Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00557

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2021/00557

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Булган аймгийн Х сумын Х тосгоны залуусын ... тоотод оршин суух, Г Ш овогт Цийн М -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Г сумын ..... дугаар багт оршин суух, Х овогт Чын П-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 155/2021/00061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ц.М (онлайн), хариуцагч Ч.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2007 танилцаж, 2008 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү П.Д төрсөн. Хамт амьдарч эхэлснээс хойш хариуцагч нь маш их архи уух болж архины хамааралтай болсон. Архи уусан үедээ ааш авир муутай. Өөрөө энэ тухайгаа мэдэж байгаа байх. Удаа дараа агсам тавьж байсан. Намайг жирэмсэн байхад өвлийн хүйтэнд гадаа хэд хэдэн удаа хонуулж байсан удаатай. Архи уухаараа гарт таарсан зүйлээ авч шиддэг хүн байсан. Амьдралаа авч явъя, ажил хийе, эхнэр хүүхдээ тэжээе гэсэн хүсэл зорилгогүй байсан. Аймгийн төв дээр амьдардаг байсан болоод ч тэр үү энэ хүн өөрөө сурч мэдсэн боловсрол байхгүй байсан болоод ч тэр үү амьдралын хүсэл зорилго байдаггүй байсан. Салах гол шалтгаан нь маш их архины хамааралтай архи уухаараа ааш авир муутай, тайван бус амьдарч байсан. Хариуцагч нь их хартай. Ажил хийхээр хийлгэдэггүй байсан. 2008 онд би эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн. Энэ хүнтэй амьдарч байх хугацаанд ажил хийх боломж байгаагүй маш их дарамтанд байдаг байсан. Хамт амьдарч байх хугацаандаа бие махбодь, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Хамгийн сүүлд 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүүхэдтэйгээ намрын сэрүү орсон байхад энэ хүн архи ууж гэртээ ирж гарт таарсан тоос сорогч, сүх барьж дайрч байсан. Ийм дарамтад байсан учраас тэр шөнө хүүгээ аваад зугтсан байгаа. Удаа дараа байнгын ийм хандлагатай байсан учраас цаашид бид хоёрын амьдрал үргэлжлэх боломжгүй болсон. Цаашид энэ хүнтэй амьдрах юм бол эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирол амсах юм байна гэж бодож байсан. Тийм ч учраас салсан байгаа. Салснаас хойш хүүхдэдээ анхаарал хандуулж байгаагүй. Манай хүүхэд хүзүүн дээрээ хоёр булчирхайтай эмнэлгээр их явсан. Мөнгө төгрөг болон ахуй амьдрал дээр туслалцаа үзүүлж байгаагүй. Хүүхэд аавыгаа танихгүй шүүхэд салах өргөдөл өгөхөд хүүхдээс асуулга авахад аав нь гэж ийм хүн байдаг гэдгээ мэдсэн. Манай хүүхэд Орхон аймгийн Ирээдүйн одод сургуулийн 6 дугаар ангийг амжилттай сурч төгссөн байгаа. Хариуцагч өөрийн гаргаж байсан ааш авир болон архины асуудлаа өөрөө ухаарч мэдэж байгаа. Үгүй гэж гүрийхгүй байх гэж бодож байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан....2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн....Эд хөрөнгийн маргаан байхгүй....гэв.

Хариуцагч Ч.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2005 онд танилцаад 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү П.Д төрсөн. 2010 оноос миний буруугаас болж таарч тохирохоо байсан. Би архи уудаг байсан. Үүний улмаас таарч тохирохоо байж 2010 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа....Гэрлэлтээ 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлсэн....2010 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь Ч.Пд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2007 онд танилцаж, 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү П.Д төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Ч.П нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүү П.Дыг эх Ц.Мийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ч.Пгаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү П.Дыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ч.Пгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ч.Пгаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ц.М нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч Ц.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пгаас улсын тэмдэгтийн хураамж 124,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Мт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.Пд тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Х овогт Чын П, Г Ш овогт Цийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү П.Д-ыг эх Ц.Мийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү П.Дыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Пгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ч.Пд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ц.Мт тус тус даалгасугай.

5.Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,702 (нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Пгаас улсын тэмдэгтийн хураамж 124,702 (нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Мт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.Пд тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ