| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******5 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 25-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны урд талын засмал замаар Hyundai Starex маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны урд талын засмал замаар Hyundai Starex маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00 цагаас 06 цаг хүртэл олон нийтийн цагдаа хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Хэрлэн сум 10 дугаар баг Петровис бензин колонкийн замд хяналт шалгалт хийгээд зогсож байсан. Энэ үед ертөнцийн зүгээс хойд зүгээс Хюундай Старекс маркийн УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд дохисон боловч зогсоогүй 92 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талаар яваад зогсчихсон. Тэгэхээр нь араас нь очоод жолооч *******ыг согтуурал шалгах багажаар шалгаж үзэхэд 0,46 бүхэлтэй гарч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Мөн эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлдөөнд оролцсон байсан. Тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж жолоочийг гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан болох нь /хх-ийн 10/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч *******ыг согтуурлын зэрэг 0.46 хувьтай гарсан болох нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ