Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 86

 

Д.С-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00844/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 879 дүгээр шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Д.С-гийн хүсэлттэй,

          “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хүсэлт гаргагч Д.С-гаас:

Тээврийн яамны харьяа Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Д.С- нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Увс аймгийн архиваас ажилд орсон тушаалын хуулбар, ээлжийн амралт олгосон тушаалуудыг эх хувиар олж авсан боловч ажилд орсон тушаалын он, сар, өдөр урагдаж, тасарсан тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 879 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.С-гийн Тээврийн яамны харьяа Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Д.С- нь Увс аймгийн Нефть баазад 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл торх угаагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ ажилд орсон тушаал, ээлжийн амралт олгосон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг эх хувиар нь нотлох баримтаар өгсөн бөгөөд ажилд орсон тушаалын огноо хэсгийг зээ хүүхэд нь урж хаяснаас Увс аймгийн архиваас дахин шүүлгэж ээлжийн амралт авсан тушаалаа ирүүлсэн байна. Д.С- нь 1986 оны 07 дугаар сард ээлжийн амралт авсан байгаа нь түүнийг тус байгууллагад 1986 онд ажиллаж байсныг нотолж байх бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар 11 сар ажилласан ажилтанд ээлжийн амралт олгодог байсан. Үүнээс харахад Д.С- нь 1985 оны 07 дугаар сард ажилд орсон болох нь тодорхой байхад шүүх тушаалын огноо тодорхойгүй гэж заасан. Мөн зах зээлд шилжих үед байгууллагын нэр өөрчлөгдөх явдал байнга гарч, Нефть бааз, Нефть хангамжийн газар гэсэн хоёр нэр нь утга агуулгын хувьд ялгаагүй тул байгууллагын нэрийг өөрчилсөн тушаал байхгүй байгаа нь Д.С-г огт ажиллаж байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэж байна.

            Хүсэлт гаргагч Д.С- Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25 хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд ажилд орсон тушаал, 1986 оны ээлжийн амралт олгох тушаал, 1994 оны ажлаас чөлөөлөх тухай тушаал, диплом зэрэг бичгийн нотлох баримтуудыг нотлох баримт болгон хүсэлтдээ хавсарган ирүүлсэн байна.

            Анхан шатны шүүх хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч Д.С-гийн ажилд орсон тушаалын огноо, дугаар, тушаал гаргасан байгууллага, ажилтны нэр урагдсан, уншигдах боломжгүй, ээлжийн амралт олгох тушаалын огноо тодорхойгүй, ажлаас чөлөөлөх тухай 1994 оны тушаалын байгууллагын нэр, тамга зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Шүүх хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

            Шүүх ажилчин албан хаагчийн ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хүсэлт гаргасан иргэн аль байгууллагад ямар албан тушаал ямар хугацаагаар эрхэлж байсныг ажил албан тушаал нэг бүрээр тодорхой заан тогтоох учиртай.

Хүсэлт гаргагч  Д.С- нэг байгууллагад нэг албан тушаал дээр ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд нь түүнийг тухайн байгууллагад тэрхүү албан тушаалд ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд нэмж давхар өөр нотлох баримтуудаар нотлох шаардлагатай гэж үзнэ.

Иргэдийн ажиллаж байсныг нотолж байгаа баримтууд нь өндөр настны тэтгэвэр тогтоодог байгууллагад эх хувиараа байгаа нь шаардлага хангаагүй тохиолдолд иргэдийн ажиллаж байсан үйл явдлыг шүүх тогтоодог.

Ийнхүү тогтоохдоо ажиллаж байсныг нотолж байгаа баримтуудад тулгуурладаг. Энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй  бол бусад нэмэлт баримтуудыг хүсэлт гаргагчаас шаардах, гэрчүүд асуух зэрэг ажиллагааг шүүх хийх боломжтой.

Онцгой ажиллагааны журамд мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул шүүх үйл явдал, бодит байдлыг тогтоох ажиллагааг санаачилгаараа хийх боломжтой байхад хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан баримтыг хангалтгүй гэж үзээд 9 жил ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн иргэний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо тухайн ажилтны ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн нэр нь /тухайлбал: Нефть бааз  Нефть хангамжийн газар болж өөрчлөгдсөн/  өөрчлөгдөж, ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал уг нэршлээр гарсныг тогтоох шаардлагатай байсан бөгөөд энэ байдал тодорхойгүй гэж шүүх дүгнэсэн нь иргэний ажиллаж байсан байдлыг  тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Д.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                               

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  Л.АМАРСАНАА