Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

   2024          02         28                                      2024/ШЦТ/158

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Уназад овогт Б-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхэд, дүүгийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт Б-н Б /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” шөнийн цэнгээний газрын урд талд хохирогч С.С-н зүүж явсан 19.2 граммтай алтан гинж бусадтай ноцолдох үед газар унасан байсныг авч, бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 4.608.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...

“...Би гэр рүүгээ харих гэж байсан. Манай гэр 10 дугаар хорооллын замын эсрэг талд байдаг. Би 3 дугаар эмнэлгээс ирж байхдаа хохирогч хүмүүстэй зодолдож байгааг харсан. Тэгээд гал асуугаад билүү яриа өрнөсөн ба тэр ах ахынхаа машиныг бариад хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед гар утсыг нь унахыг нь харсан. Би гинжийг нь монет гэж мэдээгүй ба гинжийг нь гаргаж өгөх гэсэн боловч тасарчихсан байсан тул талыг нь намайг авчихсан байх гэж бодсон. Мөн тэр хүмүүсийг гинж авсан гэж хэлэхэд нь би санаа зовоод шууд гаргаж өгч чадаагүй. Тэгээд би тэр ахад утасныхаа дугаарыг өгсөн... Би гэм буруу дээр маргахгүй байгаа ба хохирол төлбөрийг төлж барагдуулна... Би тухайн гинжийг 1.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хавтаст хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-н хохирогчоор өгсөн:

“...2023 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 10 цагт гэрээсээ гараад ажил руугаа явсан. Орой 21 цагт ажил тараад 10 дугаар хороолол орж хоолны газар орсон. Тэгээд 2 найзыгаа дуудаад шөнийн 2 цагийн үед “С” бааранд орсон. Хоёр найзтайгаа хамт гурвуулаа архи, пиво ууж байгаад үүрээр 5 цагийн үед баар хаахаар болоод баарны үүдэнд байж байтал нэг залуутай муудалцсан. Нэг хүүхнээс болоод надтай маргаад байсан. Удалгүй нөгөө залуу миний шанаа хэсэг рүү нэг удаа, хамар духны голд нэг удаа цохиод сүүлдээ миний зүүн хөл дээр гишгээд, дэвсээд байхаар нь хоорондоо зодолдсон. Зодолдож байх үед нэг үл таних эмэгтэй миний хойноос татаад тэр хооронд хүзүүнд байсан 20 граммын алтан гинж алга болчихсон. Удалгүй зодоон дуусч тэд нар явчихаар нь араас нь очоод миний гинж алга болчихсон байна гэхэд надтай зодолдсон залуу зүүн шанаа руу нэг удаа цохьчихоод хохино гэж хэлээд машинд суугаад явчихсан...

Тухайн газрын камерийн бичлэгийг шалгахад нэг залуу миний гинжийг авч байгаа нь харагдахаар нь утсан дээрээ тухайн бичлэгийг хуулж авсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

    Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн  17-22 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Алтан гинж 19.2 гармм 4.608.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын яллагдагчаар өгсөн:

“...Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Тухайн иргэний  хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Тухайн өдөр гэртээ харих гээд шөнийн 02 цагийн орчим 10 дугаар хорооллын “С” баарны урдуур явж байсан чинь үл таних 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь би хажууд нь хараад зогсож байсан. Тухайн 2 ах хоорондоо зодолдож байгаад больсон. Тэгээд нэг ах нь над дээр ирээд тамхи байна уу гэж асуухаар нь би нэг ширхэг тамхи өгөөд бид хоёр тамхи татаад зогсож байтал ахынхаа машиныг бариад явчих, чамд 50.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд явахаар болсон чинь тухайн үл таних ах нөгөө ах, эгч хоёрын араас очоод дахиад зодолдож эхэлсэн. Би салгах гэхэд тухайн залуучууд намайг цохьчих гээд байхаар нь би явах гээд байж байтал газарт алтан гинж, гар утас хоёр байхаар нь очиж авсан. Тухайн ах нар хоорондоо маргалдаж байгаад дуусахаар нь нөгөө ахад би гар утсыг нь гаргаж өгөөд алтан гинжийг нь өгөөгүй. Би фэйсбүүкээр үнэт эдлэл авна гэсэн зарын дагуу нэг үл таних эрэгтэй хүнтэй холбогдоод тухайн алтан гинжийг 2.100.000 төгрөгөөр зарсан. Учир нь түгжээ нь эвдрээд тасарчихсан байсан тул тийм үнэлгээгээр авсан. Би тухайн үнэт эдлэл авдаг хүнийг дугаарыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

 шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр  тодорхойлжээ.

Гээгдэл эд хөрөнгийг завших хууль зүйн ойлголт нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн буюу өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран санамсаргүй хаягдаж орхисон эд хөрөнгийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсны дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б санамсаргүй байдлаар алга болгосон С.Б-н алтан гинжийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 4.608.000 төгрөгийн хохирол бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч С.Б-н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаааны явцад шүүгдэгч Б.Бын өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олж авсан орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналтай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ.

 

Иймд улсын яллагчаас гаргасан “...гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох...” санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...алтан гинж 4.608.000 төгрөг...” гэх дүгнэлт, хохирогч С.Б-н “...хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна...” гэх утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 67 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Боос нийт 4.608.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д олгох нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч У овогт Б-н Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос нийт 4.608.000 /дөрвөн сая зургаан зуун найман мянган/ төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Б энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ