| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/085 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд
Улсын яллагч: Н.Цогням
Шүүгдэгч: Ц.Болорчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2402000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, Маамуул овогт Цэрэнгийн Болорчимэг, Регистрийн дугаар:ВЮ70102300,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ц.Болорчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Болорчимэг нь хууль сахиулагч буюу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг, Манийн дэнж гэх газар дүгнэлттэй талбайд “Хонгор манхан” нөхөрлөл нь техникийн хүчин чадал хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан... гэх зөрчлийн талаарх гомдлын дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, 0049735 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг үйлдэхдээ “Хонгор манхан” ЗБН-ийн ахлагч Б.Анхбаяраас мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэлийг үйлдэж, тухайн нотлох баримтуудад Б.Анхбаярын нэрийн өмнөөс иргэн Э.Энхбаярыг гарын үсэг зуруулж, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Э.Анхбаярын мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 49, 50/, гэрч Б.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 45-46/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-ийн 18-29/, гэрч Б.Анхбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2520 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-65/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болорчимэгийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Болорчимэгийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Болорчимэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Болорчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Ц.Болорчимэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Болорчимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Маамуул овогт Цэрэнгийн Болорчимэгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Болорчимэгийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Болорчимэгт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Болорчимэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Болорчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.Болорчимэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болорчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА