Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/00808

 

 

     2021 оны 03 сарын 31 өдөр

    Дугаар 183/ШШ2021/00808

     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А хууль ёсны төлөөлөгч Бэсүүд овогтой, Э.У нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б холбогдох,

 

Хариуцагч: Ц.Б холбогдох,

 

Хариуцагч: Б.Б холбогдох,

 

            Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, түүний өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.У би Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр Б.Б гэрлэлтээ цуцлуулж, охин Б.А өөрийн асрамжид авсан. Гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэх үед Б.Б нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/ ХД-84 дүгээр байр, 7 тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөлөөс татгалзвал охин Б.Ариундэлгэрийг миний асрамжид үлдээнэ гэсэн тул аргагүйн эрхэнд би уг орон сууцны хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан юм. Одоо уг орон сууц нь Б.А, Б.Б, Б.Б нарын өмчлөлд байдаг. Б.Б нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эцэг Б.Б итгэмжлэл хийлгэн, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Б орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхдээ охин Б.А хууль ёсны асран хамгаалагч эх Э.У надаас зөвшөөрөл аваагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/ дугаар шийдвэрээр уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон юм. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд Ц.Б, Ц.Б нар хууль бусаар уг орон сууцанд амьдарч байх тул уг орон сууцыг чөлөөлж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц.Б, Б.Б нар уг орон сууцанд амьдраагүй болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул Ц.Б, Б.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/ ХД-84 дүгээр байр, 7 тоот орон сууцанд амьдардаггүй бөгөөд тэрээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Хүрэнбулаг 11 дүгээр хороолол, 5 дугаар байр, 01 тоотод оршин суудаг. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь 3 хүний өмчлөлд байдаг бөгөөд охин Б.А асран хамгаалагч дангаар орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б, хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, “Шинэ төрх” цогцолбор, Үйлдвэр-2 /17401/ ХД-84 дүгээр байр, 7 тоот 3 өрөө орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу худалдан авч, орон сууцны үнэд 55.000.000 төгрөгийг төлсөн. Тухайн үед Б.Б болон Б.А, Э.У нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг маргаан гараагүй байсан бөгөөд Ц.Б нь худалдан авагчийн хувьд төлбөрийг бүрэн төлж дуусган, орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой байсан билээ. Бидний хувьд урьдчилгаа төлбөрт тодорхой үнийг төлсөн бөгөөд худалдан авагч талаас бус худалдагч талаас шалтгаалан тухайн орон сууцыг манай өмчлөлд шилжүүлэх асуудал саатаад байгаа болно. Хэрэв тухайн орон сууцны талаарх маргаан дууссан тохиолдолд бидний хувьд урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн орон сууцыг өөрсдийн өмчлөлд авах боломжтой болно. Ц.Б хувьд уг орон сууцанд амьдардаггүй бөгөөд Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 2 дугаар гудамж, 45 тоотод оршин суудаг, харин Ц.Б нь гэр бүлийн хамт дээрх орон сууцанд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш амьдарч байгаа. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.А хууль ёсны төлөөлөгч Э.У нь Ц.Б, Ц.Б, Б.Б нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр “...Э.У, Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.А эх Э.У асрамжид үлдээж” шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Б.А эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох асрамжиндаа авсан эх Э.У нь түүнийг шүүхэд төлөөлөн, нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.А хууль ёсны төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд “...хариуцагч Ц.Б, Б.Б нар уг орон сууцанд амьдраагүй болох нь тэдний тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч Ц.Б, Б.Б нараас татгалзаж байна” гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.Б, Ц.Б нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоотод байршилтай, 79.5 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Б, Б.Б, Б.А нар болох нь хавтаст хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ү-22 дүгээр гэрчилгээгээр нотлогдож байх ба уг орон сууцанд хариуцагч Ц.Б 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш оршин сууж байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Хариуцагч Ц.Б “...би уг орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 151.000.000 төгрөгөөр худалдан авахаар Б.А эцэг Б.Б тохиролцож, 55.000.000 төгрөг төлж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцандаа нүүж орсон, одоог хүртэл тэндээ амьдарч байна” гэсэн хариу тайлбар гаргасан хэдий боловч Хан-Уул дүүргийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/ дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 954 дүгээр магадлалаар “...Б.Б, Б.Батбаяр, Б.А, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх тул уг орон сууц нь хариуцагч Ц.Б хууль бус эзэмшилд байна гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 108 дугаар зүйлийн 108.1, 108.2-т “дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Ц.Б хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоот орон сууцыг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ц.Б,  Б.Б нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Шинэ дүр төрх цогцолбор, Үйлдвэр-2 /17041/, ХД-84 дүгээр байр, 7 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 445.121 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамжид 445.121 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД