Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/217

 

 

 

 

 

   

 

 

 

    2024           03           18                                    2024/ШЦТ/217

                                                                                           

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Гөрөөчин овогт Ганзоригийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305013390068 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр * аймгийн Тариалан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өгөгдлийн сангийн оператор, ай ти мэргэжилтэй, “***” ХХК-д түгээгч, жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн **дүгээр хороо, Горькийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт Ганзоригийн Г- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Г- 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоот хашааны орчим хохирогч П.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-ын “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.П-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн * дүгээр хорооны * дугаар гудамжны ** тоот хашаанд найз Б-н хамт гэрийнх нь гадаа тамхи татаж байсан. Гэтэл урд айлын залуу манай найзын хашаа руу архины шил давуулж шидэхээр нь Б “яагаад архины шилээ манай хашаа руу шидэж байгаа юм бэ” гэж асуухад “яадаг юм, чи бас юм ярьдаг болсон уу” гэж хэлсэн. Б тэр залууг “орж ирээд шилээ ав” гэж хэлэхэд ороод ирсэн ба тэр залуу манай найзыг заамдахаар нь би тэр хоёрыг салгатал хашаа даваад өөрийн хашаа руугаа явчихсан. Удалгүй найзыгаа дагуулж ирсэн. Шил шидсэн залуу цамцаа тайлаад манай найзыг цохисон. Би тэр хоёрыг салгах үед үл таних залуу миний хамар руу гараараа цохисон. Би хамраа бариад хойш суухад хамт ирсэн найз нь “чи миний найзыг яадаг болсон юм” гэж хэлээд миний нүүр рүү 2 удаа цохиод, 1 удаа өшиглөсөн... Гэхдээ Г-ын найз намайг цохиход миний нүүрэн хэсэгт гэмтэл нэмж учруулаагүй. Харин миний баруун гарын бугуй шалбараад мэдээ алдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 18-21, 23 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-н гэрчээр өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед намайг 3, 4-р хорооллын эцэст эгчийнхээ гэрт байж байхад манай найз Г- над руу залгаад “гэртээ харих гэсэн чинь унаад зоссон байна, найз нь жаахан оройтчихлоо намайг хүргээд өг” гэж хэлэхээр нь би Г-ыг хорооллын эцсээс аваад гэрийнх нь гадаа буулгаж өгчихөөд явсан. Доошоо уруудаад явж байтал Г- над руу залгаад “гэрийн гадаа хэдэн залуучуудтай муудалцаад байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь би эргээд очтол нэг залуу манай найз Г-ыг заамдчихсан, хашаа руу тулгачихсан зогсож байсан. Би “манай найзыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд найзыгаа салгаж аваад машиндаа суулгаж, тэр залуучуудаас холдуулсан. Тэгээд О-с “юу болсон бэ” гэж асуухад “лааз өшиглөсөн чинь хажуу айлын хашааг оноод гадаа нь байсан залуучууд яагаад хашаа руу хог хаяад байгаа юм бэ” гэж хэлээд бид нар маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай П.П-н биед хамрын ясны зөрүүтэй далд хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхины дотор буланд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ц.Б-ын өгсөн:

“...Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь хүний биеийн анатомын байрлал нь нэг түвшинд байдаг учраас нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...

Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь хамрын ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт гэмтэлд хамаарна. Тус гэмтэл нь тухайн хэсэг газар нэг удаагийн цохигдох үед үүсэх боломжтой. Хоёр нүдний дотор булан дахь цус хуралт нь хамар ясны хугаралтай шалтгаант хамааралтай, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  унах, нидрэх, үрэгдэх зэрэг үйлдлийн улмаас үүсэх боломжтой, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2023 оны 03  дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед би найз О-н хамт хорооллын эцэст 2 цаг билльярд тоглож байгаад 00 цагийн үед гэртээ ирэх замдаа манай хашааны үүдэнд Б, Д, О бас танихгүй 2, 3 залуугийн хамт байсан. Намайг гэр лүү орж байхад араас дуудаад “яагаад хогоо хаяад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “би танай хашаа руу хаяагүй” гэж хэлсэн... Намайг заамдаж амбаар луу шахаж аваад нэг нь миний бөөр рүү нэг цохиод, нэг нь намайг алгадахаар нь би зөрүүлээд гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г- 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны *** тоот хашааны орчим хохирогч П.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Г- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Г- нь хохирогч П.П-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч П.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч П.П хавтаст хэрэгт хохирлын бариимт гаргаж өгөөгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Г овогт Г-н Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Г-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГБ.