Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0378

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “К*************” ХХК

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Б.З************* нарын  хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*************, А.Б*************, хариуцагч Б.З*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Гомдол гаргагч шүүхэд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтны буюу Монголбанкны хянан шалгагч Б.З*************-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001340*  тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө эцсийн байдлаар уг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкны хяналт шалгалтын газраас “К*************” ХХК /цаашид К************* гэх/ газар дээр хийх иж бүрэн шалгалтын удирдамжийн дагуу “...банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон, холбогдох арга хэмжээг...” шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хийжээ[1].

2.2. Уг шалгалтаар “...харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт бусад хэлцлийн нийлбэр  дүн нь тус банкны өөрийн хөрөнгийн 23.2 хувь”, “...банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь банкны өөрийн хөрөнгийн 6.4 хувь байгаа...” нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д заасан хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул  Монгол Банкны хянан шалгагч, улсын байцаагч Б.З************* 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2021/1504/*************  дугаар актыг гаргасан байна.

2.3. Капитрон банкнаас өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрснөөр дээрх зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр болсон тул 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ************* дугаар шийтгэлийн хуудсаар тус банкийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40,000,000/ төгрөгөөр торгожээ[2].

2.4. Харин Капитрон банк 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энэ торгуулиа бүрэн төлсөн байна[3].

2.5. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0104881 дугаар шийтгэлийн хуудсаас хойш зөрчилтэй холбоотойгоор К************* дүрмийн сангаа 5,000,000,000,00 /таван тэрбум /төгрөгөөр нэмэгдүүлсэн[4] боловч энэ үйлдлийг Монгол банк хянан үзээд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.19.6 дахь хэсэгт заасан шалгуурыг хангахгүй гэж үзжээ[5].

2.6. Улмаар Монгол банкны ерөнхийлөгч 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар “К************* хийсэн шалгалтын дүнгийн тухай” тушаал гарган, уг тушаалын хоёрт хэсгийн 2-т Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан ханган ажиллахыг К*************-ны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгажээ[6].

2.7. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Монгол банкны хянан шалгагч улсын байцаагч 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/150*/008 дугаар мэдэгдлээрээ[7] “...банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтад тусгагдсан 40 том холбогдох этгээдэд олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад активын тайлан холбогдох этгээдийн 1.6 тэрбум  төгрөгийн зээлийг тайлагнаагүй ...” тайлагнах, холбогдох мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг үүрэг болгожээ.

 2.8. К************* уг мэдэгдлийн дагуу 2021 оны 10 дугаар сарын  05-ны өдрийн ГЗ/488 дугаар албан бичгээр Монгол банкны хяналт шалгалтын газарт “тус банкны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаарх тайланг жагсаалт”[8]-ыг хүргүүлсэн байна.

2.9. Монгол банкны хяналт шалгалтын газар Капитрон банкнаас ирүүлсэн тайланг шалган тус банкийг Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан шаардлагыг биелүүлээгүй, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.6-д заасан “банкны холбогдох этгээдэд “М*************” ХК-д  олгосон зээлийн хувь хэмжээ 5 хувиас хэтэрсэн  болохыг тогтоожээ[9].

2.10. Энэхүү шалгалттай холбогдуулан Монгол банкны хяналт шалгалтын газрын захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1032 дугаар албан бичгээр[10] “...Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны  9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар 2.2 дахь заалт болон Улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/150*/008 дугаар улсын байцаагчийн мэдэгдлээр хүргүүлсэн Банкны тухай хуулийн 17.3 дахь заалтад тусгасан хязгаарлалтыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан хангаж ажиллах үүргийг биелүүлээгүй тул Улсын байцаагчийн 2021 оны /1504/002 тоот акт тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох болсныг үүгээр мэдэгдье...” гэжээ.

2.11. Харин Улсын байцаагчийн 2021 оны /1504/002 тоот актад зөвхөн Зөрчлийн 2101000041 хэргийн 6 хуудаст байх “...банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 20.1 хувь, тухайлсан хэлцлийн дүн  өөрийн хөрөнгийн 6.3 хувь байгаа...”, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзсэн болохыг дурдсан байна[11].

2.12. Улмаар Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны  09 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалтад заасан үүрэг даалгаврын хэрэгжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан хангаж ажиллаагүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д заасан  “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол банкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй”  зөрчил үйлдсэн гэж үзэн хариуцагч Монгол Банкны хянан шалгагч Б.З************* 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 001340*  дугаар шийтгэлийн хуудсаар Капитрон банкийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100,000,000/ төгрөгөөр торгожээ[12].

2.13. Капитрон банкнаас уг 001340*  дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ/835 тоот албан бичгээр Монгол банкны ерөнхийлөгч бөгөөд Улсын ерөнхий байцаагч Б.Л************* гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй тул шүүхэд Монгол Банкны хянан шалгагч Б.З-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 001340*  дугаар шийтгэлийн хуудсыг хянуулахаар гомдол гаргасан аж.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. К*************-ны гүйцэтгэх захирал Б.Ү************* нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүхэд “...Монгол банкны хяналт шалгалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1032 тоот “10 сарын тайлангийн тухай” албан бичигт болон түүний хавсралт 2021/1504/002 тоот актад зааснаар дээр дурдсан 1 үүрэг, даалгаврыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгөөр торгохоор болсныг мэдэгдсэн.

...Уг шийтгэлийн хуудсын 11-д шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах этгээд хугацааг заагаагүй байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг хангаагүй.

...Хэрэв Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн гэсэн агуулгын хүрээнд банканд шийтгэл оногдуулж буй бол Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг бус, харин уг зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэх ёстой байсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн мэдэгдэлд зааснаас өөрөөр үндэслэн захиргааны акт үйлдэн, торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус буюу алдаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

... Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан хангах” гэсэн даалгаврыг биелүүлэх талаар:

1. Зээлийг төлүүлэх: “...Холбогдох этгээдийн жагсаалтад шинээр нэмэгдэж тооцогдсон зээлдэгчийн зээлийг төлүүлэх талаарх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ковидын нөхцөл байдлаас хамааран зээлийн эргэн төлөлтийн байдал шуурхай төлөгдөөгүй...”.

2. Нэмж зээл олгохгүй байх: Холбогдох этгээдийн жагсаалтад  байгаа зээлдэгчдэд зээл нэмж олгоогүй.

3. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх: “...5,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ Монгол банкны “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-д заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан.

...Монгол банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн.

4. Банкны хувьцаа эзэмшигч болон банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд тусгайлан шаардлага тавигдсан ба зөвхөн Монгол банкнаас зөвшөөрсөн тохиолдолд нэмэгдүүлэх боломжтой билээ.

Капитрон банк 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өөрийн хөрөнгөө 14,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг бүрэн хангасан...” гэжээ.

3.2. Хариуцагч Монгол Банкны хянан шалгагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Төв банкны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад Капитрон банк нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 17.3 дахь заалтын хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул банканд Улсын байцаагчийн 2021/1504/00*  дугаар акт тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Улмаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр шалгалтын ажиллагааг дуусгавар болгож шалгалтын танилцуулгад цаашид авах арга хэмжээний саналыг тусган банканд танилцуулсан бөгөөд шалгалтын үр дүнтэй холбоотойгоор Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалаар Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан ханган ажиллаж, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.

Капитрон банкнаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/488 дугаар албан бичгээр “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 6.2 дахь заалтын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх тайланг ирүүлсэн. Монгол банкнаас ирүүлсэн тайланг хянаад Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалт болон Улсын байцаагчийн 2021/150*/008 тоот мэдэгдлээр хүргүүлсэн Банкны тухай хуулийн 17.3 дахь хэсэгт тусгасан хязгаарлалтыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан хангаж ажиллах үүргийг биелүүлээгүй тухай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1032 дугаар “Тайлангийн тухай” албан бичиг хүргүүлсэн.

К************* 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ГЗ/621 дугаар албан бичгээр "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 6.2 дахь заалтын дагуу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тайланг ирүүлсэн. Гэтэл банк нь Монгол банкнаас “Тайлангийн тухай” албан бичгээр хүргүүлсэн зөрчил дутагдлыг арилгаагүй, Банкны тухай хуулийн хязгаарлалт алдагдсан хэвээр байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн тул 2101000041 дугаартай зөрчлийн хэрэг нээн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 001340*  дугаартай шийтгэлийн хуудсаар 100 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлж Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 17.3 дахь хэсэгт заасан хязгаарлалтуудыг зөрчсөн тул 2021 оны 7 торгосон. дугаар сарын 21-ний өдрийн 0104881 дугаартай шийтгэлийн хуудсаар 40 сая төгрөгөөр торгосон.

Улмаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр шалгалтын ажиллагааг дуусгавар болгож шалгалтын танилцуулгад цаашид авах арга хэмжээний саналыг тусган банканд танилцуулсан бөгөөд цаашид авах арга хэмжээний саналд Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн хязгаарлалтуудыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан ханган ажиллаж, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.

Монгол банкны хянан шалгагчийн зүгээс банкны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ирүүлсэн банкны тайланг шалгахад Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн хэсэгт заасан хязгаарлалт алдагдсан хэвээр байсан. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалтад тусгагдсан үүрэг даалгавар биелээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 87.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол торгууль оногдуулна”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулна”, 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол банкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монгол банкны шийдвэрийг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 100 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

...Тухайн шийтгэл ногдуулсан зөрчил нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил бөгөөд уг зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шууд хамаарах зөрчил учир шийтгэлийн хуудсанд “Зөрчлийн тухай 11.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй” гэж тусгаж өгсөн нь хуулийн дагуу гэж үзэж байна.

Мөн 001340*  дугаар шийтгэлийн хуудсыг К-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н************* 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр танилцуулж өгөхдөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу 2101000041 дугаартай 1-57 хүртэл дугаар бүхий 57 хуудас зөрчлийн хэргийн материалтай танилцуулж нээсэн зөрчлийн хэрэг, холбогдсон зөрчил зэргийг дэлгэрэнгүй танилцуулж “Хэргийн материалтай танилцуулсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэн нэг талаас хянан шалгагч миний бие нөгөө талаас К-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н************* нар нь гарын үсэг зурж баталгаажуулан зөрчлийн хэргийн материалд хавсарган Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхэд шийдвэрийн биелэлтийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны Шүүхээс холбогдогч талаас Монгол банкны Ерөнхийлөгчид гомдол гаргасан гэх үндэслэлээр материалыг буцаасан.

... Монгол банкны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1032 дугаар “Тайлангийн тухай” албан бичиг болон Улсын байцаагчийн 2021/1504/002 дугаар актад “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалт болон Улсын байцаагчийн 2021/150*/008 тоот мэдэгдлээр хүргүүлсэн Банкны тухай хуулийн 17.3 дахь заалтад тусгасан хязгаарлалтыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан хангаж ажиллах үүргийг биелүүлээгүй тул” гэж 2 зөрчлийг тусгаж банканд хүргүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулсан болно.

...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10. 6,11.6.12.6.14. 615.6.16, 6.17, 6,18, 6,19, 6.20. 6.21, 6.22, 6.23. 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж гомдол гаргах хуулийн хугацааг тодорхой заасан байдаг ба шийтгэлийн хуудасны 11 дүгээр дугаарлалтад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дахь хуулийн заалтыг тодорхой тусгасан байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он. сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эл зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасан байгаа бөгөөд Капитрон банканд хүргүүлсэн шийтгэлийн хуудас нь хуулийн заалтыг бүрэн хангасан гэж үзэж байна.

..."М*************" ХК-ийг банкны холбогдох этгээдээр тогтоохдоо Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.И-д зааснаар бус Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.2 дахь зүйлийн 2.2.2.2 дахь заалт, журмын 2.2.6 дахь заалт, Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн дагуу тогтоосон.

*************" ХК-ийн 19.9 хувийг "М*************" ХХК эзэмшдэг. “М*************” ХХК-ийг “Ка*************” ХХК /100 хувь эзэмшдэг бөгөөд "К*************" ХХК нь банкны холбогдох этгээд болох “Ю*************” ХХК, “Ж*************” ХК нартай хамтран “М*************” ГҮТББ-ыг эзэмшдэг болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.

... К************* Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газарт 2021 оны 7 дугаар сард хүргүүлсэн, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг “А*************” ХХК-ийн хөрөнгөөр нэмэгдүүлэх албан бичгийн хариуг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан тул үүрэг даалгавар биелүүлэх хугацаанаас хойш хариу ирсэн, дээрх албан бичгийг Монголбанканд хүргүүлснээр зөрчлийг арилгах арга хэмжээ авсан гэж үзсэн байна.

Тус албан бичиг нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.19 дэх хэсгийн 36.19.6 дахь заалтад “Өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байх” гэж заасныг зөрчиж байгааг банк мэдсээр атал цаг авах зорилгоор санаатай эс үйлдэхүй үйлдсэн гэж үзэж байна.

... Монгол банкнаас тус банкны санхүүгийн тайланг сар бүр хүлээн авч, холбогдох хууль тогтоомж болон журам зааврыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаад хяналт тавьж ажилладаг бөгөөд тухайн үүссэн нөхцөл байдал нь банк хариуцсан хянан шалгагчийн зүгээс үүрэгт ажлаа хэрэгжүүлэх явцад олж тогтоосон зөрчил дутагдлыг холбогдох хууль журмын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж үзэж байна. Гэтэл К*************-ны зүгээс шийтгэлийн хуудсаар оногдуулсан “зөрчилд шийтгэл оногдуулах тухай” захиргааны актыг хууль бус, банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн К*************-ны зүгээс иж бүрэн шалгалтын нэгтгэсэн танилцуулга, Улсын байцаагчийн акт, мэдэгдэл болон 0104881 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн боловч дээрх нэхэмжлэлд холбогдох этгээдийг банк өөрөө хүлээн зөвшөөрч бүртгээгүй Монгол банкнаас хүлээн зөвшөөрүүлж бүртгүүлсэн мэтээр худал хашаа тайлбар өгсөн. Үүссэн зөрчил дутагдлыг арилгах, банкны үйл ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэх бус хянан шалгагч, Улсын байцаагчийн тогтоосон шийтгэлийн хуудсыг хууль зүйн шаардлага хангаагүй, Монгол банкнаас зөвшөөрөл өгөөгүй гэх байдлаар буруутган тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд К************* нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Шүүх нэхэмжлэл,түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр төлбөр тогтоосон захиргааны актын хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн МБ21 материалаас үзэхэд Монгол Банкны хянан шалгагч, улсын байцаагч Б.З 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/1504/00*  дугаар актаар К************* Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан шаардлагыг биелүүлээгүй, тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.6-д заасан “банкны холбогдох этгээдэд зээл гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил үйлчилгээ”-г дутуу мэдээлсэн зөрчил үйлдсэн гэж үзэхдээ  “Т*************” ХХК-д олгосон зээлийн хувь хэмжээ 5 хувиас хэтэрсэнтэй холбогдуулан торгууль ногдуулсан байна.

4.2. Харин уг материалд “М*************” ХК, “К*************” ХХК-иудыг холбогдох этгээд болохыг шалгаж тогтоосон талаар үйл баримт байхгүй, хариуцагчаас “...Хэргийн материалд авагдаагүй иж бүрэн шалгалтын тайлан болон улсын байцаагчийн акт, улсын байцаагчийн мэдэгдэл зэрэг 10 акт мэдэгдэл иж бүрэн шалгалттай холбоотойгоор тогтоогдсон. Тэр дунд “М*************” ХХК бий...” гэх боловч энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

4.3. Мөн хариуцагч бичгээр гаргасан хариу тайлбартаа “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр шалгалтын ажиллагааг дуусгавар болгож, шалгалтын танилцуулгад цаашид авах арга хэмжээний саналыг тусган банкинд танилцуулсан...” гэсэн хэдий ч тэрээр шалгалтын танилцуулга гэх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн энэ талаар баримт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн МБ21 материалд байхгүй болно.

4.4.Нөгөөтээгүүр Монгол банкны 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/150*/008 дугаар мэдэгдлийн  “...банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтад тусгагдсан 40 том холбогдох этгээдэд олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад активын тайлан холбогдох этгээдийн 1.6 тэрбум  төгрөгийн зээлийг...” тайлагнах, холбогдох мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хяналт шалгалтын газарт ирүүлэх...” агуулга нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны  9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалтад заасан үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ гэж үзэхээр байна.

4.5. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагааны хүрээнд “М*************” ХК-д 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №3096-2019/81 тоот Зээлийн гэрээний дагуу 10,000,000,000.00 /арван тэрбум/ төгрөгийн зээл олгосон[13] нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан зөрчил болохыг олж тогтоосон.

4.6. Уг зөрчлийн талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намжилмаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Банкны тухай хуулийн 3.1.2.и-д заасны дагуу банкнаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр “М*************” ХК манай холбогдох этгээд биш гэсэн тайлбар мэдээллээ өгч, тайландаа “М*************” ХК-ийг тусгаагүй явж байсан. Гэтэл Монгол банкнаас тайлангийн хариуд[14] холбогдох этгээд гэж үзэж, тохируулга хийж, тохируулга хийсэнтэй холбоотойгоор хөрөнгөөс хасна гэсэн мэдэгдэл ирсэнтэй холбоотойгоор бид 2021 оны 09 дүгээр сараас хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлсэн.

4.7. Энэ талаар өмнөх улсын байцаагчийн 2021/1501/001 актад огт дурдагдаагүй болно[15].

4.8. Гэтэл хариуцагчаас “...энэхүү үйл баримтыг өмнө олж тогтоосон, улмаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байсан.

 ...Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны  09 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалын 2.2 дахь заалтад заасан үүрэг даалгавраар уг зөрчлийг арилгахыг даалгасан...” гэх боловч эдгээр нь бодит байдалтай огт нийцэхгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

4.9. Түүнчлэн Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/23*  дугаар тушаалаар Ка************* нийт 8 үүрэг даалгавраас өгсөн бөгөөд түүнээс 7 даалгаврыг бүрэн биелүүлж, холбогдох тайлан тэнцэлдээ тусгаж залруулж ажилласан ба харин тушаалын 2.2 дахь заалтад заасан хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэхээр арга хэмжээ авч ажиллаж байсан[16] боловч 9 сарын тайланд “М*************” ХК-ийг холбогдох этгээдийн жагсаалтад нэмснээр Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан  харьцаа үзүүлэлт нэмэгдсэн.

4.10. Энэ талаар ч хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-6/1032 дугаар мэдэгдэлд тэмдэглэгдсэн байсан тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

4.11. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д заасан “...Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол банкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монгол банкны шийдвэрийг...” зөрчсөн гэх үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

4.12. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцүүлэн хариуцагч Монгол Банкны хянан шалгагч Б.З*************-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001340*  тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д зааснаар ногдуулсан торгуулийн хэмжээг багасган Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40,000,000/ төгрөгөөр торгууль ногдуулахаар шийдвэрлэлээ.

4.13. Эцэст нь Капитрон банк 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14,000,000,000,00 /арван дөрвөн тэрбум/ төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж бүртгүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.[17]

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Банкны хянан шалгагч Б.З*************-ын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001340*  тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7-д зааснаар /тогтоосон/ оногдуулсан торгуулийн хэмжээг багасган Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40,000,000/ төгрөгөөр торгууль /тогтоосугай/ оногдуулсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

[1] Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн МБ21 материалын 1-4 хуудас

[2] Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн МБ21 материалын 13 хуудас

[3] Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн МБ21 материалын 14 хуудас

[4] Хавтас хэргийн 101 хуудас

[5] Хавтас хэргийн 18 хуудас

[6] Зөрчлийн 2101000041 хэргийн 3 хуудас

[7] Зөрчлийн 2101000041 хэргийн 23 хуудас

[8] Зөрчлийн 2101000041 хэргийн 5 хуудас

[9] Зөрчлийн 2101000041 хэргийн 6 хуудас

[10] Хавтас хэргийн 29, Зөрчлийн 2101000041 хэргийн 24 хуудас

[11] Хавтас хэргийн 30-31 хуудас

[12] Хавтас хэргийн 9 хуудас

[13] Хавтас хэргийн 36 хуудас

[14] Хавтас хэргийн 26 хуудас

[15] Хавтас хэргийн 19-21, 24-25 хуудас

[16] Хавтас хэргийн 17 хуудас

[17] Хавтас хэргийн7 хуудас