Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/332

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         29                                      2024/ШЦТ/332

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,  

шүүгдэгч Г.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр * аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио холбооны инженер мэргэжилтэй, “* **” ХХК-ийн нярав ажилтай,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-н О- /РД:***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.О- 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би тухайн гэмт хэргийг үйлдэхдээ уур бухимдлаас болж хохирогчийг заамдаж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж унагаасан. Тухайн залуу босож ирэхдээ газраас нэг зүйл авах шиг болсон ба надаас нуугаад байхаар нь би нэг удаа боосон. Учир нь би газраас авсан зүйлээрээ намайг цохиж магадгүй гэж бодсон юм. Баримтаар хохирол нэхэмжилвэл төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

            Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” сүлжээ дэлгүүрийн гадна туслах замд өөрийн *** улсын дугаартай “Ниссан Эдван” маркийн машинтай хөдөлгөөнд оролцож байх үед *** улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн машин миний талын хөдөлгөөний урсгалыг хаагаад зогсож байсан. Би хажуугаар нь машинтайгаа гарах үед тухайн машины жолоочид нь “эгнээ чөлөөлж, машинаа зогсоож, соёлтой бай” гэж хэлсэн. Гэтэл тэр жолооч “албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид чи ямар олон юм ярьдаг юм” гэж хэлээд над руу дунд хуруугаа гаргасан. Би уг жолооч руу адилхан дунд хуруугаа гаргасан. Гэтэл тэр жолооч машинаасаа бууж ирээд газраас тоосго аваад миний машины ар тал руу шидсэн. Тоосго нь миний машиныг оноогүй. Би машинаа зогсоож байгаад тэр жолоочид “тоосго шиддэг чи юу вэ” гэж хэлээд очтол миний нүүр рүү толгойгоороо 1 удаа мөргөхөд би газар унасан. Намайг босоод иртэл миний ар талаас гараараа боосон. Энэ үедээ миний нуруу хэсэг рүү нэг хөлөөрөө өвдөглөөд байсан. Манай эхнэр Э хамт явж байсан тул намайг зодуулж байхыг хараад машинаас бууж ирээд тэр эрэгтэйг болиулсан. Гэтэл намайг зодсон гэх хүн машин руугаа гүйгээд явсан. Миний дээд үүдэн шүд хугарсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дахь тал/,

 

          Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр нөхөр Б-н хамт 1 дүгээр хорооллоос гараад Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр буюу *** дугаар хорооллын голын замд явж байтал нэг машин зам таглаад зогсчихсон байсан. Манай нөхөр хажуугаар нь зөрөхдөө тухайн машины жолоочид хандаж машинаа аятайхан тавиач гэхэд тухайн машины жолооч бололтой 35-40 орчим насны залуу цонхоороо манай нөхөр рүү салаавч гаргаад маргаан эхэлсэн. Манай нөхөр тухайн жолооч 2 машин дотроосоо хэрэлдээд байсан. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн зам хааж тавьсан машины зургийг дарахад тухайн хүн уурласан. Манай нөхөр машиндаа суугаад цааш явтал уг машины жолооч машинаасаа бууж ирээд газраас тоосго аваад манай машин руу шидэхэд манай машины хойд гупер хэсгийг оносон. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн залуутай очиж маргалдах шиг болсон бөгөөд энэ хугацаанд би бага насны хүүхдээ хажуудаа суулгаад бүсээ тайлаад очтол манай нөхөр газарт, уг залуу манай нөхрийн хоолойноос боосон байдалтай манай нөхрийн хамраас нь цус гарсан байсан. Би очоод залууг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

          Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн нөхөр О-н хамт гэрээсээ 2 дугаар эмнэлэг рүү чиглэлтэй явж байсан. Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу *** дугаар хорооллын голын замд түр зогсолт хийсэн. Манай нөхөр ээжийгээ машинд суулгах гэхэд үл таних залуу манай нөхөртэй маргалдаад байсан. Удалгүй манай нөхөр машинаасаа буугаад тухайн залууг толгойгоороо мөргөж байгаа харагдсан. Тухайн үйл явдал нь машинаас цааш 200-300 метрийн зайд болсон. Би эмнэлгийн шалтгаантай байсан тул уг маргааныг таслан зогсоогоогүй. Намайг машинаасаа буух үед тухайн залуу манай нөхрөөс салаад манай нөхөр нааш машинаа чиглээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...М.Б-н биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

 Шүүгдэгчийн увийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 43 дахь тал/,                               

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх  тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт хохирогч М.Б-н “...гомдол, санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54, 56 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.О- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н О-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ