Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/289

 

 

 

 

 

 

 

 

   2024          04         15                                      2024/ШЦТ/289

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Д-н Т-, О овогт Б-н Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн* *21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, * 3 дугаар дамжааны оюутан, барилгын туслах ажил хийдэг гэх, ам бүл 4, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гал овогт Должинсүрэнгийн Т- /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, * дугаар дамжааны оюутан, “**” караокед зөөгч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүргийн ** дугаар хороо, *** байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-н Б- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” гэх зоогийн газарт хохирогч Д.Э-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-гийн өгсөн “...Би “**” ресторанд барменаар өдрийн 70.000 төгрөгийн цалин авахаар ойролцоогоор 17, 18 хоног ажилласан. Өглөө 11 цагаас өдөр 16 цаг хүртэл ажилладаг байсан. Д.Э- гэх хүн мэдүүлэг өгөхдөө миний авах цалингийн хэмжээний талаар худлаа ярьсан байсан. Би ажлаасаа гараад сар гаруй болсон байсан бөгөөд эхнэр төрөх гээд надад мөнгөний хэрэг гараад цалингаа авъя гэж хэлэхэд өгөөгүй. Намайг анх ажилд ороход ерөнхий захирал Т.Б Д.Э-ыг үйл ажиллагаа хариуцсан захирал гэж хэлсэн. Тэр газарт 10 жилийн сургуулийн хүүхдүүдийг ажиллуулдаг, хүүхдүүдтэй муухай харьцдаг байсан. Цалингаа авах болохоороо Д.Э- гэх хүнтэй ярьж авдаг байсан. Зарим хүүхдийн цалинг дутуу өгдөг, гал тогоо руу орж аяга угаа гэж хэлдэг, би ахаа зөөгч гэж хэлэхээр зөөгч хивсээ угаадаг юм, угаа гэж хэлдэг байсан. Би тухайн өдөр цалингаа авъя гэж очсон. Хохирогчид нийт 480.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гийн өгсөн “...Тухайн өдөр бид 2 ресторан руу хамт орсон. Д.Э-г мөргөж, унагаад дэвссэн гэдэг  худлаа. Би машин барьж явсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хувцаснаас нь татсан нь үнэн үүнийг итгэлтэй хэлнэ, харин цохиж нүдсэн зүйл байхгүй. Камерын бичлэгт ч хохирогчийг зодож байгаа зүйл байхгүй. Олон хүмүүс бужигнаад хувцаснаас нь татсан үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг, 

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ы хохирогчоор өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “**” хоолны газарт өмнө нь ажиллаж байсан М, Т- нарын цуг явсан танихгүй 2 залуу намайг юманд явчихаад ирэхэд ажил дээр ирсэн байсан. Т- “цалингаа авъя” гэж хэлэхээр нь “би цалин боддог хүн биш, захирал Т.Б-д хэлье, маргааш эрүүл үедээ ирээрэй” гэж хэлэхэд цуг явсан танихгүй залуу “чи яасан овоо юм бэ, хүний цалинг өгдөггүй” гэж хэлээд миний ам руу мөргөсөн, дараа нь Т- намайг баруун гараараа зүүн хацар руу цохиход би газарт унаад нүүрээ дараад байж байхад М, Т- нарын цуг явсан танихгүй 2 залуу дээрээс дэвсээд өшиглөсөн. Энэ үед зааланд сууж байсан залуус намайг салгасан. Дахиж миний хувцаснаас татаад шатны уруу руу чирч байхдаа өшиглөсөн. Мөн гадаа гаргаад өшиглөөд байсан, хэн цохисныг тухайн үедээ мэдэхгүй байсан, сүүлд камер шүүж үзэхэд Т- өшиглөсөн байсан. Намайг гадаа зодож байхад хүмүүс дахин салгасан. Шатны доор байсан жоотуу аваад “одоо биш юмаа гэхэд дараа чамайг ална” гэж заналхийлж байхад хоёр давхрын зөөгч нар ирж салгаад жоотууг цааш далд хийсэн, цагдаа нар ирэх хүртэл байсхийгээд орж ирээд шил бариад ална гээд дайраад байсан. Тэгээд цагдаа ирж байгааг мэдээд зугатаасан. Эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг гаргасан... Т- надад 480.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ий гэрчээр өгсөн: “...Т-д 4, 5 хоногийн цалингийн үлдэгдэл болох 200.000 төгрөг байгаа. М-д ямар нэгэн цалингийн үлдэгдэл байхгүй. Т- ажиллаж байхдаа 500.000 төгрөгийн бараа болох пиво, архи, хоолны мөнгө дутаасан. Д.Э- манай ерөнхий тогоочоор ажилладаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.М-н гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “**” ХХК-ийн 1 давхарт байрлах “**” нэртэй ресторан руу найз Т-, Б- нар цалингаа авна гээд орсон. М араас нь орсон. Би машинаа зогсоол руу тавьж байхад М гарч ирээд дотор зодолдож байна гэж хэлэхээр нь би салгах гээд орох гэсэн чинь өөдөөс Б-, Т- хоёр Э- ахыг чирээд гарч ирсэн. Би Б-, Т- хоёрыг салгаад зодоон зогссон. Тэгээд би Б-, Т- хоёрыг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-н гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын үед Т-, Б- нар “**” ресторан руу цалингаа авна гээд орсон. Удаад байхаар нь араас нь ороод Э- ахаас манай найзын цалинг өгчихөж болохгүй юм уу гэж асуухад өнөөдөр худлаа, маргааш хүрээд ир гэж хэлэхээр нь би өнөөдөр ядаж цалингийнхаа талыг өгчихөж болохгүй юу гэхэд тоохгүй байгаад байсан. Би угаалтуурын өрөө рүү орчихоод гарч ирээд машин руу очоод М-тай юм яриад байж байсан чинь нөгөө хоёр гарч ирэхгүй байхаар нь дахин араас нь орсон чинь Т-, Б- хоёр Э- ахтай маргалдаад ресторан дотор зодолдох гээд байхаар нь М руу очоод дотор зодолдоод байна гэж хэлсэн. М яваад би цааш машин руугаа ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий  газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээчийн Д.Э-ы биед дээд зүүн 1-р шүдний сулрал, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий  газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Урьд гаргасан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Э-ы биед зүүн дээд 1-р шүдний сулрал, хүзүү, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” ХХК-ийн 1 давхарт байрлах “**” ресторан руу найз Т-гийн хамт ороод манай найз Т- Э- гэх хүнд цалингаа авъя гэж хэлэхэд өглөө ирж ав гэж хэлсэн. Ширээн дээр нь сууж байгаад текнийх нь хажууд очоод Т- цалингийнхаа оронд нэг шил архи өгчих гэж хэлэхэд Э- архиар цалин тавьдаг газар байхгүй гээд уурласан. Т- Э- гэх эрэгтэйг гаръя гээд гараас нь татаад би цамцнаас нь татаад бид нийлээд ресторанаас чирээд гаргасан. Гадаа гардаг бор хаалганы хажууд Т- Э- гэх хүний нүүрэн тус газар руу гараараа 3 удаа цохисон. Би хажууд нь зогсож байсан. Манай найз М, М хоёр машинаас гарч ирээд салгах гэж оролдсон. М-н машинд Т-, М бас би суусан. Э- ресторан руугаа буцаж орохоор нь би, М, Т-гийн хамт ороод ахаа муухай юм боллоо, гайгүй юу гэж асуусан чинь та нарыг явдаг газраар нь явуулна, миний ар том шүү гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Т-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би согтуу үедээ 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “***” ХХК-ийн 1 давхарт байрлах “**” ресторан руу найз Б-тай хамт ороод Э- гэдэг ахтай уулзаад цалингаа авъя гэж хэлэхэд өглөө ирж ав гэж хэлсэн. Бид ширээн дээр нь сууж байгаад босоод текний хажууд очоод цалингийнхаа оронд нэг шил архи өгчих гэж хэлсэн чинь Э- гэх эрэгтэй архиар цалин тавьдаг газар байхгүй гэж хэлээд уурласан. Би Э- гэх эрэгтэйг гаръя гэж хэлээд гарнаас татаад Б- урд гараад гарнаас нь татаад бид хоёр ресторанаас нь чирж гаргаад уг эрэгтэйн нүүрэн тус газар нь би гараараа 3 удаа цохисон. Тэгээд машин руугаа явсан. Манай найз М хүрч ирээд намайг машин руугаа авч явсан. Э- ресторан руу орохоор нь найз Б-, М-н хамт дахин ороход Э- текнийхээ ард маргааш учраа олно гэж хэлэхээр нь бид гурав гараад явсан. Тэгээд дахиж тухайн газар руу ороогүй.  Би Э-д 480.000 төгрөг өгсөн, дахин мөнгө өгнө, буруугаа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 109 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102, 114 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг үзүүлж таниулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” гэх зоогийн газарт хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- “…Би Д.Э-г мөргөж, унагаад дэвсээгүй, машин барьж явсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би түүний хувцаснаас нь татсан нь үнэн, харин цохиж, зодоогүй. Камерын бичлэгт ч хохирогчийг зодсон зүйл байхгүй. Олон хүмүүс бужигнаад хувцаснаас нь татсан үйлдэл гаргасан” гэж мэдүүлэв.

 

 

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын шинжлэн судлаад шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар 2023 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” зоогийн газарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

 

Учир нь: Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар “**” нэртэй зоогийн газарт Д.Т-гийн тухайн зоогийн газарт ажилласан хугацааны цалинг авах гэж очсон бөгөөд улмаар хохирогч Д.Э-г цалин өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн ба тэд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ болсон үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э- ...Т- “цалингаа авъя” гэж хэлэхээр нь “би цалин боддог хүн биш, захирал Т.Б-д хэлье, маргааш эрүүл үедээ ирээрэй” гэж хэлэхэд цуг явсан танихгүй залуу “чи яасан овоо юм бэ, хүний цалинг өгдөггүй” гэж хэлээд миний ам руу мөргөсөн, дараа нь Т- намайг баруун гараараа зүүн хацар руу цохиход би газарт унаад нүүрээ дараад байж байхад М, Т- нарын цуг явсан танихгүй 2 залуу дээрээс дэвсээд өшиглөсөн. Энэ үед зааланд сууж байсан залуус намайг салгасан. Дахиж миний хувцаснаас татаад шатны уруу руу чирч байхдаа өшиглөсөн. Мөн гадаа гаргаад өшиглөөд байсан, хэн цохисныг тухайн үедээ мэдэхгүй байсан, сүүлд камер шүүж үзэхэд Т- өшиглөсөн байсан... гэж /хх-ийн 27-28, 30/, гэрч Г.М ... “**” нэртэй зоогийн газар руу найз Т-, Б- нар цалингаа авна гээд орсон. М араас нь орсон. Би машинаа зогсоол руу тавьж байхад М гарч ирээд дотор зодолдож байна гэж хэлэхээр нь би салгах гээд орох гэсэн чинь өөдөөс Б-, Т- хоёр Э- ахыг чирээд гарч ирсэн. Би Б-, Т- хоёрыг салгаад зодоон зогссон. Тэгээд би Б-, Т- хоёрыг салгаад аваад явсан...” гэж /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, гэрч А.М “...араас нь орсон чинь Т-, Б- хоёр Э- ахтай маргалдаад ресторан дотор зодолдох гээд байхаар нь М  руу очоод дотор зодолдоод байна гэж хэлсэн. М яваад би цааш машин руугаа ганцаараа явсан...” гэж /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ мэдүүлж байх ба Шүүх шинжилгээний Ерөнхий  газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12945 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий  газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт үзэж таниулсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээр шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар хохирогч Д.Э-ыг цалин өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан тохиролцохгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна.

 

Өөрөөр хэлбэл бүлэглэн гүйцэтгэх нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгох бөгөөд харин цаашид өөр гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байдаг.

 

Иймд шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Д.Э-ы “...Би хохиролд 480.000 төгрөг авсан, цаашид баримтаар хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 27-30 дахь тал/ авагдсан байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-, Б.Б- нараас нэхэмжлэх эрхтэй болно.  

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

 

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 58 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Д.Э-ы сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцож шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Э-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Г овогт Д-н Т-, О овогт -н Б- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай. 

 

4. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Т-гээс 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Э-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-, Б.Б- нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг дискийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Д.Т-, Б.Б- нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ