Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

 

   

 

 

 

 

 

    

   2024          03           13                                    2024/ШЦТ/206

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-,

шүүгдэгч Ч.Д-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-н Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны *** дүгээр сарын ***-ний өдөр У хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,  Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч-н Д /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Д- 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хороо, **  дугаар байрны ** тоотод хохирогч Ц.Б-ийн толгойн тус газарт таягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д- мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан, хохирогчийг Б-н эгч л гэдэг, би нэрийг нь мэдэхгүй, надтай 1, 2 удаа таарч байсан. Тэр өдөр Э манай гэрт хохирогчийг дагуулж орж ирсэн. Бид нар архи уусан ба хохирогч гал тогооны өрөө руу ороод цонх онгойлгочихсон толгойгоо гаргаад байж байсан. Тухайн үед бөөлжиж байсан уу, агаар амьсгалж байсан уу мэдэхгүй, би чи яагаад байгаа юм бэ болилдоо, унана гэж хэлсэн. Тэгээд дал руу цохиход тэр эргэж хараад толгой дээр нь цохигдчихоор нь би “чи гар” гэж хэлчихээд хэвтээд өгсөн, би хохирогчийг цонхноор унахаас сэргийлсэн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- мэдүүлэхдээ “...Манай ээжийн дотуур өмд нь цус болсон байсан. Биеийнх нь олон газар хөхөрсөн байсан, би баримт болгож хадгалаагүй, энэ хэрэг хууль ёсны дагуу шийдэгдэх байх... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-14 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад  О.М-н гэрчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 30 минутын үед гэрээсээ гараад нэг давхар руу буутал 60 гаруй насны эмэгтэйн толгойноос нь цус гарчихсан байж байхаар нь шууд орхиод явж болохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг анх тааралдахад цусандаа хутгалдсан байдалтай байсан ба зүгээр үү гэж асуухад зүгээр ээ гэж хариулж байсан. Өмнө нь тэр хүнийг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Манай ээж Б- 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед ном солиулна гэж хэлээд гэрээс гарсан. Шөнө 01 цагийн орчим Гэмтлийн эмнэлгээс над руу залгаад “танай ээж толгойдоо гэмтэл авсан байдалтай ирсэн байна, толгойн зургийг нь авсан, таксинд суулгаад явуулна” гэж хэлсэн. Ингээд ээжийг ирэхгүй байхаар нь би 7 цагийн үед Гэмтлийн эмнэлэг рүү залгаад манай ээж ирсэнгүй, яасан юм бол гэж асуухад “танай ээж шөнө яваагүй, өглөө 7 цагийн үед гараад явсан” гэж хэлсэн. Манай ээж 14 цагийн үед гэртээ ирсэн ба эрүүл байсан. Ээж саравчтай малгай өмсчихсөн байхаар нь малгайг нь авч харахад толгойн зүүн дээд хэсэгтээ 3 оёдол тавиулсан, боолтгүй байсан. Би ээжээсээ юу болсон талаар асуухад Д- гэдэг хүний гэрт очсон, Д- эхнэрээ зодох гээд байхаар нь салгах гэж өмөөрөхөд намайг зодсон гэж хэлсэн. Би ээжид цагдаагаас ярьсан, ирж мэдүүлэг өг гэсэн шүү гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би ээж, хүүхдүүдээ аваад салхинд гарсан. Манай ээж “би шартсан байсан тул жаахан архи уусан шүү” гэж надад хэлсэн... 2023 оны 6 дугаар сарын  13-ны өглөө 8 цагийн үед манай ээж орноосоо унаад газар хэвтэж байхаар нь очоод хартал нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 31-34 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-н өгсөн: “...Тухайн өдрийн үйл явдлыг би сайн санахгүй байна, гэхдээ би хэрэг болсон өдөр 18 цагийн орчимд гэртээ ирэхэд хадам ээж согтууруулах ундаа хэрэглэсэн, халамцуу байсан, гэрт эхнэр, хүүхдүүд бүгд байсан. Манай хадам ээж эхнэрээс ундаа уумаар байна гэж хэлээд мөнгө аваад байсан... Хоол унд ид гэж хэлэхэд идэхгүй унтаад байсан. Би өглөө нь ажилдаа яваад удаагүй байж байтал эхнэр залгаад “ээж эвгүй байна, нас барсан юм шиг байна” гэж хэлэхээр нь гэртээ яваад очтол жижиг өрөөнд орны наад талд өвдөг нь нугаларсан, нүцгэн, ухаангүй хэвтэж байсан. Хэрэг болохын өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 12-ны өдөр ширүүн зав авир гаргаад л байсан. Би толгойдоо оёдол тавиулсан, толгой нь хагарсан гэдгийг мэдээгүй. Яагаад гэвэл гэрт малгайтай байгаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.А-н өгсөн: “...Духны шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нуруу, мөчдийн цус хуралт зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн духны шархны гэмтэлд тухайн үед оёдол тавиулсан байсан. Тус гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Амь хохирогчийн цогцосны шинжилгээгээр духны шарх, зулгаралт, нуруу, мөчдийн цус хуралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогонд орж нас баржээ. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь үхлийн шалтгаан болохгүй. Амь хохирогчийн нас барсан хугацааг цогцосны анхын үзлэгээр тогтооно. Амь хохирогч нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлнө. Амь хохирогчийн цусанд 6.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчид мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/, 

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргий н* дугаар хороо, ** дугаар байрны ** тоот буюу гэртээ байж байтал гаднаас өмнө нь хамт архи ууж байсан зүс таних Б-, Э нар манайд нилээн согтуу, 0.750 граммын архи бариад орж ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид гурав хувааж уучихаад байж байтал Энхээ манай гэрээс гараад явсан. Б- бид хоёр гэрт үлдсэн. Гэтэл Б- архи ууж байгаад босоод гал тогооны өрөө рүү орчихсон, араас нь очтол цонхоор цээжин хэсгээ гаргаж тонгойгоод байхаар нь би түүнийг доошоо уначихаж магадгүй гэж бодоод “боль” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд намайг доромжлоод байхаар нь би түүнийг цонхоор уначих байх гэж бодоод баруун гартаа барьж байсан модон хүрэн өнгийн таягаараа нуруу, өгзөг хэсэг рүү нь хатгаад нуруу руу нь цохих гэтэл эргэж хараад толгойн зүүн хэсэгт нь оночихсон. Цохих үед толгойноос нь цус бага хэмжээгээр гарч байсан. Гэтэл Б- цусаа хараад орилоод толгойн хэсгээс гарч байсан цусаа хоёр гараараа авч гэр дотор цацаад байхаар нь би уурлаж нойл оруулаад “наадхаа угаа” гэж хэлсэн. Гэтэл орилоод зориуд угаалгын өрөөнд цустай гараараа хананд, хаалганд нааж, нялаад байсан. Тухайн үед нилээн согтчихсон байсан тул түүнийг хэзээ гарч явсныг санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9 дэх тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д- “би хохирогчийг санаатай гэмтээх гэж цохиогүй, цонхоор уначих байх гэж бодсон...” гэж мэдүүлж байна. Уг хэрэг  болсны дараа хохирогч Т.Б- “спиртийн цочмог хордлогонд орж нас барсан” болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр дүгнэлтээр тогтоогдож байна. Гэвч хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан болсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн “...Би ээжээсээ юу болсон талаар асуухад Д- гэдэг хүний гэрт очсон, Д- эхнэрээ зодох гээд байхаар нь салгах гэж өмөөрөхөд намайг зодсон гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч Ч.Д-гийн “...Зүс таньдаг эрэгтэйтэй тааралдахад “Б- та хоёр муудаа юу, намайг зодсон гээд явж байсан” гэж хэлэхээр нь би түүнд “бид хоёр өчигдөр муудалцсан” гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ч.Д-, хохирогч Т.Б нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Т.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Д- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-, гэрч О.М, Д.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Т.Амартүвшингийн өгсөн: “...Духны шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нуруу, мөчдийн цус хуралт зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн духны шархны гэмтэлд тухайн үед оёдол тавиулсан байсан. Тус гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэргийн хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн мэдүүлэгт нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.Д-гийн толгойн хэсэгт модон таягаар цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Д.Б- хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүүгдэгч Ч.Д-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

         Энэ хэргийн улмаас Ч.Д- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ч.Д-г өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт Ч.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ