Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00196

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00196

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын .... дугаар багт байрлах, Х ХХК-ийн Хөвсгөл салбар-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Ц сумын .... дүгээр багт байрлах, Ц ХХК,

хариуцагч:Улаанбаатар хот, Б дүүрэг, хорооны ... дүгээр хотхоны .... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо*******, Б дүүргийн  .... дугаар хорооны ..... дүгээр хэсэг ....... гудамжны .... тоотод оршин суух, С овогт Цийн Б нарт холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 14,868,404 төгрөг, зээлийн хүү 4,190,970 төгрөг, торгуулийн хүү 355,486 төгрөг, нийт 19,414,860 /арван есэн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 155/2020/02175/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Э /онлайн/, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөр шаардах хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчдэд шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус заасны дагуу банк гэрээ болон хуульд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

Ц ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хны Хөвсгөл салбарын харьяа Ц тооцооны төвтэй ЗГ201442243565 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, ...зээл, зээлийн хүүд сар бүр 502,900 төгрөгөөр төлөх хуваарьтай гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь нийт 21,000,000 төгрөгөөс 14,868,404 төгрөг үлдэх хүртэл төлсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 719 хоног хугацаа хэтэрсэн. Энэ хооронд банк шүүхэд хандах гэхээр зээлдэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргуулдаггүй байсан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Банк үүргийнхээ дагуу зээлийн эцсийн хугацаа хүртэл хүлээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хугацаа дуусаж, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болсон.

Зээлдэгч нь гэрээ байгуулсантай холбогдуулан гэрээний дагуу үндсэн зээл 14,868,404 төгрөг, зээлийн хүү 4,190,970 төгрөг, зээл хугацаа хэтрүүлсний торгууль 355,486 төгрөг, нийт 19,414,860 төгрөгийг Ц ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

...Эхний 12 сар 21,000,000 төгрөгөнд тооцогдсон зээлийн хүү төлсөн байна. Зээлдэгч нартай байгуулсан гэрээ нь эхний 12 сар зээлийн хүүг төлөх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байна. Үлдсэн 48 сард үндсэн зээл, зээлийн хүүг хувааж төлөх хуваарьтай байсан...Хариуцагч тал үндсэн зээлийн 21,000,000 төгрөгөөс 6,131,596 төгрөгийн үндсэн зээл төлсөн, зээлийн хүүд 1,713,405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй байна....2016 онд банкны барьцаанд байсан объект шатсаны дараа ахлах эдийн засагч н.Нэргүй, салбарын захирал Д.Ц нартай ирж уулзаж байсан. Тэр үед би тооцоо хариуцсан менежер хийж байсан. С.Э гуай өөрийн биеэр нэг удаа ирж уулзаад тэрнээс хойш бид нартай ирж уулзаагүй. Цаашид яах талаар 2 талаас тодорхой шийдэлд хүрээгүй байсан.

...Зээлийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн зохих ёсоор биелүүлээгүй гэж заасан. Энэ тохиолдолд банк өөрөө зээлийн гэрээг цуцлах эрх нь байгаа...2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 502,900 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл төлөгдөөгүй байна....Зээлдэгч 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүйг удаа дараа зөрчсөн гэж үзнэ. Банк зээлийн гэрээний эцсийн хугацаа дуусаагүй байгаа учир шүүхэд өгөөгүй байсан.

...Тоног төхөөрөмж худалдан авах зориулалттайгаар зээл олгосон...2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн БГ15/0011 дугаартай барьцааны гэрээнд үл хөдлөх хөрөнгө буюу үйлдвэрлэлийн зориулалттай объектыг барьцаалсан байна. Хөвсгөл аймгийн Ц сумын*******т байрлах 147.1 метр квадрат талбайтай, төмөр дээвэртэй, дүнзэн байшин. Ү-714000033 дугаартай энэ байшин нь зах зээлийн үнэлгээгээр 50,000,000 сая төгрөгөөр үнэлж барьцаалсан. Мөн эзэмших эрхийн бичигтэй нэгж талбарын 211700694 дугаартай 1 га газрыг барьцаалсан....1 га газар байгаа. Мөн байшингийн үл хөдлөхийн гэрчилгээ байгаа...Сарын 0.58 хувийн хүүтэй зээлсэн...гэв.

Хариуцагч Ц ХХК-ийн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Жижиг дунд үйлдвэрийн сангаас 50,000,000 төгрөгийн төсөл хийж 2011 оноос хөөцөлдөж, 2015 онд энэ төсөл хэрэгжих хүртэл үйлдвэрээ барьж, Хөвсгөл аймгийн төвд Цыг консервлож, жимс жимсгэнээр варень хийж ажиллаж байсан. Тэгээд тоног төхөөрөмж авах гэж Жижиг дунд үйлдвэрийн сангаас 50,000,000 төгрөгийн төсөл гаргаж өгсөн боловч 30,000,000 төгрөгийг баталсан гэж байсан. Банк 21,000,000 төгрөгийн гэрээ хийж уг мөнгийг авсан нь үнэн. Би зээлээ 2016 он хүртэл төлж байсан. Манай нөхөр 11 дүгээр сургуулийн математикийн багш ажилтай байсан учраас цалингийн зээл авч ажилладаг байсан. 2016 он хүртэл үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаагаа явуулсан. Гэтэл галын аюул гарч бүх эд хөрөнгөө алдсан. Хэдий ийм байдалд орсон ч гэрээнийхээ дагуу төлбөрөө төлж байсан. 2017 онд манай нөхөр ажлаа хийж байсан болохоор боломжоороо 2,000,000 төгрөг төлсөн. Хэдий галд өртөж шатсан ч гэсэн тэр газар дээрээ байшин барьж дахин босгоно гэсэн бодлоор хүнээс зээл авч байсан. Тэгээд ийм байдалд орно гэж бодоогүй. Тэгээд аймгийн төв орж Жижиг дунд үйлдвэрийн газарт очиж хэлсэн, мөн аймгийн Засаг даргад энэ талаараа хэлж байсан. Тэгэхэд аймгийн Засаг дарга гал гарсан тухай нотлох баримтаа аваад ирээрэй гэж байсан. Тухайн үед н.Нэргүй гэж хүн байсан би ямар байдалд орсноо хэлсэн. Хамгийн гол нь дахин зээл авах боломжтой эсэх талаар асуусан юм. Намайг дэмжинэ гэж байсан. Тэгээд Ц сумын ард иргэд намайг юу ч үгүй хоцорсон гэдгийг мэдэж байсан болохоор палк зээлээр өгсөн. Тэгээд 2 давхар байшин барьсан. Одоо ч тэр хүмүүсийн зээл хэвээрээ байгаа.

2018 оны 11 дүгээр сард манай нөхөр ажилдаа явж байхдаа машин дотроо харвасан. Энэ өдрөөс хойш нөхрөө асарсаар байгаад би өөрөө 2019 онд ийм байдалд орсон юм. Би зээлээ төлөхгүй гэж яваагүй. Надад жижиг дунд үйлдвэрийн газраас дахин зээл олгоно гэж байсан. Би Хинд гомддог. Надтай нэг ч уулзаагүй.

...Намайг аль эрт шүүхэд өгөөд хүүг маань зогсоосон бол би энэ үгээ хэлээд аль хэдийнээ учраа олох байсан. Намайг битгий шүүхэд өг гэж хэлж байсан гэж байна. Би нэг ч удаа тийм зүйл хэлж байгаагүй.

...Өнөөдрийг хүртэл 4 жил болж байхад ганц удаа ч та яаж байна гэж Хнаас хүн асууж байгаагүй. Гэрээ хийхдээ яагаад даатгал хийлгэ гэж хэлээгүй юм бэ. Энэ олон жил даатгал хийлгэ гэсэн бол өмч хөрөнгөө хэн ч даатгуулна шүү дээ. Байшин авна гэнэ. Би гэрт амьдарч байсан, байшингаа барьж дуусаагүй байгаа. Үр хүүхдүүдээрээ төлүүл гэж Б.Б утсаар хэлсэн. Миний үр хүүхдүүд тусдаа амьдралтай, 2 охинтой хотод амьдраад явж байна.

...Газар гэж яриад байгаа юм. Газрыг авч болно. Хуулиараа надад жижиг дунд үйлдвэрийг байгуулахад сумын төвөөс үйлдвэр үйлчилгээний зориулалттай танд нэг га газар өгнө гэж хэлсэн. Намайг шатсаны дараа та байшин барьсан газраа л авна уу гэхээс манай сум газраа буцааж авна гэж Засаг дарга хэлсэн. Газар төрийн мэдэлд байдаг, төр мэдээд надтай гэрээ байгуулсан. Байшин барьсан газрыг л өгнө гэсэн бусад нь төрийн мэдлийн газар байгаа юм.

...Одоо надад Ханд өгөөд байх зүйлгүй байна. Намайг 9,000,000 төгрөг өгөөд хүүг нь зогсооно гээд байсан. Хөдөө аж ахуйн банкны захирал Д.Ц гэх хүнд дээр өргөдөл бичиж очсон. Би байраа заръя, нөхөр харвасан бие нь муу мөнгө хэрэгтэй, бизнесээ босгомоор байна, танайх авахгүй юм уу, тэгвэл би өрөө ч төлчихнө гэж хэлсэн. Би банканд удаа дараа хүсэлтээ гаргасан. Банк 11 сараас зөвшөөрөл өгнө, одоо тэдэн сард зөвшөөрөөд өгнө гэж хэлээд хойшлуулаад байсан.

...Банктай байраа түрээслэхээр 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн байсан. Уг байрыг өөр хүний эзэмшилд мөнгө төгрөгөө аваад зарсан. Банктай хийсэн түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусна. Гэрээгээ сунгахаар бол худалдаж авсан хүнтэй нь гэрээгээ хийх байх...Х нь миний энэ зэргийн зээлийн эрсдэлийг даах чадвартай газар гэж үзэж байна...Одоо надад зээл төлөх ямар ч боломж байхгүй байна. Хэн нь хэзээ харвахыг мэдэхгүй байна. Би Ханд их гомдолтой байна. Яагаад эртхэн арга хэмжээ аваад хүүг нь зогсоож болоогүй юм...2016 оноос хойш 4 жилийн хугацаа өнгөрч байхад банк намайг шүүхэд өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...Графикийн дагуу төлж байсан. Хэдийг төлснөө тооцоолоогүй. 2017 онд 2,000,000 төгрөг төлсөн. Үүнд маргах зүйлгүй.

...Миний нөхөр бид 2 хүний асрамжид байдаг хөдөлмөрийн чадваргүй Иймд төлөх ямар ч боломжгүй. Би ихэвчлэн*******од байдаг. О.Мягмаржав гэх хүн над руу мэдэгдэх хуудас явуулж би төлөхгүй гэж хэлсэн удаа байхгүй. Бизнес маань эрсдэлд орсон ч би графикийн дагуу зээлээ төлөөд явдаг байсан. Нөхөр маань харваснаас хойш надад зээл төлөх боломж байгаагүй. Объект шатсан үед бичгээр хүсэлтээ бичээд өг гэсэн бол би бичгээр хүсэлтээ өгөх байсан...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гал гарч үйлдвэрийн байшин шатсан...Би өөрийн биеэр очиж миний объект шатчихлаа гэж хэлж байсан бичгээр өгдөг гэж мэдсэнгүй...гэв.

Хариуцагч Ц.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Хөвсгөл аймгийн Ц сумын*******ийн нутагт байрлах, Ү-1711001040 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Ц ХХК, хамтран хариуцагч Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийг хүлээн авч дараахи үндэслэээр тайлбар гаргаж байна.

Хөвсгөл аймгийн Ц сумын*******ийн нутаг Дэнжийн ард байрлаж үйл ажиллагаа явуулж байсан, Ү-1711001040 улсын бүртгэлийн гэрчилгээтэй Ц ХХК нь 2005 оноос үүсэн байгуулагдсанаас хойш загас загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаа үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаагаа явуулан жил бүр санхүүгийн тайлангаа гаргаж ажиллаж байсан. Манай Ц ХХК нь Хөвсгөл аймгийн Ц сумын нутагт байрлан Хөвсгөл аймгийн уламжлалт нэрийн бүтээгдэхүүн болох дархадын Ц, загасан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байсан болно. Захирал С.Э нь зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оны үеэс хойш арилжааны банкуудаас ялангуяа Хнаас бизнесийн зээл удаа дараа авч зээлийг зориулалтын дагуу ашиглан цаг хугацаанд нь төлдөг найдвартай зээлдэгч харилцагч байсан. Ажиллах явцад Ц ХКК нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтын байртай болох, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах шаардлагатай болсон тул Хнаас 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №ЗГ 201442243565 дугаартай зээлийн гэрээ байгуулан Хны Хөвсгөл салбарын Ц тооцооны төвөөс 21,000,000 төгрөгийн төслийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан болно.

Дээрх зээлийг авсанаас хойш үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжөө шинэчлэн ашиглалтанд бүрэн хариуцагч оруулж ажиллаж байтал 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ц сумын*******ийн нутагт байрлах 147.1 м.кв талбай бүхий манай Ц ХХК-ийн барилгад гал гарч 90,940,000 төгрөгийн барилга, тоног төхөөрөмж эд хогшил, компанийн тусгай зөвшөөрөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтуудын хамт гал түймрийн улмаас бүрэн шатаж хуулийн этгээдээс шалтгаалахгүйгээр урьдчилан тооцоолох боломжгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас болж цааш ямарч үйл ажиллагаа явуулах боломжгүй төлбөрийн чадваргүй болсон.

Гэвч тус банкны зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж, мөн компанид учирсан хохирол арилгах, үйл ажиллагааг сэргээн явуулахаар ихээхэн хөөцөлдөж ажиллаж байтал захирал Содовын Эийн нөхөр, хамтран зээлдэгч Цэгмидийн Б 2018 оны 11 дүгээр сард тархинд нь цус харваж эмнэлэгт ухаангүй удаан хугацаанд эмчлүүлж байнгын хүний асрамжинд байж хөдөлмөрийн чадвараа алдаж 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс группт орсон, би өвчтэй нөхрөө асарч эмчлүүлж байхдаа 2019 оны 04 дүгээр сард хоёр нүдэнд цус харваж хоёр нүд бүрэн хараагүй болж одоо хүртэл нөхөр бид 2, хоёр хүнд өвчний улмаас хүүхдүүдийнхээ асрамжинд туйлын хүнд нөхцөл байдалд амьдарч зээлийн төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй, захирал С.Э нь тэтгэвэрийн 330,000 төгрөг, манай нөхөр Ц.Б тэтгэмжийн хэдэн төгрөгөөр эмчилгээний зардал төлбөрөө ч бүрэн төлж чадахгүй амьдарч байна. С.Э, Ц.Б нар нь Хөвсгөл аймгийн Ц суманд үйлдвэрийнхээ байранд амьдардаг байсан бөгөөд үйлдвэр байр нь шатсанаас болж өөрийн гэх орон байргүй, одоогоор эмнэлгийн хяналтанд зайлшгүй байх шаардлагын улмаас*******од хүүхдийнхээ асрамжинд амьдарч байна.

Ийнхүү Ц ХХК-ийн зээлийн барьцаанд байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө галд бүрэн шатаж устаж үгүй болсон, захирал С.Э нь хүнд өвчний улмаас хоёр нүд бүрэн хараагүй сохорч хүний асрамжинд орж хөдөлмөрийн чадваргүй, орлогогүй болж ямарч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй эрсдэлд орж банкны зээлийг төлж чадахгүй болсон...гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь Ц ХХК болон Ц.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 14,868,404 төгрөг, зээлийн хүү 4,190,970 төгрөг, торгуулийн хүү 355,486 төгрөг, нийт 19,414,860 /арван есэн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч С.Э эс зөвшөөрч ....Миний нөхөр бид 2 хүний асрамжид байдаг хөдөлмөрийн чадваргүй. Иймд төлөх ямар ч боломжгүй...Бизнес маань эрсдэлд орсон.... гэж маргав.

2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 01/4749 дугаартай итгэмжлэлээр Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Жон Белл нь Х ХХК-ийн Хууль эрхзүйн газрын захирал Э.Хосбаярт 2 жилийн хугацаатай, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 29/4940 дугаартай итгэмжлэлээр Э.Хосбаяр нь Х ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Цд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай тус тус итгэмжлэл олгожээ. /хх-ийн 7, 9 дүгээр тал/

Дээрх итгэмжлэлүүдэд олгосон эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгосон байх тул Х ХХК-ийг төлөөлж Х ХХК-ийн Хөвсөл салбарын захирал нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц ХХК, Ц.Б нар нь Х ХХК-ийн Хөвсгөл салбарын харьяа Ц тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ201442243565 дугаартай зээлийн гэрээ байгуулан тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 21,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай, эхний 12 сар зээлийн хүүг төлөх хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Хөвсгөл аймийн Ц сумын*******т байрлах Ү-714000033 дугаартай, 147.1 метр квадрат талбайтай, төмөр дээвэртэй, дүнзэн байшин, нэгж талбарын 211700694 дугаартай 1 га газар зэргийг барьцаалан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдлоо.

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 21,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн барьцаанд байсан Хөвсгөл аймийн Ц сумын*******т байрлах Ү-714000033 дугаартай, 147.1 метр квадрат талбайтай, төмөр дээвэртэй, дүнзэн байшин шатсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х ХХК-ийн төлөөлөгчөөс олгосон итгэмжлэлээр Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч нар нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6,131,596 төгрөг, зээлийн хүүд 1,713,405 төгрөг, нийт 7,845,001төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 32 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ201442243565 тоот Зээлийн гэрээний 6.1.1-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд банк гэрээгээ цуцалж шүүхэд хандахаар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг зээлдэгч 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүйг ойлгохоор заасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.

Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 4,190,970 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,486 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 32 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч нараас шаардаагүй буруутай байна.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн барьцаанд байсан Хөвсгөл аймийн Ц сумын*******т байрлах Ү-714000033 дугаартай, 147.1 метр квадрат талбайтай, төмөр дээвэртэй, дүнзэн байшин шатсан болох нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 42-44 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч С.Э нь дээрх байдлын талаар нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт илэрхийлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ201442243565 тоот Зээлийн гэрээний 6.1.1-д зээл олголт, эргэн төлөлтий хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд банк гэрээгээ цуцалж шүүхэд хандахаар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэдгийг зээлдэгч 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүйг ойлгохоор заасан, сарын 0.58 хувийн хүүтэй зээлсэн гэх тайлбарыг үндэслэн үндсэн зээл 14,868,404 төгрөг, 90 хоног буюу 3 сарын хугацаанд төлөгдөх зээлийн хүү 258,710 /14,868,404 төгрөг/100*0.58 хувь буюу 1 сарын хүү 86,236.7 төгрөг х 3 сар=258,710/ төгрөг, нийт 15,127,114 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э нь миний нөхөр бид 2 хүний асрамжид байдаг, хөдөлмөрийн чадваргүй. Иймд төлөх ямар ч боломжгүй гэх тайлбар нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц ХХК, Ц.Б нараас үндсэн зээл 14,868,404 төгрөг, зээлийн хүү 258,710 төгрөг, нийт 15,127,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,287,746 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ201442243565 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил, нэхэмжлэгч талаас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээл хамгийн сүүлд төлсөн гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар 2020 оны 11 дүгээр сарын 20-нд тэмдгийн хураамж төлснөөс тооцвол 3 жил 6 сар болсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,024.30 /хоёр зуун тавин таван мянга хорин дөрвөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК, Ц.Б нараас 15,127,114 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 233,586 /хоёр зуун гучин гурван мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгохоор тогтов.

Хавтаст хэргийн 10-15, 22-23 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Мөнгөн шилжүүлэгийн хуулбар, 2015 оны 01 дүгээр саын 12-ны өдрийн №ЗГ201442243565 дугаартай зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн №БГ15/0011 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаартай Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан өгсөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/1997 дугаартай албан бичгийн хуулбар, уг албан бичгийн хавсралтын хуулбар, 2011 оны 6 сарын 08-ны өдрийн №561, 562 дугаартай Хамтран ажиллах гэрээний хуулбарууд, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2016/ҮГ-10 дугаартай Хамтран ажиллах гэрээний хуулбар, №15/161 дугаартай санамж бичгийн хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 18/01 дугаартай түрээсийн гэрээний хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 19/01 дугаартай түрээсийн гэрээний хуулбар, гүйлгээний лавлагааны хуулбарууд зэрэгт нэхэмжлэгч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн, хавтаст хэргийн 16, 18-21 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц ХХК, Ц.Б нараас үндсэн зээл 14,868,404 төгрөг, зээлийн хүү 258,710 төгрөг, нийт 15,127,114 /арван таван сая нэг зуун хорин долоон мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,287,746 /дөрвөн сая хоёр зуун наян долоон мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,024.30 /хоёр зуун тавин таван мянга хорин дөрвөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 233,586 /хоёр зуун гучин гурван мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ