Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01138

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01138

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 хороо, 10-р хороолол, 8-р байр, 106 тоотод оршин суух, рд:чн6005009, Боржигон овогт Бадамдоржийн Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 4 хороо, Нарны зам, 29-2-р байр, 41 тоотод оршин суух, рд:чк84090210, Боржигон овогт Номинчулууны Хатанбаатарт холбогдох,

 

орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 9 138 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч Н.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Оюунчимэг улсад насаараа ажиллаж хураасан мөнгөөрөө байрны урьдчилгаа хийж өгсөн. Урьдчилгааг төлөхдөө Алтан дөл ХХК-аас байр захиалсан. 2016 онд Н.Хатанбаатарын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Энэ хугацаанд Н.Хатанбаатар дураараа авирлаж, үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зохисгүй үйлдэл гаргасан. Гэхдээ Б.Оюунчимэг 41.400.000 төгрөгийг төлсөн боловч зөвхөн хамтран эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Н.Хатанбаатарыг Япон улсад амьдарч байх үед нь мөнгө шилжүүлсэн 9.138.200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно... гэв.

 

Хариуцагч Н.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар шийдээд, одоо би ээжийнхээ гэрт байгаа. 2019 онд хадам ээж манай том охиныг чи аавыгаа дагаад явж байгаа бол дахиж энэ гэрт ирэхгүй байх, юмаа аваад яваарай гэж хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд хадам ээж энэ гэр бүлийг хагалган бутаргаж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага буюу 310.000 иенийг миний дансаар шилжүүлэн охин Цэлмэг нь авсан байдаг. Тэр үед охиноо надаас тусдаа амьдруулах гэж Токио хотод түрээслэж байсан байрны төлбөр байгаа юм аа. Монголд намайг ирэхэд хадам ээж дөрвөлжин телевизортой, модон шалтай байшинд амьдардаг байсан хүн 41.000.000 төгрөгийг явуулах боломж байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд эхнэр бид хоёрын амнаас гараагүй байгаа үгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр Энэ гэр бүл одоо салах гэж байгаа, эхлээд байрны асуудлыг шийднэ гэж хэлсэн. Минийн зүгээс нотлох баримтаар дансны хуулга, эхнэр бид хоёрын хоорондоо харилцаж байсан мессежний хуулга гэх мэт бүх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг хариуцагч Н.Хатанбаатарт холбогдуулан орон сууц үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 9 138 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Хатанбаатар Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Нарны зам гудамж, 29/2 байр 41 тоот хаягт байрлалтай, 57.5 м2 талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нийт 103 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрөө Монгол Улсад байхгүй тул өөрийн хадам ээж хариуцагч Ц.Оюунчимэгээр дамжуулан төлөөлж захиалгын гэрээ байгуулахаар Алтан дөл ХХК-ийн борлуулагч өөрийн найз Ш.Амарбаясгалантай харилцан тохиролцсон нь гэрч Ш.Амарбаясгалангийн шүүхэд өгсөн ...Н.Хатанбаатар Япон улсаас надтай холбогдож байр сонирхоод би эргүүлээд мэдээлэл өгсөн. 2013 оны намар барилгын давхар мкв аа сонгоод байраа захиалах болсон, надтай холбогдоод би өөрөө очих боломжгүй тул Б.Оюунчимэг гээд манай хадам ээж очно, 10 давхарт 57.5м2 байрыг 1800 000 төгрөгөөр тооцон захиалга өгөхөөр тохиролцсон, урьдчилгааг хадам ээж аваад очно гэж хэлсэн... гэх мэдүүлэг, 2019 оны 09 сарын 21-ны өдрийн дугаар 13/9/008 Орон сууц захиалгын гэрээ, 2013 оны 09 сарын 21-ны өдрийн 41 400 000 төгрөг урьдчилгаа төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын ордер баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-7, 37, 51-54 дүгээр тал/

 

Дээрхи гэрээний үлдэгдэл төлбөр 62 100 000 төгрөгийг хариуцагч Н.Хатанбаатар төлсөн бөгөөд 2014 оны 09 сарын 21-ны өдөр №13/09/21 Алтан дөл ХХК, хариуцагч Н.Хатанбаатар нарын хооронд маргаан бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 57-62, ..-.. дугаар тал/

 

2016 оны 12 сарын 01-ны өдрийн хариуцагч Б.Оюунчимэгээс Алтандөл ХХК-д ...би Алтандөл ХХК-тай 2013 оны 09 сарын 21-ны өдөр тус байрны 10 давхрын 41 тоотод захиалгын гэрээ хийсэн бөгөөд рд:чк84090210 Номинчулууны Хатанбаатарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй... гэсэн утга бүхий тодорхойлолтыг бичгээр гаргажээ. /хэргийн 55 дугаар тал/

 

2016 оны 12 сарын 01-ны өдөр Алтандөл ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт ...жагсаалтын 41-д Номинчулууны Хатанбаатар /рд: чк84090210/ нь манай компаний барьж ашиглалтад оруулсан БГД, 4 хороо, 2 хороолол, нарны зам 29/2 байр 10 давхар 41 тоотыг Орон сууц захиалгын №13/09/21 тоот гэрээ хийж, төлбөр тооцоо дууссан тул Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн албан тоотыг хүргүүлсэн байна. /хэргийн .. дугаар тал/

 

2016 оны 12 сарын 01-ны өдөр хариуцагч Н.Хатанбаатараас Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдүүлэг өргөдөл гаргасныг үндэслэн Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Нарны зам гудамж 29/2 байр, 41 тоотод байршилтай, 57.5 м кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Y-2205064733 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хэргийн ..-.. дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн ерөнхий ангийн 9-р зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж байгаа.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Нарны зам гудамж 29/2 байр, 41 тоотод байршилтай, 57.5 м кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ...байранд миний бие 40 хувь буюу 41 400 000 төгрөгийн хөрөнгийг оруулсан, сүүлийн нэг жилийн хугацаанд хариуцагч байрыг барьцаанд тавиад үнэтэй машин авч унах, их хэмжээний өр зээл тавьж гэр бүл үр хүүхдүүддээ санхүүгийн дарамт учруулах, хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй байх, эхнэрээсээ сална гэх мэтээр гэр бүлийн таагүй уур амьсгал бий болгон, байрыг ганцхан өөрийн мөнгө хөрөнгөөр худалдан авсан мэт буруу ойлголттой яваа нь надад таалагдахгүй байгаа, Иргэний хуулийн ерөнхий ангийн 9-р зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж байгаагэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч өөрийн шаардлага үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлаж нотлоогүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар орон сууц захиалгын гэрээг 2013 оны 09 сарын 21-ны өдөр Ц.Оюунчимэг байгуулсан боловч энэ нь нэхэмжлэгч Н.Хатанбаатарын хүсэлтээр хийгдсэн болох нь гэрч Ш.Амарбаясгалангийн мэдүүлгээр нотлогдож байгаа, 2014 оны 09 сарын 21-ны өдөр Н.Хатанбаатар Алтандөл ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ дахин байгуулагдсан, 41 400 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч Ц.Оюунчимэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.Хатанбаатарын нэр дээр гаргуулахад татгалзахгүй талаархи тодорхойлолт бичиг гаргаж өгснөөр өмчлөх эрх дан ганц хариуцагчид шилжсэн байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 41 400 000 төгрөгийн, хариуцагч өөрийн өмчлөлийн 62 100 000 төгрөгийн хөдлөх хөрөнгөө нийлүүлэн нийт 103 500 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч хамтран өмчлөгч болох боломжтой байсан хэдий ч тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргахыг зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн хувьд эдлэх эрхээс татгалзаж, эрхээ дуусгавар болгосон, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх хариуцагч шилжсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Мөн өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн ...сүүлийн нэг жилийн хугацаанд хариуцагч байрыг барьцаанд тавиад үнэтэй машин авч унах, их хэмжээний өр зээл тавьж гэр бүл үр хүүхдүүддээ санхүүгийн дарамт учруулах, хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй байх, эхнэрээсээ сална гэх мэтээр гэр бүлийн таагүй уур амьсгал бий болгон, байрыг ганцхан өөрийн мөнгө хөрөнгөөр худалдан авсан мэт буруу ойлголттой яваа нь надад таалагдахгүй байгаа... гэх шаардлагын үндэслэл нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иймд үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч тогтоолгох тухай нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч амьдрал ахуйд нь нэмэр болох, японд амьдарч байсан байрны түрээсийн мөнгө гэж хариуцагчид 2010 оны 03 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 340 000 иен буюу 9 138 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... хариу төлбөргүй, туслаад шилжүүлсэн нь бэлэглэлийн гэрээний харилцаа байх магадлалтай. Бэлэглэгч мөнгө шилжүүлсэн боловч бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон учир өгсөн мөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлаж байна.

 

Хэргийн 84, 85 дугаар талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, гадаад гуйвуулгын даалгавар баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 340 000 иен шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа, хариуцагч дээрхи мөнгийг шилжүүлснийг маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасан бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцно.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.3-т зааснаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бөгөөд шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед 9 138 000 төгрөгийг шаардаж буюу хууль зүйн үндэслэлээ ...бэлэглэгчийг гомдоосон... гэж тайлбарлаж байгаа боловч бэлэг хүлээн авагч буюу хариуцагч бэлэглэгчийг гомдоосон ямар ноцтой үйлдэл гаргасан талаар нотлох баримтаар нотолж тайлбарлаагүй, шаардах эрх хэдийд үүссэн нь тодорхойгүй тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй байдалд хүрч байна. Нөгөө талаас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2010 оны 03 сарын 16-ны өдөр хариуцагчид 340 000 иен шилжүүлсэн бөгөөд тухайн үеийн ханшаар дээрхи гадаад мөнгөн тэмдэгт нь хичнээн төгрөгийн ханштай байсан, 9 138 000 төгрөг гэдгийг яаж тодорхойлсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч өөрийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 276 дугаар 276.2, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас 9 138 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, 161 178 төгрөг нийт 231 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 276 дугаар 276.2, 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т

зааснаар Н.Хатанбаатарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Нарны зам гудамж 29/2 байр, 41 тоотод байршилтай, 57.5 м кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 9 138 200 төгрөг гаргуулах тухай Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 231 378 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ