Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 842

 

                                                                                   

Б.Э, И.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Серикжан, 

яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа, 

яллагдагч И.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Дима, Ч.Түвшинжаргал,    

иргэний нэхэмжлэгч С.Болдбаатар,

иргэний хариуцагч Ю.Булганаа,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЗ/1029 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Серикжан, С.Оюунжаргал нарын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Э, И.Бнарт холбогдох эрүүгийн 1903011910031 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын үед жолооч Б.Э нь Дотоод хэргийн их сургуулийн эзэмшлийн “Huyndai аего town” маркийн, 07-80 УНҮ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.Ууганбаатар, Б.Тэмүүжин, Ц.Гансүх, С.Зоригоо, Г.Алтансүх, Б.Бямбасүрэн, Д.Цэрэнжаргал нарын 7 хүн нас барж, Ц.Замбалгарав, Ж.Чинзориг нарын 2 хүний эрүүл мэндэд хүнд, Б.Мөнхжаргал, М.Өнөрцэцэг, Н.Гомбогаанин, О.Гэрэлсүрэн, Л.Саруулцэцэг, Д.Ууганбаатар, П.Мөнгөнбороо, С.Оюундэлгэр, Н.Соёлчимэг нарын 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Мөнхцэцэг, Х.Ариунсэлэнгэ, Ч.Цэцэгмаа, П.Сэлэнгэ, Ц.Бямбасүрэн, О.Тэмүүлэн, Б.Оюундулам, Ж.Гүнжинлхам, Б.Хувьтөгөлдөр, Б.Уранцэцэг, Т.Сайнсанаат, У.Лхагвамаа, С.Цэцэгдэлгэр, Ж.Лхагвадорж, Ш.Оюунчулуун, А.Янжмаа, И.Жавзандулам, М.Норжинсүрэн, Г.Дуламханд нарын 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

Дотоод хэргийн их сургуулийн Авто тээврийн албаны дарга И.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Хууль сахиулах их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаартай тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”, мөн Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-оор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тус сургуулийн эзэмшлийн “Huyndai аего town” маркийн, 07-80 УНҮ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцуулж, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Эаар жолоодуулж, улмаар уг автобус онхолдож, зорчигч С.Ууганбаатар, Б.Тэмүүжин, Ц.Гансүх, С.Зоригоо, Г.Алтансүх, Б.Бямбасүрэн, Д.Цэрэнжаргал нарын 7 хүн нас барж, Ц.Замбалгарав, Ж.Чинзориг нарын 2 хүний эрүүл мэндэд хүнд, Б.Мөнхжаргал. М.Өнөрцэцэг, Н.Гомбогаанин, О.Гэрэлсүрэн, Л.Саруулцэцэг, Д.Ууганбаатар, П.Мөнгөнбороо, С.Оюундэлгэр, Н.Соёлчимэг нарын 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Мөнхцэцэг, Х.Ариунсэлэнгэ, Ч.Цэцэгмаа, П.Сэлэнгэ, Ц.Бямбасүрэн, О.Тэмүүлэн, Б.Оюундулам, Ж.Гүнжинлхам, Б.Хувьтөгөлдөр, Б.Уранцэцэг, Т.Сайнсанаат, У.Лхагвамаа, С.Цэцэгдэлгэр, Ж.Лхагвадорж, Ш.Оюунчулуун, А.Янжмаа, И.Жавзандулам, М.Норжинсүрэн, Г.Дуламханд нарын 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар,

И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүхээс яллагдагч Б.Э, И.Бнарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.

1. Мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /5 хх-178/, мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /5 хх-228/-ыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил болжээ гэж шүүх дүгнэв. Хэдийгээр шинжээч томилох шийдвэр гаргах үед яллагдагчаар татагдаагүй байсан хэдий ч 2020 оны 1 дүгээр сарын 17-нд Б.Эыг, 2020 оны 2 дугаар сарын 11-нд И.Быг яллагдагчаар тус тус татсан атлаа дээрх шийдвэрүүдийг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт гаргаснаас хойш 2 сарын дараа уг шинжээч томилсон шийдвэрийг танилцуулсан байна.

Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэръяа, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын “Хэргийн материал танилцуулаагүй шүүхэд шилжүүлсэн, хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэх хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тэдгээрт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /8хх- 190/ авагдсан байгаа боловч түүнээс хойших хийсэн ажиллагаатай танилцуулаагүй байна гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”-ыг хүлээн авч шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг сайтар шалгаж тогтоох шаардлагатай байна. Тухайлбал шинжээчийн 5084 дүгээр дүгнэлт /5хх 180-204/-д “...Автобусны тоормосны ногоон өнгөтэй хий дамжуулах гуурс зүүн урд талын гэрлийн хойд хэсэгт 6мм хэмжээтэй битүүмж алдагдсан гэмтэлтэй /зураг 141-143/” гэжээ.

Мөн шинжээч С.Мөнхдалайн “...Дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр, шахалтын нөлөөгөөр үүссэн байсан. Тоормосны хий дамжуулах гуурс битүүмж алдагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл хийгээ бүрэн хураахгүй. Гэмтлүүдийнх нь шинж тэмдэг нь шинэ байсан. ...Араа мултрах тохиолдол байж болно. Энэ тохиолдолд элэгдсэн /араанууд, шүднүүд, чиглүүлэгч/ тохиолдолд араа мултрах тохиолдол бий. Автобусны тухайд араанууд элэгдсэн зүйл байхгүй байсан учраас араа өөрөө гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр мултрахгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-244-246, 247-248/ хэрэгт авагджээ.

Иймд хурдны хайрцагт байрлах араа, шүд, чиглүүлэгчид гэмтэл, элэгдэл, эвдрэл байгаа эсэх, байгаа тохиолдолд шинэ, хуучин аль нь болохыг нэг бүрчлэн шалгаж тогтоох, түүнчлэн тоормосны гуурс /шланк/ гэмтсэн, язарсан талаарх нөхцөл байдлыг тусгай мэдлэгийн хүрээнд нарийчвлан тогтоох, өөрөөр хэлбэл уг гэмтэл нь гадны үйлчлэл, үрэлт, цохилтоос үүссэн эсхүл шинэ хэв гажилтын өөрчлөлт цохилтоос үүссэн эсэхийг тухай бүрд нь шалгаж тогтоох шаардлагатай байна гэж шүүх үзсэн болно. Эцэст нь дүгнэхэд дээрх 2 хэсэгт заасан үндэслэлийг тусган Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр тус тус шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

3. Тухайн зам тээврийн ослын улмаас нэр бүхий иргэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд хөнгөн хохирол учирсан этгээдүүдийг хохирогчоор бус иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь хуульд нийцэх тул энэ талаарх ажиллагааг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэйг тэмдэглэж байна.

Мөн уг зам тээврийн осол гарахад Дотоод хэргийн их сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, нөлөөлсөн эсэх, түүнчлэн гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар зохих ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.

Мөн мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэйн зэрэгцээ хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилсныг анхаарвал зохино.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Б.Э, И.Бнарт холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Т.Серикжан, С.Оюунжаргал нар бичсэн эсэргүүцэлдээ болон прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь тодорхой бус, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байх тул эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “..яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан боловч мөрдөгч “Шинжилгээ хийлгэх тухай” 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гаргах үед Б.Э, И.Бнар зөвхөн гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба тэдгээрийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй учраас “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-ыг танилцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байсан.

Өөрөөр хэлбэл Дотоод хэргийн их сургуулийн эзэмшлийн “Huyndai аего town” маркийн, 07-80 УНҮ улсын дугаартай автобус онхолдож 7 хүн нас барсан гэх үйлдэлд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Б.Эын үйлдэлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, И.Бын үйлдэлд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Мөн Б.Э, И.Бнарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцах боломжоор хангасан байх ба яллагдагч И.Б нь шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаж, гарын үсэг зурсан бол яллагдагч Б.Э нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолтой танилцахаас татгалзсан болно.

Тодруулбал, мөрдөгч нь шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцах боломжоор хангахаас гадна мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллагдагч Б.Э, И.Бнарт хавтаст хэргийн материалыг 2 удаа танилцуулж, гарын үсэг зуруулсан, мөн яллагдагч Б.Эад прокурорын хяналтад байх хугацаандаа “Шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдтэй дахин танилцах боломжоор хангасан боловч тэрээр танилцахаас татгалзсан болох нь хэргийн материалыг танилцуулсан тухай мөрдөгч болон прокурорын тэмдэглэлээс харж болно. /хх 9-19/,

Түүнчлэн, техникийн шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон шинжээчийн 5084, 521 дугаартай дүгнэлт гарах үед Б.Э, И.Бнарыг яллагдагчаар татаагүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан байх ба шинжээчийн 5084 дугаартай дүгнэлт гарснаас хойш яллагдагч Б.Эад 02 сар 09 хоног, И.Бд 03 сар 04 хоногийн дараа танилцуулах хууль зүйн үндэслэл бий болжээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааг дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу эрүүгийн 1903011910031 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, хавтаст хэргийн материалыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэръяа, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарт 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан болох нь 8-190 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно.

Мөрдөн шалгах ажиллагааг дуусгаснааас хойш ямар нэгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байх ба прокурорын хяналтад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдол болон хавтаст хэрэгт өмнө авагдсан ажил байдлын тодорхойлолтыг хавсаргасан болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэръяа, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нар мөрдөн шалгах ажиллагааг дуусгасны дараа хэргийн материалыг танилцуулаагүй гэж мэдүүлсэн боловч улсын яллагчийн зүгээс та бүхэн хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байна гэдгийг хэлэхэд тэд танилцаагүй гэж байсан, түүнээс биш прокурорын хяналтад хавсаргасан материалтай танилцаагүй гэж гомдол мэдүүлээгүй болох нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайгийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5084 дугаартай дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “..шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй” нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь шинжээчийн дүгнэлтийн “Үзлэг ба Шинжилгээ” гэсэн хэсэгт “...тоормосны хий дамжуулах ногоон өнгөтэй гуурс зүүн урд талын гэрлийн хойд хэсэгт 6мм хэмжээтэй битүүмж алдагдсан гэмтэлтэй” гэж, “...дээрхээс үндэслээд автобусны тоормосны механизм нь ослын өмнө ажиллаж байсан байх үндэслэлтэй гэж, “Дүгнэлт” хэсгийн 1 дэх заалтад “...“Huyndai аего town” маркийн автобус эвдрэл гэмтэлтэй болсон байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автобусанд гарсан эвдрэл, гэмтэл нь ослын үед хэв гажилт, шахалтын нөлөөгөөр үүссэн байх боломжтой” гэж, 2 дахь заалтад дээрх эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул ослын үед үүсэн гэмтлууд осол хэрэг гарахад нөлөөлөхгүй” гэж, “...“Huyndai аего town” маркийн автобусны ажлын тоормос ажиллаж байна” гэж тодорхой зааж өгсөн байв.

Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтийн “Үзлэг ба Шинжилгээ” гэсэн хэсэгт “...хурдны хайрцагны араа шилжүүлэх хөшүүргийн гэр хагарсан, хурдны хайрцагны гадна гэр ил харагдах гэмтэлгүй, хагарч салсан араа шилжүүлэх хөшүүргийн дотор эд анги ил харагдах гэмтэлгүй” гэж, “...автобус нь ослын үед гарсан эвдрэл, гэмтлээс явах боломжгүй тул хурдны хайрцагны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй, хурдны араан дамжуулгад механик гэмтэл байхгүй байна” гэж, “Дүгнэлт” хэсгийн 16 дахь заалтад “...хурдны хайрцагны ажиллагааг шалгах боломжгүй, хурдны хайрцагт механик гэмтэл байхгүй” гэжээ.

Дээрх 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5084 дугаартай дүгнэлттэй холбогдуулан шинжээч С.Мөнхдалайгаас 2 удаа мэдүүлэг авч, зарим зүйлүүдийг тодруулсан байх ба шүүгчийн захирамжид шинжээчийн 5084 дугаартай дүгнэлт нь бүрэн бус, эргэлзээтэй гэсэн үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй байна гэж үзлээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан бөгөөд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан насанд хүрээгүй зорчигч О.Тэмүүлэн, Б.Хувьтөгөлдөр, Ж.Гүнжинлхам, зорчигч А.Янжмаа, Б.Цэцэгдэлгэр, М.Норжинсүрэн, Ш.Оюунчулуун, Б.Оюундулам, Б.Уранцэцэг, И.Жавзандулам, У.Лхагвамаа, Х.Ариунсэлэнгэ, Ж.Лхагвадорж, Г.Дуламханд, Ч.Цэцэгмаа, Т.Мөнхцэцэг, Т.Сайнсанаат, Ц.Бямбасүрэн, П.Сэлэнгэ нарын 19 хүнээс эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан тохиолдол гараагүй тул иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэл үүсээгүй.

Учир нь мөрдөн шалгах байгууллагын ажлын хэсгийн мөрдөгч нар ослын улмаас амьд үлдсэн бүх зорчигч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон дүгнэлт гарахаас өмнө буюу хойшлуулшгүй тохиолдол байсан учраас хохирогчоор шууд тогтоож, мэдүүлэг авсан байх ба дараагийн удаад “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байгаа эсэх”-ийг дээрх хохирогч нараас тодруулахад, бүгд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн хүн, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосон бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай холбогдох шалгалтыг хийсэн болно.

Тухайлбал, Дотоод хэргийн их сургуулийн удирдлага, бусад албан тушаалтнуудын буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор “Албан тушаалын тодорхойлолт” болон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Хууль сахиулах их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаартай тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”-уудтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байх ба ослын талаар Дотоод хэргийн их сургуулийн захирал Ш.Лхачинжав, Хангалт үйлчилгээний газрын дарга Н.Басан нараас гэрчийн мэдүүлэг авч, мөрдөгчөөс Н.Басангийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт ирүүлснийг хянаж үзэж, “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр мөрдөгчийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хүчингүй болгож байсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЗ/1029 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

Яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн техникийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хропны тагийг аваад дээрээс нь харах боломж байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Эын өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 521 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5084 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Тухайн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр мөрдөн байцаалт болон прокурорын шатанд удаа дараа бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт өгч байсан. Гэтэл хүсэлтийг хүлээн аваагүй. Прокурор Эрүүгийн хуульд заасан нотлогдвол зохих байдал, гэмт хэргийн бодит байдал бүрэн дүүрэн тогтоогоогүй байж яллах дүгнэлт үйлдсэн. Шинжээчийн дүгнэлт нь гэрч, хохирогч, иргэний хариуцагч, өмнөх жолоочийн мэдүүлгээр бүрэн дүүрэн үгүйсгэгдэж байна. Тоормос ажиллагаагүй, эвдэрдэг байсан, уруу газар ивээс хийж явдаг байсан гэх мэдүүлэг өгсөөр байтал шинжээчийн дүгнэлт нь “тоормос бүрэн ажиллагаатай байна” гэх дүгнэлт гарсан. Битүүмжний хий алдагдалт шинэ, хуучин эсэх, араа шүд бүрэн бүтэн эсэхийг нарийн тогтоож байж осол гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтооно гэж үзэж байна. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй хэрнээ ялагдагчаар татагдсан байсан. Хэрэв шинжээч томилсон тогтоолтой танилцсан бол дахин шинжээч томилуулах, дахин шинжилгээ хийлгэх эрхээр хангаагүй. Бүхий л хүсэлтийг хангалгүйгээр хэт нэг талыг барьсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Эын өмгөөлөгч Г.Оюунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 521 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 5084 дугаартай шинжээчийн дүгнэлт зөрүүтэй. Техникийн шинжээчийн дүгнэлтээр 6 мм битүүмж алдагсан эсэх талаар дахин тогтоох ёстой гэсэн дүгнэлт гарсан. 6 мм шланк дээр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1305 дугаартай дүгнэлтээр зориулалтын шланк мөн эсэхэд дүгнэлт гарсан болохоос биш битүүмж хэрхэн алдагдсан талаар дүгнэлт гараагүй. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1305 дугаартай дүгнэлт нь шинжилгээний обьектыг тусгаж өгөөгүй. Энэ нь шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч И.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай санал нэг байна...” гэв.

Яллагдагч И.Б, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Автобусны тоормос хэзээ битүүмж алдагдаж ажиллахаа больсныг тогтоох шаардлагатай. Гэрч Лхагвадорж, Чинзориг нар тоормос ажиллахгүй байсан болон жолоочийн үйлдлийг хараад сууж байсан талаар мэдүүлдэг. Хурдны хайрцагны тагийг аваад дээрээс нь харснаар хурдны хайрцагны бүрэн бүтэн байдал тогтоогдохгүй. Гаднаас нь хараад хурдны хайрцаг бүрэн бүтэн байж болно. Гэвч нэг шүд байхгүй болсноор л араа нь мултардаг. Эдгээрийг тогтоох хүсэлтийг прокурор хүлээж аваагүй. Хэв гажилт юунаас хэрхэн яаж үүссэнийг тогтоох шардлагатай гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч И.Б, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.     

Яллагдагч И.Б, түүний өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.    

Иргэний нэхэмжлэгч С.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

Иргэний хариуцагч Ю.Булганаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс энэ хэрэгт манай тал, танай тал гэх ойлголт байхгүй. Хохирогч, шүүгдэгч талаа бодож бүх төлбөр мөнгийг гаргасан. Шүүхээс хэрэг буцсаны дараа Ууганбаатарын банкны зээлийг төлж барагдуулсан. Хамт олноо болон хоёр талаа бодож бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. ...” гэв.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын үед болсон үйл явдлын улмаас 7 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байна.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн:

07-80 УНҮ улсын дугаартай “Hyundai aero town” загварын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал тус үйл явдлын өмнө ямар байсан, үйл явдлын дараа ямар байдалтай байгаа, эвдрэл гэмтлүүд байгаа бол хэзээ хэрхэн үүссэн байж болохыг, осолд нөлөөлсөн эсэх талаар техникийн шинжээчийн дүгнэлтийг,

техникийн шинжээчийн дүгнэлт, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдсөн эсэх талаарх шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргуулах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаар хийх нь хэргийг эргэлзээгүй, нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн Б.Э, И.Бнарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан бусад үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг заавал дахин хийлгэх шаардлагагүй гэж эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЗ/1029 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн шинжээчийн дүгнэлт гаргуулах талаарх үндэслэлийг хэвээр үлдээж,  захирамжийн бусад үндэслэлүүдийг хүчингүй болгуулахаар бичсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Э, И.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                   ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

       ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ