Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2021/00506

 

 

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2021/00506

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын .... дугаар багийн .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, М овогт Л Э -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн А сумын ..... дугаар багт оршин суух, Ц овогт Л Б д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 155/2020/02021/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Л.Э нь Л.Бтэй 2016 онд танилцаад 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүү Б.Д-г төрүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хурим найраа хийж гэр бүл болсон. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Д маань нас барсан. Бид гэр бүлээ 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр батлуулсан. Энэ хугацаанд энэ хүний авир бөгөөд зан араншин гэх мэт бүх зүйл нь анхнаасаа мэдэгдэж байсан. Хүнийг эцэг эхгүйгээр нь доромжлох, тавлах, намайг хайхран халамжлах хүн байхгүйгээр минь өөртөө ашигтай байдлаар хандаж байгаа нь ажиглагдаж байсан. Тухайн үедээ би энэ хүн засарна. Амьдралд хоорондоо муудалцах маргалдах, таарамжгүй байх нөхцөл байдлууд үүсдэг юм болов уу гэж бодоод тэр үедээ гайгүй болох байх гэж боддог байсан. Сүүлд 2018 онд жирэмсэн болоод 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин төрсөн. Гэхдээ 2018 онд намайг 5 сартай жирэмсэн байхад машин дээрээс нь лоом алга болсны төлөө багалзуурдаж эгчийнхээ хажууд өшиглөж, дэлгүүр дотор чирч муухай авирууд гаргасан....Тухайн үед би эргэж очихгүй. Энэ хүнтэй амьдрахгүй гээд Хөвсгөл аймгийн М суманд гэртээ ирсэн. 4 сарын хугацаанд гэртээ байж байгаад Хөвсгөл аймгийн М сумын 3 дугаар багийн 2-18 тоотод төрсөн. Төрсний дараа хоёулаа амьдын хагацал зовлон үзсэн. Үр хүүхдээ алдсан хүүхэд минь хүрээд ирсэн юм чинь хүүхдээ хараад гайгүй болох болов уу гэж бодож байсан. Хоёулаа сайхан амьдарна, би дахин чамайг зодохгүй гэхээр нь итгээд буцаж нийлээд Хөвсгөл аймгийн А суманд очсон. Эхний хоёр сарын тухайд миний аав миний хажууд байсан болохоор янз бүрийн муухай авирыг гаргаагүй. Аавыг явснаас хойш бас нөгөө л араншинтай авиртай хүн хэвээр байсан. Бүр илүү их дарамталж гар хүрэх болсон. Чи намайг чамд гар хүрж дарамталсны төлөө чи надаас салдаг гэл үү, одоо чамайг салж явахыг чинь харъя. Тэр битгий хэл утсаар яриулдаггүй. Надад тийм зүйл хэрэгтэй байна аваад өгөөч гэхээр авч өгөхгүй. Гэрт хүмүүс ирээд ярьж хөөрөөд суух гэхээр ирсэн хүмүүстэй харилцан яриа үүсгэхгүй муухай хараад суучихдаг. Ийш тийшээ явахдаа сим карт утасныхаа антеныг аваад явах зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан. Манай ах дүү нар болон аав хоёр дүү маань очихоор танайхан ирээд байна. Гэрт байх тухгүй байна гэх мэт зүйл ярьдаг байсан. Ах дүү нартай маань ямар ч харилцаа холбоо үүсгүүлдэггүй. Архи ууж тамхи татдаггүй нь үнэн. Гэхдээ хүн архи уугаад балмагдсан сэтгэлээр хүнд хандах, эрүүл саруул ухаанаар хүнд дарамтлах хоёр үнэхээр аймаар. Энэ хүний саруул ухаанаар хүнийг цохиж нүдэж байгаа нь хүний нүдэнд ил харагдах толбо шархыг хүнд үлдээхгүйгээр далд газар руу хүнийг цохино. Хүний хумсан дээр цохичхоод тэр нь хөхрөхөөр чи юманд хавччихсан юм биш үү гэж хэлдэг....Чамайг үхээд өгвөл би сайхан амьдрах гээд байна, өвчин зовлонгоор ч юм уу чи ямар нэг байдлаар үх, хууль гэж байдаггүй бол би чамайг алаад сайхан амьдармаар байна гэх мэт үгсийг цаг ямагт хэлдэг. Чи эхийгээ, хүүгээ алсан алуурчин. Чи хүний мах иддэг биз дээ хүн сонсож болох ямар муухай үг байна тэр бүгдийг хэлдэг, хараадаг, зүхдэг байсан. Энэ хүнийг гэртээ орж ирэхэд би салгалж чичирдэг байдалтай байсан. Хамгийн сүүлд хэрэг үүсгээд хянан шалгуулаад явж байгаа нь 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр манай ишиг айлын малтай нийлсний төлөө ээжийнхээ хажууд цохиж зодсон. Хүүхдээ хөхүүлээд сууж байхад чихтэй хавсаргаж цохисон....Хэн ч үр хүүхдээ салгаад өнчрүүлээд амьдаръя гэж бодохгүй. Эвтэй найрамдалтай байхыг хүсдэг. Хүн хүнийг чи ингэдэг шүү, тэгдэг шүү гэж хэлээд нинжин сэтгэлээр хандаж байхад тэрийг улам ашиглаж, хүнийг ямар ч харилцаагүй, сэтгэл зүйн дарамттай, өөрийн эрх мэдэлгүй, юм л болбол айж сандарч чичирдэг, хүний өөдөөс үг хэлэхдээ ээрдэг, хүний нэр мартагддаг болсон байсан....Хоёр сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд эвлэрэх хүсэл байхгүй. Цаашдаа ч эвлэрэхийг хүсэхгүй байна. Би өөрийнхөө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дагуу гэр бүлээ цуцлуулахыг хүсэж байгаа. Хүүхдээ өөрийн асрамжид авна. CD-нд хуулсан бичлэг нь манайд хийгдсэн бичлэг байна. Өнөөдөр манай охин энэнээс ч илүү зүйлийг хийж чадна. Би энэ айлд өөрийн гэсэн мал хөрөнгөгүй очсон нь үнэн. Гурван жилийн хугацаанд би энэ айлд зүгээр суугаагүй. Би гадаах орчинд хийгдэх зүйл, гэр оронд хийх зүйл гээд бүхий л зүйлд оролцож байсан. Хүүхдээ өсгөсөн. Манай өнгөрдөг хүү гурван сартай байсан. Би гурван сарын хугацаанд хүүгээ өсгөөгүй биш өсгөсөн. Хатгаа авсан гэдгийг оношилж чадаагүй түүнээс болсон. Цаашлаад өөр зүйл хавсарсан байх боломжтой гэж хэлсэн. Би энэ хүнтэй амьдарсан гурван жилийн алдагдлаа зүгээр хоосон буулгамааргүй байна. Иймээс би өөрийнхөө хувийг авна гэсэн хүсэлтэй байна. Би Л.Бгээс гэрлэлтээ цуцлуулахдаа охин Б.Номуундарийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг үнэлүүлэхэд 17,450,000 төгрөгөөр үнэлэгдсэн үүнийг өөрт оногдох болон охинд оногдох хувь болох 11,632,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байгаа. Энэ зөвхөн 2020 оны малын А дансаар тооцож гаргасан үнэлгээ байгаа. Үүнд 2020 онд мал төллөх үеэр байсан. Энэ төллөлтөд 80 хурга, 20 ишиг, 3 тугал гэх төлөөр өссөн байх ёстой. Гэхээ би 2020 оны малын А дансны дагуу нэхэмжилсэн зүйлээ гаргуулж авахыг хүсэж байна...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Б.Н гэж охин байгаа. Хөвсгөл аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт явдаг....Би тоогоо нэмэхдээ алдсан байж магадгүй. Нэг хүнд ногдож байгаа хувь нь 5,816,000 төгрөг байгаа. Хоёр хүнээр бодох юм бол 11,633,000 төгрөг болж байгаа....Би өөрөө хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс татгалзаад өөртөө биш охиндоо 5,000,000 төгрөг авахаар эвлэрсэн....2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Анх ажилд ороод 600,000 төгрөгийн цалин хөлс авч байсан. Одоо албан тушаал дээшлээд 800,000 төгрөгийн цалин авдаг болсон....гэв.

Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2016 он танилцаад 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хуримаа хийсэн. Хамт амьдарч байх хугацаанд нэг нэгнийгээ дарамтлаад миний эрхшээлд Л.Э байсан зүйл байхгүй. Би хэлдэг байсан. Хүн хүрж ирэхэд мэндтэй, цай хийж өгөөд идээгээ аваад өгдөг байвал хэрэгтэй байдаг юм чи тэгэхгүй байна гэж хэлдэг байсан. Л.Э утсаар яриулдаггүй гэж хэлж байна. Манай тэнд утсаар ярих хэмжээний сүлжээ байдаггүй. Хүн харагдахгүй газар нүднээс далд зоддог гэж байгаа тал дээр миний багийн хүмүүжил, эзэмшсэн боловсрол мэргэжлийн хувьд ч авч үзэхэд миний хувьд ийм хүмүүжил байхгүй. Худлаа хэлээд байгаа нь утга учиргүй байна....Л.Э Хөвсгөл аймгийн М сумын 3 дугаар багийн 2-8 тоотод амьдардаг. Үүнийгээ миний гэр гэж яриад байгаа. Өөрийнх нь бүртгэлтэй хаяг нь Хөвсгөл аймгийн М сумын 3 дугаар багийн 6-5 тоотод бүртгэлтэй байдаг. 3 жил байх хугацаандаа Л.Э нь гэрт байгаагүй. Мал төллөх гэх мэт хийх ёстой ажилд Л.Э оролцож байгаагүй. Хүссэн үедээ л ийш тийш явдаг байсан. Хүүхдээ дан ганц би өсгөсөн гэх асуудлыг яриад байна. Урьд өмнө хүүхдээ алдаж байсан учраас Л.Эг өглөө ч босгодоггүй, зөвхөн хүүхдээ өсгөх хүн болгох тал дээр анхаардаг байсан. Л.Э гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйлийг сайн мэдэхгүй ойлгохгүй байх шиг байна. Миний зүгээс гэр бүлээ бүтэн авч явъя гэж бодож хийсэн алдаа дутагдлаа бүрэн ухамсарлаж ойлгосон. Үүнийхээ дагуу би шүүхээс гарсан шийтгэврийн дагуу 10 хоногийн баривчилгаанд явсан бөгөөд явсан гол үндэслэл нь утсаар яриулаагүй гэдгийг авч хэлэлцсэн. 10 хоног баривчлагдаж байх хугацаандаа тодорхой хэмжээний хуулийн мэдлэгтэй болж, сургалтад хамрагдаж, хүмүүжсэн. Өөрийг нь хүний мах иддэг гэж хэлсэн гэж байна. Би энэ үгийг анх удаа сонсож байна. Би ишгээ ээжтэйгээ явж ялгачихаад нутгийн хэдэн залуустай эмнэг сургаж байгаад ирсэн чинь Л.Э би дуудсан явна гэхээр нь би чи өөрөө мэд миний амьдралын утга учир нь хүүхэд та хоёр шүү гэж хэлсэн. Надаас нэхэмжлээд байгаа эд хөрөнгө нь байхгүй. Банкны зээл авахын тулд аавынхаасаа мал гуйж авч тоолуулж байсан. Энэ нь дундын өмч биш аавын хувийн өмч бөгөөд манай аав амьдрал чинь болж бүтэхгүй цаашдаа амьдрахгүй бол би өөрийнхөө хөрөнгийг чамаас авъя гээд авсан байгаа. Энэ яриад байгаа малаас үхэж үрэгдсэн надад одоо 45 тооны толгой мал байгаа. Энэ өвөл хүнд байлаа зуд болсон. Сая орсон 4, 5 хоногийн цасанд ганцаараа өвс тэжээл байхгүй, мал үхэж үрэгдэх асуудал гарсан....Миний хүүхдийг тураалын байдалд оруулсан байсан. Анх Л.Э чи хүүхдээ ав, би чамаас салъя гэхэд нь би тухайн үед энэ хүүхдийн шашин номын зүгээс өсгөж өндийлгөж байсан. Би эцэг нь тийм учраас хүүхдээ аваад явсан....Намайг авч явах үед ус л уудаг тараг ууж, хоол идэж чадахгүй болсон байсан. Шүүхэд гаргаж өгсөн зураг дээр хүүхдийн дух нь хонхойгоод орсон цагаан цагаан сорвитой болсон байсан....Би хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Энэ хүн өөрийн гэсэн гэр орон байхгүй. Аав болон байдаг айлынх нь ах архи уудаг. Эмэгтэй хүүхэд тийм хүмүүсийн дунд байж байгаад янз бүрийн асуудалд орчихгүй байгаа гэж маш их сэтгэл эмзэглэдэг. Би хүүхдэдээ дэмжлэг тусламж үзүүлдэг хувцас гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгдөг....Намайг лам хувраг гэдэг асуудлыг няцаагаад байгаа нь би хар бага наснаасаа тодорхой хэмжээнд бурхны шашны сургуулийг гэрчилгээ нь байгаа....Л.Эгийн яриад байгаа шиг хүн яргалж гаж үйлдэл гаргаж байгаагүй. Шинжлэх ухааны доктор н.Нэргүй гэж хүний туслахаар ажиллаж байх хугацаандаа энэтхэгийн Гэлэн ламд шавь орсон байдаг...Энэ ондоо багтаад 5,000,000 төгрөгийг Л.Эд өгөхөөр эвлэрсэн. 2021 тоны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 5,000,000 төгрөг төлөхөөр болсон...Би боломжтой. Ном уншаад 700,000-800,000 төгрөгийн орлого олдог. Манай аав ээж хоёр мөн боломжтой....Цалин 300,000 төгрөг авдаг үүн дээрээ нэмээд ном уншиж олсон орлогоо авдаг....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь Л.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №6707000003 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Б.Н төрсөн болох нь №118/000168 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч Л.Б нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2020 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь охин Б.Н-ийн асрамжийн талаар маргах боловч хүүхдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Мөн хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг хүнд өвчтэй гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь ...Л.Эгийн төрсөн гэр байгаа боловч садангийнхаа айлд байдаг. Нөхцөл байдлын үнэлгээгээр хангалттай гаргаагүй байна. гэж тус тус тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гарган өгөөгүй байна.

Тодруулбал, хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Н-ийг нас болон хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, сард тодорхой өрхийн орлоготой, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт зэргийг харгалзан хүүхдийг эх Л.Эгийн асрамжид үлдээн, эцэг Л.Бгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Н-ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. /хх-ийн 40-46, 61 дүгээр тал/

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Л.Бгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Н-ийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Л.Бгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Л.Бгээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Л.Э нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлагад хариуцагч Л.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 5,000,000 (таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Л.Эд өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Л.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Нд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,549 төгрөг, 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг, нийт 198,699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгохоор тогтлоо.

Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн гэрэл зургууд нь хэзээ авхуулсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 7081 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 144-145 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургууд болон хариуцагчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан 3 минут 1 секунтын утсаар ярьсан ярианы бичлэг, 33 секунтын дүрс бичлэг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх дээрх баримтууд, гэрэл зураг, CD бичлэгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Хариуцагчийн эд мөрийн баримтаар гаргасан 3 минут 1 секунтын утсаар ярьсан ярианы бичлэг бүхий CD 1 ширхэг, 33 секунтын дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Л.Эд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Бд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Ц овогт Л Б, М овогт Л Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Н-ийг эх Л.Эгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Бгээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлагад хариуцагч Л.Б нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд 5,000,000 (таван сая) төгрөгийг нэхэмжлэгч Л.Эд өгөхөөр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Бд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Л.Эд тус тус даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,492 (гурван зуун таван мянга дөрвөн зуун ерэн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгээс улсын тэмдэгтийн хураамж нийт 198,699 (нэг зуун ерэн найман мянга зургаан зуун ерэн ес) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар хариуцагчийн эд мөрийн баримтаар гаргасан 3 минут 1 секунтын утсаар ярьсан ярианы бичлэг бүхий CD 1 ширхэг, 33 секунтын дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг хэрэгт үлдээсүгэй.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Л.Эд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Бд тус тус мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ