Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйллийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1-р баг “Заяат” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Маарамба” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед зөвшөөрөлгүйгээр ойд 22 ширхэг буюу 1.897 метр.куб нойтон нарс мод хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хюундай Портер маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1,572,301 (нэг сая таван зуун далан хоёр мянга гурван зуун нэг) төгрөгийн хохирол учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Маарамба” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед зөвшөөрөлгүйгээр ойд 22 ширхэг буюу 1.897 метр.куб нойтон нарс мод хууль бусаар бэлтгэж, Хюундай Портер маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд 1,572,301 (нэг сая таван зуун далан хоёр мянга гурван зуун нэг) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч н “...Баян-Уул сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,572,301 төгрөгийн модны экологи эдийн засгийн хохирлыг нэхэмжилж байна ... *******ийн мод бэлтгэсэн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Маарамба” гэх нэртэй хэсэгхэн ой модтой газар нь сумын төвөөс 30 км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг газарт ойн ангийн зүгээс аж ахуйн нэгжтэй болон иргэнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй газар юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

Гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 21 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад хамт байгаль орчны чиглэлээр сумын төвөөс зайдуухан 8 км зайтай газарт сумын зүүн хойд талаасаа орж ирдэг зам дээр эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цагийн орчимд зүүн хойд талаас наашаа сум руу ирж явсан нэг тээврийн хэрэгслийг өөдөөс нь амдаж очоод зогсоогоод шалгахад тус сумын 1 дүгээр баг “Хужиртаан” гэх газарт хувийн хэдэн малаа маллаж амьдардаг иргэн ******* нь ганцаараа цагаан өнгийн Портер маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон тэвшин дээрээ 2-3 метр орчим урттай 22 ширхэг бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн явж байсныг зогсоон “хаанаас мод тайрч бэлтгэсэн” талаар асууж тодруулахад надад ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, би энэ моднуудыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус сумын 1 дүгээр баг “Маарамба” гэх нэртэй ой мод бүхий газраас 7 ширхэг босоо мод тайрч түүнийгээ 2-3 метрийн урттайгаар дундуур нь тайрахад нийт 22 ширхэг мод болсон. Түүнийгээ хөдөө гэрээсээ ирж авсан гэж хэлсэн. Ингээд хууль бусаар мод тайрч бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь журамлаж, экологийн байцаагч цагдаагийн ахмад цагдаагийн гомдол мэдээллээр оруулан шалгахаар болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Маарамба” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг бензин моторт хөрөө ашиглан 7 ширхэг нойтон нарс модыг тайрч 22 ширхэг болгон бэлтгэж тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450,000 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч *******ийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн улмаас ойн санд 1,572,301 төгрөгийн хохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохирлын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 4,716,903 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний “БАН ХАС” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б24/30 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,698,011 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан 98,010 төгрөгийн үнэлгээтэй, хар саарал өнгийн бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 22 ширхэг бөөрөнхий нойтон нарс модны хамт шүүгдэгчийн ойн санд учруулсан 4,716,903 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иймд тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 22 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хар саарал өнгийн бензин моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар ойн санд учруулсан хохиролд 4,716,903 /дөрвөн сая долоон зуун арван зургаа мянга есэн зуун гурав/ төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,698,011 төгрөгийг гаргуулж ойн санд учруулсан 4,716,903 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 22 ширхэг бөөрөнхий нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдсан хар саарал өнгийн 1 ширхэг бензин моторт хөрөөг тус тус хураан авч шүүгдэгчийн ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

8. Шүүгдэгч З.Балдожийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 УБА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, 22 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж  моторт хөрөө 1 /нэг/ ширхэгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.БАТЖАРГАЛ