Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

                                                                                                         

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Цогтоо нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Дашдоржийн Цогтоод холбогдох 201714000088 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол овгийн Дашдоржийн Цогтоо, Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-56 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ФА61081931/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Цогтоо нь 2016 оны 12 сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн 35-53 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1977 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62,*39R мм-ийн калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 149 дугаартай кримналистикийн шинжээчийн дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн сум нь буудлага үйлдэх боломжтой. Шинжлэгдэж буй сум 1977 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62*39R мм-ийн калибрьтай буунд зориулагдсан сум байна. Шинжилгээнд ирүүлсэн суманд гар аргаар хийсэн шинж тэмдэг илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/

 

2. Шинжээч Ч.Ганзоригийн “Шинжээч томилсон тогтоолын хамт ирсэн сум нь буудлага үйлдэх боломжтой байсан. Шинжлэгдсэн сум 1977 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62*39 мм калибрьтай сум байна. Шинжилгээ хийхдээ үйлдвэрлэгдсэн зориулалт болон шинжилгээний явцад илэрсэн шинж тэмдгүүдэд үндэслэж байлдааны сум байна гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл байлдааны сум болон ангийн сум нь үйлдвэрлэгдэхдээ өөр өөр хошууны бүтэцтэй байдаг. Байлдааны сум нь ган зүрхэвчтэй байдаг бол ан агнуурын зориулалттай сум нь тугалган бүтэцтэй байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

 

3. Гэрч Г.Батгэрэлийн “Галт зэвсэг гэдэг ойлголтыг 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Галт зэвсгийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д галт зэвсэг гэж дарьны шатлалын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргаснаар сумны хошуу нь хүний амь бие эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах, бусад зүйлийг хөнөөх чадвар бүхий хэрэгслийг хэлнэ гэсэн нэр томъёотой байдаг. Мөн галт зэвсгийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т байлдааны зориулалттай галт зэвсэг гэж зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг хэлнэ гэсэн байдаг. Иймд 7,62*39 мм-ийн калибртай бууны сум нь галт зэвсэг юм. Байлдааны сумны хошуу нь ган зүрхэвчтэй мөн хонгионы доор бүлгийн дугаартай байдаг нь бусад сумнаас ялгагдах нэг онцлогтой байдаг. Харин галт хэрэглэл гэдэг ойлголт бол Зэвсэгт хүчний жанжин штабын 2011 онд гаргасан цэргийн зэвсэглэлийн албаны гарын авлагад Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2009 оны 06 сарын 15-ны өдрийн №403 тоот тушаалаар батлагдсан зааварт галт хэрэглэл гэж буудлагын зэвсгийн сум, пиротехникийн хэрэгсэл, динамик хамгаалалтын хэрэгслийг ойлгоно гэсэн байдаг. Галт хэрэгсэл нь нэг удаа ашиглагддаг, цөлийг устгах, устгах нөхцлийг бүрдүүлэх, дайсны үйл ажиллагааг тасалдуулах, саад учруулах, сургууль байлдааны буудлага үйлдэх зориулалттай, тэслэх цэнэг шидэх, хөөх цэнэг болон пиротехникийн элемент эдгээрийг хослуулсан цэнэг бүхий цэргийн техникийн хэрэгсэл юм. Цагдаагийн байгууллагад хураагдсан сумыг харлаа эдгээр нь Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэрт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй мөн бүлгийн дугаартай байлдааны сум байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21-р хуудас/

 

4. Яллагдагч Д.Цогтоогийн “Манай ах Оюунгэрэл Булган аймгийн Хангал сумын Сэвсүүл гэдэг нэртэй газар өвөлждөг юм. Миний ганц нэг мал ахынд байдаг юм. Тухайн үед ах маань миний гар утас руу залгаад хоёр бярууг чинь чоно идсэн шүү сэгийг нь ирж үзээрэй гэж хэлж байсан. Тэгээд хоёр бярууныхаа сэгийг харахын хажуугаар буугаа аваад хотонд нь бууны чимээ өгье гэж бодсон юм. Тэгээд хөдөө очоод чоно идсэн гэх газар нь очоод хоёр удаа бууны чимээ өгсөн юм. Миний буу Вепрь 7,62*36 маркийн ангийн зориулалттай буу байгаа юм. Би тухайн буугаа 2009 онд Улаанбаатар хотын “Их ав” гэдэг нэртэй зэвсгийн дэлгүүрээс 1 400 000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би яг үнэнийг хэлэхэд ямар сум зориулагдсан гэдгийг мэдэхгүй байна. Би Нарантуул захаас Вепрь бууны сум авъя гэхээр уг сумнуудыг өгдөг юм. Би цагдаагийн байгууллагад хураалгасан сумнуудыг Нарантуул захаас 2016 оны 01 сард худалдаж авсан юм. Би уг сумнуудыг миний бууны сум гэж ойлгодог. Би уг буугаа аваад бүртгүүлээд шалгуулахад хураалгасан сумны ижил сумаар буудаж болохгүй шүү гэж надад хэн ч хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/ шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цогтоо мэдүүлэхдээ “2009 онд анх би буугаа аваад цагдаагийн газарт бүртгүүлэхэд 3 сум авч ир гэсэн. Энэ хураалгасан сумтай ижил сум авч очиход энэ сумаар буудаж болохгүй гэж хэлээгүй. Хүн болгон хэрэглэдэг учир хориглосон гэж бодоогүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Цогтоо нь 1977 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн 7,62*39R мм-ийн калибртай 11 ширхэг сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна гэж үзлээ. Шинжээчийн дүгнэлт мэдүүлгээр дээрхи сумнууд нь байлдааны галт хэрэгсэлд хамаарч байх тул шүүгдэгч    Д.Цогтоог байлдааны галт хэрэгсэл хууль бусаар авч явсан, хадгалсан гэж үзэх үндэстэй, Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Д.Цогтоод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн 201714000088 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 ширхэг байлдааны сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

       1.Шүүгдэгч Монгол овгийн Дашдоржийн Цогтоог байлдааны галт хэрэгсэл хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтоог 3 /гурав/ сар, 1/нэг/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтоод оногдуулсан 3 /гурав/ сар, 1/нэг/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

         

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 11 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Ц.АЛТАНГАДАС