Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00178

 


 

    2021 оны 01 сарын 25 өдөр

        Дугаар 183/ШШ2021/00178

          Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С гомдолтой,

 

            Хариуцагч: Н ш ш г г холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/024 дугаар шийдвэрээр Б.С, Б.Г нараас 124.729.523 төгрөгийг гаргуулж “И” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явагдаж байна. Уг ажиллагааны дагуу Б.С, Б.Г, С.Ц, С.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 51 тоот хаягт байрлах 136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар хөрөнгийн үнэлгээг “Сэлэнгэ эстимэйт” ХХК- иар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр дээрх орон сууцыг 304.962.825 төгрөгөөр үнэлсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 380 сая гаруй төгрөгийн үнэтэй юм. Иймд төлбөрт хураагдсан хөрөнгийг нийт 304.962.825 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Б.С, Б.Г нараас 124.729.253 төгрөгийг гаргуулж “И ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2206019919 дугаартай, Хан-Уул с.үргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 51 тоот хаягт байршилтай, 136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр  гүйцэтгэгч 20290264 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.С, Б.Г нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг олгож, мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Б.С, Б.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 51 тоот хаягт байршилтай 136.02 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20290264/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290264/05 дугаар тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч “И ББСБ” ХХК-иас хураагдсан хөрөнгөд шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/505 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 304.962.825 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-179/36785 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Б.С, Б.Г, хамтран өмчлөгч С.Ц нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай Б.Сын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02464 дүгээр шийдвэрээр “...хариуцагч Б.С, Б.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 123.743.993,33 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 985.260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай... шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.С, Б.Г, С.Ц, С.Энарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 51 тоот хаягт байршилтай, 136.02 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Б.С, Б.Г нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ГХ2020/00152 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  нь  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20200264/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б.С, Б.Г, С.Ц, С.Энарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 51 тоот хаягт байршилтай, 136.02 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20200264/05 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгө хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд талуудын ирүүлсэн саналаар харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/505 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаар “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 51 тоот хаягт байршилтай, 136.02 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц”-ны зах зээлийн үнэлгээг 304.962.825 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай Б.Сын гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.С гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД