Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 82

 

Х.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00381/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох

“6.584.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Э.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х.С-ээс:

Миний бие Х.С- нь Э.Б-той зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 4.500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Э.Б-оос гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Э.Б-оос үндсэн зээл 4.500.000 төгрөг, түүний хүү 2.084.000 төгрөг бүгд 6.584.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би нэг ч төгрөг аваагүй. Түүнээс 2017 оны 3 дугаар сард 4.000.000 төгрөг зээлэхээр тохиролцоод гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэхээр болж нэлээд хэдэн нотариат орсон боловч зээлэх мөнгийг бэлнээр эсвэл дансаар хийсэн баримт үзүүл гээд гэрээ хийж өгөхгүй байсан. Тэгээд Эрдэнэс плазагийн 2 давхарт байгаа нотариат гэрээ хийж мөнгө өгсөн юм уу гэхэд би аваагүй байна гэсэн чинь Х.С- би одоо гараад өгчихнө гээд түүнд хэлсэн. Надад гараад өгье гэсэн. Тэндээс гараад надад өгсөн нотариатын гэрээний хувийг Х.С- чамд хэрэггүй гэж аваад би ажил руугаа явлаа орлогоо харна тэгээд мөнгө өгнө явж бай гэсэн. Орой асуухад мөнгө бүрдээгүй байна гэж хэлсэн. Маргааш, нөгөөдөр нь мөнгө бүрдээгүй гээд өгөөгүй. За өгөхгүй юм байна гээд орхисон. Тухайн үед надад 4.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй гэж тохирч байсан чинь сая шүүхэд өгснийг үзэхэд 4.500.000 төгрөг, 3,5 хувийн хүүтэй гэж бичсэн байна. Гэрээний хувьд гарын үсэг зураад уншиж амжаагүй байхад чамд хэрэггүй гээд авсан нь ингэх гэж анхнаасаа төлөвлөсөн байна. би тэр үед мөнгөний хэрэг болоод л гуйсан. Тэрийг далимдуулж залилсан байна. Би түүнээс нэг ч төгрөг аваагүй. Тэр худлаа ярьж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би Х.С-ийг Олон улсын худалдааны төв дээр хүмүүст өдрөөр мөнгө зээлдэг гэдгийг мэддэг. Би эхнэрийн хамт Олон улсын худалдааны төвд лангуу ажиллуулж байхдаа мөнгө өдрөөр зээлж буцааж төлдөг байсан. 2017 оны 3 дугаар сард надад мөнгө хэрэг болоод байна 4.000.000 төгрөг зээлээч гээд эхнэрийн хамт уулзахад тэгье мөнгө бүрдэхээр нотариат орж гэрээ хийж өгнө гэсэн. 3-4 хоногийн дараа Х.С- утсаар эхнэр лүү ярьж ярьж иргэний үнэмлэхээ өгчих гэрээ хийнэ гэж хэлэхээр нь би биеэрээ очиж байж хийнэ гэж хэлсэн, би өөрөө хотод явж байсан. Хэд хоногийн дараа над руу утсаар ярьж холбооны нотариат дээр уулзъя гэж хэлсэн. Би очиход нотариат хаалттай байсан. Олон улсын худалдааны төв  дээр байдаг нотариат дээр очиход мөнгө чинь хаана байна гэхэд Х.С- гаргаад өгнө гэхэд нотариатч гэрээ хийхгүй гэсэн. Тэгээд үйлчилгээний төвийн Эрдэнэс плазад байдаг нотариатч орсон. Тэнд гэрээ хийсэн. Нотариатч мөнгө төгрөгөө өгч авсан юм уу гэхэд Х.С- гараад өгнө гэсэн чинь нотариатч гэрээ хийхгүй гэхэд мөнгөө гаргаж харуулсан. Гэрээ хийгээд гарын үсэг зураад дуусаад би унших гэсэн чинь чамд хэрэггүй гээд гэрээгээ авсан. Гараад мөнгөө авах гэсэн чинь энэ байгууллагын мөнгө, чамд орой мөнгө цугларахаар өгнө гэсэн. Би итгээд орой болтол хүлээгээд утсаар ярихад мөнгө байхгүй гээд өгөөгүй. Сүүлд таараад мөнгө өгөхгүй бол гэрээгээ авъя гэхэд утгасан гэж хэлсэн. Тэгээд л тийм юм байлгүй гээд бодоод өнгөрсөн. Тэр зээлийн гэрээнд тусгасан мөнгийг аваагүй учир тэр гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.С- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Х.С- би Э.Б-оос 6.584.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан байгаа бөгөөд, одоо дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Э.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надаас 4.500.000 төгрөг зээлэн, зээлийн гэрээний хугацааг 9 сарын хугацаатай, зээлийн хүүг сарын 3.5 хувийн хүүтэй гэж тохирсон, мөн зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд тусгаж үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг үндсэн зээл болон хүүнээс төлөөгүй, харин ч бүр би мөнгө тоолж хүлээж аваагүй, гараад мөнгө өгнө гээд өгөөгүй мэтээр гүтгэж надаас авсан мөнгөө эргүүлж төлөхгүйгээр санаархаж байгаад гомдолтой байна. Тэр өдөр надад бэлэн 2.500.000 төгрөг байсан ба би данснаасаа 2.000.000 төгрөг аван нийт 4.500.000 төгрөг болгон нотариат дээр гэрээ хийхдээ өгсөн. Тийм ч учраас бидний хийсэн гэрээний 2.2-т зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн болно. Мөн 2.5-д үндсэн зээлээс сар тутамд 500.000 төгрөг зээлийн хүүг сар бүрийн 21-ний дотор төлнө гэж үүрэг хүлээн нотариатаар

баталгаажуулсан билээ. Иймд би Э.Б-оос 1. Үндсэн зээл 4.500.000 төгрөг, 2. Зээлийн гэрээний хүү 4.500.000 Ч 3.5% = 157.500 Ч 9 сар = 1.047.500 төгрөг, 3. Үндсэн зээл болон хүү нийлээд 5.917.500 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ээс хойш 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлөөгүй ч алдангийг хоногийн 0.5 хувиар бодож үзэхэд 180 хоног хэтэрсний 5.220.000 төгрөг болж байгаа боловч төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн алданги тооцож болохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан 5.917.500-ийн 50 хувь 2.958.750 төгрөгийн алданги дээр нь төлөх ёстой үндсэн зээл, 9 сарын хүүг нэмж 8.876.250 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б- би Х.С-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Б- би Х.С-ээс 2017 оны 2 дугаар сард олон улсын худалдааны төвд уулзаж та хүүтэй мөнгө зээлж байгаа юу гэж асуухад Х.С- зээлж байгаа хэд хэрэгтэй вэ гэж асуухад 4.000.000 төгрөг хэрэг болоод гэхэд за би бодож байгаад хэлье гээд 2017 оны 02 дугаар 21-ны өдөр Х.С- рүү залгахад аан за арай гүйцээгүй байна, гэж хэлээд өдөр 12 цагийн үед утасдаад Э.Б-оо иргэний үнэмлэхээ аваад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь би очтол хоёулаа эхлээд нотариат ороодохъё гээд намайг машиндаа суулгаад 2 ч нотариат орсон. Уг 2 нотариат нь бэлэн юм уу дансаар хийсэн баримтаа авчирч ирээд нотариат батална гэж байсан. Ингээд бид 2 Эрдэнэс плазагийн 2 давхарт байрлах нотариат дээр очиход нотариатч залуу Х.С- та Э.Б-д 4.000.000 төгрөгөө өгсөн үү гэхэд аан би одоо аваад ирье гээд гарч яваад 20-иод минутын дараа орж ирсэн. Орж ирэхдээ жижиг ууттай юм барьсан байсан. Ингээд нотариат аан за та мөнгөө аваад ирсэн үү гэтэл тиймээ би аваад ирлээ гэж хэлээд би итгээд гарын үсэг мөнгө хүлээлцсэн дээр гарын үсэг зурсан. Урьд өмнө Х.С-ээс хэд хэдэн удаа мөнгө зээлж авч өдрөөр нь төлдөг байсан болохоор би итгэсэн. Гэтэл нотариатаас гараад би за мөнгөө гэтэл за би орой чамд мөнгөө гүйцээгээд өгье энэ ажлын мөнгө байсан гэж хэлээд бас болоогүй чи мөнгөө авахаараа энэ нотариатын 1 хувийг аваарай гэж хэлээд нотариатын 2 хувийг хоёуланг нь аваад явсан. Би ингээд орой данс руу хийчих байх гээд итгээд байж байгаад бүр 3 хоног байдаггүй. Тэгэхээр нь за Сараа эгчээ гүйцэхгүй байна уу гэж өдөр бүр залгаж лавладаг байсан. Ингэж явсаар нэлээн олон сар өнгөрөөд нэг удаа Х.С-тэй тааралдахад манай эхнэр Сараа эгчээ та өнөөх нотариатаар орсон 2 хувь гэрээгээ яасан бэ устгасан уу гэж асуухад өө аль дээр л устгачихсан ш дээ гэж хариулахад би итгэсэн. Ингээд тэр мөнгө ч аваагүй, мөн нотариатын гэрээгээ устгасан гэсэн болохоор би огт анзаарсангүй. Тэгээд саяхан Х.С-ийн нэхэмжлэлтэй бүр 4.500.000 төгрөг зээлсэн гэсэн нотариатын гэрээтэй шүүх дээр дуудахад бүр гайхаад Х.С-тэй уулзах гэтэл огт зугтаагаад уулзахгүй, залгахаар утсаа ч авахгүй хүнийг ингэж гүтгэж, гүрдэж болмооргүй л баймаар. Би Х.С-ээс мөнгө зээлж аваагүй бөгөөд Х.С- нь зөвхөн нотариатын гэрээгээр ингэж хүнийг гүрдэж гүтгэж байгаад би шат дараалан шалгуулах хүсэлтэй байна. Мөн шүүх хурал дээр Х.С-ийг биеэр ирж нүүрэлдэхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 6.584.000 төгрөгийг нэхэмжилж байгаад явцын дунд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Анх зээлийн гэрээ байгуулахдаа сарын 3,5 хувиар бодож 0,5 хувийн алдангитай байдлаар гэрээ байгуулсан. Надаас авсан мөнгөө одоо эргүүлж төлөхгүй гэж санаа гаргаж байгаад гомдолтой байна. Уг мөнгийг бэлнээр авч өгсөн. 180 хоног хугацаа хэтэрсэн алданги нийт 8.876.250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч уг мөнгийг аваагүй гэж байгаа. Тэгтэл энэ хүнтэй нотариатын газар албан ёсоор гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт гэрчээр Хишигбаатарыг хүртэл асуусан байгаа. Мөнгө хүлээлцсэн болон хүлээж авсан гарын үсэг байгаа. Манай зүгээс илүү мөнгө нэхээгүй

зөвхөн зээлийн гэрээнд дурдсан зүйлүүдийг л нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага 8.876.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х.С-ээс 4 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр болсон. Хоёр нотариат дээр очсон боловч гэрээ хийгээгүй. Тэгээд Эрдэнэс плаза дээр очиж гэрээ хийсэн. Тухайн үед надад мөнгө харуулсан боловч мөнгө өгөөгүй. Мөн нотариатын гэрээг хүртэл өгөөгүй. Намайг зүгээр гарын үсэг зурчих гараад мөнгийг өгье гэж хэлээд гэрээгээ аваад гарсан боловч энэ мөнгө байгууллагын мөнгө учир орой өгнө гээд явсан. Урьд нь Х.С-ээс мөнгө зээлдэг байсан учир итгэсэн болохоор гарын үсэг зурсан. Өнөөдөр би өөрөө хохироод явж байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Э.Б-оос 8.876.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.С-т олгож, гэрээ хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.294 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156.970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 1.324 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Б- давж заалдсан гомдолдоо:

...Ингээд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө Х.С- утасдаж иргэний үнэмлэхээ аваад манай ажил дээр хүрээд ир гэсэн. Х.С-ийн ажил дээр очиход зээлийн гэрээ хийнэ гэсэн. 2 нотариат ороход зээлийн гэрээ хийгээгүй учир нь  данс руу хийсэн баримт эсвэл бэлэн мөнгө авч ирэн хийдэг гэсэн. Х.С- хүлээж байгаарай би ажил руу яваад ирье гэж хэлээд гарч яваад 20-иод минутын дараа ирэхдээ дөрвөлжин жижиг хар ууттай юм барьсаар ирсэн. Нотариатч залуу X.С-ээс та мөнгөө зээлдэгчдээ хүлээлгэн өгөөрэй гэж хэлэхэд би гараад тоолоод өгчихнө гэж хэлсэн. Би итгээд Х.С-тэй зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. X.С- хэлэхдээ би орой чамд мөнгө бүрдүүлээд өгье энэ ажлын мөнгө би нотариат гэрээ хийхгүй гэхээр бэлэн ажлаас аваад ирсэн гэж хэлэхэд итгэсэн. Зээлийн гэрээг 2 хувь хийсэн та надад 1хувийг өгөх үү гэхэд мөнгөө авахаараа  гэрээгээ аваарай гээд надад гэрээ ч өгөөгүй мөнгө ч өгөөгүй явсан. Хэд хоногийн дараа Х.С-тэй тааралдан манай эхнэр өнөөх зээлийн гэрээгээ асуухад тэр 2 хувь гэрээг мөнгө бүрдэхгүй болохоор устгачихсан ш дээ зүгээрээ санаа зоволтгүй гэхээр Х.С-т итгэсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Анхан шатны шүүхээс над руу утасдаж 6.584.000 төгрөгийн Х.С-ийн нэхэмжлэл ирсэн та ирж авна уу гэж ярьсан. Би бүр гайхаад Х.С-тэй уулзъя гэж удаа дараа тааралдахад зугтаагаад уулзахгүй байсан. Х.С-ээс ганц төгрөг аваагүй бөгөөд тухайн үед мөнгөний хэрэг гараад гуйсныг минь далимдуулан намайг залилж надаас бөөн мөнгө нэхэмжилж байгаад би их гомдолтой байна. Х.С- нь анхнаасаа төлөвлөгөөтэй намайг залилсан байхад анхан шатны шүүх дан ганц зээлийн гэрээн дээр тулгуурлаж шийдвэр гаргаж нэг талын эрх ашгийг зөрчиж байна. Х.С- нь зээлийн гэрээг жил гарам хадгалж байгаад гаргасан ба анх шүүхэд 6.584.000 төгрөг нэхэмжилсэн байсан одоо бүр амныхаа зоргоор 8.876.250 төгрөгийг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх тооцоолол буруу хийсэн гэж би бодож байна. ...8.876.250 биш 6.302.144 байсныг буруу бодож тооцоолсон байна. Жил гаран хугацаа өнгөрч надад баримт нотолгоо байхгүй болсон үед энэ гэрээгээр залилж намайг гүтгэж надаас их хэмжээний мөнгө нэхэж байна. Ганц зээлийн гэрээгээр залилан хийж байгаа иймэрхүү хүнийг өөхшүүлж би ганц ч төргөг аваагүй байхад миний эрх ашгийг дэндүү ихээр зөрчиж байгаад би гомдолтой байна. Мөн би анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа:

1. Х.С-ийн дансны хуулгыг гаргуулах / Х.С- тухайн өдөр данснаасаа 2.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байсан /

2. Х.С-ийн утасны биллийг гаргуулах / Х.С- надад үнэхээр 4.500.000 төгрөг зээлсэн бол жил гаран утасдахгүй байхгүй өдөр бүр залгах байсан.

3. Шүүх хуралд Х.С-ийг оролцуулах / Мөнгө зээлсэн бол шүүх хурал дээр нүүрэлдэх /

4. Замын камер шүүх / Эрдэнэс плазагаас хэн ууттай зүйл авч явааг тодруулах /

Энэ бүхнийг шат дараалан шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч үзээгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулах өргөдөл гаргаж цагдаагийн байгууллага хуулийн хугацаа нь дууссан байна гэсэн хариу өгөөд би бүр хаана хандахаа мэдэхээ байсан. Иймд би ганц төгрөг аваагүй байж X.С-т итгэснээс болж энэ хүнд залилуулаад, их өрөнд унаж байгаад гомдолтой тул үнэн мөнийг ялгаж өгч дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Х.С- нь хариуцагч Э.Б-оос зээл, зээлийн хүү болон алдангид нийт 8.876.250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн зээлийн гэрээ болон уг гэрээний дагуу мөнгө хүлээлцсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан болон уг гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлснийг нотлох баримт гэж дүгнэжээ.

            Хариуцагч Э.Б- нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээлцсэн баримтуудад  гарын үсэг зурсан үйл баримтыг үгүйсгээгүй хэдий ч тухайн үедээ болон дараа нь мөнгийг бэлнээр тоолж аваагүй гэж маргасан байна.

            Түүний дээрх татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний хүсэлтээр гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримтыг гэрчилсэн нотариатчийг гэрчээр асуухад “ ...Би тухайн үед мөнгө тоолоогүй, миний ажлын байранд мөнгө хүлээлцэж байгаа бол гэрээний хавсралтаар мөнгө хүлээлцсэн баримт үйлддэг. ...талууд бие биедээ мөнгө хүлээлцэж байгаа бол би тоолдоггүй, өөрсдөөр  нь тоолуулдаг. Гэрээний хавсралтаар баримт үйлдсэн учраас мөнгө хүлээлцсэн байх. Тухайн үед юу гэж ярьж байсныг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг өгснийг талууд гэрээ байгуулахдаа нотариатын дэргэд мөнгө тоолж хүлээлцсэн эсэх талаар эх сурвалжаа зааж тодорхойлж байгаа баримт хэмээн  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлох үүргийн дагуу шүүхэд ирүүлсэн гэрээ болон бичгийн баримт нь хэргийн болсон үйл баримттай нийцэхгүй байгаа талаарх  хариуцагчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Хариуцагчийн татгалзлаа нотлуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрч асуулгах хүсэлтийг шүүх хангаж, дансны хуулга  гаргуулах, ломбардын бичлэгтэй камерыг шалгуулах хүсэлтийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хэргийн оролцогч шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийг бүрдүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа тохиолдолд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүх хүсэлтийн агуулга, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байна.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо зээлийн тооцооллыг буруу гэж маргасан боловч зээлийн хүү болон алдангийг гэрээнд заасан нөхцөлөөр нэхэмжилсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.970 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 
 

                      

                     
                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                        С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ