| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0300/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/316 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/316
2024 04 18 2024/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Л.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн От холбогдох эрүүгийн “2311 02378 0293” дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лхагвасүрэнгийн О, 1980 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн ....... сумын 1 дүгээр баг, .........тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтуруун энгэрийн 8 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ........./,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.О нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 3 дугаар гудамжны .........тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ хохирогч Э.Эы нүүрэн тус газарт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны хугарал, эрүү, зүүн хацар, хоншоор, хамарт зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Л.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн өдрийн өглөө 07 цаг болж байхад Э.ЭБ ийнд орж ирсэн. Тэгээд сууж байгаад Б ийн эхнэр орж ирээд хүүхэд хүргэж өгье гээд тэр 3 цэцэрлэг яваад буцаж ирэхдээ 1 шил архи авч ирсэн. Тэрийг нь бид хэд хувааж уугаад дуустал Э.Эдахиж гараад архи авч ирсэн. Тэр архийг нь уугаад сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би тэр үед хоол хийх гээд мах өшиглөөд сууж байсан юм билээ. Э.Эхэрүүл өдөж оролдоод байсан гэж тэр хэд дараа нь хэлсэн. Заазуур гарт байсан болохоор маргаад цохисон юм шиг байна лээ..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг 17-р байрны 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй байдаг боловч одоохондоо өөрийн төрсөн ах Анхбаярын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтурууны энгэрийн ... тоотод ахтайгаа хоёулаа амьдардаг.
Би 2023 оны 11 сарын өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит 3-.........тоотод амьдардаг Б найзынхаа гэрт би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барилгын ажлаар 20 гаруй хоног ажиллаж байгаад ирсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр би Б ийн гэрт нь очиж цуг байсан юм. Би Б ийн гэрт 3-4 хоног цуг хамтдаа байсан юм. 2023 оны 11 дүгээр зарын 07-ны өглөө 07-08 цагийн үед Б ийн гэрт гаднаас Эорж ирсэн бөгөөд төрсөн хүүтэйгээ цуг ирсэн хүүхэд нь гадаа автомашинд суугаад байж байгаа гэж хэлж байсан. Бид гурав гэрт нь хамт суугаад байж байтал гэрийнх нь гаднаас Б ийн уулздаг хүүхэн болох Л хүүхэдтэйгээ орж ирээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэнэ гээд Б болон Этэр хэд хүүхдийг нь Эы автомашинаар хүргэхээр явцгаасан ба би Б ийн гэрт нь ганцаараа үлдсэн юм.
Би гэрт нь ганцаараа хүлээгээд байж байтал тэрний дараа удалгүй Б болон Эхоёр гаднаас орж ирэхдээ 1 шил 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй цагаан архитай орж ирсэн ба бид гурав хамт хувааж ууцгаасан юм. Тэр цагаан архийг бид гурав ууж дуусгасан ба тэрний дараа Б хоол хийсэн тэрийг нь бид гурав хувааж идээд тэрний дараа дахиж цагаан архи хүнсний дэлгүүрээс худалдан авахаар бид гурав гарцгаасан юм. Бид гурав Эы автомашинаар Б ийн гэрийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүр орж дахин 1 шил 0,75 литрийн хэмжээтэй цагаан архи авсан ба бас Эавтомашиндаа шатахуун түгээх газраас түлш авсан ба 5ид хэд буцаж Б ийн гэрт нь очсон юм. Бид гурав Б ийн гэрт нь буцаж орсон ба харин Эы хүүхэд нь автомашиндаа суугаад үлдсэн. Бид гурав гэрт нь ороод хүнсний дэлгүүрээс авсан цагаан архиа Б ийн гэрт нь хувааж уугаад сууж байсан гэдгээ санаж байна. Би тэр архийг хувааж ууж сууж байснаа гэнэт тасарчихсан ба цааш юу болсон гэдгээ сайн санахгүй байна. Нэг сэргэтэл би цагдаагийн алаг тэргэнд Б ийн найз хүүхэнтэй цуг суучихсан явж байсан ба Б ийн найз хүүхэн болох Л аас юу болсон талаар асуухад надад хэлэхдээ чи Эы хацрыг нь хутгаар зүсчихсэн гэж хэлж байсан. Би тэр цагдаагийн алаг тэргэнд байхдаа өөрийнхөө өмссөн байсан хувцасыг хартал цамцны зүүн гарын ханцуй дээр цус болчихсон байсан..” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Хохирогч Э.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13-14 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит 3-.........тоот Б ийн гэрт нь өөрийн хүү Э ын хамт автомашинтайгаа очсон юм. 1 шил цагаан архиа хуваан уугаад суугаад байж байтал гэрийн гаднаас Б ийн хамтран амьдрагч Л орж ирсэн бөгөөд тэрний дараа бид 4 нийлээд цуг ширээнд сууж ууцгаасан юм. Бид хэд архи согтууруулах ундааны зүйл ууж сууж байхдаа би Отэй цалин хөлсний талаар ярилцаж би От өгөх ёстой байсан ажлын хөлс мөнгө болох 1,000,000 төгрөгийг би дараа долоо хоногоос өгье би одоо жоохон боломжгүй байна гэж хэлтэл О тэрийг сонсонгуутаа сууж байснаа ширээн дээр ил байсан хар иштэй заазуурыг гараараа авснаа миний нүүрний зүүн хацар хэсгийг зүсэж, дараа нь дахин миний нүүрний зүүн хацар хэсгийг дахин зүссэн бөгөөд дараа нь заазуураар миний хоолой хэсгийг зүсэх гээд дайраад байхад нь би заазуур барьсан байсан баруун гарыг нь барьж болиулсан бөгөөд намайг заазууртай гарыг нь барьж байх үед миний хоолойг О зүсэх гэж дайраад байсан. Би Оийн заазуур барьсан байсан гарыг нь түлхээд суудлаасаа босоод гэрээс нь зугтаад гарах гэж байтал миний ардаас О дахин заазуураар зүсэх гэж байгааг нь би мэдээд эргэж хараад заазуур барьсан байсан гарыг нь би эргэж харж мушгиад хар иштэй заазуурыг нь булааж аваад гэрээс гарч би зугтаасан юм. Би гэрээс нь гараад хашааны гадна байсан автомашин дээрээ очоод автомашин дотор унтаж байсан хүүхдээ сэрээгээд болсон үйл явдлыг хэлээд цагдаа дуудаарай гэж хэлүүлээд хүүхэд Э аараа цагдаад дуудлага өгүүлсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түргэн тусламж Ойрын дуудлага 48.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж 120.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд Амбулаторийн тусламж, үйлчилгээ 35.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Амбулаторийн хяналтын үзлэг 40.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд Амбулаторийн хяналтын үзлэг 40.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Амбулаторийн тусламж, үйлчилгээ 40.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Амбулаторийн тусламж, үйлчилгээ 20.000 төгрөг, 2023 оны 12 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд Амбулаторийн хяналтын үзлэг 40.000 төгрөгийн зардал нийт 403.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Т.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..15 цагийн үед ажлаа тараад Б ийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит 3-.........тоотод 16 цагийн үед очсон. Намайг очиход Б согтуу унтаж байсан ба хамт ажилладаг Око гэдэг залуу бас согтуу унтаж байсан Чука нь халамцуу сууж байсан. Би тэдний гэрт нь очихдоо 1 шил 0.5 литрийн хараа нэртэй архи авч очсон ба тэрийг Б Чука хоёртой хувааж уусан. Ингээд архи ууж байхдаа Чука, Око хоёр цалин хөлснөөс болж хоорондоо маргалдсан бөгөөд Око босож очоод Б ийн гэрийн хоолны шүүгээн дотор нь байсан хар өнгийн иштэй заазуурыг аваад Чукагийн зүүн талын шанааг нэг удаа зүсчихсэн. Гэтэл Чукагийн хацраас аймар их цус гараад Б Окогийн гарнаас заазуурыг нь булааж авахад гаднаас Чукагийн хүүхэд нь орж ирээд аавыгаа аваад явсан ба цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд заазуурыг нь хурааж аваад Оког аваад гарсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед төрсөн аав Эы хамтаар би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхит 3-.........тоот хаяганд очсон бөгөөд аав Этухайн тоот хаяганд очоод намайг автомашинд үлдээж аав ганцаараа тэр хаяг руу орсон юм. Тэрний дараа аав 1 цаг орчмын дараа тухайн тоот хаягнаас гарч ирэхдээ миний зүс таних Б болон О гэх хоёр хүнтэй автомашинд орж ирж суугаад аав автомашинаа бариад хөдлөөд явсан. Автомашинтайгаа хөдөлж яваад аав Дамбадаржаагийн тойргийн тэнд байдаг газан колонкоос бензин авч дараа нь нэг “Шанд” гэх нэртэй хүнсний дэлгүүр рүү аав танилтайгаа цуг ороод буцаж гарч ирэх үедээ 0,75 литрийн хэмжээтэй Тайга гэх нэртэй 1 шил архи авч гарч ирсэн. Тэрний дараа аав автомашинаа бариад буцаж Б ийн хашааны гэрийн гадна очсон бөгөөд тэр гурав автомашинаас бууж гэр лүү нь авсан архиа бариад буусан бөгөөд би тэр үед автомашинаас буулгүй үлдсэн. Би автомашиндаа үлдээд унтаад байж байтал автомашины цонх нэг хүн тогшсон бөгөөд би сэрээд хартал аавын зүүн хацар хэсэг нь нэлээн гүнзгий урт зүсэгдчихсэн зүүн шанааны яс нь гарчихсан байдалтай байж байсан. Аав тэр үед гартаа цус болчихсон хар иштэй заазуур хутга барьчихсан байсан ба би ааваас юу болсон талаар асуухад О гэдэг хүн намайг алах гэж дайрсан бөгөөд би барьж байсан заазуурыг нь булаагаад аваад гараад ирлээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би тэр үед гар утсаараа цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14209 дугаартай “..Э.Эы биед зүүн хоншоор ясны хугарал, эрүү, зүүн хацар, хоншоор, хамарт зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/, шүүгдэгч Л.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60- 65/, шүүгдэгч Л.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.О нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.О нь дээрх үйлдлийн улмаас Э.Эы биед зүүн хоншоор ясны хугарал, эрүү, зүүн хацар, хоншоор, хамарт зүсэгдсэн шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл үүссэн энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Оийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.О нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялаас нь хасаж тооцон эдлэх ялыг 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Шүүгдэгч Л.От 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Э.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 403.000 төгрөгийг шүүгдэгч Л.Оээс гаргуулж өгнө үү гэсэн боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй зөвхөн жагсаалт ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Мөн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох үүргийг хүлээдэг.
Гэтэл эрүүл мэндийн даатгалын сангаас томилогдсон Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг өгч нэхэмжлэлийн талаарх жагсаалт гаргаж өгсөнийг нэхэмжлэлийг хангалттай нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. Хэргийн оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг нь дангаараа хуульд заасан нотлох баримт болохгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, гэм хорын асуудлыг хамтад нь шийдвэрлэдэг. Ингэхдээ иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн заалтын үндэслэл болгодог тул иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас гаргасан нэхэмжлэлийг бүлэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүгдэгч Л.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялыг 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 17см, бариул нь 11см, нийт 28 см урттай, 6см өргөнтэй хар өнгийн иштэй, бариул ажлын хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагаас нэхэмжилсэн 403.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч Л.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР