Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00249

 

 

 

 

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00249

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С дүүргийн .... дугаар хорооны М-ийн .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн М сумын ... дугаар багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, Х овогт Нгийн Д-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын .... дугаар багийн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, Б овогт Дийн Э -т холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагатай 155/2020/02084/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Н.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Этай 2003 онд танилцан үерхэж байгаад хүүхэдтэй болж, цэргээс халагдаж ирэхэд нь би охиноо гаргасан байсан. Цэргээс халагдаж ирсний дараа бид 5-6 сарын хугацаатай хамт амьдарч байгаад миний хүүхэд биш гэж хэлээд гэрээ ачаад явсан. Энэ хугацаанд охиноо өсгөхдөө мөнгө болон бусад тусламж дэмжлэг авч үзээгүй. Хоёр жилийн дараа охин маань оюутан болох учир эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэж бодсоны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Том охин Д.Н 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.

Иймд охин Д.Ныг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Д.Э нь өөрөө хүүхдээ мөн болохыг хүлээн зөвшөөрсөн учир эцэг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна...Охин Д.Н нь надаар овоглодог...Охин маань Хөвсгөл аймгийн ...................... цогцолбор сургуулийн ..... бүлэгт суралцдаг...Охин маань эрүүл саруул өсч байгаа...Надад болон шүүгчийн туслахад өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн. Тийм учраас өөрийг нь оролцуулахгүйгээ хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн....Охин маань Д.Этай их адилхан. Д.Э надад хэлэхдээ өмгөөлөгчөөс зөвлөгөө авч цаг хожих зорилгоор эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Би алдаа гаргалаа намайг уучлаарай гэж хэлсэн...гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа:...Н.Дын нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Э намайг 2004 оны сарын 20-нд цэргийн алба хаахаар очсоны дараа буюу 2004 оны 11 дүгээр сарын 20-ны үед Д нь эргэлтээр очсоны дараа, би жирэмсэн болсон гэж очсон. Бид хоёр 2005 онд хуримаа хийж, хамтдаа жир хүрэхгүй хугацаанд амьдарсан. Охин Д.Н нь надтай хамт байж байгаагүй, ээжийнхээ аавынд өссөн.

Д нь нэхэмжлэлдээ... худлаа худлаа зүйлийг бичсэн байна. Тухайлбал: ...өөрийгөө хардаж, цохиж нүддэг байсан, мөн өвлийн хүйтэнд охин бид хоёрыг буурин дээрээ орхиод гэрээ аваад явсан гэж худлаа бичсэн байна.

Дын энэ мэт, үндэслэлгүйгээр худлаа зүйл бичсэнээс шалтгаалж, төрүүлсэн охиноо миний хүүхэд гэж, худлаа бичсэн байж магадгүй гэж би сэжиг төрж байна...гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь Д.Эт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хүүхдийн эцэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Д.Э нарын дундаас 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Н төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д нь ...Д.Э нь хүүхдээ мөн гэж хүлээн зөвшөөрсөн... гэх үндэслэлээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Охин Д.Н нь 16 нас 1 сартай, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори ....................... цогцолбор сургуулийн 11б ангид суралцдаг болох нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори ..................... цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Д.Н нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Д.Ныг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Ныг түүний өссөн орчин нөхцлийг өөрчлөхгүй, хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Н.Дын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Дын төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,702 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 194,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Н нь 16 нас 1 сартай, суралцаж байгаа тул Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар Хүн амын амьжиргааны доод түвшин-ий 2021 онд мөрдөх хэмжээг тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөн хэмжээгээр тооцох зүйтэй байна.

Иймээс Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийг сар бүр хариуцагч Д.Э төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин сар бүр төлөх тэтгэлэг 213,800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,565,600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,000 төгрөг байх ба хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 1,498 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нийт 124,702 /70,200+54,502/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Дд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Эт тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагч Д.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Н -ыг эх Н.Дын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Ныг суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Н.Дд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Эт тус тус мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,902 /нэг зуун ерэн дөрвөн мянга есэн зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 1,498 /нэг мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамж 124,702 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгосугай.

  7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ