Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 024/ШЦТ/192

 

 

 

 

 

    2024          03          11                                     2024/ШЦТ/192

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Хохирогч: ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405001380062 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна таксинаас буухдаа унагасан иргэн ***гийн өмчлөлийн "ай фоне 13 про макс" загварын 2.400.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг олж авч, мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Би гар утсаа алдсан, утасны хохирлоо барагдуулах хүсэлттэй байна” гэв.

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 03:37 минутанд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны 9 дүгээр байрны үүдэнд таксинаас буухдаа 13 про макс утсаа гээсэн. Өглөө ажилдаа явах үедээ утсаа гээснээ мэдсэн. Тэгээд ажил дээр очоод 10:30 минутын үед утас чинь дуудлага хүлээн авах боломжтой болчихлоо гэж манай ажлын хүн манай нөхөрт хэлсэн байсан. Тэгээд нөгөө утас олсон хүнтэй ярьсан. Миний утаснаас симийг нь аваад өөрийн утсандаа хийж ярьсан, үүрээр таксинд явж байгаад Нарны хорооллын 9 дүгээр байрны, 3 дугаар орцны үүднээс олсон гэж хэлсэн. Олохдоо үсний боолт байна гэж бодоод хажуугаар нь тойрч гараад явсан. Буцаж явахад утас байсан. 500.000-600.000 мянган төгрөгний шагналтай утас олчихлоо гэж хэлсэн. Тэгээд би симний код 0000 байдаг гэж хэлсэн. Одоогоор тийм их мөнгө өгөх боломж алга, 50.000-100.000 төгрөг өгөх боломж байна гэсэн чинь “юу гэж тийм юм байдаг юм” гэхээр нь “за за мөнгөө бэлдэж байя, та хаана байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь камер шүүж байгаад дугаарыг нь олоод ярьсан чинь би тийм утас олоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь баримтыг нь хэлсэн чинь “утсыг чинь машинаас алдчихсан, тэглээ ч дэлгэц нь хагархай, эвдэрхий утас байсан” гэж хэлсэн. ...хяналтын камер шүүж үзэхэд улаан өнгийн приус 41 маркийн 51-49 УЕО улсын дугаартай машинтай цайвар цагаан өнгийн цамцтай настай хүн байсан” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь ажлын утаснаас нэг эмэгтэй хүнтэй ярьсан, тухайн хүн нь болохоор “гар утсыг чинь олсон, 500.000-600.000 төгрөг өгөөд ав гэсэн утгатай зүйл ярьсан. *** болохоор “чи одоо 50.000 төгрөг өгөх боломжтой байна, та утсаа өгчихөөч, тань руу холбогдож байгаад очоод авъя” гэхэд цаад хүн нь өөрийнхөө утасны дугаарыг өгөхгүй байсан. Цаад хүн нь мөнгө өгөхгүй юм шиг байна гэж бодсон уу, яасан утсыг нь салгаад алга болсон, тэрнээс хойш холбогдож байсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр “өө ахаа тийм их мөнгө өгч чадахгүй шүү дээ” гэсэн чинь утсаа салгаад дахиж холбогдоогүй. ...манай эхнэрээс 500.000-600.000 төгрөг гэхэд нь манай эхнэр тийм их мөнгө бол чадахгүй ээ, багасгаад өгье” гэж хэлэхэд өнөөдөр машины дугаар гарахгүй гэхээр нь орой ажлаасаа буугаад очиж авъя гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд сүүлд нь харахад тухайн хүний машины дугаар нь тэр өдөр гардаг өдөр байсан байна лээ. Тэгэхээр өөрөө үнэхээр авч ирж өгөх санаатай байсан бол өгөх боломжтой байсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2023 оны 12 дугаар сарын 12-ны 05 цаг 00 минутад сэжигтэй этгээд нь хар өнгийн нэхий, цэнхэр өнгийн малгай, цагаан шаргал өнгийн ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй ...гээсэн гар утсыг авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв. ...хойшоо тусгалтай СӨХ-н хяналтын камерыг шүүхэд ...сэжигтэй этгээд нь гээсэн гар утсыг аваад 9 дүгээр байрнаас машинтайгаа гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 19-21/,

Яллагдагчаар ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...мөнгө задлах гээд явж байхад нэг боолт шиг юм харагдахаар нь гайхаад өнгөрсөн, тэгээд би буцах замдаа дахиад харагдахаар нь бууж очоод харахад гар утас байсан. Тэгээд тэр утсыг гэртээ авч ирсэн. ..өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна” гэжээ. /хх-н 37-38/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4-6/,  эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-26/, шүүдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-63/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна таксинаас буухдаа унагасан иргэн ***гийн өмчлөлийн "ай фоне 13 про макс" загварын 2.400.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө буюу гар утсыг олж авч, мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн гээсэн гар утсыг олж авч, завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь хохирогчийн гээсэн гар утсыг авч, завшсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн хохирлыг барагдуулаагүй ба хэргийн оролцогч нар эд зүйлийн үнэлгээгээр гарсан үнэлгээг зөвшөөрсөн тул шүүгдэгч ***ээс 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчин эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Иймд шүүгдэгч ***т ял оногдуулахдаа дээрх эрүүгийн хариуцлагын зорилт хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломжоор хангах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авахаас татгалзаж торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР