Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогч Д.Баасанжаргал

Шүүгдэгч С.Энхнаст нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар  татах тогтоол баталж ирүүлсэн Гөрөөчин овгийн Сандагийн Энхнастад холбогдох 201714000176 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Гөрөөчин овгийн Сандагийн Энхнаст, Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ  эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг, Толгодын 25-01 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:ГЮ78121513/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Энхнаст нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 25-01 тоотод эхнэр Д.Баасанжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Баасанжаргалын “2003 онд нөхөр Энхнасттай гэр бүл болж одоо 15 жил амьдарч байна. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 5-15 насны 2 охинтой, 2003 онд том хүүхдийг гэдсэн байхад хардаж хэрүүл маргаан хийж байгаад танайхан салсан нийлсэн арчаагүй архичин хүмүүс байдаг биз дээ гэж байгаад гар хүрч эхэлсэн. Хэрүүл маргаан хийж намайг цохиж зодоход нь уучилж өршөөгөөд хүүхэд нь гараад ирэхээр гайгүй болчих байх гээд уучилдаг байсан. 2016 оны 12 сарын 22-нд намайг зодож аймар болгож, машинаараа хөөхөөр нь зугатааж явсан. Тэгээд намайг машинд суу гэхээр нь машинд суугаад хамтдаа Горьнякийн өмнө ирсэн. Гэтэл хамт таксинд явдаг хүмүүсийнхээ дэргэд ирээд энийг 80 000 төгрөгөөр зарна гэх мэтээр намайг доромжилсон. Тэнд байсан таньдаг хүмүүс нь Насаа чи болиоч, эхнэрээ яагаад ингэж байгаа юм бэ? зарим нь Насаа ахаа болиоч гээд байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан байгаа. Үүнээс өөр асуудлыг нь шалгуулж байгаагүй юм. Ингээд 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 18 цагийн үед намайг усанд явсан хойгуур миний цүнхийг уудлаад түрүүвчнээс сим олж аваад түүгээрээ шалтаглан хэрүүл маргаан хийж, гар утсаа нүүр рүү шидэн үсдэж, нааш цааш татаж чангайгаад “Чи энэ утсаар хэнтэй ярьж байсан, үнэнээ хэл гээд” энэ дугаар миний дугаар намар 9 сард авсан дугаар гээд үнэнээ хэлэхэд энэ утсаар Гомботой ярьж байсан биз дээ гэж хардсан. Гомбо гэдэг нь манай нөхрийн найз, гэртээ дагуулж ирдэг байсан найз нь юм. Гомботой яагаад хардах болсон талаар хэлж мэдэхгүй байна. Огцом, дүрс хийсэн ууртай, уурласан үедээ “янхан гичий минь, эхийгээ дуурайсан янхан биз дээ, чи явдаг биз дээ гэх мэтээр байнга л хэл амаар доромжилдог” Ах дүү хамаатан садангууд нь Энхнастын ийм ширүүн ааш зантайг нь мэднэ. Эгч дүү хоёр нь одоо сал гэдэг болсон. Тэгээд салъя гэхээр дахин ийм зан гаргахгүй, чамайг зодохгүй гэдэг. 3-р сарын 6-ны битүүний орой зүүн хөлийн шилбэ, булчин руу 4-5 удаа өшиглөсөн. Түүнээс хойш энэ хөл бас өвддөг болсон. Утас шидэхэд духанд нь ононсон. Ингэж намайг зодохоор нь би зугатаагаад цагдаа дуудсан. Манай нөхрийг цагдаа дээр авч ирж байцааж шөнө болж байсан учир намайг хамгаалах байранд хүргэсэн” гэсэн мэдүүлэг.

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 253 дугаартай дүгнэлтэд: Д.Баасанжаргалын биед дух, зүүн шилбэнд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-15-р хуудас/

 

3.С.Энхнастын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Би эхнэр Баасансүрэнтэй 2004 онд гэр бүл болсон. Бид 5-14 насны 2 охинтой, 2017 оны 03 сарын 06-нд симнээс болж маргалдаад гар утас шидсэн чинь духанд нь оночихсон. Түүний зүүн хөлийн шилбэ, булчин руу 4-5 удаа өшиглөсөн. Өөрөө зодож цохисон зүйл байхгүй. Би архи уудаггүй. 2006 онд архинаас гарсан. Эхнэр маань уур хүргээд эхнэртэйгээ маргалдаж байгаад цохиж зоддог асуудал байгаа. Би өөрийн буруутай үйлдэлдээ гэмшин ойлгож байгаа. Хардсанаасаа болоод эхнэрээ цохиж зодсон” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхнаст “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож байна. Гэр бүлээ тэжээдэг учир хэргийг маань хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Баасанжаргал мэдүүлэхдээ “С.Энхнастад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Энхнаст нь 2017 оны 03 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 25-01 тоотод эхнэр Д.Баасанжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Баасанжаргалын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Энхнаст нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Гөрөөчин овгийн Сандагийн Энхнастыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч С.Энхнастад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхнастад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС