Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/294

 

 

 

 

 

 

 

    2024          04         15                                      2024/ШЦТ/294

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв хөтлөн,

улсын яллагч З.Наранчимэг,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б Э-од холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр * хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн ашиглалт, засварчин   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ны Э- /регистрийн дугаар: ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хогийн шүүрний үзүүр хэсгээр гуя болон гар хэсэг рүү нь удаа дараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би тухайн өдөр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд жаахан байж байгаад гэртээ ороход эхнэр ажилдаа яваагүй байсан. Би эхнэрийгээ яагаад уурлаад байгаа юм гэж хэлээд өмсөж байсан оймсоороо ороолгосон. Гэтэл шивэртэй оймсоороо цохилоо, миний нүдэн дээр гэр орон цэвэрлэ гэж хэрүүл хийсэн. Ер нь байнга хэрүүлтэй байсан. Эхлээд над руу сууж байсан сандлаа шидсэн, өөрөө мэдүүлэгтээ энэ талаар хэлээгүй байна. Манай эхнэр сандал шидэхээр нь би оймсоороо зөрүүлээд нүүр рүү нь ороолгосон. Гэтэл над руу хогийн шүүр бариад дайрсан, би өөрийгөө сандал бариад хамгаалж байсан чинь ирээд шууд цохисон. Тэгээд гар болон гуя руу цохисон, гар зүсэгдсэн. Цус гарахаар нь шүүрээ булааж аваад яагаад цохиж байгаа юм, өөрийг чинь цохиод байвал ямар байна гэж хэлээд харилцан зодоон болсон...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр Э- хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд яваад ирэхгүй хэсэг алга болчихоор нь би нөхрийнхөө утас руу залгаад “хаашаа алга болчихов хурдан ир, би ажилдаа явмаар байна” гэж ярьсан чинь “би цагдаа хүлээж байна, машин явдаггүй өдөр гээд цагдаа зогсоочихсон байна” гэж ярьсан. Тэгээд 2 цагийн дараа манай нөхөр гэртээ орж ирээд оймсоо тайлж байснаа яах гээд уурлаад байгаа юм бэ” гэж хэлээд оймсоороо нүүр рүү хэд хэдэн удаа ороолгоод байсан. Тэгээд оймсоо над руу шидэхээр нь зөрүүлээд шидсэн чинь дахиад намайг оймсоороо давтамжтай олон удаа ороолгоод байхаар нь маргалдаж байгаад би хогийн шүүрний үстэй хэсгээр нь нөхрийгөө цохисон чинь манай нөхөр урдаа сандал барьсан байсан учраас цохиулаагүй, зүүн гарны ар хэсэг нь шүүрэнд цохигдоод шалбарсан. Гэтэл манай нөхөр бүр уурлаад надаас хогийн шүүр булааж аваад намайг зөрүүлээд гуя руу цохисон, хогийн шүүр хугарчихсан. Тэгээд хугарсан шүүрний ишээрээ хоёр гар руу зогсоо зайгүй цохиод байсан. Би орилоод “хүүе болиоч” гэж зөндөө хэлсэн боловч болихгүй цохиод байсан. Би зугтааж өөр өрөөнд орж байгаад цагдаад хандсан. Удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан...

Би нөхөртэйгөө 2016 оноос хойш амьдарч байгаа ба дундаасаа нэг хүүхэдтэй. Манай нөхөр намайг 2022 оны 9 дүгээр сард зодож байсан. Тэрнээс хойш ойр ойрхон намайг цохиж зодож байгаа. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн *** дугаартай “...Б.Б-н биед хоёр бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Шүүгдэгч Д.Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..Манай эхнэр Б ер нь нилээн ааштай, байнга хэрүүл хийгээд байдаг болохоор би ер нь гэртээ байх дургүй байдаг болчихсон юм. Би тэр өдөр өглөө босоод 09 цаг 40 минутын үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд явж байтал манай эхнэр Б миний утас руу залгаад “хаашаа явчихдаг юм, хурдан гэртээ ирээч” гэж хэлэхээр нь би гэрийнхээ гадаа очоод гэртээ ормооргүй санагдаад машиндаа хэсэг сууж байгаад эхнэрийг дахиад залгахаар нь гэрлүүгээ орсон. Гэтэл манай эхнэр “хаашаа явчихдаг юм, би ажил руу явмаар байна” гээд над руу уурлаж эхэлсэн.  Би эхнэрийгээ ажил руу явахыг нь хориглоогүй. Намайг гэртээ орсон чинь намайг харж байхад гэрээ цэвэрлэ гээд загнаад байсан, өөрөө нойлын өрөөнд хумсаа аваад сууж байсан. Тэгэхээр нь би “чи яагаад уурлаад байгаа юм” гэж хэлээд тайлж байсан оймсоороо тоглоом шоглоом болгоод нүүрнийх нь урдуур эргэлдүүлсэн чинь эхнэр шивэртэй оймсоо ам руу хийхнээ гээд уурлаад өөрийнхөө сууж байсан хуванцар  ногоон сандлаа над руу шидээд намайг оночихоор нь би уурлаад барьж байсан оймсоороо нүүр рүү нь ороолгочихсон. Гэтэл манай эхнэр хогийн шүүр бариад намайг цохих гэж дайрахаар нь сандлаар биеэ хамгаалсан. Сандлын хажуугаар миний зүүн гар болон зүүн гуя руу хавсраад цохисон. Тэр үед хогийн шүүр хугараад миний зүүн гарны сарвууны арын хэсгийг шүүрний хагархай зүсээд гэмтээчихсэн. Би шүүрийг нь булааж аваад буцаагаад эхнэрийн гуя руу цохисон. Бид хоёр хоорондоо хэрэлдээд манай аав, ээжийг янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь уурлаад “чамайг ингээд цохиод байвал ямар байна” гээд гар руу нь шүүрээ эргүүлж байгаад бариул хэсгээр нь дахиад цохисон. Тэгээд манай эхнэр намайг үсдээд маажаад бид хоёр хоорондоо зодолдоод гар руу нь хэд хэдэн удаа цохисон.  Гэтэл манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүдэгч Б.Э- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн хохирогч Б.Б-н эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- “...харилцан зодоон болсон, би өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд түүний энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.Б-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 56 дахь тал/ гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт,

 

шүүгдэгч:  “...Би ажилд орох гэж байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Э-ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Гурав: Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-од жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэргийн улмаас Б.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Т овогт Б-н Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Э-од өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Э- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ