Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0473/З |
Дугаар | 128/ШШ2022/0533 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0533
2022 06 29 0533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Г************ ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О********
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*********** , Д.Э**********
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******-гийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О********, хариуцагч Л.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Г************** ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******-гийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 000дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргаж байна.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А****** 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т********** гээс ирүүлсэн гомдлын дагуу Г************** ХХК-ийн “G” нэртэй дуудлагын хими цэвэрлэгээний газар нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Т**********- гийн 1,298,000 төгрөгийн үнэ бүхий өдөн куртикийг дуудлагаар авч явж хими цэвэрлэгээний газарт хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотор энгэрт байрлах, цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах болон хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3. Хариуцагч Л.А****** нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гомдол гаргагч Г************** ХХК 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан байна.
4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 000тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
1/ Анх улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, манай талаас үйлчилгээний стандарт зөрчсөн эсэх тухай асуудлаар энэ зөрчлийн хүрээнд тайлбар мэдүүлгээ гаргаж байсан гэтэл анх шалгаж байснаас өөр зүйл заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчихөд хүргэсэн гэж,
2/ Г************** ХХК нь хууль тогтоомж, стандарт, хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж,
3/ Г************** ХХК-ийг үүргээ хэрхэн зөрчсөн болохыг улсын байцаагч тогтоогоогүй гэжээ.
5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэглэгч Б.Т**********-ээс нийт 9 ширхэг хувцсыг цэвэрлэх захиалгыг хүлээн авсан. Манай компани үнэ төлбөргүйгээр гэрээс нь очиж авах, гэрт нь хүргэж өгөх гэсэн үйлчилгээг үзүүлдэг. Энэ үйлчилгээний дагуу жолооч хувцас, хөнжил нийлсэн 9 ширхэг эд зүйлийг хүлээж авч, үйлдвэр дээр авч ирж үйлдвэрийн угаагч туслах менежерт өгсөн. Туслах менежер нь хувцас хэрэгслийг шалгаж, нэг бүрчлэн баримт үйлдэж хүлээж аваад баримтын нэг хувийг жолоочид өгч хэрэглэгчид сүүлд нь хүргэж өг гэдэг.
Манай хими цэвэрлэгээний газрын туслах менежер 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 50 минутад хяналтын камерын бичлэг дээр хувцсыг шалгаж хүлээж авч байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд энэ талаарх баримт буюу бичлэг нь хавтаст хэрэгт авагдсан. Куртик нь хиртэлт ихтэй байсан бөгөөд куртикний заавар дээр нь “куртикийг усан угаалгаар угааж болно эсвэл хими цэвэрлэгээгээр маш болгоомжтой цэвэрлэх” гэсэн байсан учир өдөн куртикийг угаадаг стандарт угаалгаар нь буюу 30 градусын температуртай усаар усан угаалгаар угаасан. Зориулалтын үйлдвэрийн машинд энгийн угаалгын нунтаг ашиглаж угаасан. Ингээд хатаагчид зааврын дагуу зөөлөн аргаар хатаасан. Цэвэрлэгээний дараах цэвэрлэгээ буюу бутарсан өдийг цэвэрлэх гэх мэт цэвэрлэгээг хийж ууталсан.
Хэрэглэгчид хүргэж өгөхөд “өд нь бөөгнөрсөн байна, бага зэрэг чийгтэй байна” гэдэг гомдол гаргасан учир гэрээс нь жолооч очин авч, төв үйлдвэр дээр авч ирсэн. Гомдол гаргасан хүний хувцсыг жолооч газар дээр нь яаж цэвэрлэхийг мэдэхгүй, манай ажилтан өөрсдөө үзэж мэддэг учир заавал үйлдвэр дээр авч ирэх хэрэгтэй байдаг. Ингээд үйлдвэр дээр авч ирж байж цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон. Өдийг хөвсийлгөхийн тулд хүйтэн агаараар эргүүлсэн. Куртик бүрэн хатсан байсан учир халааж хатаах ямар ч шаардлага байхгүй байсан. Гаргаж ирээд өдийг гаднаас нь гараар тараах, жигд болгох ажиллагаа хийж, гадна наалдсан тоосонцор, бутарсан өдрийг цэвэрлэж уутлаад явуулсан. Өд бөөгнөрсөн гэдэг гомдлын дагуу уг ажиллагааг хийсэн. Хэрэглэгч куртикээ хүлээж аваад туслах менежертэй утсаар ярихдаа “өд нь сайхан тарсан байна, харин та нар куртикийг задлаад буцаагаад оёсон байна, энэ талаар гомдолтой байна” гэсэн гомдол гаргасан. Туслах менежер тэр даруй бүх бичлэгээ үзэж шалгаад “технологийн дагуу ажилласан байна, куртикийг задлаагүй, буцааж оёогүй, өд тараах ажиллагаа хийсэн” гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гаргасан.
Гомдлын дагуу улсын байцаагч Ханбүргэдээ их дэлгүүр дээр очиж хийсэн шалгалтаар тухайн куртикний ханцуйн дээрх оёдол нь манайх задалж оёсон хэрэг биш бөгөөд бүх битүү оёдолтой куртикнуудыг ханцуйны дотор талаас нь нэг талаас нь эсрэгээр оёдог гэдэг нь үзлэгийн явцад тогтоогдсон. Мөн үүнийг Ханбүргэдээ дэлгүүрийн менежер улсын байцаагчид мэдүүлэг тайлбар өгөхдөө өгсөн нь хэрэгт авагдсан байдаг. Тус угаалгын газар нь уг куртикийг стандартын дагуу угааж цэвэрлэсэн цэвэрлэгээний явцад өдөн хүрэмтэй харьцсан бүх бичлэгийг тасалдалгүйгээр бүрэн байдлаар улсын байцаагчид гаргаж өгсөн. Угааж цэвэрлэх явц, цахилгаан зэрэг бүх хэрэгсэл ижил байдаг учир угаалга цэвэрлэгээний явцад логоны өнгө хувирах боломжгүй. Куртикийг 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдаж аваад цэвэрлэгээнд өгсөн байдаг. Нэг бүтэн улирал өмссөн хувцас ханцуйн дээр байдаг лого илэгдэж өнгө нь бүдгэрсэн байх магадлалтай бөгөөд үүнийг цэвэрлэгээний явцад гарсан алдаа гэж үздэггүй. Иймд эхнээсээ хувцасны элэгдэл гэмтэлд хамаарахгүй гэж үзсэн учир тэмдэглэж аваагүй. Манай ажилтан куртикийг цэвэрлэж дуусаад гар ажиллагаа хийх үед куртикийг 2-3 ажилтан шат дараан шалгаж, өдийг цэвэрлэдэг. Энэ үед логоны ойр орчим ямар нэгэн цоорхой байгаагүй. Харин бидний үзэж байгаагаар үйлчлэгч дотор оёдлыг задалсан гэж хардаж, шалгаж үзэж байхдаа цоолсон байж магадгүй гэж үзэж байгаа. Бид ямар нэгэн байдлаар куртик эргүүлэх дотрыг нь гаргах ажиллагаа хийгээгүй. Гомдлын дагуу хоёр дахь удаагаа эргэж ирэхэд нь тухайн хувцсанд хуурай, нойтон хими цэвэрлэгээ хийгээгүй, хүйтэн агаараар эргүүлэх, өд тараах ажиллагаа хийгдсэн нь бичлэгт тодорхой харагдаж байгаа. Технологи зөрчөөгүй, хувцасны төмөр эдлэлүүдийн өнгө өөрчлөгдөөгүй байгаа учир логоны өнгө өөрчлөгдсөн нь цэвэрлэгээний технологиос үүдэн цэвэрлэгээний явцад өөрчлөгдсөн байх магадлалтай. Нэхэмжлэгч компани нь үүрэг, стандартыг хэрхэн зөрчсөнийг улсын байцаагч хяналт шалгалтын явцад тогтоогоогүй гэж үзэж байна.
Мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж ярьдаг боловч шинжээчийн дүгнэлтэд “логоны өнгө өөрчлөгдсөн, ханцуй задалж оёсон гэх мэт үйл ажиллагаа тогтоогдох боломжгүй байна” гэсэн байдаг. Манай компани зааврын дагуу цэвэрлэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримт болон хувцасны арын заавраас харагдана. Улсын байцаагчийн шийдвэрийг алдаатай гэж үзэж байгаа үндэслэл Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Зөвхөн энэ зүйлийнхээ дагуу шалгаж явж байгаад акт үйлэхдээ 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу огт өөр зүйлээр хариуцлага ногдуулах акт үйлдсэн. Зөрчлийн ажиллагааны явцад ямар зөрчилд холбогдож байгаа гэдгээ мэдэх хэргийн оролцогчийн эрх байдаг. Захиргааны хуульд заасан сонсох ажиллагаанд улсын байцаагчийн акт хамаарна гэж үзэж байна. Сонсох ажиллагааны явцад захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний акт зүйл заалтыг мэдэх эрхтэй. Үүнийг мэдэж байж түүнд зориулсан тайлбар гаргах эрх нь байх ёстой бөгөөд энэ эрхийг зөрчиж зүйлчлэлийг өөрчилж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
6. Хариуцагч Л.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэн Б.Т**********-ээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Г************** ХХК-ийн Г хими цэвэрлэгээний газартай холбоотой “өдөр куртик дуудлагаар өгч цэвэрлүүлсэн боловч өд нь бөөгнөрсөн байсан. Дахин цэвэрлүүлэхэд логоны хэсэг урагдсан, цаашид өмсөхөд нэмж урагдах магадлалтай, өд нь зулгарч байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн. Уг гомдолтой танилцаад дараах зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн бичлэг болон Facebook хуудаст нь үзлэг хийсэн бөгөөд зураг, тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн Гхими цэвэрлэгээний газар очиж газар дээр нь ажил байдалтай нь танилцаж баталгаажуулсан. Хохирогчоос зөрчил гарсан нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авсан. Холбогдогч Г************** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс зөрчил гарсан нөхцөл байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээллийг тодруулах зорилгоор мэдүүлэг авсан. Г************** ХХК-ийн Гхими цэвэрлэгээний газар тухайн үед ажиллаж байсан ахлах ажилтан, захиалгын менежер нараас гэрчийн мэдүүлэг авсан. Зүүн талын ханцуйны дотор талд задалж оёсон байна гэх асуудлын тухайд Ханбүргэдээ их дэлгүүр дээр очиж ижил төрийн куртик дээр нь харьцуулалт хийхэд куртикний дотор тал нь оёотой байсан. Г************** ХХК нь химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамнуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахаар Байгаль орчин, аялал, жуулчлалын яам руу бичиг илгээж хариу авахад тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд куртикийг хүргүүлж шинжилгээ хийлгэхэд “ханзалсан эсэх, логоны өнгө хувирсан гэдгийг тогтоох боломжгүй, харин түлэгдсэн, цоорсон хэсгийг шинжлүүлэхэд дулааны эрчим үйлчлэлээр өнгөц түлэгдэлт үүссэн байна, үүссэн цооролт нь хатуу ирмэгтэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлтийг гаргасан. Энэ бүх ажиллагааг хийсний үндсэн дээр өдөн куртикийг хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог, гэмтэлтэй эсэхийг шалгаж авахгүй, ангилаагүй, цэвэрлэгээнд оруулахдаа логоны дотор талд байгаа цэвэрлэгээний зааврыг үзээгүй, уг зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, логоны төмөр нь цахилгаантай хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсэхээс сэргийлж тусгай даавуугаар хамгаалах ёстой байсан. Эдгээр үндэслэлүүдээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгосон” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г************** ХХК-ийн охин компани болох Гкомпани нь үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн болохыг улсын байцаагч тогтоосон. Энэ нь оролцогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Г************** ХХК-иас ирүүлсэн бичлэг, нэхэмжлэгч байгууллагын дотоод журам зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь тухайн хувцсыг хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог, гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй. Ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотоод талд байрлах ангилан ялгах, цэвэрлэгээний заавартай танилцаагүй. Зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах болон хатаах явцад логоны өнгө хувирч, логоны төмөр нь хавирч хувцас эдлэлд гэмтэл үүсгэхээс хамгаалж цахилгаан, товч, логоог хамгаалалтын бүрхүүлээр хамгаалаагүй. Хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлэг, дүрс бичлэгээр тогтоогдсон. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “үйлдвэрлэгч худалдагч, гүйцэтгэгч, хэрэглэгчээс бараа ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. Г************** ХХК-ийн угаалгын газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн дотоод журмын 7.2-ыг зөрчсөн юм. Угаалгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс үйлчилж эхэлсэн Хохирол барагдуулах хариуцлага тооцох журмын 2.7, 3.2, 5.4, 4.8 заалтуудад өөрсдийнхөө дотоод журмыг зөрчсөн үйлдлүүд нь тогтоогдсон. Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Анх Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Т**********гээс “...Г************** ХХК-ийн хими цэвэрлэгээний газарт өдөн куртик дуудлагаар өгч цэвэрлүүлсэн боловч өд нь бөөгнөрсөн байсан, дахин цэвэрлүүлэхэд логоны хэсэгт урсан цаашид өмсөхөд нэмж урагдах магадлалтай, түлсэн, оёог нь задлаад буцааж оёсон, өд нь цувж гарч байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдлыг ирүүлж, үүний дагуу хариуцагч улсын байцаагч Л.А****** Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, иргэн Б.Т**********гийн гомдол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Зөрчлийн хэргээс үзвэл хариуцагч улсын байцаагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Г************** ХХК-ийн “G” гэх хими цэвэрлэгээний газар нь хими цэвэрлэгээнд хэрэглэж байгаа химийн бодист шинжилгээ хийлгэж зөвшөөрөл авсан эсэх, “Ханбүргэдэй” барааны их дэлгүүрийн худалдан борлуулж буй “D” брэндийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, шүүхийн шинжилгээний үндэсний төвд хандаж тухайн куртикний зүүн ханцуйны дотор талын оёдлыг ханзалж, буцааж оёсон эсэх, хими цэвэрлэгээний явцад логоны өнгө хувирсан эсэх, логоны орчим урагдсан, түлэгдсэн, мөн өд нь цувсан эсэхэд шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.
4. Улсын байцаагч Г************** ХХК-ийн “G” хими цэвэрлэгээний газар нь тухайн өдөн куртикийг хүлээн авахдаа эдэлгээний байдал, согог гэмтэл, толботой эсэхийг шалгаж аваагүй, ангилан ялгах, цэвэрлэгээнд оруулахдаа куртикний дотор энгэрт байрлах цэвэрлэгээний заавартай танилцаагүй, зааврыг дагаж мөрдсөн эсэх нь тодорхойгүй, угаах хатаах явцад логоны өнгө өөрчлөгдөх, логоны төмөр нь барбантай хавирч хувцас эдлэл гэмтэл үүсгэхээс сэргийлж цахилгааны товч, логог хамгаалалтын бүрхэвчээр бүрж хамгаалах арга хэмжээ аваагүй, хуурай хими цэвэрлэгээгээр бус усан угаалгаар угаасан болохыг “G” хими цэвэрлэгээний газрын бичлэг болон фэйсбүүк хуудсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгүүд, хими цэвэрлэгээний тасалбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1098 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар “хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн” нь зөрчил шалгах ажиллагаа явуулах үндэслэл болох тул эрх бүхий албан тушаалтны нотлох баримт, цуглуулан зөрчил үйлдэгдсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу явагдсан байна.
6. Иймд дээрх үндэслэлүүдээр Г************** ХХК-ийн “G” хими цэвэрлэгээний газрыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 000тоот шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 6.1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г************** ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******д холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А******гийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 000дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ