Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         24                                      2024/ШЦТ/323

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр * аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**” шөнийн цэнгээний газарт хамгаалагч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх  дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг гэх, урьд ** аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын **-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын **-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны ***дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ц овогт Б-ийн А- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А- 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-гийн “...Тухайн өдөр миний ажилладаг харуул хамгаалалтын газраас “К” бааранд ажилла гэж хэлэхээр нь “К” бааранд гарсан ба талбай тойроод явж байсан чинь хохирогч гэх хүн нэг хүнтэй маргалдаж байсан. Би тэднийг очиж салгасан чинь миний шанаа руу цохисон. Би хохирогчийг цаад талын өрөө рүү оруулаад яагаад хүнтэй маргалдаад байгаа талаар асуухад чи юу юм гээд миний өөдөөс өшиглөөд байсан. Би уурандаа гурван удаа цохиод гарсан ба маргалдсан хүнийг нь олж ирэх гээд  хайтал олдоогүй тул буцаад ортол хохирогч цусандаа холилдчихсон байхаар нь сууж байсан өрөөнд нь оруулж өгсөн. Маргааш өглөө нь хохирогч ирж надтай уулзсан. Камерийн бичлэг үзэж байхдаа чамайг түрүүлж цохисон нь миний буруу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг4 болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ж-н хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” баарны караокед ганцаараа ороод 1 литрийн хэмжээтэй виски авч уугаад бага зэрэг согтсон. Гэтэл тухайн баарны хамгаалагч ажилтан намайг бусадтай хэрүүл маргаан хийлээ гээд байсан. Би тухайн үед үл таних залуутай маргалдаад гар бариад салцгаасан ба зодоон болоогүй байсан гэтэл хамгаалагч Б.А- намайг баарныхаа камергүй хэсэг газарт чирч оруулж, миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохисон. Миний ухаан балартаад ухаан алдаж унасан. Миний нүүр битүү цус болсон ба би тухайн зодуулсан гэх өрөөндөө сэрсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Ц-н гэрчээр өгсөн: “...Би тухайн үед ажлаа хийгээд байж байсан. Бүжгийн талбайд нэг үл таних 25-30 насны эрэгтэй маргаан хийгээд байна гээд А- зохицуулахаар явсан. А- удаад байхаар нь очоод хартал нэг үл таних залууг толгойгоор нь бугуйдаад цааш хуучин караоке байсан өрөө рүү орж байсан. Би үүдэнд хэсэг зогсож байгаад А-гийн араас тухайн өрөө рүү очиход А-гийн бугуйлдаад орж байсан залуугийн хамраас нь цус гарчихсан газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Б.Ж-н биед эрүү ясны зүүн буланд хугарал, баруун нүдний дотор, доод ханын хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, 2 хацар, эрүү, хамрын баруун хэсэг, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн хүнийг бүжгийн талбай дээр хүнтэй маргалдах үед салгатал намайг цохиж, хэл амаар доромжилсон. Тэгээд би уурандаа зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А- 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” гэх шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.А- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.Ж-г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Ж-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.Ж-н “...Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баримт /хх-ийн 92 дахь тал/, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “...би хохирол төлбөрт нийт 800.000 төгрөг хүлээн авсан, хэрэгт авагдсан баримтуутаар тогтоогдсон хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх шүүгчийн туслахын тэмдэглэл /хх-ийн 106 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-н А- “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.А- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ