| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/00424/И |
| Дугаар | 183/ШШ2021/00951 |
| Огноо | 2021-05-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/00951
2021 оны 05 дугаар сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2021/00951 Улаанбатаар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: А.О холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь А.О 2014 онд танилцан гэр бүл болж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлж, гэрлэсний гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин О.А төрсөн ба одоо эрүүл саруул бойжиж байна. Бидний амьдрал удаа дараа үл ойлголцол, хууран мэхлэлт, араар тавилт өөр эмэгтэйтэй дотно харьцаанд орох нь байнгын давтагдаж байна. Миний бие сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хувьд хохирч байсны улмаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс түүнээс тусдаа амьдарч байна. Улмаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр өргөдөд гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хариуг аван шүүхэд хандаж байна. Цаашид би А.О хамтран амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин О.А миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.О нь Б.Э 2014 онд танилцан гэр бүл болж, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлж, гэрлэсний гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин О.А төрсөн. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаар хоёр удаа орсон боловч эвлэрч чадаагүй. Одоо эвлэрэх боломж байхгүй гэж бодож байна. Охиноо эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Э нэхэмжлэлтэй, А.О холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Э, А.О нар 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаарт бүртгүүлсэн болох нь болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний лавлагаагаар нотлогджээ.
Гэрлэгчдийн хэн аль нь “...гэрлэлтээ цуцлуулна, 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй...” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.А, Э.Х нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 293 дугаар тэмдэглэл, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны 127 дуггаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Гэрлэгчдийн дундаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Боржигон овогтой О.А төрсөн болох нь зохигчдийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд охин О.А нь эрүүл бойжиж байгаа, эх Б.Э хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, “Амгалан-Өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, “Американ” сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 312 дугаар тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.
Хариуцагч А.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа охин О.А эх Б.Э асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Боржигон овогтой О.А эх Б.Э асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Цээлэй овогт Б.Э, Боржигон овогт А.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан эх 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Боржигон овогтой О.А А.О асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.5, 26.6-д зааснаар эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.О улсын тэмдэгтийн хураамжид 59.110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД