| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/04598/И |
| Дугаар | 183/ШШ2021/01147 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/01147
2021 оны 05 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/01147 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт оршин байх, Э ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт оршин суух, О овогт Ц.Г /РД:000000000/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23.485.542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0000000000 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Э ББСБ ХХК нь автомашин худалдаж авах зориулалтаар 15.050.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэтэл нэг удаа л 1.500.000 төгрөгийг төлснөөс өөрөөр төлөлт хийхгүй байгаа тул гэрээний 4.2-т зааснаар гэрээг цуцалж, үндсэн зээл 14.455.642 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хүүд 6.986.233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297.107 төгрөг, нотариатын төлбөр 6000 төгрөг, нийт 21.744.983 төгрөг гаргуулах шаардлага анх гаргасан. Улмаар шүүх хурал удаа дараа хойшилж байгаа тул шаардлагаа нэмэгдүүлээд 23.485.542 төгрөг болгосон. Зөвхөн хүү л нэмж нэхэмжилсэн гэсэн үг. Одоо автомашин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй, олж авлаа ч манай зээлийн энэ хэмжээнд хүрэхгүй тул мөнгөө л гаргуулж авмаар байна. Хэрвээ энэ нэхэмжилсэн дүнг төлчихвөл машиных нь гэрчилгээг тэр доор нь буцаагаад нэр лүү нь шилжүүлнэ. Нэгэнт зээлээ төлөхгүй байгаа тул гэрээгээ цуцална, өмгөөлөгч нь хурал давхацсан гэх боловч баримтаар тэгж харагдахгүй байх тул хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэв.
Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 0000000000 тоот Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Э ББСБ ХХК нь автомашин худалдаж авах зориулалтаар 15.050.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэхээр зээлдэгч Ц.Г нь нар харилцан тохиролцсон байна. Мөн өдөр Э ББСБ ХХК нь Ц.Г-тэй 0000000000-1 тоот Фидуцийн гэрээг байгуулж, үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл 0000 ААА улсын дугаартай Toyata prius alpha маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэргийн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн болон фидуцийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан анх шүүхэд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14.455.642 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хүүд 6.986.233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 297.107 төгрөг, нотариатын төлбөр 6000 төгрөг, нийт 21.744.983 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүг 1.746.559 төгрөгөөр нэмэгдүүлсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаа 1.740.559 төгрөгийн хэмжээгээр өсгөж, хариуцагчаас нийт 23.485.542 төгрөгийг нэхэмжилдэг.
Хариуцагч Ц.Г нь үндсэн нэхэмжлэлийн хувийг 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдөр, нэмэгдүүлсэн шаардлагын хувийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус гардан авсан байх ба шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.
Зээлдүүлэгч нь 15.050 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байгаа нь хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан 0023 дугаартай төлбөрийн баримтаар нотлогддог ба хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн эсэх асуудлаар шүүх хуралдааны явцад маргаж, хүсэлт санал гаргаж байгаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т тус тус зааснаар гэрээнд заасан үүрэг болох үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иймд хэрэгт авагдсан зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 14.455.642 төгрөг, хүүд 6.986.233 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 297.107 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөгийг тус тус хариуцагч Ц.Г-өөс гаргуулж, нэмэгдүүлсэн шаардлага болох 1.740.559 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчиж, нэг л удаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг эргүүлэн төлсөн болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.9 дэх заалт, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцжээ.
Тодруулбал нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэж бичсэн байгаагаас үзэхэд гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байх тул гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдана. Иймд шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй гэж үзлээ.
Түүнчлэн фидуцийн гэрээний дагуу 0000 ААА улсын дугаартай Toyata prius alpha маркийн автомашиныг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх боловч тухайн автомашиныг бодитойгоор хариуцагчаас гаргуулан аваагүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийн үнийг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ц.Г нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд ирж оролцоогүй, өмгөөлөгч нь мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /хуралдаан давхацсан нь баримтаар тогтоогдохгүй/ хуралдаанд ирж оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г-өөс 21.744.983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.740.559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-өөс 266.674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ