн өгсөн: Одоогоос нэлээн хэд хоногийн өмнө 06 дугаар сарын 20-ны орчим намайг урд зах дээр байж байхад миний зүс таньдаг биеийн тамирын багш хийдэг байсан Батнасан гэдэг хүн нэг залуутай хамт ирээд “адуу авах уу?” гэхээр нь би “авна” гэдгээ хэлсэн. Тэгээд намайг утасны дугаараа өгчих гэхээр нь би өгсөн байсан юм. Тэгтэл өчигдөр буюу 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 27 минутад 917789 дугаараас хүн залгаад “би хэд хоногийн өмнө тантай очиж уулзсан залуу байна. Адуу оруулж ирлээ” гэхээр нь би Батнасан багштай хамт ирсэн залуу гэдгийг нь ойлгоод “за за эгч нь одоо очоод үзье” гээд гэрийнхээ хаягийг зааж өгөөд хашааны үүдэн дээр очиж үзсэн. Тэгэхэд цэнхэр өнгийн Портер машин дээр 4 тооны адуу ачиж ирсэн байсан бөгөөд наймаа хийхээр болоод нядалгаа хийдэг айлын хашаанд дагуулж очсон. Тэнд очоод би “гарал үүслийн гэрчилгээ байна уу” гэсэн чинь “байгаа” гээд үзүүлсэн. Тэгэхэд нь харахад гарал үүслийн гэрчилгээн дээр Батнасан гэж хүний утасны дугаар байхаар нь залгаад “тантай хамт явсан залуу 4 тооны адуутай ирлээ. Ямар нэгэн асуудал байхгүй биз дээ” гэсэн чинь “зүгээр ээ, ямар нэгэн асуудалгүй адуу ав ав” гэхээр нь би за ямар нэгэн асуудалгүй юм байна гэж бодоод 4 адууг нийтэд нь 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Би бүр тэр залуугийн зураг 4 адууны зураг, ачиж ирсэн машиных нь зургийг хүртэл утсан дээрээ дарж авсан байгаа. Би хулгайн адуу гэдгийг огт мэдээгүй гарал үүслийн гэрчилгээтэй дээрээс нь Батнасан гээд багш хүн асуудалгүй гэхээр итгээд авчихсан юм. Би бүдүүн адуунуудыг 500,000 төгрөгөөр, даагыг нь 300,000 төгрөгөөр бодож авсан. Би тэр адуунуудыг өчигдөр хонуулаад өнөө өглөө нядлуулчихсан. Би бүх адууны махыг өнөөдөр зарж 2,900,000 төгрөг болгосон гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал),

Түүний гэрчээр дахин өгсөн: Энэ гарал үүслийн бичгийг адуу авчирч өгсөн Заяа гэх залуу надад өгсөн. Адуугаа зарахдаа “би хориод тооны адуу зарна, машин авах гэж байгаа” гэж хэлсэн. ...Адуу авчирч зарсан залуу өмнө нь Батнасан гуайтай хамт ирсэн залуу мөн байсан. ..Өчигдөр над руу Заяа гэх залуу 8367, 85673911 гэсэн дугаараас залгаад “та адуу авах уу” гэж асуухаар нь “авна” гэж хэлсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал),

4. Гэрч Х.ын өгсөн.  ...Би энэ бичгийг танина. Би энэ бичгийг Батнасан гэдэг хүнд бичиж өгсөн. Аймгийн мал эмнэлгийн газрын эм хариуцсан мэргэжилтэн ******* гэж хүн над руу яриад “манай багш хэдэн адуу оруулж зарах гэсэн юм та хэдэн мал эмнэлгийн гэрчилгээ хийгээд өгөөч гэсэн. *******ийн өрөөнд ороход Батнасан гэж хүн сууж байсан. Тэгээд надад тэгж хэлэхээр нь Батнасан гэдэг хүнд хоёр бичиг хийж өгсөн. Тэр үед хийж өгсөн хоёр гэрчилгээний нэг нь таны үзүүлсэн бичиг байна, нөгөө гэрчилгээ нь 2 адуугаар хийлгэсэн. Тухайн үед Батнасан надад ярихдаа "хөгшин чинь хэдэн адуу зарж машинаа солих гэж байгаа юм" гэж ярьсан. Тэгэхэд Батнасантай 20 гаран насны, дээлтэй залуу хамт явсан. Би тэр залуугийн зүс, царайг анзаарч хараагүй. Одоо хараад ч танихгүй. Батнасан "энэ залуугаар адуугаа туулгаж ирэх юм аа" гэж ярьсан. *******ийн өрөөнд тухайн үед олон хүнтэй байсан болохоор Батнасантай хамт гараад түүний машинд нь би гэрчилгээ бичиж өгсөн. Тэрнээс хойш Батнасантай би дахин уулзаагүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал),

5. Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-924/9096 дугаартай: ...Шарга морь 1,000,000 төгрөг, хүрэн гүү 1,000,000 төгрөг, хүрэн гүү 1,000,000 төгрөг, хүрэн халзан даага 600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 85- дахь тал),

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Ч.ын өгсөн: …2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Нялцаахайн гарам гэх нэртэй газарт гэртээ байж байхад өглөө 11 цагийн үед манай аавын гэр лүү нэг хүн алхаж очиж байсан. Би гэрээсээ гараад хурга ишгэндээ тариа хийчихээд байж байхад тэр хүн манай гэр лүү очиж явсан. Тэгэхээр нь би харж байгаад юун хүн юм бол гэж бодоод байж байтал тэр хүн манай гэрийн гадаа очоод буцаад аавын гэр лүү алхсан. Тэгж байснаа буцаад голын эрэг дагаад өгсөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би намайг таньж мэддэг хүн юм байгаа биз гээд очоод уулзсан чинь “Ахаа би энд сүү, тараг авч яваа хүн байгаа юм. Та намайг Уньт баг руу хүргээд өгөөч” гэсэн би Уньт руу хүргэж өгөөд байж байтал дэлгүүр орчихоод гараад ирсэн. Тэгснээ та намайг сум руу хүргээд өгөөч би шатахуунаа очоод хийгээд өгье гэсэн. Тэгэхээр нь хүргэж өгөхөөр хамт явсан ба сум руу явж байгаад Ганцын даваан дээр гараад зогссон ба тэр залуу хувцсан дотроосоо нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид хоёр тэр архины талыг нь хувааж уугаад цааш явсан ба орой 20 цаг өнгөрч байхад сумын наана 2-оос 3 км зайд ирж явахад тэр залуу ахаа нэг шээгээд авъя гэсэн. Тэгэхээр нь би зогсоод би ч бас бие засъя гээд бид хоёр бие засах гээд алхсан тэр залуу мотоциклын урд тал руу маягтай явж байсан. Би мотоциклын хойд хэсэг рүү маягтай алхсан. Тэгээд би бие засаж байсан чинь гэнэт миний мотоцикл ард ассан. Би эргэж хараад хүүе ахын дүү гэсэн чинь шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би сумын төв рүү нь алхаж орж хоносон. Надад өөрийгөө танилцуулахдаа Баагий гэдэг гэж хэлсэн. Манай тэнд байдаг Тамхүү гэдэг айлд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөө ирсэн байсан ба тэнд ганцаараа ирээд тэднийд унтаж байгаад гарсан гэсэн. Туранхай 170 см орчим өндөртэй, халимаг үстэй, улаан бор царайтай, сахалгүй, хар өнгийн гялгар куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хагас түрийтэй элгэн саарал өнгийн гуталтай, насаар 25-30 орчим насны хүн байсан. Миний мотоцикл Даюун загварын, 20 оны 06 дугаар сард 1,850,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын дугаар байхгүй. Гомдолтой байна, мотоциклоо авмаар байна гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 144-145 дахь тал),

2. Гэрч Т.Батхуягийн өгсөн: ...Уг хэрэг болдог үед би ажил дээрээ байсан. Тухайн үед 13 цаг болж байсан. мотоциклтойгоо нэг 20 орчим насны залуу суулгаад над дээр ирсэн. Цуг явсан залуу ах таны данс руу хүнээс мөнгө шилжүүлээд авч болох уу гэхээр нь болно гэсэн. Удалгүй 50,000 төгрөг шилжиж ирээд 10,000 төгрөгөөр түлш авсан. 40,000 төгрөг бэлнээр авсан гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал),

3. Гэрч Б.Цэрэннямын өгсөн: ...2020 оны зун өөрийн мотоциклоо хулгайд алдсан гэж ярьж байсан. Тэрнээс өөр зүйлийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал),

4. Гэрч А.Санжаагийн өгсөн: ...ыг мотоциклоо хулгайд алдсан талаар нь мэднэ. Тухайн үед ын мотоциклыг хулгай хийсэн хүн нь манай дэлгүүрээр орж ирж юм аваад гарч байсан. Тухайн үед бичлэгийг нь орж ирээд авч байсан санагдаж байна гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал),

5. Гэрч Д.Ган-Эрдэнийн өдөр: ... ыг мотоциклоо хулгайд алдсан талаар тухайн үед мэдээгүй. Сүүлд л мотоциклоо хулгайд алдсан тухайгаа хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал),

6. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2100081 дугаартай: ...Dayun загварын мотоцикл 1,135,417 төгрөг гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 162-166 дахь тал),

7. Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт гэх газарт дэлгүүрийн гадаа гэж хүнтэй таарсан. Би тухайн үед хамаатныхаа айлд оччихоод хот явах гэж байсан. надтай тааралдахдаа халамцуу байсан ба намайг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би хот орох гэж яваа гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад би дэлгүүрээс 1 шил архи аваад тай хувааж уусан. Би тухайн үед архи уугаад сууж байхдаа ад “ сум орох гэж байгаа юм, мотоциклыг чинь унаад явчих уу” гэхэд тэг тэг гэж зөвшөөрөхөөр нь утасны дугаараа үлдээгээд мотоциклыг нь унаад явсан. Тэгээд тэр чигтээ хот руу унаад явчихсан гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 211-212 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалснаар гэм буруугийн байдал хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судалж, эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгаад дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Ё., гэрч Б., У., Х. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон алдагдсан адууны үнэлгээг тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-924/9096 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх дүгнэв.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******г 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан хуулийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлан гаргасан бөгөөд уг хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулснаас гадна 1 дэх хэсгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, мөн зүйлийг тайлбарын хоёр дахь хэсгийн “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “найман бог, хоёр бод, түүнээс дээш” гэж өөрчилсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн зарим хэсэг, тайлбар ийнхүү өөрчлөгдөж, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө буюу 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө шүүгдэгч Э.******* нь ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны 3,600,000 төгрөгийн үнэтэй адууг хулгайлан авч, бусдын 4 тооны адууг хулгайлсан үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон атлаа дээрх үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Дээр дурдсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “Олон тооны мал” гэдэгт уг зүйлийн тайлбарт зааснаар “хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал”-ыг ойлгохоор тайлбарласан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Э.*******г 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ******* аймгийн Алаг-******* сумын 6 дугаар багийн нутаг тосгоны “Жанчив толгой” гэх газраас Ё.гийн 4 тооны адууг хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Ч.ын мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч явсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн сумын нутгаас Ч.ын эзэмшлийн улаан өнгийн Даюун загварын мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсны улмаас 1,135,417 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Ч., гэрч Т.Батхуяг, Б.Цэрэнням, А.Санжаа, Д.Ган-******* нарын өгсөн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2100081 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* нь бусдын өмчлөлийн мотоциклыг өмчлөгчийг биеэ засаж байх хойгуур унаж явж өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Э.*******г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж дүгнэлт, саналаа хэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******г 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн сумын нутгаас Ч.ын эзэмшлийн улаан өнгийн Даюун загварын мотоциклыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсны улмаас 1,135,417 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ё.д 4 тооны адууны үнэ 3,600,000 төгрөгийн, хохирогч Ч.ад Даюун загварын мотоциклын үнэ 1,135,417 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд дээрх хохирол төлбөрийг барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гаас нийт 4,735,417 төгрөг гаргуулж, үүнээс 3,600,000 төгрөгийг хохирогч Ё.д, 1,135,417 төгрөгийг хохирогч Ч. нарт тус тус олгож шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*******г бусдын малыг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 0, 244 дэх талд тус тус авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/346 дугаартай албан бичиг зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.******* нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хорооны дугаар гудамжны   тоотод түр оршин сууж, тухайн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Тамир” 00 цаасны үйлдвэрт ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Пиелонефрит /давсагны үрэвсэл/ оношоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс шээс хаагдаж катетер тавиулсан бөгөөд цаашид урологийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, мэс засал хийлгэх шаардлагатай зэрэг түүний эрүүл мэнд, хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 3 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагаас шүүгдэгч Э.******* нь анх удаагаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдсон, шүүгдэгчийг 20, 2020 онд хэрэг хийснээс хойш нэг удаа дуудсан тухай мэдэгдэх хуудас, утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдаагүй тул түүнийг оргон зайлсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэхгүй. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө бодитойгоор илэрхийлж байгаа. Өөрөөрөө шээж чадахгүй, шээсний сав тавиулж уутанд гуурсаар шээж байна. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд нэлээдгүй хүнд байгааг харгалзан үзнэ үү. Хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийн ялын санкц нь Өршөөл үзүүлэх тухай хуулиас илүү бага ял оногдуулах боломжтой гэж харагдаж байх тул Өршөөлд хамруулахгүйгээр тухайн зүйл заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хэрвээ зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзвэл хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өршөөлд хамруулж өгнө үү. Шүүгдэгч Э.*******гийн 79 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү гэх саналыг,

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын санал, дүгнэлт зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 20 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх хэдий ч түүний холбогдсон гэмт хэрэг болох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах эрүүгийн хариуцлагад “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ялыг тус тус оногдуулахаар хуульчилсан байх тул заавал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******г оршин суугаа газраас буюу Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* хорооны дугаар гудамжны   тоотод түр оршин суух хаягтай талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч тэрээр өөрийн иргэний бүртгэлийн ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суудаггүй, түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж Цагдаагийн байгууллагын ASAP санд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түр оршин суугаа Улаанбаатар хот, ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Тус хэрэгт шүүгдэгч Э.******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал нийт 79 /далан ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******гаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г оршин суугаа газраас буюу Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар хязгаарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сар, 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Э.*******гаас нийт 4,735,417 (дөрвөн сая долоон зуун гучин таван мянга дөрвөн зуун арван долоо) төгрөг гаргуулж, үүнээс 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг хохирогч ******* аймгийн Мөрөн сумын 1-33-16 тоотод оршин суух Ё. /РД:РА80080139/-д, 1,135,417 (нэг сая нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун арван долоо) төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багт оршин суух Ч. /РД: ГН76112911/-д тус тус олгосугай.

9. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ