Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2021/00093

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ...............................оршин суух, Ч-т овогтой Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хот, .... дүүрэг, 14 дүгээр хороо ...........................оршин суух, Хн овогт Ц-н Ц-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-аа, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э.Э-маа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Э миний бие нь 2015 онд Ц.Цтай танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Ц-ын А төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин Ц.А маань миний асрамжинд өсөн, торних болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Ц.Ц шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие Э.Этай 2015 онд танилцаж хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 9 дүгээр сард охин А минь төрсөн. Бид таарамжгүй байдлын улмаас 2018 оноос тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш охин ээжтэйгээ амьдарч байгаа. Миний бие Аийн төрсөн эцэг нь мөн учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би саяхан ажилд орсон. Олон удаа ажлаасаа чөлөө авч ирэх боломжгүй тул намайг байлцуулалгүйгээр хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь :                                                           

Нэхэмжлэгч Ч овогт Э-н Э нь хариуцагч Х овогт Ц-н Ц-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

           Учир нь: Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Ц.Ц нар нь 2015 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр охин Ц.Аийг төрүүлсэн бөгөөд хүүхдийг эцэг Ц.Цаар овоглон захиргааны журмаар эцэг тогтоож, төрсний гэрчилгээг олгосон, зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдарч эхэлснээс хойш хугацаанд хүүхэд ээжийнхээ асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, №1101000497 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ач-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”  гэж тус тус заажээ.

Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.Цаас сар бүр тэтгэлэг гаргуулж охин Ц.Аийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй бөгөөд ажилд ороод удаагүй, олон удаа чөлөө авч шүүхэд ирэх боломжгүй байх тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. 

Иймд шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судалж  хариуцагчийн  эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эд олгохоор шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Х-н овогт Ц-ын Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Хайрхан овогт Ц-н Ц-аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.Цаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Эд даалгасугай.

         4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-аас улсын тэмдэгтийн хураамж 37.031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгосугай.                     

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                  П.ТУЯА