Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          04         29                                      2024/ШЦТ/333

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,  

шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Х аймгийн Баянмөнх суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, ***  гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Ц-н З /РД:***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.З 2023 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.З- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Би найз У, У, П.Х, Д.Х нарын хамт баар орсон. Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Шнэртэй хоолны газарт орж юм идчихээд гараад таксинд суух гэж байхдаа хохирогч М-тай муудалцаж, М намайг үсдээд машин руу чихсэн. Машинд байхад Урангоо, Ундрал нар ирээд салгасан. Босоод байж байтал М гар утсаар яриад цааш явчихсан. Би араас нь гүйж очоод үснээс нь зулгаагаад хамт газар унасан. Би үсдээд нүүр, хамар хэсэг рүү нь нилээн хэдэн удаа гараараа цохиход хэдэн талаас хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

 

            Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Свэй” баарны гадаа ганцаараа гар утсаар яриад зогсож байсан. Гэнэт танихгүй 5 эмэгтэй над руу чиглээд гүйсэн. Хар өнгийн малгай өмссөн, ногоон өнгийн бомбор /хүрэм/ өмссөн, доогуураа цагаан өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй 20 орчим настай эрэгтэй над руу гүйж ирээд цээж рүү гараараа цохиод түлхэж унагаасан. Намайг газар цемент дээр унасан байхад над руу гүйж ирж байсан 5 охин бүгдээрээ нүүр, хамарны хэсэг, нуруу руу өшиглөсөн. Цемент дээр миний үснээс чирж гулдчаад хэдэн талаас цохиж өшиглөсөн. Би газар унасан, тэр охидууд олуулаа байсан тул хэн нь хаашаа цохисон гэдгийг харж чадаагүй, гэхдээ миний зодуулсан, газар чирүүлсэн зэрэг бүгд камерийн бичлэгт бичигдсэн байгаа. Зодуулсныхаа дараа хамарнаас их хэмжээний цус гарсан. Нуруу давсгаар хатгуулж  өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

         “Мэд Траума” эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 45 дахь хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.М-н биед тархи доргилт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун чих, эрүү, тохой, цээж, баруун өгзөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шинжээч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М-н биед учирсан гэмтлүүдэд тархи доргилт хамарт цус хуралт, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун чих, эрүү, баруун тохой, цээж, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 82-85 дахь тал/,

 

 Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Б.М-тай уулзахаар ирсэн. Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах хоолны газар руу хоол идэхээр ороод хоолны амт муу болохоор нь хоолоо идэхгүй, гаръя гээд 2023 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг өнгөрч байхад гараад таксинд суух гээд явж байхад замд үл таних 5 охинтой найз Б.М мөргөлдөөд тэрнээс болоод маргалдаж эхэлсэн. М таксины хажууд үл таних охинтой барьцалдаж авсан. М гар утсаараа нөхрөө дуудах гээд цааш алхаад явсан. Гэтэл араас нь нөгөө охид гүйж очоод ноосон малгайтай охин нь түлхэж унагаагаад зодсон. М-г хэн нь яаж цохисныг мэдэхгүй байна. М-г зодуулж байхад би наана нь таксины хажууд хараад зогсож байсан. М-г зодуулж байхад хажууд нь байсан эрэгтэй хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

 

Гэрч П.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр З-ын төрсөн өдөр болоод Ш хоолны газраас таксинд суух гээд бөөнөөрөө гарсан. Би цүнхээ мартчихаад буцаж ороод цүнхээ аваад гараад ирэхэд З- танихгүй эмэгтэй хүмүүсийн хамт байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

 

Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр найз З-ын төрсөн өдөр болоод баар орсон ба баарнаас гараад Ш хоолны газар руу орсон. Тэгээд хоолны газраас таксинд суух гээд бөөнөөрөө гарсан. Гэтэл З- танихгүй эмэгтэйд зодуулж байсан, бид нар бөөндөө салгасан. Би тухайн үед жирэмсэн байсан тул ойртоогүй, алсаас хараад зогсож байсан. З- нь зодуулж байсан эмэгтэй рүүгээ гүйж очоод түлхэж унагаасан. Тэгээд баахан хүмүүс салгах гээд очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэхтал/,

 

 Шүүгдэгч  Ц.З-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 146 дахь тал/,                            

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142 дахь дэх  тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.З- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.М-н “...гомдол, санал байхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 163 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ц.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.З- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-н З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ц.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.З- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ