Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хохирогч М.Уянга

Шүүгдэгч Н.Золжаргал нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Наранбаярын Золжаргалд холбогдох 201714000057 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн Наранбаярын Золжаргал, Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ах, эгч дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 25-09 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. /Регистрийн дугаар ФА95101319/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Золжаргал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Казино баарны үүдэнд зөрөхдөө мөргөлөө гэх ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн М.Уянгад хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Уянгын “Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах казино бааранд орохоор болоод бүгдээрээ орсон. Тус бааранд ороод Болор архи 1 шил, 5-6 ширхэг Сэнгүүр пиво, кола, ус зэргийг авч хувааж уусан. Хэсэг хугацааны дараа 23 цаг өнгөрч байхад би найз Мөнхцэцэг, Тунгалаг, Хулан нарын хамт гадаа гарч тамхи татах гээд үүдээр гарах гээд явж байтал үл таних согтуу залуутай мөр мөрөө шүргэсэн. Тэгтэл тэр залуу ямар нэгэн шалтгаангүйгээр шууд миний ар дагз руу гараараа цохисон тэр үед би нүүрээрээ газарт уначихсан юм. Тэгээд би босоод ирэхэд миний үүдэн дээд шүд уначихсан хамар амнаас цус гараад байсан. Тэр залууд манай найзууд болон бид хандаж яаж байгаа юм бэ? гэж асуухад “Шүд унаа л биз үхлээ юу? юун сүртэй юм гичий минь гэх мэтээр янз бүрээр хэлээд байж байтал 2 цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “М.Уянгын биед тархи доргилт хамрын таславчийн муруйлт, 1 шүд унасан, 1 шүдний ганхалт, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний доор зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт хамрын таславчийн муруйлт, нэг шүд унасан нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 5% байна. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-р хуудас/

 

3. Гэрч О.Мөнхцэцэгийн “Казино бааранд суухаар болоод тэр бааранд орсон юм. Бааранд ороод нэг шил Болор архи, 5-6 ширхэг пиво, ус ундаа захиалж сууж байгаад манай найз Уянга, Хулан, Тунгалаг нарын хамтаар тамхи татах гээд гарсан. Гадаа хаалгаар гарах үед би Уянгын ард талд явж байсан чинь нэг залуу гаднаас орж ирж байсан. Тэгээд тэр залуу манай найз Уянгатай мөргөлдсөн. Тэгтэл тэр залуу манай найз ямар нэгэн шалтгаангүйгээр шууд ар дагз руу цохисон. Тэгтэл манай найз газарт нүүрээрээ уначихсан юм. Тэгтэл манай найзын ам хамраас нь цус гараад яасан бэ? гээд би найз Тунгалагийн хамт босготол шүд нь уначихсан гээд уйлаад байсан. Тунгалаг бид хоёр тэр залуутай хэсэг хугацаанд маргалдаад тэгсэн манай найзыг “гичий минь чиний шүд унаа л биз, юун сүртэй юм гээд байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/

4. Гэрч Л.Тунгалагийн “Найз Уянга, Хулан, Мөнхцэцэг нарын хамтаар 23 цагийн үед тамхи татах гээд гарсан. Би гадаа гарахдаа түрүүлээд урд нь явж байсан. Гадна хаалгаар гараад эргээд хартал Уянга газар доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед Мөнхцэцэг нэг залууг “Чи яаж байгаа юм бэ? эмэгтэй хүн цохиж унагаагаад” гээд байсан. Мөнхцэцэгийн хамт Уянгыг босготол хамар, амнаас нь цус гарчихсан шүд нь хугараад уначихсан уйлаад байсан. Тэр залуу бид нарыг элдвээр хэлээд доромжлоод байсан. Уянгааг “Чиний шүд унаа л биз, юун сүртэй юм” гээд байж байтал удалгүй 2 цагдаа ирээд Уянгыг зодсон залуутай нь хамт аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

5. Гэрч Э.Хулангийн “Уянга, Мөнхцэцэг, Тунгалаг нарын хамтаар гадаа гарч тамхи татах гээд гарах гэтэл миний гутлын өсгий хугарах гэж байгаа юм шиг эвгүй болоод би ард нь үлдээд тэр гурав түрүүлж гарсан. Тэр үед би араас нь удалгүй гарч гадаа хаалган дээр очих үед Уянгын амнаас цус гарсан байдалтай, шүд нь хугарчихсан гээд уйлаад байсан. Хэн зодсон гэж асуутал энэ залуу цохиод унагаасан юм гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар ирээд Уянга, Уянгааг зодсон гэх залууг аваад явсан. Тэр залуу бид нарыг хэл амаар доромжлоод “шүд унаа л биз, юун сүртэй юм гээд хэл амаар доромжлоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

6. Гэрч Б.Отгонсүрэнгийн “Золжаргал гадаа гарч тамхи татаад найз охиноо аваад ороод ирье гээд гарсан. Золжаргал удаад байхаар нь Сүрэнжавын хамтаар гараад хартал Золжаргал эмэгтэй хүмүүстэй маргалдаад тэр охидууд нь “эмэгтэй хүнийг ямар учраас цохиж унагаадаг юм гээд Золжаргалтай маргалдаад байж байсан юм. Тэр үед цагдаа ирээд Золжаргалыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

7. Гэрч Б.Сүрэнжавын “Золжаргал гадаа гарч найз охиноо тосоод авъя гээд гарсан удаад байхаар нь Отгонсүрэнгийн хамт гартал Золжаргал 2-3 эмэгтэй хүмүүстэй маргалдаж байсан. Хажуу талд нь хамар амнаас нь цус гарсан бололтой эмэгтэй шүд уначихлаа гээд уйлаад байсан. Мөн хажуу талд нь Золжаргалын найз охин Энхжин ирчихсэн байсан. Тэр үед хоёр залуу ирээд Золжаргалыг тэр зодуулсан эмэгтэйгийн хамт аваад явсан юм. Сүүлд нь Золжаргалаас яасан? Юу болсон гэхэд нэг согтуу эмэгтэй мөргөлдөөд уур хүргээд мангасдаж унагаагаад шүдийг нь хугалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

8. Гэрч С.Энхжингийн “Баарны үүдээр ортол 2-3 эмэгтэй урдаас гарч ирээд нэг эмэгтэй нь Золжаргалтай мөргөлдсөн. Улмаар Золжаргал шууд эргэн харж тэр эмэгтэйн толгойн ард талаас дагз руу нь мангасдсан. Тэр үед эмэгтэй газар уначихсан юм. Тэгээд би тэр эмэгтэйг яасан гээд босгосон чинь ам, хамраас нь цус гарсан байдалтай, шүд уначихлаа гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/

9. Гэрч Ж.Эрдэнэ-Очирын “Намайг дуудлагаар очих үед Уянга гэж хүний амнаас нь цус гарсан байдалтай шүд хугарсан гээд шүдээ барьчихсан байсан. Харин Золжаргал гэх залуу нилээн согтуу Уянга гэх эмэгтэйг хэл амаар доромжлон танхайрсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хх-йин 36-р хуудас/

10. Шүүгдэгч Н.Золжаргалын “2017 оны 01 сарын 12-ны өдөр 22 цагийн үед найз охиноо тосч авах гээд Казино баарны үүдэн дээр нэг танихгүй эмэгтэйтэй мөргөлдсөн юм. Тэр эмэгтэйг би эргэж хараад гараараа дагз руу нь мангасдах үед тэр эмэгтэй газарт уначихсан. Тэгээд тэр эмэгтэй шүд уначихлаа, гээд уйлаад байсан. Найзууд нь “чи яаж байгаа юм бэ?” гээд над руу дайрах үед нь цагдаа ирээд тэр шүд хугарсан гэх эмэгтэйтэй хамт аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, хохирол төлсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Золжаргал мэдүүлэхдээ “Миний буруу, гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогчид шүд, хамрын эмчилгээ, замын зардал 3 сая төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч М.Уянгын “Хохирлыг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Золжаргал надаас уучлал гуйсан. Гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч Н.Золжаргалын гэм буруутай үйлдэл хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул  мэтгэлцэхдээ “Н.Золжаргалын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй, хувийн сэдэлттэй байх тул хуулийн зүйлчлэлийг өөрчлөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Золжаргал нь 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Казино” баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн М.Уянгад хүч хэрэглэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Золжаргал нь хохирогч М.Уянгатай зөрөхдөө мөрөөр шүргэлцснээс хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь гэмтэл учруулсныг хувийн таарамжгүй харьцаа гэж үзэх боломжгүй байна. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Н.Золжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгааг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Н.Золжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, хохирогч гомдолгүй гэснийг харгалзан түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ  нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Наранбаярын Золжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Н.Золжаргалыг 3 /гурав/ жил, 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Золжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил, 1/нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201714000057 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Н.Золжаргалд оногдуулсан 3/гурав/ жил, 1/нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Золжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС