| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/054 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Хохирогч: Ч.Буяннэмэх
Шүүгдэгч: Б.Эрдэнэпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000307 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Цэрэнжанцан овогт Бямбаагийн Эрдэнэпүрэв / РД:ВП80092015/,
Шүүгдэгч Б.Эрдэнэпүрэв нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 2-31 тоот хашаанд байх амбаарт Ч.Буяннэмэхтэй байгалийн чулуунаас болж маргалдан 1 удаа гараараа хамар хэсэгт цохиж, биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр хэрэг болдог өдөр Ч.Буяннэмэх гэгчтэй уг нь маргалдсан зүйл байхгүй намайг хэрэг болдог өдөр гэртээ амарч байтал найзууд болох Батмөнх над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь би гэртээ унтаж байна гэтэл танай гэрт яваад очъё гээд удалгүй манай гэрт ирсэн тэгээд Батмөнх ганцаараа манай гэрт орж ирээд өө танайд нялх хүүхэд байна чи өөрөө гараад ирээд намайг дуудсан тэгээд би гэрээс гараад очтол надад байсан Цагаан цахираас авсан чулууг үзье гэхээр нь би амбаарт байгаад үзүүлсэн тэр үед Батмөнх нь Ч.Буяннэмэх, Нэргүй, Жижгээ, Бат-Эрдэнэ гэх хүмүүстэй хамт явж байсан тэд нар бүгд согтуу байдалтай архи үнэртэж байсан тэгсэн чинь Ч.Буяннэмэх нь чулууг чинь авч яваад тээрэмд оруулъя гэхээр нь би та нар согтуу байна маргаашаас больё гэсэн чинь Ч.Буяннэмэх над руу дайрч чи чулуугаа харамлаж байна гэсэн тэгтэл Ч.Буяннэмэх нь амбаарт байсан чулууг авч гарах гэхээр нь би гараас нь булааж аваад буцаагаад тавьсан чинь Ч.Буяннэмэх нь намайг заамдаад авахаар нь би гарын тавиулах зорилгоор өөрийнхөө баруун гараар Ч.Буяннэмэхийн гарыг барьж аваад гарын түлхэх гэтэл миний тухайн үед өмссөн байсан подволк урагдаж тэр эрчээрээ Ч.Буяннэмэхийн хамар луу нь нэг удаа санамсаргүй байдлаар цохисон чинь Ч.Буяннэмэхийн хамраас цус гарч эхэлсэн өөрөөр гар хүрээгүй. Би энэ хэргийн талаараа гэрчийн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би тус дүгнэлттэй танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би одоогийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа удахгүй төлж барагдуулна. Би уг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна....гэх мэдүүлэг/ хх-ийн 76 дугаар /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэпүрэв мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч Ч.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз Д.Бат- Эрдэнэ, Нэргүй, Онхоон, Жижгээ нарын хамт өглөөний 11-12 цагийн хооронд Баянхонгор сумын 7-р багт Эрдэнэпүрэв гэх залуугийн алттай чулууг үзэхээр гэрт нь очсон юм, очоод амбаарт байсан алттай чулууг үзсэн тэгээд би Эрдэнэпүрэвт хандаж энэ чулууг нь хэдүүлээ Цагаан цахирын тээрэмд оруулъя гэж хэлэхэд уурлаад миний хамар руу гараараа цохисон тэгтэл хамраас цус гараад байж байтал надтай цуг явсан найз нар Эрдэнэпүрэв рүү дайрах гээд байхаар нь би больцгоо гээд найз нарыгаа аваад яваад өгсөн харин маргааш нь Эрдэнэпүрэв рүү утсаар залгаад эмнэлэгт үзүүлье гэж ярьсан боловч Эрдэнэпүрэв ажлын цаг дууссан хойно ирсэн тул үзүүлж чадаагүй юм тэрнээс хойш миний хамрыг янзалж өгнө гэж ярьсан боловч янзалж өгөөгүй, 3 хоногийн өмнө хот руу явж янзалж өгөх талаар ярьсан тэгтэл өнөөдөр ярихад миний хамрыг өмнө муруй байсан, чи цагдаадаа хандаад яваа гэж хэлсэн тул би цагдаад бичгээр өргөдөл гаргасан юм. Миний хувьд Эрдэнэпүрэвийг янзлуулж өгөх байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй өдийг хүрлээ. Эрдэнэпүрэвийг 3-4 жилийн өмнөөс таньдаг болсон, ямар ах, дүү, төрөл, садан, найз нөхдийн холбоо байхгүй, танилууд байгаа юм, урьд 1 удаа хамт цагаан цахираас чулуу авч тээрэмдүүлж байсан юм, өр, авлага, өш хонзонгийн ямар нэг зүйл байхгүй. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан Нэргүй, Д.Бат-Эрдэнэ, Онхоон бид 1 шил, 0.5 литртэй архийг Жижгээгийн машинд хувааж уусан харин Жижгээ машин барьж явсан учир архи уугаагүй юм. Миний хувьд Эрдэнэпүрэвийн амбаарт байсан буюу шуудайны ёроол хэсгээр байсан чулууг тээрэмд ооруулъя гэж хэлэхэд уурлаад миний хамар луу 1 удаа гараараа цохисон, өөр цохиогүй, миний хамар луу цохиод шууд хамраас цус гарсан мөн хамрын ясны зүүн хэсэг цөмрөөд, баруун тийш мурийгаад, хавдсан мөн хавдар нь буухдаа 2 нүдний зовхи хөхөрсөн байсан юм, одоо миний хамар мурийсан, өвдөөд байгаа юм, шөнө хамар битүүрээд унтаж чадахгүй байна, миний хувьд Эрдэнэпүрэвийн биед хүрч цохисон зүйл байхгүй мөн ямар нэг хэрүүл, маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Эрдэнэпүрэв намайг амбаар дотроо цохисон тухайн үед манай найз Нэргүй байсан харин бусад найзууд хашааны үүдэн машин дотроо хараад байж байсан юм, Эрдэнэпүрэвийн хувьд амбаарт чулуу үзүүлэхдээ ганцаараа үзүүлсэн, гэрт нь хүмүүс байсан байх, гэрт нь ороогүй болохоор мэдэхгүй байна. Урьд нь би хамраа цохиулж байгаа учир ямар нэг гэмтэл, мурийсан зүйл байхгүй, зүгээр байсан юм. Эрдэнэпүрэвийн хувьд онц хийсэн ажилгүй, чулуунд явдаг хүн байгаа юм. Гомдолтой байна, хамраа тэгшлүүлээд янзлуулчвал гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна....гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Буяннэмэх мэдүүлэхдээ: гэв.
5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хохирогч Ч.Буяннэмэхийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 165.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,
6. Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна, Ч.Буяннэмэх, С.Бат-Эрдэнэ/жижгээ/, Ү.Нэргүй, Б.Батмөнх бид 5 уулзаад, С.Бат- Эрдэнийн машинд 0.5 литртэй Хараа архийг хувааж уусан тэр үед Ч.Буяннэмэх, Б.Эрдэнэпүрэвтэй хамт урьд өдөр нь Цагаан цахир орж алттай чулуу авчирсан талаар ярьж байсан юм тэгээд тухайн чулууг авч тээрэмд оруулахаар болоод 7-р баг 02-31 тоотод очиж Б.Эрдэнэпүрэвтэй уулзахаар болоод 11 цагийн үед очсон, тухайн үед Б.Эрдэнэпүрэвийн гэр лүү Ч.Буяннэмэх, Ү.Нэргүй нар орсон харин С.Бат-Эрдэнэ, Б.Батмөнх бид 3 машиндаа үлдсэн, тухайн үед Б.Эрдэнэпүрэвийн хашааны хаалга онгорхой, хашааны хаалган дээр нь бид нар машиндаа суусан машинаасаа харж байсан юм тэгтэл Б.Эрдэнэпүрэв, Ч.Буяннэмэх, Ү.Нэргүй нар гэрийн урд талын модон амбаар руу орсон удалгүй Ч.Буяннэмэхийн хамраас цус гараад, амбаараас гараад ирэхээр нь Б Батмөнх бид 2 гүйгээд очиход Б.Эрдэнэпүрэв цохичихлоо гэхээр нь би Б.Эрдэнэпүрэв яахаараа хүн цохидог юм гэж уурлаад дайрахад Ч.Буяннэмэх намайг боль гэж хэлэхээр нь бид нар чулуугаа ч авалгүй шууд машиндаа суугаад явсан юм тэгээд хамрын цусыг арилгаад үзэхэд хамрын зүүн талын хэсэг нь мурийгаад хавдсан харагдсан юм. Б.Эрдэнэпүрэв, Ч.Буяннэмэхийг цохихыг хараагүй, бид нар хашааны үүдэнд машиндаа байсан, Б.Эрдэнэпүрэвийн хувьд Ч.Буяннэмэхийг амбаар дотор байхдаа цохисон байх, амбаараас хамрын цус гоожоод гараад ирсэн тэгээд амбаарын үүдэн дээр барилцаж авсан байхад очсон юм, Ч.Буяннэмэхийн хамраас цус гарсан, зүүн тал руугаа мурийгаад хавдсан байсан юм, Ч.Буяннэмэхийн хамар нь өмнө муруй зүйл байхгүй зүгээр байсан мөн ямар нэг гэмтэл, шарх байгаагүй юм. Б.Эрдэнэпүрэвийн хувьд эрүүл байсан харин Ч.Буяннэмэх, Ү.Нэргүй, бид 1 шил 0.5 литртэй Хараа архи хувааж уусан харин жолоо барьж явсан С.Бат-Эрдэнэ, Б.Батмөнх нар архи уугаагүй эрүүл байсан юм. Ч.Буяннэмэхийн хувьд бага зэрэг согтуу байсан, өөрийгөө удирдан жолоодох чадвартай болж байгаа зүйлийг бүгдийг мэдэж байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
7. Гэрч Ү.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... танил Эрдэнэпүрэвийн гэрт чулуу үзэхээр нь очсон. Очоод Эрдэнэпүрэвийн хашаан дотор гэрийн урд байсан амбаарт Буяннэмэх бид хоёр, Эрдэнэпүрэвийн хамт орж чулуу үзсэн. Үзэхэд шуудайны талаас доогуур чулуу байсан. Тэгтэл Буяннэмэх Эрдэнэпүрэвт хандаж энэ чулууг чинь тээрэмд оруулчихъя гэхэд оруулахгүй гэж хэлж байгаад шууд гараараа Буяннэмэхийн хамар руу цохитол хамраас нь цус гараад амбаараас гараад явсан. Араас нь Эрдэнэпүрэв гарч ирээд Буяннэмэх нар хоорондоо барилцаж авсан. Би амбаараас араас нь гарч ирээд салгасан. Тэгтэл хашааны гадаа машинд сууж байсан Онхооноо, Бат-Эрдэнэ хоёр гүйгээд Эрдэнэпүрэв дээр ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ хүн цохилоо гээд бариад авсан. Тэгтэл Буяннэмэх больцгоо гээд Онхооноо, Бат- Эрдэнэ бид гурвыг аваад хашаанаас гараад машиндаа суугаад явцгаасан юм. Амбаар дотор Буяннэмэх чулууг тээрэмд оруулчихъя гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгтэл шууд хамар руу нь баруун гараараа нэг удаа цохисон... Тухайн үед Буяннэмэхийн хамар баруун тийшээ мурийгаад хавдсан. Мөн хамраас нь цус их гарсан юм. Буяннэмэх, Эрдэнэпүрэв нар хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 /,
8. Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна, өдөр 11-н цагийн орчим байх Ч.Буяннэмэх, Д.Бат-Эрдэнэ, Жижгээ, Ү.Нэргүй бид 5, Эрдэнэпүрэвийн гэрт 7-р баг 02-31 тоотод очсон юм, тухайн үед Ч.Буяннэмэх, Ү.Нэргүй 2, Б.Эрдэнэпүрэвээс чулуу авахаар гэрт орсон харин Д.Бат-Эрдэнэ, Жижгээ, бид 3 машиндаа үлдсэн тэгтэл удалгүй Б.Эрдэнэпүрэвийн амбаарын гадаа Ч.Буяннэмэхийн хамраас цус гарсан Б.Эрдэнэпүрэвтэй заамдалдсан байдалтай зогсож байхаар нь очиж салгаад Ч.Буяннэмэх машиндаа суулгаад явсан юм. Б.Эрдэнэпүрэв, Ч.Буяннэмэхийг цохихыг хараагүй харин Ч.Буяннэмэх ярихдаа амбаарт байхдаа цохисон талаар ярьж байсан мөн очиж салгахад хамраас цус гарсан, амбаарын гадаа заамдалцсан байдалтай байсан юм. Ч.Буяннэмэхийн хамраас цус гарсан мөн хамар мурийгаад хавдсан байсан харин Б.Эрдэнэпүрэвт цохиулахаас өмнө хамарт нь ямар нэг гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан юм. Б.Эрдэнэпүрэвийн хувьд эрүүл байсан харин Ч.Буяннэмэх, Ү.Нэргүй, Бат-Эрдэнэ 3, 1 шил 0.5 литртэй Хараа архи хувааж уусан, тухайн архинаас би уугаагүй эрүүл байсан юм, Ч.Буяннэмэхийн хувьд бага зэрэг согтуу байсан, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан юм, бид нарын хувьд Б.Эрдэнэпүрэвт байгаа чулууг очиж авах гэж очсон юм өмнөх өдөр нь Ч.Буяннэмэх, Б.Эрдэнэпүрэв нар цагаан цахираас чулууг авчирсан юм байна лээ....гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
9. Шинжээч С.Каделийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Буяннэмэхийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Чих, хамар хоолойн эмчийн үзлэгт хамрын гадна хэлбэр баруун тийш овойж, зүүн талд цөмөрсөн хугаралтай гэж үзсэн. Мөн КТГ-ын шинжилгээнд хамрын дээвэр яс, зүүн талдаа 4 мм орчим дотогш цөмөрсөн, бороолоогүй хугаралтай мөн өөрийн хийсэн үзлэгээр баруун нүдний доод зовхинд шаргал өнгийн туяа өнгийн цус хуралттай байсан нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд гэмтлүүд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байгаа юм. КТГ-ын бороолоогүй хугарал гэдэг нь хугарал гэмтэл авчхаад удаагүй байгааг хэлж байгаа юм. Хэрэв бороолсон хугарал гэвэл хуучин гэмтэл буюу гэмтэл аваад эдгэснийг ойлгоно. Мөн Буяннэмэхийн хамарт хуучин гэмээр гэмтэл тогтоогдоогүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 494 дугаар шинжээчийн:....1. Ч.Буяннэмэхийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 / зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэпүрэв нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 2-31 тоот хашаанд байх амбаарт Ч.Буяннэмэхтэй байгалийн чулуунаас болж маргалдан 1 удаа гараараа хамар хэсэгт цохиж, биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч Ч.Буяннэмэх, гэрч Ү.Нэргүй, Б.Батмөнх, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн 494 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж зодолдож эрүүл мэндээрээ хохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Б.Эрдэнэпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ч.Буяннэмэх нь 2 сая төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс 1 сая төгрөг төлж барагдуулсан ба хохирогчийн зүгээс цаашид хохирол нэхэмжлэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Харин хохирогч Ч.Буяннэмэх нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 165.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвээс 165.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Эрдэнэпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэрэнжанцан овогт Бямбаагийн Эрдэнэпүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цэрэнжанцан овогт Бямбаагийн Эрдэнэпүрэвийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Цэрэнжанцан овогт Бямбаагийн Эрдэнэпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Эрдэнэпүрэв нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвээс 165.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эрдэнэпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ