Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Р.Бямбажав

Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд, Д.Мөнхдэлгэрэх нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чүлтэм овгийн Хуягбаатарын Дэмбэрэлтүмэд, Сартуул овгийн Баатарын Мөнхдэлгэрэх нарт холбогдох эрүүгийн 201714000022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.Чүлтэм овгийн Хуягбаатарын Дэмбэрэлтүмэд, Монгол Улсын иргэн, 1995 оны 12-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 21 настай. эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Ам бүл 7, ээж дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат багийн Манханы 12-27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй. урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП95120713,

 

            2.Сартуул овгийн Баатарын Мөнхдэлгэрэх, Монгол Улсын иргэн, 1994 оны 02 сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж ах нарын хамт Орхон аймаг Баян Өндөр сум Шанд багийн 79-09 тоотод оршин суух, урьд нь Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоног баривчлах, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 02-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамрагдсан. НИ94022011

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1.Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх, Х.Дэмбэрэлтүмэд нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 19-21-ний хооронд Орхон аймаг Баян Өндөр сум Оюут Наран багийн 65-04 тоотод оршин суух иргэн С.Сэдбазарын хашаан дотроос 21 тооны хонь ямаа хулгайлан 1290000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Орхон аймаг Баян Өндөр сум Даваат баг Ундрагын 22-12 тоотод иргэн Х.Цээлэйгийн хашаан дотроос 3 тооны хонь хулгайлан 390000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. С.Сэдбазарын “2016 оны 12-р сарын 22-23-нд шилжих шөнө хашаан дотроосоо 20 тооны хонь, 3 тооны эм ямаа алдсан учир цагдаад хандсан юм. Би 2016 оны 12-р сарын 22-ны өдөр малаа тоолоод гэрийнхээ хашаандаа оруулсан юм. 2016 оны 12-р сарын 23-ны өглөө 08 цагийн үед гэрийнхээ хашаан дотор байрлах малынхаа хашаанаас хонь, ямаагаа алдсан. Тэгээд цагдаагийн газарт хандсан. Удалгүй малын төлөөлөгч ирээд би тэр төлөөлөгчтэй хамт хашаанаас гарсан мөрөөр нь хөөж явж байгаад өөрийнхөө алдсан хонь ямааг Шанд багийн нутаг дэвсгэрт айлаас хашаанд хашсан байсныг олж авсан юм. Миний алдагдсан хониноос 2 эм хонь дутуу байсан юм. Нийт хониноос 3-н төлөг, 17-нь эм хонь байсан, ямаа нь 3-нь эм ямаа байсан юм. 3-н төлөгөө нэгийг нь 40 000 төгрөгөөр үнэлж байна. 17-н эм хонио тус бүрийг нь 60 000 төгрөгөөр үнэлж байна. 3-н эм ямаагаа тус бүрийг 50 000 төгрөгөөр үнэлж байна.  Би нийт алдсан 20 хонины 18-ыг бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн 3-н эм ямаа алдсанаа бүрэн бүтэн хүлээн авсан. Харин хоёр тооны эм хонио Дэмбэрэлтүмэд, Мөнхдэлгэрэхийн аав Баатар нараас бүрэн бүтнээр хүлээн авсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/

            2. Хохирогч Х.Цээлэйгийн “2016 оны 12-р сарын 20-ны орой хашаанаасаа 3 тооны эм хонио алдсан учир цагдаагийн газарт хандсан юм. Тэгээд манай нөхөр хамт мал малладаг Сайжаа гэх хүний хамтаар уул хадаар хайсан боловч олдоогүй юм. Манай хашаанаас 2016 оны 12-р сарын 19-ний шөнө 3 тооны эм хонь алдагдсан байх гэж бодож байна. Учир нь гэвэл 2016 оны 12-р сарын 19-ний орой нөхөр бид хоёр хонь ямаагаа тоолоод бүрэн гүйцэд хашаандаа оруулан хашсан юм. Би алдсан 3 тооны хонио тус бүрийг 130 000 төгрөгөөр үнэлж байна. Би өнгөрсөн хавар хүнээс 130 000 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Махны чиглэлийн хонь байсан юм. Би өөрийнхөө алдсан гурван тооны хонио үнэлэгдсэн үнэлгээгээр нь 390 000 төгрөгийг манай хонийг хулгай хийсэн Дэмбээ гэх залуу болон хамт хулгай хийсэн залуугийн ааваас хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-20 дугаар хуудас/

            3. “Найдвар од аудит”  ХХК-ний 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “С.Сэдбазарын 23 тооны, хонь 17, ямаа 3,  төлөг 3 зэргийг 1 290 000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ.

            4. “Найдвар од аудит” ХХК-ний 2017 оны 01сарын 04-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Х.Цээлэйгийн 3 тооны хонийг 390 000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ.

5. Гэрч С.Алтанцэцэгийн “Миний санаж байгаагаар 2016 оны 12-р сарын 19-ний өдөр хоёр залуугаас 2 тооны хонь 1 кг 2600 төгрөгөнд бодож нийт 37 кг махыг 96 000 төгрөгөөр авсан юм. 2017 оны 01-р сарын 06-ны өдөр цагдаагийн газраас мэдүүлэг шалгаж яваа гээд нэг залууг дагуулан орж ирсэн тэр залуу надад мах зарсан залуу мөн байсан. Би хямд мах байсан учир худалдан авсан. Тэр хоёр залуу өөрсдийнхеө малын махыг зарж яваа юм байна гэж бодсон юм. Би тэр 2 залуугаас авсан махыг хулгайн мах гэж мэдээгүй, хөдөөнөөс ирсэн хүмүүс мах зарж байгаа юм байна л гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/

           6.Гэрч Э.Одбаярын “Би Дэмбэрэлтүмэд, Мөнхдэлгэрэх нартай найз нөхдийн холбоотой юм. 2016 оны 12- р сарын 20-ны үеэр байх намайг ажил дээр байж байх үед Дэмбэрэлтүмэд залгаад хаана байгаа юм вэ? завтай юм уу гэр хороололд байдаг Оргилуун бааранд хүрээд ир гээд байсан. Тэгээд би 19 цаг өнгөрч байх үед Оргилуун бааранд очтол Дэмбэрэлтүмэд Мөнхдэлгэрэхийн хамтаар сууж байсан. Тэр хоёр нилээн халамцуу байсан. Би тэр хоёртой хамт сууж архи дарс пиво ууж байгаад орой баар хаах үеэр 23 цаг өнгөрч байхад гараад бид гурав шандын 17-р сургууль хүртэл алхаад би тэндээсээ гэртээ харьсан. Тэр хоёр хаашаа явсан талаар мэдэхгүй явлаа гээд л явсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/

           7. Гэрч Д.Наранцэцэгийн “2016 оны 12-р сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд 2 залуугаас 2 тооны гулуузалсан хонины махыг 1 кг-ыг нь 2700 төгрөгөнд бодож 42 кг махыг 113 000 төгрөгөөр авсан. Тэр хоёр залуу манай дэлгүүрээр орж ирдэг залуу байсан. Миний өөрийн мах байгаа юм гэж хэлээд бичиг хийж өгсөн. Би хулгайн мах гэж мэдээгүй. Өөрсдийнхөө малын махыг зарж байгаа гээд байсан юм. Сүүлд цагдаагаас тэр мах зарсан залуутай хамт цагдаа нар орж ирсэн. Манайд мах зарсан залуу мөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-35-р хуудас/

           8. Яллагдагч Х.Дэмбэрэлтүмэдийн “2016 оны 12-р сарын 19-ний шөнө 01 цагийн үед найз Мөнхдэлгэрэх гэх хүний хамтаар зүс таних Сэдбазар гэх айлын хашаанаас 2 тооны хонь хулгайлан аваад Мөнхдэлгэрэхийн хашаан дотор шөнөдөө нядлан улмаар махыг нь маргааш өглөө нь 2016 оны 12-р сарын 20-ны өдөр Жаргалант гэх зоогийн газарт хоёр тооны хонины махаа 93 000 төгрөгөөр зарсан юм. Бид хоёр тэр өдрөө 93 000 төгрөгөөрөө хороололд байрлах Оргилуун бааранд архи ууж байгаад баар хаах үед гараад гэртээ харих замд Мөнхдэлгэрэх дээшээ явъя гэхээр нь хамт явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багаас Батсүх гэх айлын хашаан дотроос 3 тооны хонь хулгайлан авч гараад тэр шөнөө Мөнхдэлгэрэхийн хашаан дотор нядлаад маргааш өглөө нь 2016 оны 12-р сарын 21-ний өдөр Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” хүнсний дэлгүүрт 3 тооны хонины махаа 100 000 төгрөгөөр өгөөд мөнгөөр нь дахин Оргилуун бааранд очиж архи ууж байгаад орой 19 цагийн үед найз Баярааг дуудан хамт архи уусан баар хаах үед бид гурав гараад Баярааг 17-р сургуулийн хажуу талд хүргэж өгчихөөд явж байтал Мөнхдэлгэрэх ард үлдчээд намайг дуудаад байхаар нь очоод яасан гэтэл нөгөө айлаас чинь хотноос нь хэсэг хонь салгаж туугаад авъя гэсэн юм. Би тэр үед тэгье гэж хэлээд Сэдбазар ахын хашаан дотроос хэсэг хонь 2-3 тооны ямаа зэргийг туугаад Шандад байрлах эзгүй хашаан дотор хийгээд ард талд нь байрлах Батсүх гэх казак айлд хоносон юм. Маргааш өглөө нь найз охин намайг дуудаад байхаар нь би явсан. Мөнхдэлгэрэх Батсүх ахын гэрт үлдсэн тэрнээс хойш би Мөнхдэлгэрэхтэй уулзаагүй. Харин өнөөдөр цагдаагийн газраас манай гэрт цагдаа ирсэн. Тэгээд би цагдаа дээр ирсэн юм. Анх Мөнхдэлгэрэх хулгай хийх санааг гаргасан. Мөнхдэлгэрэх бид хоёр хулгай хийх үедээ машин тэрэг ашиглаагүй. Эхний 2 тооны хонийг холбоод туугаад явсан. Мөн дараагийн 3 тооны хонийг холбоод туусан юм. Би энэ хоёроос өөр хулгайн хэрэгт оролцоо байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 109 дүгээр хуудас/

           9. Яллагдагч Б.Мөнхдэлгэрэхийн “Манай найз Дэмбэрэлтүмэд 2016 оны 12-р сарын 20-ны үеэр гэрт хоёр том пиво авч орж ирээд хувааж уугаад байж байгаад Хөвсгөл-2 дэлгүүрийн хажуу талаас автобусанд суугаад хорооллын эцэс уруудаад Оргилуун бааранд очиж нийслэл пиво 15 ширхэгийг авч хувааж уугаад оройны 23 цаг 10 минут болж байх үед гарсан. Эцэс дээрээс дахин хоёр том пиво аваад булаг багийн шар худагийн хажууд сууж ууж байгаад Дэмбэрэлтүмэд надад хандан хоёулаа хонь туух уу гээд тэгээд бид хойшоо харсан жижиг хаалгатай хашаан дотроос хонь ямаа тасдан хөөгөөд гаргаад Америк гэх айлын урд талынх нь эзгүй хашаанд хашаад байж байтал Дэмбэрэлтүмэд надад хэлэхдээ эзэн нь урд явж байна гээд бид хоёр хашаа даваад зугтаагаад явсан. Надад өөр айлаас хулгай хийсэн үйлдэл байхгүй ямар ч байсан тоог нь сайн мэдэхгүй Сэдбазар гэх айлын 21 тооны хонь, ямааг хүлээн зөвшөөрч байна. Харин Цээлэй гэх айлаас 3 тооны хонь хулгайлсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сэдбазарын 21 тооны хонь ямааг хулгай хийсэн талаараа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх мэдүүлэхдээ “ мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цээлээгийн 3 хонийг хулгайлаагүй” гэв.

           Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд мэдүүлэхдээ “Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Ганзориг ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхэд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ял оногдуулж чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Х.Дэмбэрэлтүмэдэд 2 жил 1 сарын хорих ял оногдуулж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай” гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Харин шүүгдэгч Мөнхдэлгэрэх нь хохирогч Цээлэйгийн 3 тооны хонийг хулгайлаагүй. Энэ үйлдлийн талаар мөрдөн байцаалтанд авагдсан баримтууд эргэлзээтэй. Мөн хохирол төлбөр төлөгдсөн байгаа” гэв.

 

Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн өмгөөлөгч Д.Оюунчимэг мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаасаасаа гэмшиж байгаа учир оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой байна” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх, Х.Дэмбэрэлтүмэд нар нь бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 19-нөөс 21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 65-04 тоотод оршин суух иргэн С.Сэдбазарын хашаан дотроос 21 тооны хонь, ямаа хулгайлан 1 290 000 төгрөгийн хохирол учруулсан, Орхон аймаг Баян Өндөр сум Даваат баг Ундрагын 22-12 тоотод иргэн Х.Цээлэйгийн хашаан дотроос 3 тооны хонь хулгайлан 390 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч нар гэм буруутай, тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх нь “Цээлэйгийн 3 тооны хонийг хулгайлаагүй” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр дээрхи гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь нотлогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийн цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овгийн Баатарын Дэмбэрэлтүмэд, Чүлтэм овгийн Хуягбаатарын Дэмбэрэлтүмэд нарыг бүлэглэж давтан үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил,  6 /зургаа/  сарын хорих ялаар, шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасны журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийн цагдан хоригдсон 92/ерөн хоёр/хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэд нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх, Х.Дэмбэрэлтүмэд нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дэмбэрэлтүмэдэд  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэхийн биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС