| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00472/и |
| Дугаар | 142/ШШ2021/00434 |
| Огноо | 2021-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2021/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******ямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-д холбогдох
Гэм хорын хохирол 9,721,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч */онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * овгийн * миний бие 2019-12-30-ны өдөр * аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэрийн замд өөрийн эзэмшлийн * ОРО улсын дугаар бүхий Субару маркийн автомашинтай зорчиж явахад * ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин жолоодож явсан жолооч * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 1.2.16-д заасан заалтыг зөрчсөний улмаас миний өмчлөлийн автомашинд 8915000 төгрөгний эвдрэл, гэмтэл учруулсан. Мөн үнэлгээний зардалд 410000 төгрөг, тээврийн хэрэгслийнхээ үнэлгээг тогтоолгохоор МОННИС засварын газар руу болон автомашин түр саатуулах хашаа руу машинаа 3 удаа зөөвөрлөсөн ачилтын мөнгө 120000 төгрөг, автомашин түр саатуулах хашаанд одоог хүртэл автомашин маань байгаа бөгөөд үүний төлбөр 276000 төгрөг /2020-03-09-ны өдрийн байдлаар/-ний хохирол учирсан. Нийт надад автомашины эвдрэл болон холбогдон гарсан бусад зардалд 9721000 төгрөгний хохирол учраад байна. Жолооч * нь автомашин жолоодож явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 1.2.16-д заасан заалтыг зөрчиж, миний автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэхь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд *гаас 9721000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч * шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамгийн гол нь маш их хурдтай явсан. Би төлж чадахгүй. Өөрөө хурд хэтрэлттэй явсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг татгалзаж байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Батнайрамдал нь хурд хэтрүүлэн өөрөө мөргөсөн гэж үзэж байгаа юм байна. Батнайрамдал нь машинаа зогсоох боломжгүй хурдтай явсан байна гэж үзэж банйа. Иргэн Эрдэнэтуяа нь замын хөдөлгөөнд хүндрэл учруулсан учир осол гарсан гэж үзэж байгаа юм байна. Чигээр яваа машин өнгөрүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа юм байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч * нь шүүхэд хандаж автомашинд учирсан эвдрэл гэмтэл 8,915,000 төгрөг, үнэлгээний зардал 410,000 төгрөг, машин зөөвөрлөсөн ачилтын мөнгө 120,000 төгрөг, түр саатуулах хашаанд машин байлгасаны төлбөр 276,000 төгрөг нийт 9,721,000 төгрөгний хохиролыг хариуцагч *гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлэн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн жолоодож явсан Субару маркийн авто машиныг очиж мөргөөгүй, ямар нэгэн эвдрэл гэмтлийг учруулаагүй учраас хохиролыг төлөхгүй, замын хөдөлгөөнд буцаж эргэх үйлдэл хийх үедээ эсрэг урсгалаас машин байна уу гэдгийг харж байгаад үйлдэл хийсэн, тухайн үед нэхэмжлэгч мод очиж мөргөсөнийг би төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч мод мөргөөд хүчтэй цохилт хийж өнцөг үүсээд зогссон байсан, энэ талаарх нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтэнд тодорхой дурдагдсан байдаг, цохилтын хүч 6601 улсын дугаартай авто машины баруун тал руу шилжсэн байх үндэслэлтэй, тормос ер дараагүй, тормозны мөр биш байна, тухайн үед халтиргаатай байсан, энэ нь осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагч * нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр * аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэрт * ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 1.2.16-д заасан заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн * ОРО улсын дугаар бүхий Субару маркийн автомашин замын хажуу руу орж мод мөргөн гэм хорын хохирол учирсан үйлдэлд гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэхүү хэрэгт шинжээч *ийн дүгнэлт, дараа нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байх ба хариуцагч талын хүсэлтээр Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 дахь дүгнэлтийг гаргасан, энэхүү дүгнэлтээр осол гарсан шалтгаан, ямар жолоочийн буруугаас осол гарсан болохыг тодорхой гаргаагүй гэж шүүх үзсэн учраас дахин шинжээч томилж 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 638 тоот дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн № * дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “..Тоёота Приус маркийн 3526 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь чигээрээ явж байсан Субару Импреза маркийн * ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүй Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй буцаж эргэх үйлдэл хийсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн машинд эврэл гэмтлийн зардал 8,915,000 төгрөг, машин зөөвөрлөсөн ачилтын хөлс 120,000 төгрөг, түр саатуулах хашаанд машин байлгасаны төлбөр 276,000 төгрөг, нийт 9,721,000 төгрөгний хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, *-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, фото зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэм хорын хохиролыг шаардах эрхгүй, зам тээврийн осол болох үед * ОРО улсын дугаар бүхий Субару маркийн автомашин Хос Капитал ХХК-ийн нэр дээр байсан, талууд фидуцийн гэрээ байгуулж машин тус компаны өмчлөлд шилжсэн байсан тул нэхэмжлэгч шаардахгүй эрхгүй гэж үзэж мэтгэлцсэн.
*-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн * дугаартай албан бичигтээ: “...Тус компани нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр өмчлөгчийн бус зөвхөн барьцаалагчийн эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа тул эд хөрөнгийн хохиролоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь зээлдэгч *д нээлттэй болно. Харин зээлдэгч * нь тус компанитай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол компанийн зүгээс гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно” гэсэн байх тул * нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролыг нэхэмжлэх шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч * нь хариуцагч *гийн адил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан, гэм хорын хохирол учрахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, мөн иргэдийн төлөөлөгчийн *нь өөрөө хурд хэтрүүлж, машинаа зогсоох боломжгүй хурдтай явсан гэж бодож байна, хоёулаа буруутай юм байна гэж үзэж байна гэсэн дүгнэлт зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1-д зааснаар хариуцагчаас баримтаар нотлогдсон 9,721,000 төгрөгийн хохиролын тал хувийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч *ын Улаанбаатар хотод байгаа, хорио цээр үүссэнтэй холбоотойгоор ирэх боломжгүй гэсэн байдал, мөн түүний хавтаст хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч *ыг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,486 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *гаас улсын тэмдэгтийн хураамжинд 92,718 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч *гаас 4,860,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,860,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,486 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *гаас 92,718 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ *******ЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА