Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 876

 

 

 

 

 

 

  

 2020           7             7                                                2020/ДШМ/876                                             

 

                                Ц.Ст холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1197 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн 1903011460505 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.С,

Төмөр замын шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 241 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 169б дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Нийслэлийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1069 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 573 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:УБ57111116/;

Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 17 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны гэр хороолол явах замд “Хьюндай Портер” маркийн 96-76 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас морь унаж явсан насанд хүрээгүй О.Бадамдоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, О.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр яллах дүгнэлтэд: О.Бадамдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж ялласан атлаа яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт О.Бадамдоржийн хохирогчоор бус, гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тусгасан зөрчилтэй.

Мөн тус шүүх 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр О.Бадамдоржийг хохирогчоор тогтоогоогүй байгаа зөрчлөөр хэргийг буцаасан байхад, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогчийг тогтоосон, түүний эхийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолтой буюу тодруулбал гэмт хэрэг гараагүй цаг хугацаанд тухайн этгээдийг хохирогчоор тогтоосон, улмаар хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын нэг тогтоолоор тогтоосон зэрэг зөрчилтэй6 /хх 172/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан ба прокуророос яллагдагч Ц.Ст эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд түүнийг “бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл” учруулсан талаар нэмж, яллагдагчаар татах тогтоолд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт оруулсан байх боловч яллагдагчид уг тогтоолыг танилцуулаагүй, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэхийг эрхийг нь зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд баримт бичгийн талаар заасан, тус зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.”

3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”.

4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

Тус хэргийн 18 дугаар талд авагдсан О.Бадамдоржийн, түүний хууль ёсны төлөөлөгч Лхагвасүрэн нарын бичиг баримт, 33-42 дугаар талд авагдсан карт, 48 дугаар талд авагдсан гэрч О.Ган-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч нарын бичиг баримт, 56-57 дугаар талд авагдсан эрүүл мэндийн дэвтэр зэрэг баримтууд нь дээрх хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан, хохирогчид хэргийн материалыг танилцуулаагүй, хэргийн материалтай танилцах хуульд заасан эрхийг нь зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан.

Тус хэргийн яллагдагч Ц.Сийн хувийн байдал, үүнд эрүүл мэндийн байдлыг хэрэгт тогтоосон баримтгүй, холбогдох хүмүүсээс түүний эрүүл мэндийг тодруулаагүй, Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо сонсголын бэрхшээлтэй, шүүх хуралдааны явцад хэлэлцүүлж байгаа асуудлыг огт сонсохгүй нөхцөл байдалтай байх ба, өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, шүүхэд хандах эрхээ эдэлж чадахгүй байдалтай байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Нөгөө талаас яллагдагч нь хэлэлцүүлж байгаа асуудлыг сонсохгүй байдалтай байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болгосон.

Иймд яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг тодруулах, тогтоох ажиллагааг хийж, шаардлагатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлмэрч оролцуулах, түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хуульд зааснаар хангах нь зүйтэй байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0114 60505 дугаартай, нэг хавтаст хэргийг тус прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч нь... ...хохирогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос заавал мэдүүлэг авахаар хуульчлаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоосон гэж үзвэл хохирогч этгээдээс заавал мэдүүлэг авахыг шаардахгүй байна.

Нөгөөтэйгүүр, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бадамдоржийг хохирогчоор тогтоосон бөгөөд харин түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтад үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг нь тухайн мэдүүлэг өгөгч этгээдэд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулсны үндсэн дээр авагдсан тул нотолгооны ач холбогдол, чанарын хувьд ижил төрлийн мэдүүлгийн нотлох баримт болно. Тодруулбал, гэрчийн мэдүүлэг нь объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусгаж авч чадаагүй, эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйгээс бусад тохиолдолд мэдүүлгийн шууд нотлох баримт юм. Иймд хохирогчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тусгасныг зөрчил гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл яллагдагч Ц.Ст яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэргийн 189 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нөгөөтэйгүүр, яллагдагч Ц.Ст яллах дүгнэлтийг гардуулан өгсөн, яллагдагч прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь хянан үзвэл яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материал танилцуулах ажиллагааг зохицуулсан бөгөөд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг хохирогчид мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломж, нөхцлөөр хангах үүрэгтэй боловч хохирогчид заавал танилцуулсаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх талаар хуульчлаагүй юм.

Хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцах эрхээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд эдлэх боломжтой бөгөөд хохирогчийн эрхээ эдлэхгүй байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох учиргүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа “өмнө дурдсан агуулгыг бүхэлд нь зөрчил гэж дүгнэн тухайн зөрчлийг арилгах, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулдаг.

Гэтэл шүүхийн шатанд хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулах, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч О.Бадамдоржоос мэдүүлэг авах боломжтой, дээрх ажиллагааг явуулснаар хэргийн оролцогч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байтал зөвхөн прокурорын шатанд уг ажиллагаануудыг хийж гүйцэтгэх ёстой гэж дүгнэж буйг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхыг шаарддаг боловч шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар үндэслэлээр тухайн ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж байгаагаа тайлбарлаж, дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1197 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид “хохирогч Бадамдоржийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдсан нь зөрчилтэй байна” гэж үзсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Бадамдоржийг хохирогчоор тогтоосон. Гэхдээ түүнээс гэрчээр авсан мэдүүлгийг л зөвхөн яллах дүгнэлтдээ дурдаж өгсөн. Заавал хохирогчоор мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Мөн хууль ёсны төлөөлөгч тогтоож мэдүүлэг авсан. Түүнчлэн шүүгчийн захирамжид “яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад яллагдагч Ц.Ст танилцуулаагүй. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь зөрчсөн” гэсэн байсан. Хавтас хэргийн 189 дэх талд яллагдагч Ц.Ст танилцуулж гарын үсэг зуруулсан баримт авагдсан байгаа. Иймд хэргийг заавал прокурорт буцаалгүйгээр шүүх хуралдааны явцад засварлах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Ц.Ст холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна хэмээн дүгнэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Прокуророос Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогчийг тогтоосон. ...”, “...яллагдагчаар татах тогтоолд... нэмэлт оруулсан байх боловч яллагдагчид уг тогтоолыг танилцуулаагүй. ...”, иргэний бичиг баримт, эрүүл мэндийн дэвтэр зэрэг баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй байна. ...”, “...хохирогчид хэргийн материал танилцуулаагүй. ...”, “...Ц.Сийн ...эрүүл мэндийн байдлыг тодруулаагүй, ...” зэрэг зөрчлүүдийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаагүй боловч энэхүү зөрчилүүд нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, эсхүл нөлөөлж болзошгүй талаар болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж байгаа эсэх, хэргийн зүйчлэл өөрчлөгдөх зэрэгт анхан шатны шүүхээс огт дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2/485 дугаартай хэргийг прокурорт хүргүүлсэн албан бичиг /хх 166/, Тээврийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаартай “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” /хх 167/, мөн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27-1-1 дугаартай “Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай” /хх 170/   тогтоолууд, насанд хүрээгүй хохирогч О.Бадамдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл болон шүүхээс хэргийг прокурорт буцааснаас хойш хийгдсэн мөрдөх шалгах ажиллагаа, хэргийн хуудасны дараалал зэргээс үзвэл насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн тогтоосон мөрдөгчийн тогтоолд “...2019 он...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Насанд хүрээгүй хохирогч О.Бадамдорж “...би өмнө өгсөн мэдүүлэгтээ ослын талаар болсон  явдлыг үнэн зөв ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй...” /хх 173/ гэж мэдүүлсэн байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ түүний өмнө гэрчээр өгсөн мэдүүлгийг тусгасныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж гэмт хэргийн ойлголт, шинж, гэмт үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд зөвхөн хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор байна.

Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар  нэмэлт оруулсан тогтоолд “...бусдын эрүүл мэнд хөнгөн гэмтэл...” учруулсан талаар нэмж, түүнийг яллагдагчид танилцаагүй хэдий ч Ц.Сийн гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, мөн ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заажээ.

Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар  нэмэлт оруулсан тогтоолд “...бусдын эрүүл мэнд хөнгөн гэмтэл...” учруулсан талаар нэмж, түүнийг яллагдагчид танилцаагүй хэдий ч Ц.Сийн гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй.

Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр халдашгүй байх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг. 

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 9 дүгээр зүйлийн 1-т “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй”, мөн зүйлийн 2-т “...буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” 14 дүгээр зүйлийн 3-m “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Эдгээр эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, ...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж баталгаажуулан хуульчилжээ.  

Прокурорын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор Ц.Сийг “...бусдын эрүүл мэнд хөнгөн гэмтэл...” учруулсан талаар нэмж тусгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн шинжид хамаарахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон дээрх Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, ковенцийг зөрчсөн гэж үзэхгүй.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

            Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулдаг. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй.

Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.

            Яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд яллагдагч Ц.Ст холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1197 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Ст холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлтэл яллагдагч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ