| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00146/И |
| Дугаар | 155/ШШ2021/00472 |
| Огноо | 2021-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/00472
| 2021 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2021/00472 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А сумын ..... дүгээр багт оршин суух, Б овогт Б Э-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын ..... дүгээр багийн .... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, Х овогт Нийн О-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 155/2021/00146/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Хөвсгөл аймгийн А суманд 1987 онд төрсөн. 2009 онд П.Отай танилцаж 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хамтран амьдарч эхэлсэн. 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуримаа хийж, гэрлэлтээ 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 9-ний өдөр охин Э.О төрсөн. 2017 оны 02 дугаар сард П.О Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. 2017 оноос хойш би охинтойгоо хоёулаа амьдарч байгаа. 2017 оны 8 дугаар сараас хойш холбоо тасарч охинтойгоо ярихаа больсон. Эхнэр болох П.О нь одоо хамтран амьдрагчтай хүүхэдтэй болсон. Ийм учраас бид цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй болсон. Одоо гэрлэлтээ цуцлуулж 2013 оны 02 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин Э.Ог өөрийн асрамжид авах хүсэлтэй байна...Хувийн таарамжгүй харилцаа, санал зөрөлдөх зэрэг асуудлаас болж тусдаа амьдрах болсон...Охинтойгоо уулзъя гэсэн үед нь ээжтэй нь уулзуулдаг. Охин ээжтэйгээ утсаар ярьдаг...Охин Э.О нь Хөвсгөл аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн 2Б ангид сурдаг. Охин маань эрүүл саруул бойжиж байгаа эмчийн тодорхойлолт бүх баримт хавтаст хэрэгт өгсөн байгаа....Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Охиноо өөрөө асран халамжлах хүсэлтэй байна....Би согтууруулах ундааны зүйл өмнө бага хэмжээгээр хэрэглэдэг байсан. Одоо охинтойгоо амьдарч эхэлснээс хойш архи хэрэглэхгүй байгаа. Тамхи татдаг....гэв.
Хариуцагч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1991 онд төрсөн. 2009 онд нэхэмжлэгчтэй танилцаж үерхэж эхэлсэн. 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуримаа хийж 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр охин Э.О төрсөн. Архи болон хувийн таарамжгүй харилцааны улмаас таарч тохирохоо байж 2017 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би 2019 оноос хойш хамтран амьдрагчтай болж хүүхэдтэй болсон. Иймд буцаж эвлэрэн хамт амьдрах боломжгүй. Бидний дундаас гарсан охин Э.О аавтайгаа цуг амьдардаг. Охин Э.Ог аавынх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Б.Э нь охиныг авч явах бүрэн чадвартай гэж үзэж байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Ог эцэг Б.Эгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна....Эд хөрөнгийн маргаан байхгүй...2017 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа....Нэхэмжлэгч өмнө нь хамт амьдарч байхдаа архи хэрэглэдэг байсан. Одоо хэрэглэдэггүй....2017 оноос хойш би охиноо хаяад ажил хийнэ гээд явсан. Тэрнээс хойш харж хандаад, эрүүл саруул өсгөөд, хичээл номыг нь тасалдуулахгүй сайн харж өсгөж чадаж байгаа болохоор эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Н.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №6707000004 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Э.О төрсөн болох нь Иргэний улсын бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 6 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Н.О нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эцгийн халамж, эцэгтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Ог эцэг Б.Эгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Э.Ог эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Н.Оын хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх Н.Оаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Б.Э нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Б овогт Б Э Х овогт Нийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.О -г эцэг Б.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Н.От, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Эд тус тус даалгасугай.
4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ