| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
2024/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Хохирогчийн өмгөөлөгч: В.У
Хохирогч: П.Ж
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Ад холбогдох эрүүгийн 2412000000012 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............ гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Бийн А/РД:........./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн ........... гэх газар хохирогч П.Жийг цохиж, зодон биед нь зүүн ухархай ясны дотор ханын хугарал, хамар, зүүн доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд нөсөө бүхий бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Б.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Энэ хүн өөрөө намайг хонин дээр байхад ирсэн. Намайг гүтгэж байна...” гэх мэдүүлэг,
*Хохирогч П.Жийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2023 оны 11 сарын 11-ний өдөр би хонио хараад байж байхад ирсэн, дурангаар миний хойноос цохисон. Зодуулаад эмнэлэг явсан. Тархи толгой өвддөг болсон. Одоо чих сонсгол муудсан, зовуурьтай байна. Урьд нь нүд зүгээр байсан, чих бага зэрэг сонсгол муу байсан. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000000012 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч П.Жийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Өлзийт сумын :..... гэх газар ээжийн хамт мал маллаж амьдардаг. Миний төрсөн ах Б нь эхнэр хүүхдийн хамт манайхтай хамт өвөлждөг. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Улаанбаатар хотоос миний төрсөн эгч П.А манай гэрт ирсэн. 16 цагийн үед би гэрээсээ гараад мотоциклоо унаад хониндоо явсан. Хонин дээрээ очоод байж байтал манай нутгийн залуу болох Бийн А мотоциклтой хүрч ирсэн. Би сайн уу ахын дүү гэж хэлтэл Б.А баруун гараараа миний зүүн нүд хэсэгт 1 удаа цохисон, би цохиулаад газар унаад Б.Аийг хартал баруун гартаа хар өнгийн нэг нүдний дуран гартаа барьчихсан байсан. Би газраас бостол Б.А миний зүүн нүд хэсэгт дахин 2 удаа баруун гараараа барьж байсан дурангаараа цохисон. Тэгээд миний дээлнээс заамдаад байж байтал миний төрсөн ах Б машинтай хүрч ирээд та хоёр чинь яаж байгаа яагаад зодолдоод байгаа гэж асуугаад Б ах Б.Ад чи хүүхдийн нүд яаж байгаа юм бэ ? гэтэл Б.А яваад өгсөн. Би мотоциклоо унаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд сумын төв орж эрүүл мэндийн төвийн эмч Амаржаргал эмчид үзүүлсэн. Амаржаргал эмч нүдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Ямар шалтгааны улмаас намайг зодсон талаар сайн мэдэхгүй байн. Б.А намайг цохисны улмаас миний зүүн нүд хавдсан, сайн харахгүй байгаа, толгой өвдөж байна. Хэрэг учрал болохоос өмнө хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би хэрэг учрал болж өнгөрсөн процессыг эхнээс нь дуустал санаж байна. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Төрөл садан найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай нутгийн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/
*Хохирогч П.Жийн дахин өгсөн:
“...Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн зардал болох 2 сая төгрөгөө нэхэмжилж байна. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр чихний хагалгаа, нүдний хараа сайжруулах лазер эмчилгээ хийлгэнэ, үүний зардал хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 79 дүгээр тал/
*Гэрч П.Агийн өгсөн:
“...Би Улаанбаатар хотод нөхөр 2 хүүхдийн хамт ажиллаж амьдардаг хүн байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн гүвэй гэх газар амьдардаг өөрийн төрсөн эх С дээр ирсэн. 16 цагийн үед би өөрийн төрсөн эх Сын гэрт байж байтал гаднаас миний төрсөн дүү Б орж ирээд 2 хүн ойрхон зодолдоод байна та машиныхаа түлхүүрийг өгч бай гэсэн. 10 орчим минутын дараа П.Ж гэрт хүрээд ирсэн. П.Жийг гэрт орж ирэхээр нь хартал П.Жийн зүүн нүд хөхөрсөн хавдчихсан, сандарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуух үед П.Ж намайг хонин дээр байх үед Б.А хүрч ирээд дурангаар миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн. Б.Аийн өвөлжиж байгаа газар манай ээжийн өвөлжиж байгаа газартай их ойрхон байдаг. Ойрхон байсны улмаас малын бэлчээрийн маргаан асуудлууд гардаг гэртээ ойрхон малаа бэлчээхээр малыг нь хөөж туудаг хэрүүл маргаан үүсгэдэг тэрнээс болсон байх. Өр хонзон ар авлагын асуудал байхгүй. Даруу төлөв үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Яллагдагч Б.Аийн өгсөн:
“...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14553 дугаартай“...П.Жийн биед зүүн ухархай ясны дотор ханын хугарал, хамар, зүүн доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх, гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/
*Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 356 дугаартай: “...Нэмэлтээр ирүүлсэн материалаар П.Жийн биед 2 чихний холимог хэлбэрийн сонсгол бууралттай/2-3-р зэрэг/ байна. П.Жийн 2 чихний холимог хэлбэрийн сонсгол бууралтыг /2-3-р зэрэг/ гэмтлийн болон өвчний шалтгаант эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн ........... гэх газар иргэн П.Ж нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн .......... гэх газар хохирогч П.Жтай маргалдан түүний биед халдан зодож биед нь зүүн ухархай ясны дотор ханын хугарал, хамар, зүүн доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд нөсөө бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Аийн”...16 цагийн үед би гэрээсээ гараад мотоциклоо унаад хониндоо явсан. Хонин дээрээ очоод байж байтал манай нутгийн залуу болох Бийн А мотоцикльтой хүрч ирсэн. Би сайн уу ахын дүү гэж хэлтэл Б.А баруун гараараа миний зүүн нүд хэсэгт 1 удаа цохисон, би цохиулаад газар унаад Б.Аийг хартал баруун гартаа хар өнгийн нэг нүдний дуран гартаа барьчихсан байсан. Би газраас бостол Б.А миний зүүн нүд хэсэгт дахин 2 удаа баруун гараараа барьж байсан дурангаараа цохисон. Тэгээд миний дээлнээс заамдаад байж байтал миний төрсөн ах Б машинтай хүрч ирээд та хоёр чинь яаж байгаа яагаад зодолдоод байгаа гэж асуугаад Б ах Б.Ад чи хүүхдийн нүд яаж байгаа юм бэ ? гэтэл Б.А яваад өгсөн. Би мотоциклоо унаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Агийн”...16 цагийн үед би өөрийн төрсөн эх Сын гэрт байж байтал гаднаас миний төрсөн дүү Б орж ирээд 2 хүн ойрхон зодолдоод байна та машиныхаа түлхүүрийг өгч бай гэсэн. 10 орчим минутын дараа П.Ж гэрт хүрээд ирсэн. П.Жийг гэрт орж ирэхээр нь хартал П.Жийн зүүн нүд хөхөрсөн хавдчихсан, сандарсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуух үед П.Ж намайг хонин дээр байх үед Б.А хүрч ирээд дурангаар миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Аийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14553 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.А нь хохирогч П.Жийг зодож түүний зүүн ухархай ясны дотор ханын хугарал, хамар, зүүн доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийн хохирогч П.Жийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Аийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч П.Жийн биед зүүн ухархай ясны дотор ханын хугарал, хамар, зүүн доод зовхи, баруун өвдөгт цус хуралт, зүүн хөхлөг сэртэнд нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч П.Ж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан 3,398,378 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд шинээр 1,572,433 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байна. Иймд шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, учруулсан гэм хор, хохирогчид учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж 3.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Ааас нийт 5,422,433 гаргуулан хохирогч П.Жт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс цаашид гарах зардлыг нэхэмжлэх талаар мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.М.г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 616.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 5,422,433 /таван сая дөрвөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ......... газар оршин суух хаягтай Ц овогт П.гийн Ж/РД:АЕ............/-т олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ааас 616.000/зургаан зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М../Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс/төрийн сангийн 100900020080 тоот данс/-д олгосугай.
7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР