Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00433

 

 

 

 

 

 

2021 04 14 155/ШШ2021/00433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Х сумын ... дугаар багт оршин суух, Х овогт Х П -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Х сумын .... дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Х сумын ЗД-д холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36,590,680 төгрөг, балансын урамшуулал 475,543 төгрөг, нийт 37,066,223 (гучин долоон сая жаран зургаан мянга хоёр зуун хорин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 155/2021/00249/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Н.П /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаяр /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Хөвсгөл аймгийн Х сумын ЗД Д.Ц 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Улмаар шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо гаргаж явж байгаад 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Х сумын ЗД Н.Анхбаярын Б/18 дугаар захирамжаар ажилдаа эгүүлэн томилогдсон. Ажилд эгүүлэн томилогдсоноос хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрх үүссэний дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс мөн 2018 онд санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан аудитын балансын урамшуулал болох 475,543 төгрөгийг Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Намайг ажилгүй байх хугацаанд төрийн захиргааны албан хаагчийн цалин гурван удаа нэмэгдсэн байгаа....Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш ажилдаа томилогдох хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулна. Намайг ажилгүй байсан хугацаанд Улсын их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг шинэчлэн тогтоосон. Би нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байгаа. Төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэвтэй....Одоо ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэвийн нэмэгдэл нь үндсэн цалингийн гучин хоёр хувь болж нэмэгдсэн байгаа. Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс гучин хоёр хувь болж мөрдөгдөж эхэлсэн. Мөн төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын цалингийн сүлжээ шатлалыг ТЗ-7 байсныг ТЗ-9 болгож шинэчлэн тогтоосон.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон байгаа. Энэ тогтоол нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Мөн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 277 дугаар тогтоол нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 277 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын цалигийн хэмжээ, сүлжээг дахин шинэчлэн тогтоосон. Үүний дараа Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай тогтоол гарч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэ Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээг дахин шинэчлэн тогтоосон. Би ажилгүй байсан хугацаандаа цалингийнхаа нэмэгдлүүдийг нэмэгдүүлж зохих журмынх нь дагуу бодуулж тооцуулж авах хүсэлтэй байна. Миний бие Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад хууль бус шийдвэрийн улмаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Ийм учраас орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 38,035,349 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилж байна. Мөн 2018 оны аудитын балансын урамшуулал болох 475,543 төгрөгийг нэмж нийт 38,510,892 төгрөгийг Хөвсгөл аймгийн Х сумын ЗДаас гаргуулж өгнө үү.

...Би ажлаас үндэслэлгүй халагдсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх хурал 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болж шүүхээс миний нэхэмжлэлийг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй ба Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлал миний талд буюу намайг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Уг магадлалыг Хөвсгөл аймгийн Х сумын ЗДар ажиллаж байсан Д.Цогт хүлээн зөвшөөрөөгүй ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хурал 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж Давж заалдах шатны шүүхийн 348 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнээс хойш Хөвсгөл аймгийн Х сумын ЗДар ажиллаж байсан Д.Цогт Улсын дээд шүүхийн 291 дугаартай тогтоол, Давж заалдах шатны 348 дугаартай магадлалуудыг эс зөвшөөрч шинээр илэрсэн нөхцөл гэж нилээд хэдэн удаа гомдол гаргасан...Сүүлд гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилдаа эгүүлэн томилуулах тухай хувийн өргөдөл өгөөд шийдвэрлэж өгөхгүй болохоор нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж албадан ажилдаа эгүүлэн томилуулах тухай удаа дараа хүсэлтүүд өгч байсан...Намайг одоо ажиллаж байгаа ЗД ажлаас халаагүй ч гэсэн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сумын ЗДар томилогдсон учраас миний нэхэмжлэл ингэж яваад байгаа юм. Ажлаас халсан ЗД ажиллаж байсан бол би тэр хүнээс нэхэмжлэх байсан...Би хариуцагч биш гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны залгамж чанараар Хөвсгөл аймгийн Х сумын ЗДар томилогдоод ажиллаж байгаа учир ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг гаргуулна. Мөн балансын урамшууллаа нөхөж авах гээд нэхэмжилж байгаа юм. Аудитын балансын урамшуулал нь цалингийн 60 хувийн урамшуулал олгосон байсан. Тэр үед миний үндсэн цалин 792,572 төгрөг байсан. Үүний 60 хувиар тооцож 2018 оны аудитын балансын урамшууллаа нэхэмжлээд байгаа юм.

....ТЗ-9-5 гэсэн шатлал сүлжээгээр цалинждаг. Сумдын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор ТЗ-7 байсныг ТЗ-9 дэх ангилал болгосон...Улсын Их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэв 32 хувь болсон....Би одоо ТЗ-9-5 гэсэн шатлал сүлжээгээр цалинждаг...Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө ТЗ-7-5 дахь шатлалаар нэхэмжилж байгаа. Би төрийн албанд 22 жил ажилласан. Үүнээс Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр томилогдсоноос хойш тасралтгүй 12 жил ажиллаж байгаа. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг ажилдаа үргэлжлүүлэн ажиллаж байсан гэж үзэж байгаа...Төрийн болон албаны нууц хариуцаж ажиллаж байгаа албан тушаалтан 30 хүртэлх хувийн нэмэгдлийг авна гэж заасан. Үүний дагуу нууц хадгалалтын 15 хувийн нэмэгдлээ авна....Би Хөвсгөл аймгийн Х сумын Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцан ажилладаг эрх бүхий албан тушаалтан гэх ажлыг хавсран гүйцэтгэснийхээ хувьд Улсын Их хурлын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд 40 хүртэлх хувийн нэмэгдэл авч ажиллаж болно. Шаардлагатай бол орон тооны ажилтан авч ажиллуулж болно гэж тусгасан байдаг. Үүний дагуу хавсран ажилласны 40 хувийн нэмэгдлээ өмнө нь авдаг байсан учир энэ нэмэгдлээ мөн авна....Би тухайн үед ажлаа хийж байсан бол нэмэгдлүүдээ аваад явах байсан....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаасаа татгалзаж байгаа. 2020 оны сонгуулийн үр дүнгээр Хөвсгөл аймгийн Х суманд Ардчилсан нам олонх суудлыг авч тухайн үеийн ЗДар ажиллаж байсан Д.Цогт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анхдугаар хуралдаан хийсэн. Анхдугаар уралдаан дээр Нямдашийн Анхбаяр миний бие олонхын санал авч Хөвсгөл аймгийн ЗДд Хөвсгөл аймгийн Х сумын ЗДар томилуулахаар уламжилсан. Үүний дагуу Хөвсгөл аймгийн ЗД Л.Ганболд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б/63 дугаар захирамж гарч Д.Цогт даргыг ажлаас чөлөөлж Хөвсгөл аймгийн Х сумын ЗДар миний бие томилогдсон. Тухайн өдөр дөрөв дэх өдөр байсан. Би дараагийн долоо хоногийн нэг дэх өдөр ажлаа хүлээлцэж авсан. Засаг даргын ажил хүлээн авснаас хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Пг Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох гэсэн хоёр мэдэгдэл над дээр ирсэн. Би тухайн үед шүүхийн шийдвэрийг биелүүлж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/18 дугаартай захирамжаар Н.Пг Хөвсгөл аймгийн Х сумын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон. Мөн Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн зардлаас 9,808,078 төгрөгийн зардлыг 5909051855 гэсэн ХААН банкны тоот дансанд шилжүүлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг надаас нэхэмжилсэн. Уг зүйлийг би буруу гэж үзэж байгаа. Нэхэмжилсэн мөнгийг төлөхөөр бол өмнө нь ЗДар ажиллаж байсан хууль бус шийдвэрийг гаргасан Д.Цогт дарга төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Ямар үндэслэлээр ингэж үзсэн бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгож байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол учруулсан хохирлыг уг хууль бус шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Тиймээс Д.Цогт дарга төлөх ёстой. Харин би шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

....Албан тушаалын хувьд гэвэл би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх болоод байна. Би уг хууль бус шийдвэрийг гаргасан этгээд биш. Харин би шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон. Тодорхой хэмжээний буюу 9,800,000 төгрөгийг халагдсан өдрөөс Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр хүртэлх хугацааны цалинг олгосон. Тийм учраас би өөрийгөө хариуцагч биш гэж үзэж байна...2009 оноос Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан нь үнэн....Баримтуудаас харахад Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч байсан н.Бямбажавт аудитын балансын урамшуулал олгосон байсан. Санхүүгийн хяналт хийлгэж үзээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм байна. Дахин Тамгын газрын сангаас балансын урамшуулал олгож чадахгүй гэдгээ өөрт нь хэлсэн....Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/63 дугаар Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар энэ албан тушаалд томилогдсон. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээж авсан....гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.П нь Хөвсгөл аймгийн Х сумын ЗДд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 36,590,680 төгрөг, балансын урамшуулал 475,543 төгрөг, нийт 37,066,223 (гучин долоон сая жаран зургаан мянга хоёр зуун хорин гурав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.П нь нэхэмжлэлийн шаардлагаа ...Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 38,035,349 төгрөг, 2018 оны аудитын балансын урамшуулал 475,543 төгрөг, нийт 38,510,892 төгрөгийг гаргуулах... гэж тодрууллаа.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаяр нь ....Хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж маргав.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Н.П нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаартай магадлалаар Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0348 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дугаартай тогтоолын хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 8-10, 24-27 дугаар тал/.

Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Н.Пг Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон болох нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай захирамж, нэхэмжлэгч Н.П, хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаяр нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-ийн 93-94 дүгээр тал/.

Нэхэмжлэгч Н.Пг ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь дээрх шүүхийн магадлал, тогтоолуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар ЗД гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын ЗД албан тушаалын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймээс хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаярын шүүх хуралдаанд гаргасан ...Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсвэл шүүх тогтоосон бол учруулсан хохирлыг уг хууль бус шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Тиймээс Д.Цогт даргыг төлөх ёстой. Харин би шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан гэж үзэж байна... гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллага нь иргэний хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх боломжтойг дурдлаа.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2018 оны санхүү аудитын балансын урамшуулал зэргийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

А. Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Намайг ажилгүй байх хугацаанд төрийн захиргааны албан хаагчийн цалин гурван удаа нэмэгдсэн байгаа....Намайг ажилгүй байсан хугацаанд Улсын Их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг шинэчлэн тогтоосон...Ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэвийн нэмэгдэл нь үндсэн цалингийн гучин хоёр хувь болж нэмэгдсэн байгаа....Монгол улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол гарсан. Уг тогтоол нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын цалингийн сүлжээ шатлалыг ТЗ-7 байсныг ТЗ-9 болгож шинэчлэн тогтоосон...Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар..., 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолоор..., Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай тогтоолоор төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээг дахин шинэчлэн тогтоосон....Үндсэн цалингаас нууц хадгалалтын 15 хувь, зэрэг дэвийн 32 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь, Улсын Их хурлын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд 40 хүртэлх хувийн нэмэгдэл авна...Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө ТЗ-7-5 дахь шатлалаар нэхэмжилж байгаа...Би одоо ТЗ-9-5 гэсэн шатлал сүлжээгээр цалинждаг гэж тайлбарлав.

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөж байсан Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаартай Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл-д дэс түшмэлийн ангилалын ТЗ-7 зэрэглэлийн 8-д Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ТЗ-7 зэрэглэлд хамаарч байжээ.

Харин 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-д ахлах түшмэлийн ангилалын ТЗ-9 зэрэглэлийн нутгийн захиргааны албан тушаалын 6-д Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ТЗ-9 зэрэглэлд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ТЗ-7 зэрэглэлийн 5 дахь шатлалд зааснаар цалин авч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Энэ талаар талууд маргаагүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах тооцооллыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ТЗ-7-5 дахь шатлалаар, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-9-5 дахь шатлалд зааснаар тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж заасан.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад ТЗ-7-5-д заасан шатлалын албан тушаалын цалин нь 855,978 төгрөг байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн албан тушаал нь ТЗ-9-5 дахь шатлал болсон ба уг шатлалын албан тушаалын цалин нь 1,008,016 төгрөг байна.

Харин 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 277 дугаар тогтоолын хавсралтад ТЗ-9-5-д заасан шатлалын албан тушаалын цалин нь 968,197 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад ТЗ-9-5-д заасан шатлалын албан тушаалын цалин нь 1,045,653 төгрөг болсон байна.

Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний тооцооллыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, албан тушаалын цалин өөрчлөгдсөн тул 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тус тус хугацаагаар гаргуулах нь үндэслэлтэй байна.

Мөн Н.П нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцооллыг тооцохдоо цалин (албан тушаалын цалин) болон уг цалингаас төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдэл 15 хувь, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувиар тус тус тооцож гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Н.П нь төрийн албанд 22 жил ажилласан, ахлах түшмэл ангилалын тэргүүн зэрэг дэвтэй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй.

Монгол улсын Их хурлын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолын хавсралтын 2.10-д заасны дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас 32 хувиар тооцож, сар тутам олгох нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ба уг журмын 2-д заасны дагуу нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас 15 хувиар тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар Журам батлах тухай тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам-ын 2.1.-д Нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдлийг түүний ажлын ачаалал, хариуцаж байгаа нууцын зэрэглэл, нууцтай ажилласан хугацаа зэргийг харгалзан тухайн ажилтны албан тушаалын үндсэн цалингийн 10-30 хувиар тооцож, сар бүр олгоно. гэж, Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаартай Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдyyлгийг бyртгэх, хянах, хадгалах журам-ын 3.1-д Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхлэх орон тооны ажилтантай байж болно. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувиар, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдлийг 40 хувиар тус тус тооцож гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь энэ талаар маргаагүй тул нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувиар, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдлийг албан тушаалын цалингийн 40 хувиар тус тус тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 855,978 төгрөгөөр ажлын 6 өдрөөр тооцоход албан тушаалын цалин 233,449 төгрөг, үүнээс төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 35,017 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 74,704 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 35,017 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 93,379 төгрөг, нийт 471,566 төгрөгийг,

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 1,008,016 төгрөгөөр ажлын 2 өдрөөр тооцоход албан тушаалын цалин 100,800 төгрөг, үүнээс төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 15,120 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 32,256 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 15,120 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 40,320 төгрөг, нийт 203,616 төгрөгийг,

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 968,197 төгрөгөөр ажлын 18 өдрөөр тооцоход албан тушаалын цалин 871,377 төгрөг, үүнээс төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 130,706 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 278,841 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 130,706 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 348,551 төгрөг, нийт 1,760,181 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 968,197 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 145,229 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 309,823 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 145,229 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 387,278 төгрөг, нийт 1 сард 1,955,756 төгрөг үүнийг 5 сараар үржүүлэхэд нийт 9,778,780 төгрөгийг,

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 1,045,653 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 156,848 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 334,609 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 156,848 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 418,261 төгрөг, нийт 1 сард 2,112,219 төгрөг үүнийг 11 сараар үржүүлэхэд нийт 23,234,409 төгрөгийг,

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал цалин хөлсний тооцооллыг албан тушаалын цалинг 1,045,653 төгрөгөөр ажлын 11 өдрөөр тооцоход албан тушаалын цалин 522,819 төгрөг, үүнээс төрийн алба хаасны нэмэгдэл 15 хувь буюу 78,423 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь буюу 167,302 төгрөг, нууц хадгалалтын буюу нууц хамгаалах ажилтаны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувь буюу 78,423 төгрөг, хавсран ажилласны нэмэгдэл буюу Улсын Их Хурлын Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд заасан нэмэгдэл 40 хувь буюу 209,127 төгрөг, нийт 1,056,094 төгрөгийг буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс бүгд 36,504,646 төгрөгийг Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтлоо.

Б. Нэхэмжлэгч нь 2018 оны санхүүгийн аудитын балансын урамшуулал 475,543 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...2018 онд санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан учир аудитын балансын урамшуулал болох 475,543 төгрөгийг Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас гаргуулна....Аудитын балансын урамшуулал нь цалингийн 60 хувийн урамшуулал олгосон байсан. Тэр үед миний үндсэн цалин 792,572 төгрөг байсан. Үүний 60 хувиар тооцож 2018 оны аудитын балансын урамшуулалаа нэхэмжлээд байгаа юм... гэж, хариуцагчийн төлөөлөгч Н.Анхбаяр нь ....Баримтуудаас харахад Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч байсан н.Бямбажавт аудитын балансын урамшуулал олгосон байсан. Санхүүгийн хяналт хийлгэж үзээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм байна. Дахин Тамгын газрын сангаас балансын урамшуулал олгож чадахгүй гэдгээ өөрт нь хэлсэн.... гэж тус тус тайлбарлав.

Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт 2018 онд хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитаар уг байгууллага нь зөрчилгүй санал дүгнэлт авч, Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-т аудитын балансын урамшуулал 439,125 төгрөгийг олгосон болох нь Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/83 дугаартай Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоодож /хх-ийн 79 дүгээр тал/ байх тул нэхэмжлэгч Н.Пд 2018 оны аудитын балансын урамшуулал 439,125 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36,504,646 төгрөг, 2018 оны аудитын балансын урамшуулал 439,125 төгрөг, нийт 36,943,771 (гучин зургаан сая есэн зуун дөчин гурван мянга долоон зуун далан нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,567,121 (нэг сая таван зуун жаран долоон мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын ЗДд даалгахаар тогтов.

Нэхэмжлэгч Н.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,819 төгрөгөөс 350,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,315 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас 36,943,771 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 342,669 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Пд олгох нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн Х сумын ЗД нь тус иргэний хэрэгт зохигчоор оролцож байгаа тул хавтаст хэргийн 6, 32-35, 57, 58, 60-63, 84-87, 92 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх заалтыг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй.

Мөн Хөвсгөл аймгий Х сумын ЗД нь өөрийн байгууллагаас гаргасан бичмэл баримтад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулах байтал өөр байгууллагын гаргасан бичмэл баримтад Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хавтаст хэргийн 57-60 дугаар хуудсанд авагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн хуулбар, мэдэгдлийн хуулбар зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36,504,646 төгрөг, 2018 оны аудитын балансын урамшуулал 439,125 төгрөг, нийт 36,943,771 (гучин зургаан сая есэн зуун дөчин гурван мянга долоон зуун далан нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,567,121 (нэг сая таван зуун жаран долоон мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Пгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын ЗДд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,819 төгрөгөөс 350,504 (гурван зуун тавин мянга таван зуун дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5,315 (таван мянга гурван зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Хөвсгөл аймгийн Х сумын ЗДас улсын тэмдэгтийн хураамж 342,669 (гурван зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.Пд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ