| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/060 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000289 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 07 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багт байрлах Монгол гэр дотор унинд хавчуулсан *******гийн эзэмшлийн Редми 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... Би *******гтайг танина. *******гийн нөхөр Дамдин нь миний найз байгаа юм. Нөхөр Дамдинтай нь нэг нутаг, нэг сумынх гэдгээр нь Дамдингийн эхнэр гэдгээр нь таньдаг. Би яг, сар өдрөө тодорхой сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үеэр намайг аймгийн төвд байхад ******* нь над руу утсаар яриад манайх хонь хяргах гэсэн юмаа хө, чи завтай байвал хүрээд ирээч Дамдин бензиний мөнгийг чинь хийгээд өгье гээд ярихаар нь би зөвшөөрөөд тэр оройдоо хөдөө Баянхонгор аймгийн Баацагаан сумын руу явахаар болоод аймгийн төвөөс надтай хамт ******* гэх хүн явсан. Тухайн үед миний данс руу Дамдин 30.000 төгрөг хийгээд би бензинээ хийсэн. Тэгээд аймгийн төвөөс 77 км яваад засмал дээрээс Дамдин намайг өөрөө машинтайгаа тосоод Дамдингийн гэрт очсон. Хаана, ямар нэртэй газар очсноо би мэдээгүй. Тухайн өдрөө орой очоод хоол унд идээд унтсан ба маргааш, нь өглөө гараад өдөржингөө хонь хяргасан, орой нь ээжийнх нь гэрт ирсэн. Дамдингийн нэг гэр нь бууцан дээрээ байсан ба тэр гэрт Дамдин, , би, ******* бид 4 очиж хоносон. Маргааш нь мөн бүтэн өдөр хонь хяргаж дуусаад орой нь мөн ээжийнд ирсэн. Тэр өдрөө ******* нь өөрийнхөө машинд сууж байгаад миний машинд сууж явсан. Дамдин нь хүүхдийнхээ хамт хониндоо мотоциклоороо явсан. Тэгээд ээжийнд нь ирээд хоол унд идээд байж байхад ******* нь “миний гар утас алга болсон байна” гэхээр нь гэртээ хайгаад миний машинд хүртэл тэр *******гийн хамт үзээд олоогүй. ******* нь тухайн үед надад “би өөрийнхөө машинд гар утсаа тавиад эд нар усанд явахдаа унагачихав уу” энэ тэр гэж хэлж байсан. Ээж нь хүртэл *******г “чи гэрээс утсаа аваад гарсан ш дээ” гэж мөн хэлж байсан. Тэгээд тэр оройдоо эргээд аймгийн төв рүү *******, ******* нарын хамт явсан. Аймгийн төвд *******гийн гэрт ирэхэд 2 охин нь байсан ба 2 охиныг нь аваад *******гийн гэрт очоод цүнхтэй хувцас аваад гол дээр очсон. Тэндээ 2-3 цаг болоод *******г гэрт нь хүргэж өгөөд эргээд *******гийнд гэрт ирээд нэлээн орой болгочихоод би гэр рүүгээ явсан. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэж санаж байна, машиныхаа жолоочийн суудлын эсрэг талын сандал доогуураас ардаа цагаан цаастай, гялгар кейстэй, 500 төгрөгтэй редми-11 маркийн гар утас гарч ирсэн. Тэр гар утас тухайн үед асахгүй болохоор нь би гэртээ ороод цэнэглээд асаатал нүүрэндээ кодгүй асаж байхаар нь би 89957993 гээд миний өөрийн эзэмшлийн сим картыг тухайн гар утсанд хийж үзсэн. 2023 оны 08 дугаар сарын 19-ний шөнө манай хүүхэд эхнэрийн хамт хөдөөнөөс ирээд “Адуучин” тэмцээнд явах гэж байгаа гээд ирсэн, тэр гар утас гэрт ил байсан ба тэр утсыг асуухаар нь би ******* машинд унагчихсан хүний утас байгаа юм” гэхэд “камертай утас хэрэгтэй байна аваад явчихъя ээж гэхээр нь өгөөд явуулсан ба манай хүү Даваажаргал өөрийнхөө сим картыг хийгээд аваад явсан. Би 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 6 хоноод гэртээ ирсэн. А.Сэржмаа нь над руу намайг гэрт байхад гар утас авах гэж байгаа гээд намайг Баруун бүс худалдааны төв ороод хамт яваадахъя гэхээр нь би зөвшөөрөөд хамт яваад тэр гар утсыг А.Сэржмаа нь авч байсан юм. Би тухайн гар утсыг олсныхоо дараа 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөө *******гийн охин Намуунаа руу хэд хэдэн удаа залгаж ярихад “Ээж байхгүй" гээд яриулаагүй юм. Би тухайн үед охинд нь гар утас олсон талаар хэлээгүй. А.гийн охин А.Намуунаагийн:80705309 гэсэн дугаар рүү би өөрийнхөө 89957993 гэсэн дугаараас залгаж ярьсан юм. Надад бол ээж хөдөө явсан л гэж хэлээд байсан. Би машинаа жолоодоод ******* нь миний машины урд суудалд суугаад явсан. Миний машин Тоёота акуа маркийн буруу талдаа жолооны хүрдтэй машин байгаа юм. ******* нь өөрийнхөө машинаас л миний машинд шууд суусан би гар утастай байсан эсэхийг нь анзаараагүй. Дамдингийнд сүүлд очиж хоносон гэх гарт бол гар утасны сүлжээ барьдаггүй, ээжийнх нь байсан гэх газар бол гар утасны сүлжээ барьж байсан. Надтай хамт явсан гэх ******* бид хоёр *******г машин дотор гар утас үзэж байхад хажууд нь зогсож байсан. Миний машины суудлын шалавчийг сөхөж энэ тэр үзээгүй, зүгээр л суудал дээр л үзсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 55-57 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Манайх 2023 оны 07 дугаар 10-ны гаргаад нэг өдөр хонио хяргасан юм. Тэр өдөр олон хүн цуглаад би алдсан гэх гар утсаа гэрийнхээ зүүн талынхаа унинд хавчуулаад орхисон. Тэгээд үдээс хойш гэртээ орж гар утсаа харсан чинь байхгүй байсан. Бид нар хонио хяргах гээд хонио туугаад гэрээсээ зайдуу газарт аваачиж хяргасан. Хонь хяргасан газарт манай хадам ээжээс бусад бүх хүмүүс очсон. Гэрт ганцхан хадам ээж /73 настай/ үлдсэн. Хонь хяргаж байх зуур гэрт буцаж ирсэн хүн байхгүй, дууссаны дараа бүгд хамт ирцгээсэн. Тэнд байсан хүмүүсээс ихэнх нь манай хамаатны хүмүүс, хүүхдүүд байсан. Тэнд гадны хүмүүсээс 2 хүн л гадны хүн байсан. Намайг унинд гар утсаа хавчуулсан талаар 2,3 хүүхдүүд, хадам ээжээс бусад хүмүүс мэдээгүй. Миний алдсан гэх гар утас Redmi note 11 загварын, солонгорсон цэнхэр өнгөтэй, гар утас байсан. Би тухайн гар утсаа 2023 оны 06 сарын 17-ны өдөр Баруун бүс-2 худалдааны төвөөс 500.000 төгрөгөөр худалдаж авсан.....гэх мэдүүлэг/ хх-ийн 28/,
......Манай нөхөр өглөө эрт хонио туугаад хонь хяргах газар руугаа явсан. ******* бид хоёр араас хүүхдүүдээ аваад явсан. Бид нар явах үед би *******гаас түрүүлж гэрээс гараад 2 хүүхдээ машиндаа суулгасан. Миний араас ******* удаагүй гэрээс гарч ирсэн. Тэгээд тэнд байсан 4 хүүхдийн 2 нь мотоцикл унаад хөдөлсөн, би машиндаа 2 хүүхдээ суулгасан, ******* ганцаараа машинаараа явсан. Би яг гэрээс гарах үедээ унинд хавчуулсан гар утсаа хараагүй, гэрээс гарахаас 20-30 минутын өмнө аавтай ярьчхаад гар утсаа хавчуулсан. Тэгэхээр унинд байж байгаад алга болсон байх. Манайд байсан хүүхдүүд бүгд гар утастай байсан учраас миний гар утсыг авахгүй гэж бодож байна. Мөн ******* машинаа байнга цоожтой байлгадаг юм байна лээ. Манай хүүхдүүд *******гийн машины түлхүүрийг авч машинд орно гэж байхгүй, *******г танихгүй учраас тийм зүйл хийхгүй. Би тухайн өдрийн орой гар утсаа алга болсныг мэдээд өөрийнхөө болон *******гийн машинд гар утсаа хайсан. *******гийн машинд хайхад ******* хажууд зогсож байсан. Би тухайн үед гэрт байсан хүмүүсээс бүгдээс нь асуусан. Хүүхдүүд болохоор “хамгийн сүүлд унинд хавчуулаастай байсан, унинаас аваагүй” гэж хэлж байсан. Хадам ээж болохоор “та нарыг явсны дараа хэн ч ирээгүй, чиний гар утас та нарыг гэрээс гарахаас өмнө унинд байсан, та нарыг явсны дараа гар утсыг чинь хараагүй, дуугарч сонсогдоогүй гэсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 29 /,
....Миний гар утас алдагдсан гэх газар нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Хужрын тогоо” гэх газар байсан. Тухайн үеийн цаг хугацааг тодорхой санахгүй байгаа юм. Ямартай ч Бөмбөгөр сумын 100 жилийн ой болоод өнгөрсөн байсан юм. Бөмбөгөрийн 100 жилийн ой 07 сарын 21- ний өдрөөс 23-ны өдрүүдэд болсон юм...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байсан. Манайх хонь хяргасан. Би бөмбөгөрийн зуун жилд явж ирсэн. Д.*******г гуйгаад хонь хяргахаар явсан. Тэгээд манайх руу ирэхэд 30,000 төгрөгийг шилжүүлсэн. н.******* гэдэг залууг дагуулж ирсэн. Тэгээд энэ хоёр хонь хяргасан. Маргааш өглөө нь үлдэгдэл хонио хяргаж дууссан. Тухайн өдрийн өглөө нь утас дугараад байна гэсэн. Би өөрийнхөө машинд суугаад ярьсан. Манай хүн хурдал гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ загнаад н.*******, Галбадрах хоёр усгүй болсон болохоор усанд явсан. Би Д.*******гийн машинд цэнхэр тортой муу хувцас авч орсон юм. Би Б.*******гийн машинд суугаад хонь хяргах гэж байгаа газар луу явсан. Би хонь хяргаж дуусаж ирээд хоол цай хийж явсаар байгаад утсаа анзаараагүй. Тэгээд утсаа олоогүй. Би өөрийнхөө машинд үзсэн. Би машинд суухдаа унагасан эсэхийг бүх зүйлийг татаж үзсэн. Тэгэхэд ерөөсөө байгаагүй. Тэр үедээ утсаа хайгаагүй. Би *******, ******* бид гурав аймаг руу явсан. Би гэрийнхээ баруун талын унинд хавчуулснаа санаж байгаа. Би гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Д.*******гийн машинд унагасан байна уу гээд Д.*******, н.******* бид гурав үзсэн. Миний гар утсанд зөндөө бичлэг, зураг байсан. Би гар утсаа хүлээн авахад тухайн зураг бичлэг байхгүй байсан. Надад Д.******* утсыг өгөхдөө “машины шалавчинд доор унасан байсан” гэж хэлж өгсөн. Би автомашины шалавчинд үзсэн боловч тэнд байгаагүй. Миний утас 54 хувийн цэнэгтэй байсан. Яагаад түүнийг санаж байгаа вэ гэхээр “би утсаа цэнэггүй байвал цэнэглэх гээд цэнэгийг нь харахад 54 хувийн цэнэгтэй байсан” юм гэв.
5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би уг гар утсыг ээжээс авахаас өмнө 4-5 хоногийн өмнө миний ээж болох *******г Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүүл толгой гэх газарт байрлах хөдөөний гэртээ аймгийн төвийн гэрээс нь сүү саалийн ажилд туслуулах гээд авч очсон. Тэр хугацаанд миний гар утсыг миний хүүхэд усанд унагаагаад асахгүй болсон. Тэгсэн ээж “дүү Насанжаргалд чинь нэг гар утас худалдаж авсан, тэр гар утсыг авч барих юм уу” гэхээр нь “аймгийн төв орохдоо үзэж байгаад авъя" гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа нэг шөнө Баянхонгор сумын 3-5-15 тоотод байх гэртээ ирээд ээжээс “нөгөө дүүд худалдаж авсан гар утсыг үзье” гэсэн чинь “дүү чинь бариагүй байгаа” гэхээр нь үзсэн. Ээж тэр гар утаснаас өөрийнхөө симийг аваад надад өгсөн. Тэр гар утас өнгөгүй кэйстэй, солонгорсон цэнхэр өнгөтэй байсан. Тэгээд би ээжээс тэр гар утасны үнийг нь асуусан чинь “би наад гар утсыг чинь захаас 550,000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байгаа, надад 550,000 төгрөг өгөөд ав” гэсэн. Тэгэхээр би тэр гар утсыг ээжээс худалдаж авахаар болоод төлбөрийг нь 2024 оны хавар өгөхөөр тохиролцоод аваад хөдөө явсан. Маргааш өглөө нь тухайн гар утсанд өөрийн 88470913 дугаарын симийг хийж ашигласан. Би тухайн гар утсыг ээжээс авахад дотор нь ямар нэгэн зүйл байгаагүй. Хэрэв дотор гийн зураг, хадгалсан дугаар гэх мэт зүйлс байсан бол түүнийг хэн устгасан талаар мэдэхгүй байна. Би анх ээжээс тэр гар утсыг худалдаж авахад “захаас худалдаж авсан” гэж хэлсэн учраас, тэгж итгэсэн, гэх хүний гар утас байсан талаар дараа нь цагдаагаас ярихад мэдсэн. Цагдаагаас над руу ярьдаг өдөр ээж намайг Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Хөх бүрд” гэх газар адуучин тэмцээнд оролцож байхад үл таних нэг мотоциклтой хүнтэй ирээд “наад гар утас чинь хүнийх байсан юм, эзэн нь авъя” гээд байна гэхээр нь өгөөд явуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 36 /,
6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Тухайн үед 07 дугаарын 20-д гарсан байсан. Нэг орой манай эхнэр ******* найз болох *******гийн хамт түүний машинаар аймгийн төвөөс ээжийнд ирсэн. Тэр өдрийн маргааш өглөө нь манайх хонио хяргах гээд би хонио туугаад 2 км орчим зайд байрлах Гүний хаваржааны хороон дээр очсон. Намайг гэрээс гарахад манай эхнэр, *******, манай ээж, манай 2 хүүхэд, манай дүүгийн хүүхэд Даваамөнх овогтой Дүүрэнзаяа, саахалт айлын Доржийн гэдэг хүүхдүүд үлдсэн. Намайг хороон дээр ирсний дараа ******* өөрийн машинаараа ганцаараа, ******* машинаараа 4 хүүхдээ суулгаад ирцгээсэн. Тэгээд хонио хяргачхаад буцаад гэртээ ирснээс хойш 1 цаг орчмын дараа , Алдаржавхлан хоёр аймгийн төв явах гээд гар утсаа авах гэсэн байхгүй байсан. Намайг өглөө гэрээс гарахад гийн гар утас руу аав нь залгаж байсныг санаж байна, тэгэхэд гар утас нь гэрийн баруун талын үүд орчимд унинд хавчуулаастай байсан. Гэртээ ирэхдээ гийн гар утсыг анзаарч хараагүй. Гар утас байхгүй болсныг мэдээд бид хоёр *******гийн машины суудлууд доогуур, шалавч резинүүд доогуур сайн үзсэн, байгаагүй. Бас залгаж үзсэн, холбогдоогүй, сүлжээ байнга барьдаг газар байсан. ******* машиндаа бид хоёртой хамт үзээгүй, гэхдээ хажууд зогсож байсан. Бид нар өөрийн машиндаа бас сайн үзсэн байхгүй байсан. Манайд байсан хүүхдүүд бүгд Айфоне гэх гар утастай байсан болохоор хүүхдүүд гийн гар утсыг авч ашиглахгүй гэж бодож байна. Манай ээж гар утас тоодоггүй. Ийм учраас тэд нар гийн гар утсыг *******гийн машинд оруулж тавих хүн байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 36 /,
7. “Энх нахиа” ХХК-ын 10 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн:... Redmi note-11 маркийн гар утас 470.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2023 оны 08 сарын 29-ний байдлаар 470.000 /Дөрвөн зуун далан мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 45/ болон Баянхонгор аймгийн цагдаагийн газарт 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 12/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20-21/, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 42/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ....Манайх 2023 оны 07 дугаар 10-ны гаргаад нэг өдөр хонио хяргасан юм. Тэр өдөр олон хүн цуглаад би алдсан гэх гар утсаа гэрийнхээ зүүн талынхаа унинд хавчуулаад орхисон. Тэгээд үдээс хойш гэртээ орж гар утсаа харсан чинь байхгүй байсан. Бид нар хонио хяргах гээд хонио туугаад гэрээсээ зайдуу газарт аваачиж хяргасан. Хонь хяргасан газарт манай хадам ээжээс бусад бүх хүмүүс очсон. Гэрт ганцхан хадам ээж /73 настай/ үлдсэн. Хонь хяргаж байх зуур гэрт буцаж ирсэн хүн байхгүй, дууссаны дараа бүгд хамт ирцгээсэн. Тэнд байсан хүмүүсээс ихэнх нь манай хамаатны хүмүүс, хүүхдүүд байсан. Тэнд гадны хүмүүсээс 2 хүн л гадны хүн байсан. Намайг унинд гар утсаа хавчуулсан талаар 2,3 хүүхдүүд, хадам ээжээс бусад хүмүүс мэдээгүй...” гэх,
Мөн хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би хонь хяргаж дуусаж ирээд хоол цай хийж явсаар байгаад утсаа анзаараагүй. Тэгээд утсаа олоогүй. Би өөрийнхөө машинд үзсэн. Би машинд суухдаа унагасан эсэхийг бүх зүйлийг татаж үзсэн. Тэгэхэд ерөөсөө байгаагүй. Тэр үедээ утсаа хайгаагүй. Би *******, ******* бид гурав аймаг руу явсан. Би гэрийнхээ баруун талын унинд хавчуулснаа санаж байгаа. Би гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Д.*******гийн машинд унагасан байна уу гээд Д.*******, н.******* бид гурав үзсэн. Миний гар утсанд зөндөө бичлэг, зураг байсан. Би гар утсаа хүлээн авахад тухайн зураг бичлэг байхгүй байсан. Надад Д.******* утсыг өгөхдөө “машины шалавчинд доор унасан байсан” гэж хэлж өгсөн. Би автомашины шалавчинд үзсэн боловч тэнд байгаагүй. Миний утас 54 хувийн цэнэгтэй байсан. Яагаад түүнийг санаж байгаа вэ гэхээр “би утсаа цэнэггүй байвал цэнэглэх гээд цэнэгийг нь харахад 54 хувийн цэнэгтэй байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд хонио хяргачхаад буцаад гэртээ ирснээс хойш 1 цаг орчмын дараа , Алдаржавхлан хоёр аймгийн төв явах гээд гар утсаа авах гэсэн байхгүй байсан. Намайг өглөө гэрээс гарахад гийн гар утас руу аав нь залгаж байсныг санаж байна, тэгэхэд гар утас нь гэрийн баруун талын үүд орчимд унинд хавчуулаастай байсан. Гэртээ ирэхдээ гийн гар утсыг анзаарч хараагүй. Гар утас байхгүй болсныг мэдээд бид хоёр *******гийн машины суудлууд доогуур, шалавч резинүүд доогуур сайн үзсэн, байгаагүй. Бас залгаж үзсэн, холбогдоогүй, сүлжээ байнга барьдаг газар байсан. ******* машиндаа бид хоёртой хамт үзээгүй, гэхдээ хажууд зогсож байсан. Бид нар өөрийн машиндаа бас сайн үзсэн байхгүй байсан. Манайд байсан хүүхдүүд бүгд Айфоне гэх гар утастай байсан болохоор хүүхдүүд гийн гар утсыг авч ашиглахгүй гэж бодож байна. Манай ээж гар утас тоодоггүй. Ийм учраас тэд нар гийн гар утсыг *******гийн машинд оруулж тавих хүн байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.******* нь 2023 оны 07 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багт байрлах Монгол гэр дотор унинд хавчуулсан *******гийн эзэмшлийн Редми 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь иргэн *******гийн редми-11 гар утсыг гэрийн унинд хавчуулсан байсаныг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж үзэх үндэслэл байгаа бөгөөд шүүгдэгчийн машины суудал доогуур байсан гэх мэдүүлэг буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг авсан гэх нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй, хохирогч *******гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж шүүгдэгч Д.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч ******* нь шүүгдэгч Д.*******гийн авто машин дотор өөрийн гар утсыг бүхий л талаар хайхад гарч ирээгүй гэж мэдүүлж байгааг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж буруутгах нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзэж түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь гар утсаа буцаан авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн учир шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.******* нь хэргийн учир хохирогчид гар утас төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ