| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/00479/и |
| Дугаар | 142/ШШ2021/00463 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2021/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * холбогдох,
2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацааны хугацааны 8,023,558 төгрөгийн цалингийн зөрүүнд оногдох сар бүрийн 320,942 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулах тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * аймгийн * сумын * багийн * тоот оршин суух * овгийн *би Цагдаагийн байгууллагад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 26 жил ажиллаж Монгол улсын “Цэргийн алба хаагчын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх үүсч 2018 оны 03 дугаар сарын ... өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл намайг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх үед буюу цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учир байгаа тул хууль заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр “Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар бодож олгоно” гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заажээ. Энэ үед * би цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан учир дээрхи заалтанд хамрагдаж, цалин нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэхь хэсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20-45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох “ гэж заажээ.
Гэтэл орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй атлаа Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна.
* миний тухайд Цагдаагийн нягтлан бодогчоор бодуулахад 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 8,023,558 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 167,157 төгрөгийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь * миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрхи сар бүрийн дундаж 167,157 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлд 320,942 төгрөгийг төлүүлэх хэрэгтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *ын * аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.
Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажпыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмжтооцон олгож хэрэгжүүлээд байна.
Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээп/йгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны;”, “албан ажпын онцгой нөхцөлийн;”, “цагдаагийн мэргэжпийн зэргийн;”, “эрдмийн зэрэг, цолны;”, “хуульд заасан бусад.” гэж тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь * холбогдуулан 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны хугацааны 8,023,558 төгрөгийн цалингийн зөрүүнд оногдох сар бүрийн 320,942 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *-ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 сарын 07-ны өдрийн - дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн байна.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, алба хаасан 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно” гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заажээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны * дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт “ Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох” гэж заасан байна.
Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1-р хавсралт Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно гэж заасан байна.
*-ыннягтлан бодогч *ийн тодорхойлолтод “*овогтой * /**/ төрийн тусгай алба хаасны хугацааны нэмэгдлийг 45% тооцсон цалингийн зөрүү 2014 онд 1,428,833 төгрөг, 2015 онд 2,086,551 төгрөг, 2016 онд 2,086,551 төгрөг, 2017 онд 2,075,992 төгрөг, 2018 онд 345,631 төгрөг нийт 8,023,558 төгрөг, үүнээс ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 2 хувь,160,471 төгрөг, даатгуулагчийн төлөх шимтгэл 2% 160,471 төгрөг нийт 320,942 төгрөг болж байна” гэжээ.
Нэхэмжлэгч: ... 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 8,023,558 төгрөгийн цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 167,157 төгрөгийн зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь * миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрхи сар бүрийн дундаж 167,157 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд нийгмийн даатгалын шимтгэлд 320,942 төгрөгийг төлүүлэх хэрэгтэй байна... гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч: “...нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм,
...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайларбарыг гаргасан байна.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын бүх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Орхон аймгийн гэрээт цагдаагийн алба, мөн дотоодын цэрэг зэрэг нь цалин хөлсөө авч байгаа талаар талууд тайлбарласан.
Нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, тогтоолын дагуу авах ёстой цалин хөлсөө аваагүй ч, түүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгчид хохиролтой байгаа болох нь нотлогдож байна.
Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч дутуу авсан 25 хувийн цалингийн нэмэгдлийг хариуцагч байгууллагаас нэхэмжлээгүй, харин нийгмийн даатгалд төлөгдөх байсан шимтгэл 320,942 төгрөгийг төлүүлэхээр шаардсан ба, энэ шаардлагыг *хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,327 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *-с улсын тэмдэгтийн хураамжинд 10,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан *-с 320,942 төгрөг гаргуулан * аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлж, *ын 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг *даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,327 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *-с 10,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН