Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         24                                      2024/ШЦТ/322

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.М-,

хохирогч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-ний өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ** аймгийн *** сумын ** дугаар багийн ** гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн *** гудамжны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-н М- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М- 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” бааранд хохирогч Н.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ын өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Т-ийн өгсөн “...Шүүх хуралдаан болохоос өмнө над руу холбогдох боломжтой байхад надтай холбогдоогүйд гомдолтой байна. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би захиалгаа авчихаад гэдэс өвдөхөөр нь бие засах гээд шатны уруу гүйж байсан. Тухайн үед ариун цэврийн өрөөний хаалга хаалттай байсан. Хаалга онгойлгосон чинь Б.М- зогсож байсан. Тэгээд би уучлаарай, зөөгч байна хэлээд яг гарах гэсэн чинь араас дуудаад барилцаж аваад хана руу түлхээд намайг чирээд гараад ир гэж хэлэхээр нь би яахаараа гардаг юм гэж хэлэхэд зүгээр гараад ир гээд намайг зодсон. Тэгээд би дээшээ гараад хамгаалалтын ажилтныг дуудсан. Би 4 шүд хийлгэх 12.000.000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 3.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч надад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, 

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Т-ийн хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах “*” бааранд ажиллаж байсан. 03 цаг 30 минутын орчимд ариун цэврийн өрөөнөөс гараад шатаар баар руу орж байх үед хаалганы ард үл таних эрэгтэй зогсож байсан бөгөөд би хажуугаар нь ойрхон гарах үед намайг яагаад байгаа гөлөг вэ гэж хэлэхээр нь би уучлаарай, би зөөгч нь байна гэж хэлээд дээш гарсан. Гэтэл араас ирээд чи яагаад байгаа гөлөг вэ гэж хэлээд бариад авахаар нь хамгаалагч ирэх байх гээд зугтаж байхад барьж аваад чирж унагаагаад нүүр хэсэг рүү өшиглөөд, гараараа нуруу хэсэгт 2, 3 удаа, нүүр хэсэгт 2, 3 удаа цохисон. Тэгээд намайг хаяад гараад явсан. Би нойлын өрөө орж нүүр амаа угаахад цус гарч байсан. Хамгаалагч нар тухайн хүнийг бариад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний үүдэн шүд унаж, 1 шүд хугарсан. Уруул хэсэг бүхэлдээ хавдсан. ...Би эмчээс шүд хийх талаар асуухад 400.000 төгрөг болно гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг зарцуулсан. М- надад 100.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н гэрчээр өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “*” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Шөнийн 02 цагийн орчимд манай бааранд үйлчлүүлж байсан М- гэх залуу найз охин нь гэх нэг эмэгтэй, бас нэг эмэгтэйтэй гурвуулаа орж ирээд 3 цаг суусан байх, тэр гурав баарнаас гарахад М- нойлын өрөөнд орж үлдсэн. Харин эмэгтэй нь хамт явсан залуустайгаа хамт түрүүлээд баарнаас гарсан. Манай үйлчлэгч М надад Т- доор хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би доош буухад өмнөөс Т- гарч ирээд би хүнд зодуулчихлаа, миний шүдийг хугалчихлаа, та тэр залууг байлгаж байгаарай, би цагдаа дуудах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Ууганбаярын гэрчээр өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Бугт-15 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 02 цагийн орчим цагдаагийн жижүүр Бугт-10-аас Баянгол дүүргийн *** дүгээр хороо “*” бааранд хүн зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход баарны зөөгч Т- гэх залууг М- гэх залуу зодож, Т-ийн үүдэн шүдийг цохиж унагаасан байсан. Намайг очиход М- гэх залуу баарны гадаа хамт яваа ах нь гэх залуу, бас баарны хамгаалагч гадаа зогсож байсан. Би хамтрагч цагдаа П-н хамт М-ыг авч явах гэж машинд суу гэхэд М- тавьсан шаардлагыг эсэргүүцэж, дийлдэхгүй байсан тул гав хэрэглэж М-ын гарыг нь ард нь гавлаж авч явж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ны гэрчээр өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” бааранд танил М-ттай хамт орсон. Бид хоёр бааранд 2, 2 пиво уусан. Би танил М-ыг гэрт хүргээд өг гэж дуудахад М- 23 цагийн үед найз хүүхэн гэх Ж-н хамт ирсэн. Бид нар бааранд нэг, нэг пиво уугаад дараа нь 1 шил архи авч уусан. М бид нараас түрүүлээд гараад явсан. Харин М-, Ж бид 3 баарнаас хамт гарсан. М- гадаа гарснаа ариун цэврийн өрөө орно гээд баар руу буцаад орсон. М- бааранд ороод 15 минутын дараа гарч ирээд би хүн зодчихлоо гэж хэлсэн. Араас нь нэг жижиг биетэй залуу зодуулсан гээд гарч ирсэн. Тэр залуугийн нүүр ам нь цус болсон байсан ба баарны хамгаалагч бас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Н.Т-ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, баруун дээд 1-р шүдний булгарал, уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүдний булгарал, уналт, хугарал гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

           Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагийн үед найз эмэгтэй Ж-н хамт Баянгол дүүргийн “*” бааранд очсон. Манай найз Б намайг тэр бааранд хүрээд ир гэж дуудсан юм. Би бааранд очиход Б, М гэх найзтайгаа хамт байсан. Бид гурав нэг шил архи, нэг нэг пиво авч уусан. Харин М гэх залуу бид нараас  түрүүлээд гараад явсан. Шөнө 02 цагийн үед баарнаас гарахад Ж-н утас нь дуугарахаар нь аваад ярихад аав нь нас барсан гэж байсан. Би нойл орох гээд буцаад баар руу орсон. Ж, Б хоёр гадаа үлдсэн. Би баар руу орж нойл орчихоод буцаад гарах гээд үүдэнд нь зогсож байсан, гэтэл баарны зөөгч залуу Т- хаалгаар орж ирэхдээ намайг цохихоор нь би тэр залууг чи яаж байгаа юм гээд хэрүүл маргаан хийгээд бид хоёр зодолдсон. Би тэр залууг барьж аваад газар унагаагаад нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж шүдийг нь хугалсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М- 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” бааранд хохирогч Н.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.М- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.М- хохирогч Н.Т-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Н.Т-ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Хохирогч Н.Т- шүүхийн хэлэцүүлэгт 4 шүд суулгахад 12.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 3.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Б.М-аас 5.280.000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Т-өд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Т- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.М-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ