Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

2024      05       07                                         2024/ШЦТ/128

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Ундармаа /томилолтоор/

Шүүгдэгч Э.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хөгдүүд овогт Энхбатын Энхбаярт холбогдох эрүүгийн 2421000000145 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Баянуул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Авто оператор мэргэжилтэй, “Хан Тамсаг” ХХК-д уул уурхайн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Онон махны захын түрээсийн байрны №8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Улаалзай хөгдүүд овогт Энхбатын Энхбаяр РД:......

Шүүгдэгч Энхбатын Энхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 сарын 31-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд  тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр зах дээр иргэн Ш.Батболдтой маргалдан улмаар заамдан авч өмсөж явсан куртикний захаар нь хоолойг нь боосны улмаас хохирогч Ш.Батболд нь дагзаараа савж унан Ш.Батболдын биед тархи доргилт, дагзанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Энхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Энхбатын Энхбаяр нь согтуурсан үедээ буюу 2024 оны 03 сарын 31-ний өглөөний 09 цагийн орчимд  тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр зах дээр хохирогч Ш.Батболдтой маргалдан улмаар заамдан авч өмсөж явсан куртикний захаар нь хоолойг нь боосны улмаас хохирогч Ш.Батболд нь дагзаараа савж унан түүний биед “тархи доргилт, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Энхбаярын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ш.Батболдын “...Би 6 дугаар баг 24-р байрны зүүн талд архи ууцгаагаад сууж байсан зүс таних хүмүүс дээр очоод ууж байсан архинаас нь ойролцоогоор 50 грамм архи уучхаад Шүр зах руу чиглээд явж байхад Шүр захын баруун талын улаан өнгийн контейнерын урд талд 3-4 хүмүүс архи уугаад сууцгааж байсан. Ингээд би ууж байсан архинаас нь 2 хундага уугаад гадуур хоол зөөгөөд зараад явдаг Ганбаа /М.Ганбат/ гэх залуутай маргалдсан. Юунаас болж маргалдсан эсэх талаар огт санахгүй байна. Бусад хүмүүсийг нь танихгүй тэгтэл хамт архи ууж байсан махлаг эрээн өнгийн яактай, дотуураа цэнхэр цамцтай, мөнгөн гинжтэй 30 гаран насны залуу Ганбааг өмөөрөөд надад "яасан овоо нөхөр вэ?" гээд надтай заамдалцаад намайг куртканы захаар боогоод би тухайн үед толгой эргээд манарахад тухайн залуу боосон чигтээ тавихад нь би хойш газар дагзаараа саваад унасан. Ингээд тухайн үед би газар хэвтээд босож чадахгүй 2 гар бадайраад хэсэг болж байгаад боссон... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед намайг боож унагаасан гэх залууг цагдаагийн байгууллага түргэн шуурхай эрэн сурвалжилж олж өгч надтай уулзуулсан. Би нөгөө залуугаас эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 200.000 төгрөг гаргуулан эмнэлэгт тушаасан. Надад Энхбаяр гэх залуутай харилцан тохиролцож асуудлаа шийдсэн учир гомдол санал гээд байх юм байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 23-24, 26-27 талууд/

Гэрч Ш.Оюунчимэгийн “...Манай дүү Батболд нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний 10 цагийн орчимд манай гэрт хүнтэй муудсан гэж хэлээд орж ирэхдээ нүүр амнаас нь цус гарсан зүйл байгаагүй. Зөвхөн толгойн дагз хэсэг нь овойсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/

Гэрч Н.Батнасангийн “...Шүр захын баруун талын хүнсний дэлгүүрийн эзний дүү болох Батболд халамцуу ирээд нэг мэдсэн чинь бууз Ганбаатай маргалдаад контейнер руу түлхээд унагаасан. Тэгтэл хамт архи авч өгөөд ууж байсан махлаг мөнгөн гинжтэй залуу бууз Ганбааг өмөөрөөд Батболдыг "Чи зүгээр байгаа хүнийг яаж байнаа" гээд хоорондоо барьцалдаад авсан бөгөөд удалгүй Батболд газарт унаад өгсөн. Ингээд бид хэд Батболдыг орхиод хойшоо чиглээд Скай нэртэй хүнсний дэлгүүр ороод архи авч ууцгаагаад би тэр хэдээс салаад Шүр зах дээр очиж мөн архи уугаад орой гэртээ харьж амарсан” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 тал/

            Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 187 тоот дүгнэлтэд: “...Ш.Батболдын биед тархи доргилт, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Э.Энхбаярын үйлдлийн улмаас хохирогч Ш.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Э.Энхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Энхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

 Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Энхбаярыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.Энхбаяр нь хохирогчид 200,000 төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Энхбатын Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ..... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ