| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/02767/И |
| Дугаар | 102/ШШ2021/01265 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/01265
| 2021 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2021/01265 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 хороо, 2 хороолол, 71 байр, 164 тоот хаягтай, рд:ЦЗ74090200, Боржигин овогт Равдандоржийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 5 хороо, 107 байр, 3 давхар хаягтай, рд:5917379,******* ХХК-ийн******* эмнэлэгт холбогдох,
гэм хорын хохирол 22 877 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч С.Давааравдан, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Э.Ганбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хэлэх нэг ч үг хариуцагч талыг гүтгэсэн зүйл байхгүй. Хуулийн өмнө үнэн бодитойгоор хэлнэ. ******* миний бие 2017 оны 09 сард******* эмнэлэгийн эмч*******ад үзүүлж, нүдний хоёр талын чамархай болон дээд зовхины хүнхэр засуулах мэс заслын талаар зөвлөгөө авсан. Өөх шилжүүлэн суулгах мэс засал нь сайн байдаг талаар хэлсэн. Тэрнээс хойш эмчтэйгээ мэс засалд орох өдрөө товлосон. 2017 оны 10 сарын 28-ны өдөр мэс засалд орсон. Зөвлөгөө өгөхдөө өөх шилжүүлэн суулгах мэс засалд хэдэн удаа орох, овон товон болох талаар тайлбарлаагүй. Би 100 хувийн итгэлтэй мэс засалд орсон. Ярилцаж тохиролцоогүй доод зовхи, хацарт өөх шилжүүлэн суулгасан. Өөх шилжүүлэн суулгах газраа зурсан байсан. Би хацар, шанаанд хийхгүй шүү гэж сануулж байсан. Яагаад доод зовхи руу хийсэн юм бэ? гэхэд би доод зовхи руу чинь хийгээгүй ээ, доод зовхи руу хийсэн гэдгээ батлаад ир гэж хэлсэн. Үүнээс болж уг маргаан үүссэн. 06 сараас 01 жилийн дотор өөх шилжүүлэн суулгах мэс засал нь шимэгдэж дуусдаг гэж хэлсний дагуу 1 жил хүлээсэн. 2018 оны 03 сарын 09-ны өдөр******* эмчид хийсэн өөх нь нүүрийг овон товон харагдуулаад байгаа талаар хэлсэн. 2018 оны 11 сарын 15-ны өдөр эмч рүүгээ дахин мессеж бичихдээ хийсэн өөх чинь нүүрийг муухай харагдуулаад байна, би хүнтэй уулзаж чадахгүй, үсээрээ нүүрийнхээ хоёр талыг нууж явж байна гэдгээ хэлсэн. Дараа нь эмч зөвлөөд сорвитой хэсгийг дарах зорилгоор сорвины тариа хийж өгсөн байгаа Сорвины тариа хийгээд үр дүнгүй байсан учир өөх шилжүүлэн суулгах мэс засалд дахин орсон. 2019 оны 04 сард мэс засалд дээд зовхины ясан дээр гарсан овгор өөхийг авч өгөх, чамархай хэсгийн овгорыг тэгшлэх зорилготой орсон боловч******* эмч тохиролцоогүй газарт дур мэдэн өөх хийсэн байсан. Ингэснээр миний нүүр дээр туршилт хийгээд байгаа юм шиг санагдсан. Уг асуудлаар шүүхэд хандах талаар хэлэхэд******* эмч төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж хэлсэн. Нүүрний байдлаас болж сэтгэл санааны дарамттай, ууртай уцаартай, зан төлөвийн хувьд маш их стресстэж, энэ нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлсөн. Бие мах бодиороо маш их хохирсон. Шүүхэд хандахаас өмнө доод зовхинд хийсэн өөхийг, Нандин гоо эмнэлэгийн Пүрэвдагва эмчид мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 08 сарын 23-ны өдөр хацар руу хийсэн өөх нь доошоо унжсан тул арьс өргөж чангалах альтира аппаратад орсон. 2019 оны 04 сард******* эмч дээр давтан хагалгаанд орж, хөмсөгний дээд хэсэгт хийсэн өөх нь овойгоод байсан тул Бюти кьюн клиникт хөмсөгний дээд хэсэгт өөх хайлуулах, тариа хийлгэсэн.******* эмчид миний нүүрийг буцаагаад хэвийн байдалд нь оруулж өг, нүүр овон товонтой муухай харагдаад байна гэхэд чи хөгшин юм чинь гэж хэлсэн. Уг үгэнд нь хэл ам хийлгүүгээд өнгөрөөсөн. Дараа нь чиний энгэрээ дүүрэн медаль зүүсэн хүүхдийг чинь бодоод 800.000 төгрөгийг чинь өгчихье гэж хэлсэн. Эрүүл нүүрээ гоё болгохоор мэс засалд орчихоод, дараа нь миний нүүрийг засагдахааргүй муухай болгосон учир шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага******* эмнэлэгт нүүрэндээ өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэснээс хойш гарсан зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. 2017 оны 10 сарын 28-ны өдөр******* эмнэлэгт өөх шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр төлсөн 800.000 төгрөг, 2015 оны 03 сарын 07-ны өдөр Нандин гоо эмнэлэгт доод зовхины хагалгааны төлбөр 700.000 төгрөг, 2018 оны 08 сарын 23-ны өдрийн Бью Монде арьс өргөх аппаратад орсон 1.000.000 төгрөг, 2019 оны 04 сард Бюти кьюн клиникт өөх хайлуулах тариа 250.000 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны өдөр арьс өргөж чангалах альтира аппаратад орсон 1.000.000 төгрөг, 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл миний цалин 7.800.000 төгрөг цалингийн хэмжээг төрөхөөр өмнөх цалингийн хэмжээгээр бодсон байгаа, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, 2021 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2021 оны 01 сарын 28-ны өдөр Перпект эмнэлэгийн н.Оюу эмчээр дээд зовхины ясан дээр гарсан өөхийг авхуулах мэс заслын төлбөр 1.050.000 төгрөг, шинжилгээний төлбөр 77.000 төгрөг, итгэлт эстимэйт ХХК-аар гаргуулсан үнэлгээний төлбөр 300.000 төгрөг, нийт 22.977.000 төгрөгийг******* эмнэлэгээс гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Арумед ХХК-ийн******* эмнэлгийг төлөөлж Т.Жанболат шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 10 сарын 28-ны өдөр манай эмнэлэгт хагалгаанд орсон. Үзэж байхдаа эрсдлийг тайлбарлаж хэлсэн, тухайн үед бичиж аваад, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би дураараа тариагүй гэдэг нь зургаас харагдана /зураг харуулан тайлбарлав/. Зурж тохиролцсон дагуу мэс засал хийсэн. Би 16 дахь жилдээ уг салбарт ажиллаж байна. Туршилт хийсэн зүйл байхгүй. Сүүлийн үед Солонгос улс руу явж хагалгааны техникийг маш сайн болгосон. Хагалгааг хийхдээ 2013 оны Ерөнхий сайдын 446-р тушаалын 3-р хавсралтад өөх тарихад овон товон болно, харилцан адилгүй шимэгдэнэ гэдгийг бүгдийн тайлбарлаж, бичээд гарын үсэг зуруулсан. Хагалгааг хийхэд овон товон шимэгдсэн. Гэхдээ шимэгдэлтийг Дэлхий дахинд одоохондоо бүрэн шийдээгүй байгаа. Тиймээс 2,3 удаа байнга давтан хийлгэдэг. Мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийхдээ стандарт удирдамжийн дагуу хийгдсэн байна гэж дүгнэсэн байсан. Би уг хагалгааг стандартын дагуу хийсэн ч гэсэн нэхэмжлэгчийн бие махбодын онцлог, цусны судас, арьсны нимгэн, өөхлөг багатай туранхай хүн учраас харилцан адилгүй шимэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 03 сарын 07-ны өдөр Нандин гоо эмнэлэгт доод зовхины хагалгаанд орсон. Би Пүрэвдагва эмчтэй холбогдоод өөх байсан уу, та хэр их өөх авсан бэ гэхэд өөх гэж ялгагдах зүйл байгаагүй, би доод зовхийг нь татаж өгсөн гэж хэлсэн. Бью монде эмнэлэгт бичил долгионоор булчинг чангалаад, нүүрийг өргөх ажилбарыг хийлгэсэн. Энэ нь миний хийсэн мэс засалтай холбоо багатай. 2019 оны 04 сарын 25-ны өдөр давтан мэс засал ямар ч үнэ төлбөргүй хийж өгсөн. Тэрнээс өмнө 2019 оны 04 сарын 10-аар Солонгос улс руу явж, солонгос эмч нартай хуралд суугаад, зургийг нь үзүүлсэн. *******д зориулж нарийхан өөх тарьдаг хошуу авснаа хэлсэн. 2019 оны 04 сарын 25-ны өдөр давтан хагалгаанд орсон. Харамсалтай нь хөхрөлт хаван нь арилаагүй байхад би хайлуулах тариа хийлгэчихлээ гэж хэлсэн. 2019 оны 05 сарын 03-ны өдөр Гоо сайхны Хатан хаан эмнэлэгт хайлуулах тариа хийлгэсэн байсан. Яагаад ингэж байгаа юм бэ? гэхэд би өөрийнхөө нүүрийг өөрөө мэдье гэж хэлсэн. Магадгүй дахиад 1 удаа өөх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж болох байсан. Гэтэл өөх хайлуулах тариа хийлгэсэн байсан. Тус хагалгаа нь 800.000 төгрөгөөс буулгаад 700.000 төгрөгөөр хийж өгсөн. Миний хийсэн зүйлийг үгүйсгээд байсан учир 700.000 төгрөгийг шилжүүлчихье гэсэн мессеж нь надад байгаа. 2019 оны 04 сарын 25-ны өдөр хагалгаанд орсноосоо хойш нэг ч удаа боолтод ороогүй. Би нэг хүрээд ирээ, мөнгийг чинь өгье гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлсэн боловч ирэхгүй гэдгээ хэлсэн. Шүүхэд өгнө гэхээр нь таны эрхийн асуудал юм чинь өг өө гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 жил гаран болж байна. Сүүлд Оюун багш дээр өөх авахуулсан байна. Мөн ТСМ гэдэг нь тарьсан өөхөнд хамаагүй, үрчлээсийг арилгадаг энэ төлбөр нэхэмжлэлдээ орсон байна. Энэ хагалгааны онцлог нь хүний нүүр дээр зүсэлт хийдэггүй, арьсан доор зүүгээр 20 граммын шпризний зүүний нүхээр хийгддэг. Гол нь харилцан адилгүй шимэгддэг. Гоо сайхны хагалгаанд орсон хүнийг ажлаас халдаг эсэхийг мэдэхгүй байна. Сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж тогтоосон мэдэхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч Ариумед ХХК-ийн******* эмнэлэгт холбогдуулан гэм хорын хохирол 22 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* өөрийн нүүрний хонхорхойг дүүргэх зорилгоор хариуцагч Ариумед ХХК-ийн******* эмнэлгээр өөх тариулах мэс засал хийлгэх, ажлын хөлс 700 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2017 оны 10 сарын 28-ны өдрийн хагалгааны хуудас, 2017 оны 09 сарын 21-ны өдрийн Гялс анагаах ухааны төв шинжилгээний баримт, 2017 оны 10 сарын 27-ны өдрийн мэс засал хийлгэх зөвшөөрлийн хуудас, 2017 оны 10 сарын 28-ны өдрийн хагалгааны явцын тэмдэглэл, 2017 оны 19 сарын 28-ны өдрийн өөх тарих мэс заслын урьдчилсан төлөвлөгөө, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 68, 72-75 дугаар тал\
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Тодруулбал талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 10 сарын 28-ны өдрийн зурагт тэмдэглэсэн нүүрний хэсгүүдэд буюу нэхэмжлэгчийн нүүрний дух, чамархай, нүдний дээд доод зовхи, хамар, хамар уруулын нугалаас, хацар хэсгүүдэд хариуцагч өөх тарих мэс засал хийх, нэхэмжлэгч хариу үүрэг буюу ажлын хөлс 700 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байх тул шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.
Гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагч өөх тарих мэс засал хийж гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хүлээжээ.
Гэрээний дагуу хариуцагч 2017 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудсыг үндэслэн, нэхэмжлэгчийн нүүрний зурагт тэмдэглэсэн хэсгүүдэд 35мл хэмжээтэй өөх тарих мэс засал хийсэн, нэхэмжлэгч хөлс 700 000 төгрөг төлсөн байна.
Эдгээр үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн ба хариуцагч дур мэдэн нүүрний хэсгүүдэд өөх шилжүүлэн суулгах ажилбар хийсэн, зөвлөгөө өгөхдөө өөх шилжүүлэн суулгах мэс засалд хэдэн удаа орох, овон товон болох талаар тайлбарлаагүй улмаас сэтгэл санаа, нүүрний гоо сайхан, эд хөрөнгөд нийт 22 877 000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас нэхэмжилж байна... гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч ... үзэж байхдаа эрсдлийг тайлбарлаж хэлсэн, Би дураараа тариагүй гэдэг нь зургаас харагдана. Зурж тохиролцсны дагуу мэс засал хийсэн. Хагалгааг хийхдээ өөх тарихад овон товон болно, харилцан адилгүй шимэгдэнэ гэдгийг бүгдийн тайлбарлаж, бичээд гарын үсэг зуруулсан. Хагалгааг хийхэд овон товон шимэгдсэн, 2,3 удаа байнга давтан хийлгэдэг. Мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийхдээ стандарт удирдамжийн дагуу хийгдсэн байна гэж дүгнэсэн байсан. 2019 оны 04 сарын 25-ны өдөр давтан хагалгаанд орсон. Харамсалтай нь хөхрөлт хаван нь арилаагүй байхад би хайлуулах тариа хийлгэчихлээ гэж хэлсэн. Мэс засал хийснээс хойш 6 сараас 1 жилийн хугацаанд тарьсан өөх нь шимэгдэж үр дүн гардаг болохыг нэхэмжлэгчид тайлбарлаж хэлсэн. Миний хийсэн зүйлийг үгүйсгээд байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага тайлбар үндэслэл дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ...хариуцагч дур мэдэн нүүрний хэсгүүдэд өөх шилжүүлэн суулгах ажилбар хийсэн... гэх тайлбар үндэслэл нь 2017 оны 10 сарын 28-ны өдрийн өөх тарих хэсгүүдийг нүүрэн хэсэгт урьдчилан тэмдэглэсэн гэрэл зураг, ...нүүрэнд тэмдэглэсэн талбайд жигд эвлүүлэн тарив... гэх 2017 оны 10 сарын 28-ны өдрийн хагалгааны явцын тэмдэглэл, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгчийн ... зөвлөгөө өгөхдөө өөх шилжүүлэн суулгах мэс засалд хэдэн удаа орох, овон товон болох талаар тайлбарлаагүй... гэх тайлбар нь ...өөх тарих мэс заслын дараа цус алдах, цус хурах, халдвар үрэвсэл, овон товон болох, тэгш бус болох, хэт шимэгдэх, уйланхай сорви үүсэх зэрэг гарч болох хүндрэл эрсдлийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй, энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан өгч талууд гарын үсэг зурсан Мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, ...хариуцагч мэс засал хийхдээ ЭМС-ын 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 446-р /сүүлд 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/611-р тушаал, засвар орсноор/-ын дагуу мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрөл авч тухайн мэс ажилбартай холбоотой, мэс заслын үед болон хожим гарч болох эрсдэлүүдийг үйлчлүүлэгчдээ урьдчилан танилцуулж, мэс заслыг зөвшөөрлийн хуудаст гарын үсэг авсан байна... гэх 2021 оны 03 сарын 02-ны өдрийн ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн шинжээчдийн дүгнэлт баримтаар тус тус үгүйсгэгдэж байна./хэргийн 60-66, 68, 74, 75, 160-162 дугаар тал/
Нэхэмжлэгч мэс засал хийлгэсний дараа нүүрний хэсгүүдэд овон товон илт мэдэгдэж, нүүрний хэм тэгш бус, дээд доод зовхины эргэн тойрон, 2 талын чамархай, хацар хэсгүүдэд овон товон, гүвдрүүтэж, эмч хийх ёсгүй хэсэгт өөх тарих мэс ажилбар хийснээс нүүрний гоо сайхан алдагдсан гэх шалтгааны улмаас 2018 оны 03 сарын 07-ны өдөр Гялс төвийн Нандин гоо сайхны эмнэлгээр доод зовхины мэс ажилбар, 2018 оны 08 сарын 23-ны өдөр Бью монд скин клиник эмнэлэгт мэсийн бус аргаар булчин чангалж арьс өргөх аппаратны үйлчилгээ хийлгэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө төлсөн баримт, Бью монд скин клиник эмнэлэг, Нандин гоо эмнэлгийн ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 12-13, 102-106 дугаар тал\
Энэхүү мэс ажилбар үйлчилгээний дараа *******тай тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 04 сарын 25-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчийн нүүрний овон товон хэсгүүдэд дахин өөх тарих мэс заслыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хагалгааны явцын тэмдэглэл баримтаар тогтоогдож байна. \хэргийн 60-66, 76 дугаар зүйл\
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг захиалагч шаардах эрхтэй, хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар хариуцагч ажил гүйцэтгэгч доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй. Хуульд заасны дагуу хариуцагч доголдлыг арилгахыг зөвшөөрч өөрийн зардлаар дахин өөх тарих мэс засал хийсэн ба талууд энэ талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч хоёр дахь мэс заслын дараа эмчийн зөвлөгөөгүйгээр мэс заслын эдгэрэлтийг хянах, хагалгааны үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх боломжийг олгохгүйгээр, мэс заслаас хойш 06 сараас 01 жилийн хугацаанд тарьсан өөх нь шимэгдэж дуусдаг мэс заслын үр дүн гардаг болохыг эмнэлгийн зүгээс тайлбарлаж хэлснийг мэдэж байсан атлаа өөрөө дур мэдэн эдгэрэлтийн хугацаанд 2019 оны 05 сарын 3-ны өдөр Гоо сайхны Хатан хаан ХХК эмнэлгээр өөх хайлуулах тариа эмчилгээ хийлгэсэн нь талуудын тайлбар, эмчилгээний төлбөрт 250 000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байна. \хэргийн 14 дүгээр тал\
Нэхэмжлэгчийн өөх хайлуулах тариа эмчилгээ үйлчилгээ хийлгэж буй үйлдэл нь гэрээний хугацаанд ажлын үр дүнг хүлээн авалгүй, гэрээнээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч тал буруутай эсэх нь тогтоогдоогүй, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил буюу өөх тарих мэс засал Өөх сорох, өөх тарих мэс заслын эмнэл зүйн удирдамжийн дагуу зохих ёсоор хийгдсэн болох нь 2021 оны 03 сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид хохирол зардал нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1.2-т зааснаар хариуцагчаас хохирол зардалд 22. 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу нэхэмжилнэ гэснийг шүүх үндэслэлгүй гэж үзсэнийг тайлбарлах нь зүйтэй.
Учир нь гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байхыг шаардах ба үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана. Мөн зөрчил үйлдэгчийн гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр байхыг хуулиар тогтоосон байдаг.
Хуульд заасны дагуу хариуцагчийн хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй харин талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тул гэм хор учруулснаас үүрэг үүссэн үндэслэлээр шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд ковид-19 цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын зөвшөөрлийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 138 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1.2-т зааснаар хариуцагч Арумед ХХК-ийн******* эмнэлэгт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 22 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 982 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Х.ЭНХЗАЯА