Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦЬ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар

Иргэдийн төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандал-Говь суманд 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Спирт бал бурам” ХХК-д харуул хамгаалалтын ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 64 тоотод оршин суух, урьд өмнө нэг  удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн ******* ******* /рд:*******/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 64 тоот өөрийн хашаандаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 15 минутын орчимд хохирогч *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хүзүү хэсэгт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун талын плеврийн хөндийд сул хий дүүрсэн, баруун уушги шахагдаж, коллапс болж бүрэн унасан, баруун плеврийн хөндийд сул шингэн, хүзүүний урд хэсэгт арьсан дор сул хий, хүзүүнд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

   Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчимд миний зүс таних дүү болох ******* намайг “Старс караокед хүрээд ирээч” гээд дуудсан юм. Тэгээд би тэнд *******тай уулзаад “гаръя” гэхээр нь гараад харих гээд зогсож байтал манай найз ******* ******* руу залгаад “намайг ирээд авчих, би ах *******ийн гэрт байна” гэсэн. ...Тэгээд ******* бид хоёр ******* ахын гадаа нь очоод *******ийг дуудах гэтэл *******ын гар утас нь унтарчихсан байсан болохоор шууд гэр лүү нь яваад орчихсон юм. Тэгсэн ******* ахын гэрт нь *******ийн ахын эхнэр Үүрцайх нь гурван хүүхэдтэйгээ, харин ******* ах дүү *******тэй 1 шил архи дундаа тавьчихсан хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд бид хоёрыг орсон чинь ******* ах согтуу бид хоёр руу “ах дээрээ хоосон орж ирлээ” гээд томроод байсан. Тэгэхээр нь ******* бид хоёр “орой болчихсон байна аа ахаа, онгорхой дэлгүүр алгаа, бид хоёрыг хоосон орж ирсэнд уучлаарай” гэсэн. Тэгсэн чинь ******* ах ******* бид хоёрыг “ах дээрээ хоосон орж ирлээ, ахтайгаа ингэж ярьдаг болчихсон юм уу” гээд дахин дахин тэрийгээ согтуу яриад томроод байсан. Тэгэхээр нь би босоод явах гээд амбаар дотор нь гартал ******* гадаа амбаар дотор нь утсаар яриад зогсож байсан. Тэгээд би *******ийг “явлаа шүү, явах юм уу чи” гэсэн чинь намайг “орж бай орж бай, одоохон одоохон, утсаар ярьж дуусаад орлоо” гэсэн. Тэгэхээр нь би буцаж ороод *******ыг “явъя” гээд, *******ыг аваад *******ийн ахын гэрээс нь гарсан. Тэгсэн чинь ******* ах бид хоёрын хойноос заазуур бариад гараад ирсэн. Тэгээд ******* ах согтуу заазуур барьчхаад ******* руу томроод байхаар нь би *******ыг өмөөртөл над руу томроод эхэлсэн. Тэгээд ******* бид хоёр хоёулаа ******* ахтай ноцолдоод, ******* ахыг унагаагаад, ******* заазуур барьчихсан гар дээр нь дэвсээд, заазуурыг булааж авсан. Тэгээд ******* бид хоёр “болио ахаа, бид хоёр явлаа” гээд хашааных нь хаалга руу алхаж явтал ******* ах дахин хутга бариад над руу гүйгээд ирсэн. Тэгээд ******* ах намайг хөөгөөд гүйгээд ирэхээр нь би хүрз аваад *******ийн ахын өөдөөс шидчихээд, хашааных нь хаалгыг онгойлгож амжихгүй санагдаад, шууд хашаан дотор нь байсан монгол гэр саравч хоёрыг тойроод гүйсэн. Тэгж байгаад би нэг зогсоод эргэж хараад арай хутгалчихгүй байх гэж бодоод зогстол ******* ах баруун гартаа нэг хутга барьчихсан над руу далайсан. Тэгээд би хутгатай гарыг нь хамгаалаад хутгыг зүүн гараарай бариад авсан. Тэгсэн чинь шууд шувтраад татчихсан. Тэр үед миний зүүн гарын ядам хуруу шууд зүсэгдсэн. Тэгээд би хойшоо ухарч байтал над руу дахиад дайрсан. Тэгээд би “одоо болно оо ахаа” гээд гараа барьчихсан ухарч байтал ******* ах миний хүзүүний хэсэгт 2 удаа намайг хутгалсан. Тэгээд би ******* ахыг барьж аваад хутгыг нь авах гээд ноцолдоод доороо хийгээд тонгойгоод зогсож байтал *******ийн ахын эхнэр Үүрцайх эгч гараад ирсэн. Тэгсэн миний хутгалуулсан 2 шархнаас цус олгойдоод эхэлсэн. Тэгсэн чинь би амьсгаа авч чадахаа болиод газар унасан. Тэгсэн чинь ******* гүйгээд ирсэн. Тэгээд ******* “Ганхөлөг ах хутгалуулчихсан байна ш дээ, түргэн дуудаач ээ” гээд орилсон. Тэгээд ******* миний ороолтоор миний цусыг дараад түргэн иртэл тогтоосон. Тэгсэн ******* утсаар ярьж байснаа болиод гүйж ирээд намайг хараад түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэх хооронд Үүрцайх “та нар миний нөхрийг зодчихлоо” гээд орилоод байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад явсан. Ийм л зүйл болсон. ...Би бага зэргийн согтолттой байсан. Би ******* ******* хоёртой уулзахаас өмнө ажлынхаа хүмүүстэй зургуулаа 2.5 литрийн савтай Сэнгүр пиво 1 ширхгийг хувааж уучихсан байсан. Өөрөөр архи дарс уугаагүй байсан. ...*******, ******* хоёр арай илүү их хэмжээний согтолттой байсан. Харин ******* бол гайгүй надтай адилхан бага зэргийн хэмжээний согтолттой байсан. ...******* тухайн үед уг нь ухаан санаа нь бол зүгээр байсан. Гадаа гараад алхаж гишгэж байгаа нь бас зүгээр байсан. Хойноос гүйж барьж байгаа нь яг л эрүүл хүн шиг л гүйж байсан. Өөрийн гаргасан үйлдлийг удирдан хянах чадвартай байсан гэж би бодож байна. ...Би зүүн гарын ядам хуруундаа 6 ширхэг оёдол тавиулсан. Би хүзүүндээ хагалгаанд орж 2 газарт 5 ширхэг оёдол тавиулсан. Миний баруун цээжний хэсэгт уушги сэргээх эмчилгээ хийлгэх гэж гуурс тавьж, 4-5 оёдол тавьсан. Би хутгалуулснаас болж миний баруун талын уушги ажиллагаагүй болж, би Улаанбаатар хот руу явсан. ...******* бид хоёр *******ийг цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёр харин ноцолдож унагааж заазуурыг нь булааж авсан. ...Би шинжээч эмчид үзүүлнэ. ...Надад одоо гаргах гомдол санал байхгүй. Эмч намайг доод тал нь 6 сарын хугацаанд гагнуур хийж болохгүй, уушгиа төлжүүл гэсэн. Би 1 сард 4.500.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Тийм учраас би 6 сараар нь цалингаа бодоод 27.000.000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэхгүй зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Старс” баар руу найз ын хамтаар ороод сууж байтал 23 цаг өнгөрч байхад хуурай ах Ганхөлөг гаднаас ганцаараа эрүүл орж ирсэн. Бид 3 юм яриад сууж байхад Ганхөлөг “найз ******* дуудаад байна, ахындаа байгаа гэж байна, хоёулаа очоод ирэх үү” гэж хэлсэн. “та хоёр явах гэж байгаа бол би гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явсан. Ганхөлөг бид хоёр алхаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Гандангийн гудам руу *******ийн ах *******ийн гэр рүү алхаж гадаа нь очиход цаг 2023 оны 12 дугаар сарын 26-нд шилжих 00 цаг өнгөрч байсан. Гэрт нь ороход *******, түүний эхнэр болон *******ийн төрсөн дүү ******* нар байсан. Ганхөлөг бид хоёрыг гаднаас ороход ******* “та хоёр хоосон ирж байгаа юм уу” гэж хэлэхээр нь “эхнэр хүүхэд чинь байгаа гэдгийг мэдсэнгүй” гэж хэлээд *******, ******* нар ууж байсан архинаас Ганхөлөг бид хоёрт хийж өгсөн. Ганхөлөг бид хоёр хийж өгсөн архийг нь уугаад ширээн дээр аягыг тавих үед ******* ах Ганхөлөг рүү хандаж “чи яагаад манай эхнэр рүү хараад байгаа бацаан вэ” гэж хэлэхээр нь Ганхөлөг “би юу гэж эхнэр рүү чинь харах вэ дээ, тийм зүйл байхгүй, ингэж агсам тавих гээд байгаа бол бид хоёр явлаа” гэж хэлээд Ганхөлөг түрүүлээд гарахаар нь би түүний араас нь гартал араас ******* “муу бацаан нар ингэдэг болсон уу” гээд заазуур бариад гарч ирсэн. *******, Ганхөлөг хоёр хоорондоо барьцалдаад ноцолдож байх үед би заазуурыг нь булааж аваад зогсож байтал ******* гэр рүүгээ гүйгээд орсон. ******* эргээд гарч ирээд дахин Ганхөлөгтэй ноцолдож эхэлсэн. Би жоохон зайтай зогсож байсан тул очоод салгах гээд очтол Ганхөлөг “миний хоолой руу хутгалчихлаа” гээд орилохоор нь *******ийн гар руу хартал хутга барьчихсан байхаар нь түүний гарт байсан хутгыг булааж автал *******ийн эхнэр гэрээс гарч ирээд түүнийг аваад гэр рүүгээ орсон. Ганхөлөгийн хоолойноос цус гарч байсан болохоор би өвдөг дээрээ толгойг нь тавиад хоолойг нь гараараа дараад сууж байтал эмнэлэг, цагдаа ирсэн. Эмнэлэг цагдаа нарт дуудлага хэн өгснийг мэдэхгүй. ...******* архи уусан согтуу байсан. ******* өөрийгөө хянах чадвартай байсан. Гэрт хэрүүл маргаан, зодоон болоогүй, тийм зүйл харагдаагүй. ******* ямар учраас Ганхөлөг анхнаас нь үг хэлээр өдсөн талаар мэдэхгүй байна. “Хоосон гэрт ирлээ” гээд уурлаад байсан. ...******* хажууд хараад зогсож байсан. ...Байшингийн урд приус-20 машин зогсож байсан машины дэргэд хашаан дотор болсон асуудал. ...Миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21  дүгээр хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” караокены гадаа явж байгаад өөрийн төрсөн ах *******тэй тааралдсан. Тэгээд би ******* ахыг нэлээн согтуу байгаа болохоор нь гэрт хүргэж өгөх гээд явж байтал бэр эгч Үүрцайхтай бид хоёр тааралдсан. Тэгээд бид гурав дэлгүүр ороод 0.5 литрийн 1 шил Хараа архи аваад ахын гэрт нь очоод, ах бид хоёр тэр архийг хувааж уугаад сууж байтал манай найзууд болох Ганхөлөг, ******* хоёр надтай утсаар ярьсан. Тэр үед би тэр хоёрт “******* ахындаа байгаа” талаар хэлсэн. Тэгсэн тэр хоёр удалгүй ******* ахын гэрт нь шууд ороод ирсэн. Тэгээд бид дөрөв тэр архинаас нэг нэг татаад сууж байтал манай ах ******* манай найзууд болох *******, Ганхөлөг нар тамхи татах гээд түр гарсан. Тэр хооронд би бэр эгч Үүрцайхтай гэрт нь юм яриад сууж байсан. Тэгээд тэр гурвыг гадаа орилолдоод байхаар нь би гэрээс нь гарсан чинь Ганхөлөгийг манай ах ******* нь хүзүүнд нь хутгалчихсан байсан. Тэгээд би утсаар түргэн дуудаад, ******* Ганхөлөгийн хүзүүн дээр нь дарчихсан байсан. Тэгтэл удалгүй цагдаа болон түргэний эмч нар ирээд Ганхөлөгийг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би *******ын хамт эмнэлэг дээр очтол Ганхөлөгийг яаралтай Улаанбаатар хот руу авч явахаар болоод хот руу авч явсан. Тийм л зүйл болсон. ...Би нэлээн согтуу байсан. ...Тиймээ. Би өөрийн найз Ганхөлөг, , Хуаниш гэдэг ахтай хамт дөрвүүлээ 2,5 литрийн савтай Сэрүүн нэртэй 2 ширхэг пивийг уучихсан байсан. ...Манай төрсөн ах ******* бас л нэлээн их хэмжээний согтолттой байсан. ...Мэдэхгүй. Тэр гурвыг хоорондоо юу ярьсныг би ёстой мэдэхгүй байна. Би тухайн үед нь гэр дотор нь сууж байсан болохоор мэдэхгүй байна. ...Үгүй. Тэр хоёртой өмнө нь архи дарс ууж байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч М.Үүрцайх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай нөхөр ******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчимд “MN” баарны караокед “ажлынхантайгаа шинэ жил тэмдэглэнэ” гээд явахад нь би машинтай хүргэж өгсөн юм. ...Гэр лүүгээ явах гэтэл манай нөхөр ******* “дэлгүүр ороодохъё” гэхээр нь би Мишээл дэлгүүрийн гадна очтол ******* дэлгүүр рүү ороод 0.75 литрийн 1 шил Хараа архи аваад би тооцоог нь хийгээд, гэр лүүгээ харьсан. Тэгээд гэрт орж ирээд ******* тэр архийг задлаад нэг татаад сууж байсан. Тэгэхэд нь ******* дүү нь *******ийн хувцсыг тайлаад унтуулж амраах гээд байж байсан. Тэгсэн *******ийн гар утас нь байн байн дуугараад ******* хүнтэй “ахындаа байна” гээд утсаар ярьсан. Тэгээд утсаар яриад удаагүй байж байтал Ганхөлөг, нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд тэр хоёр бас уучихсан байсан учраас жаахан дуу, шуу чангатай “за юу байна ахаа” гээд орж ирсэн. Тэр танихгүй залуу нь нэлээн их уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Тэгээд тэр дөрөв юм яриад ширээ тойроод сууж байтал тэр танихгүй залуу нь жаахан чанга чанга дуугаар юм яриад байсан юм. Тэр үед би гэрийнхээ хойд хэсэгт  манай бага хүү маань халуураад байсан болохоор тэврээд буйдан дээрээ сууж байсан юм. Тэгээд би тэр залууг “та нар жаахан хүүхэдтэй айлд харанхуй шөнө орж ирчхээд чанга чанга юм хум ярилаа, гадаа гарч юм хум ярь” гэж хэлсэн. Тэр үед тэр залуу манай нөхөр *******тэй муудалцах гээд “тань шиг ах гэж юу байдгийн, энэ тэр” гээд үгээр идээд байсан юм. Тэгэхээр нь би нөхрийгөө өмөөрөөд тэд нарыг “гадаа гар” гэж хэлсэн юм. Тэгсэн тэр хэд хэсэг жаахан гайгүй болоод сууцгаасан. Тэгсэн эхлээд Ганхөлөг нь юу ч хэлээгүй чимээгүй гараад явсан. Тэгсэн араас нь ******* гутлаа өмсөөд гараад явсан. Тэгээд би бодохдоо *******ийг бие засах гэж байна, эсвэл тамхи татах гэж байна гэж бодоод тоогоогүй. Тэр үед манай нөхрийн дүү ******* манай гэрт хүнтэй утсаар яриад сууж байсан. Тэгсэн араас нь тэр танихгүй залуу гараад явсан. Тэгээд тэр гурав гадаа гараад ганц, хоёр минут л болсон. Тэгээд би *******ийг тэр хоёр залууг дагаад цаашаа согтуу гараад явчих вий гэж бодоод том хүү Тэмүүлэнг “миний хүү цаашаа цонхоор хардаа, аав чинь гараад явчих вий” гэж хэлээд цонхоор харуултал манай том хүү Тэмүүлэн “ээж гадаа тэр хоёр аавыг зодоод байна, аав газар хэвтчихсэн байна” гэж хэлэхээр нь би гартал манай нөхөр *******ийг тэр хоёр газар унагаачихсан, ******* газар доошоо хараад хэвтчихсэн байдалтай, *******ийн ар нуруун дээр Ганхөлөг нь гарчихсан дараад суучихсан, үснээс нь зулгаагаад хойш нь татаад сууж байсан. Тэгсэн нөгөө нэг танихгүй залуу нь хажуугаас гар, цээж рүү цохиод байсан. Тэгээд би гараад “хүүе ээ болиоч ээ, та хоёр яагаад манай нөхрийг нийлж зодоод байгаа юм бэ” гээд салгах гэсэн боловч би дийлэхгүй байсан юм. Тэгэхээр нь би гэр лүүгээ буцаж ороод *******ийг дуудсан. Тэгсэн ******* надтай зөрж гараад би гэртээ ороод бага хүү маань аймар уйлаад байсан болохоор хүүхдээ тэврээд гэртээ байж байсан. Тэгээд тухайн үед *******ийг гарчихсан юм чинь, тэд нарыг салгачих байх гэж бодоод байж байтал удалгүй манай нөхөр ******* орж ирээд гал тогооны өрөөнөөс хутга аваад гарахыг нь би харсан. Тэгсэн ******* *******тэй яг зөрж орж ирж таарсан. Тэгээд би бага хүүгээ *******өд өгчхөөд, гутлаа өмсөөд “ах чинь хутга аваад гарчихлаа ш дээ” гээд араас нь гартал Ганхөлөг хүзүүгээ дарчихсан хүзүүнээс нь цус гарчихсан, нөгөө залуу “танай нөхөр чинь манай найзыг хутгалчихлаа” гээд намайг “хурдан түргэн дуудаач” гэсэн. Тэгээд би буцаж гэр лүүгээ ороод түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Тэгтэл цагдаа нар ирээд “яасан ийсэн, юунаас болсон” гээд асууж тодруулаад байж байтал араас нь удалгүй түргэн ирээд Ганхөлөгийг хамт ирсэн залуутай аваад явсан. Тийм л зүйл болсон. ...Манай нөхөр ******* бол анх караокеноос гарч ирэхдээ нэлээн их хэмжээний согтолттой байсан. Ганхөлөг, ******* хоёр бага зэргийн согтолттой. Нөгөө танихгүй залуу нь анх манайд орж ирэхдээ нэлээн их хэмжээний согтолттой орж ирсэн. ...Би цаана нь хүүхдээ хараад байж байсан болохоор тэд нарыг архи хувааж уусан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Маргааш өглөө нь намайг тэр архийг нь харахад талаас нь жаахан дээгүүр архи үлдчихсэн байсныг нь би 00 руугаа хаячихсан юм. ... Хоорондоо юм хум ярьж байгаад согтуу хүмүүс “хэг ёг, хэг ёг” гээд л *******, *******тай эхлээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн тэр ******* нь *******ийг “ийм ах гэж байдаг юм уу” гэхэд нь ******* “яачхаад байгаа юм” гээд тэр хоёр хоорондоо согтуугаар маргалдаж эхэлсэн. Тэгээд би “битгий хэрүүл маргаан хийгээд бай, хүүхэд халуураад байна” гэж хэлтэл тэд нар хэсэг байж байгаад чимээгүй ар араасаа гараад явцгаасан. ...Ганхөлөгийг “хүзүүн дээрээ хоёр удаа хутгалуулсан байна” гэж би дараа нь эмчээс сонссон. Өмнө нь намайг харахад ямар ч байсан хүзүүгээ өөрөө дараад зогсож байсан. Өөр ямар нэгэн байдлаар зодуулсан шинж байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 9 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-14 дүгээр хуудас/

Цэргийн төв эмнэлгийн 23х/05228 дугаартай хохирогч *******ийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, холбогдох баримт/хх-ийн 33-53 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн №63 дугаартай хохирогч *******ийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, холбогдох баримт/хх-ийн 55-60 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч *******ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 67 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 109-111 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.*******ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун талын плеврийн хөндийд сул хий дүүрсэн, баруун уушги шахагдаж, коллапс болж бүрэн унасан, баруун плеврийн хөндийд сул шингэн, хүзүүний урд хэсэгт арьсан дор сул хий, хүзүүнд шарх, зүүн гарын 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт/хх-ийн 29-30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №53 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.*******ийн биед баруун гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үе, зүүн гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Зүүн гарын шууны зөөлөн эдийн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн  байх боломжтой. Баруун гарын дунд хурууны 1 дүгээр үений  яс овойсон гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны яаралтай тусламжийн хуудас №6800 тусгагдаагүй бөгөөд хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй.

             4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

             5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 66-67 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 85 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл/хх-ийн 86 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 87 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 88 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/хх-ийн 90-92 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар/хх-ийн 93 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 94-96 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 97 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ээс хохирогч *******т эмчилгээний зардалд 3215000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 117-118 дугаар хуудас/

             Шүүгдэгч *******ийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан тухай хүсэлт/хх-ийн 123 дугаар хуудас/

Хохирогч *******ийн цалингийн тодорхойлолт/хх-ийн 126 дугаар хуудас/ Хохирогч *******ийн шүүхэд ирүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт,

Шүүгдэгч ******* хохирогч *******т 300000 төгрөгийг эмчилгээний

зардалд нөхөн төлсөн хаан банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ний шөнийн 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Гандангийн 64 тоотод байрлах өөрийн гэрийн хашаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүү хэсэгт хоёр удаа хутгалж цээжний хөндий нэвтэрсэн шарх, баруун талын плеврийн хөндийд сул хий дүүрсэн, баруун уушги шахагдаж, коллапс болж бүрэн унасан, баруун плеврийн хөндийд сул шингэн, хүзүүний урд хэсэгт арьсан дор сул хий, хүзүүнд шарх, зүүн гарын 4-р хуруунд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 21 дүгээр хуудас/,гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 23 дугаар хуудас/,гэрч М.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/,Цэргийн төв эмнэлгийн 23х/05228 дугаартай хохирогч *******ийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, холбогдох баримт/хх-ийн 33-53 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн №63 дугаартай хохирогч *******ийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, холбогдох баримт/хх-ийн 55-60 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч *******ийг үзсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 67 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №39 дугаартай дүгнэлт/хх-ийн 29-30 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ганхсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...Шүүгдэгч *******ийг хутга заазуур хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэжээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч *******ийн эрүүл мэндэд цээжний хөндий нэвтэрсэн шарх, баруун талын плеврийн хөндийд сул хий дүүрсэн, баруун уушги шахагдаж, коллапс болж бүрэн унасан, баруун плеврийн хөндийд сул шингэн, хүзүүний урд хэсэгт арьсан дор сул хий, хүзүүнд шарх, зүүн гарын 4-р хуруунд зулгаралт бүхий гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх эмчилгээний зардлын баримтыг гаргаж, хэрэгт хавсаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 4115000 төгрөгийг  нөхөн төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь  зүйтэй байна.

            Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 27000000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа/нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа/ тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Гурав.Шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ний шөнийн 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Гандангийн 64 тоотод байрлах өөрийн гэрийн хашаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хүзүү хэсэгт хоёр удаа хутгалж цээжний хөндий нэвтэрсэн шарх, баруун талын плеврийн хөндийд сул хий дүүрсэн, баруун уушги шахагдаж, коллапс болж бүрэн унасан, баруун плеврийн хөндийд сул шингэн, хүзүүний урд хэсэгт арьсан дор сул хий, хүзүүнд шарх, зүүн гарын 4 дүгээр хуруунд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4-д заасан эрүүгийн хариуцлага нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн ...бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. ...гэж хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” ...гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг цагаан өнгийн, ажлын хэсэг нь 16 см урттай, бариул хэсэг нь 13 см урттай, нийт 29 см урттай заазуур 1 ширхэг, ажлын хэсэг нь 16 см урттай, бариул хэсэг нь 12 см урттай, нийт 28 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд баримт устгах ажлын хэсэгт даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******эд 03/гурав/жил, 04/дөрөв/сар, 05/тав/хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдах хорих байранд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4115000/дөрвөн сая нэг зуун арван таван мянга/төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг, ******* нь цаашид гарах ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг цагаан өнгийн, ажлын хэсэг нь 16 см урттай, бариул хэсэг нь 13 см урттай, нийт 29 см урттай заазуур 1 ширхэг, ажлын хэсэг нь 16 см урттай, бариул хэсэг нь 12 см урттай, нийт 28 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ

 

                                                       ШҮҮГЧИД                        Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Ж.ЭРДЭНЭБАТ