Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0067

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Н.Тунгалагтамир нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Булгад овгийн Намсрайн Тунгалагтамирт холбогдох 201714000163 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.Булгад овгийн Намсрайн Тунгалагтамир, Монгол Улсын иргэн,1970 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-8-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй / РД:ФБ70062386/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Н.Тунгалантамир нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн арын гудамжинд зүс таньдаг Н.Бадамыг өөрийн нөхөр Содгэрэлтэй хардсаны улмаас түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд: 1.Хохирогч Н.Бадамын “2016 оны 11 сарын 02-ны өдрийн орой 20 цагийн үед залгаж ярих гэтэл түүний эхнэр Тунгалагтамир Содгэрэлийн утсыг авч надтай ярьж намайг бас л буруугаар ойлгож бас л хардаж намайг хэл амаар доромжилж тэр өдрөө миний гэрт ирж хаалга үүд нүдэж амар тайван байдал алдагдуулаад байхаар нь би гэрээсээ гарч түүнтэй уулзаж учир шалтгаанаа хэлэх гэтэл миний үгийг огт тоохгүй намайг бас саяны үйл явдал шиг цохиж зодож танхайрсан. Тэгээд би тухайнд үедээ цагдаагийн байгууллагад хандах гэж байсан боловч надад гадаад руу ажил гарч би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 03 сарын 08-ны өдөр 12 цагийн орчим Тунгалагтамир нь гэнэт миний ажил дээр орж ирээд намайг бас өөрийн нөхөр Содгэрэлтэй хардаж олон хүмүүсийн хажууд хэл амаар доромжилж миний гар утсыг булаан авч улмаар намайг зодож миний бие эрүүл мэндэд хохирол учруулсан болохоор би яах аргагүй цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний хувьд түүний нөхөр Содгэрэлтэй ямар нэгэн эр эмийн дотно харилцаа үүсч байгаагүй, зүгээр энгийн найзуудын харилцаа, холбоотой л байсан өөр ямар нэгэн асуудал үүсч байгаагүй. “Ямар нэгэн багаж зэвсэг ашиглаагүй, зүгээр гараараа миний толгой руу 4-5 удаа цээж болон гар руу гурван удаа цохиж авсан. Хамгийн сүүлд намайг үсдэж газар унагааж байгаад нэг удаа миний уруул руу өшиглөсөн. Тухайн үед 2017 оны 03 сарын 08-ны өдөр зодуулсныхаа дараа нь миний толгой, мөр, гар цээжин бие маань маш их өвдөж хөндүүрлэж байсан. Тэгээд би өөрийн бие эрүүл мэндээ хувийн эмнэлэгт шинжилгээ өгч үзүүлж харуулахад миний бие эрүүл мэндэд онц ноцтой гэмтэл бэртэл учраагүй байна гэсэн болохоор миний санаа амарч тайвширсан. Харин одоо бол миний биед ямар нэгэн өвчтэй зүйл байхгүй байна. Өвчин нь арилсан. Тунгалагтамир нь надаас чин сэтгэлээсээ уучлалт хүссэн. Би энэ уучлалт хүсэлтийг хүлээн авсан учраас Тунгалагтамирт ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр учраа олж хоорондоо эвлэрсэн. Дахин надтай Содгэрэлийг ярьж маргаж байхгүй гэдгээ өөрөө надад амалсан болохоор би эмэгтэй хүний хувьд хүүхдийг нь бодсондоо эвлэрч байна” гэсэн мэдүүлэг.  

 

2. Шүүхийн шинжилгээний албаны 254 дугаартай дүгнэлтэд: Н.Бадамын биед тархи доргилт, дээд уруул, дээд эрүү, цээж, доод эрүүнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, дух хамрын самсаан доор, дээд эрүүнд 3 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхны болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

 

3. Шүүгдэгч Н.Тунгалагтамир хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 03 сарын 08-ны өдөр үйлчилгээний төвийн нэг давхараас бараа эд зүйл худалдан авчихаад гарч явах үед тэр дэлгүүрийн гадна машины зогсоол дээр Бадам гэгч эмэгтэйн машин зогсож байхаар нь би Бадамыг ажил дээрээ ирсэн байна гэж бодоод түүний ажил руу орж хартал Бадам лангууныхаа ард сууж байхаар нь би ойртоод суух гэтэл түүний лангуун дээр гар утас нь байхаар нь би авч чамтай уулзмаар байна чи гарч ирээд надаас гар утсаа аваарай гэж хэлээд гартал удалгүй миний араас Бадам гэгч эмэгтэй гарч ирээд надаас утсаа авах гэж миний гар болон хувцаснаас татаж чангаагаад би эргэж хараад гараараа Бадамыг түлхэх гэсэн чинь Бадамын нүүрэн тус газарт нь цохиж надад цохиулсан Бадам нь тэр доороо газар шууд унаж газраас босохгүй суугаад байхаар нь би гараас нь татаж үйлчилгээний төвийн ар талын хүнгүй газар авч ирэж байгаад Бадамд “Чи миний гэр бүлийг үймүүлж миний амьдралаар тоглосон, янхан гичий би чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлж хэл амаар доромжилж хэлсэн нь үнэн. Дараа нь өөрийн уур хилэнгээ барьж дийлэлгүй Бадамын нүүр рүү нэг удаа алгадаж аваад үснээс нь зулгааж нүүр рүү нь хоёроос гурван удаа гараараа цохиж авсан. Дараа нь хөлөөрөө хоёр удаа цээжин тус газарт нь өшиглөсөн. Энэ үед Бадамын хамраас цус гарсан байсан болохоор би дахин Бадамын биед гар хүрээгүй тэгээд хэсэг Бадамтай хэрүүл хийж байгаад Бадамаас салж яваад гэртээ харьсан. Хэрүүл маргаан хийж байсан нь үнэн. Гэхдээ зодож цохиж байгаагүй, хэсэг маргаж байгаад хоорондоо эвлрээд учраа олж байсан. Мөн Бадамын биед учирсан эрүүл мэндийн зардал мөнгийг би өөрийн биеэр хариуцаж анхаарал тавих болно. Мөн дахин ямар нэгэн байдлаар Бадамыг хардаж хэрүүл маргаан гаргаж байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч Н.Бадам нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “Н.Тунгалагтамирт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Н.Бадам миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэжээ.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Тунгалантамир нь 2017 оны 03 сарын 08-ны өдөр Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн арын гудамжинд зүс таньдаг Н.Бадамыг өөрийн нөхөр Содгэрэлтэй хардсаны улмаас түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Бадамын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Тунгалагтамир нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэстэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.