Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0078

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Д.Энхбат нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шангуучин овгийн Даваажавын Энхбатад холбогдох 201714000126 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шангуучин овгийн Даваажавын Энхбат, Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянталын 4-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:ФБ89070413/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Энхбат нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 1-04 тоотод хамтран амьдрагч В.Уранболортой хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хардаж маргалдан зүүн далан тус газарт нь 1 удаа хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар прокурорын тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч В.Уранболорын “2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Д.Энхбатын хамт гэртээ 0.75 литр Ерөөл архи уучихаад унтах гээд байж байсан чинь Энхбатын найз Отгон-Эрдэнэ Түмэнням нар шөнө манай гэрт ирээд хоносон. Тэгээд өглөө босоод Энхбат Түмэнням хоёр гадагшаа гараад дахиад нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр архиа Энхбат, Түмэнням хоёр хувааж ууж дуусгасан. Тэгээд тэр хоёр гадагшаа гараад дахиад нэг шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр архийг ууж байх хооронд би мах чанасан. Энхбатыг би архи уулаа барилаа гээд уурлаад бид хоёр хоорондоо жаахан хэрүүл хийсэн. Энхбат мах идэхээр босохоор нь би хамт босч араас нь очиж хэрүүл хийсэн чинь мах идэж байсан хутгаараа миний зүүн талын далан тус газарт хатгачихсан. Тэгээд би гэртээ байсан ногоон өнгийн алчуураар цусаа дарж тогтоосон. Би тухайн үед Түмэннямыг цагдаа битгий дуудаарай гэж хэлсэн. Тэгээд тэр Отгон-Эрдэнэ Түмэнням хоёрыг явуулаад Энхбат бид хоёр эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтийн “В.Уранболорын биед зүүн далан дээр нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Уг гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-н 17-р хуудас/

 

3. Шүүгдэгч Д.Энхбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 02 сарын 17-ны өдөр хамтран амьдрагч В.Уранболорын гэрт хамт архи ууж байсан. Тэгэхэд орой нь манай найз болох Түмэнням, Отгон-Эрдэнэ нар ирсэн. Тэгээд Уранболорын гэрт хамт хоносон. Тэгээд 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 07 цагт боссон. Тэгээд би найз Түмэннямын хамт дэлгүүрээс архи авахаар гараад Жүрж хүнсний дэлгүүр онгорхой байхаар нь ороод Монгол стандарт 0.75 литрийн хэмжээтэй архи аваад Уранболорын гэр рүү нь орсон. Тэгээд гэрт нь ороод Уранболор, Түмэнням бид гурав авсан архиа уусан. Ууж дуусаад Түмэнням бид хоёр дахиад нэг шил архи дэлгүүрээс аваад орж ирсэн. Тэгээд сүүлийн авч орж ирсэн архиа ууж дуусгасан. Тэгээд хоол хийнэ гэсэн үү, мах чанана гэсэн ухааны юм яриад байсан байхаа. Би нэлээн согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн Уранболорыг хутгаар хатгачихсан байсан. Тэгээд Уранболорыг аваад БОЭТ-д орсон. Энэ үед 15 цаг болж байсан байх аа тэгээд намайг эмнэлэг дээрээс цагдаа ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч В.Уранболор нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “Д.Энхбатад холбогдох эрүүгийн хэргийн хохирогч В.Уранболор миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Энхбат нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 1-04 тоотод хамтран амьдрагч В.Уранболортой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч В.Уранболорын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энхбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Шангуучин овгийн Даваажавын Энхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Д.Энхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АЛТАНГАДАС