Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00570

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00570

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын ... дүгээр багийн .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, Ш овогт Пгийн Ч-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ..... дугаар багт оршин суух, М овогт Дгийн Д-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 155/2021/00428/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч П.Ч, хариуцагч Д.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2014 онд танилцаж, 2016 оны 9 дүгээр сард том охин төрсөн. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бага хүү маань төрсөн. Том охин гарсан цагаас хойш хоорондын харилцаа таарамж муутай байсан. Бага хүү минь гараад сар хүрээгүй байхад харина гээд явсан байгаа. Бага хүү гэдсэнд байсан хугацаанд салахаар шийдсэн байсан. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн том охин Д.Нд тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бага хүүгээ би өөрийн аав, ээж хоёртоо үрчлүүлсэн учир бага хүү дээрээ тэтгэлэг гаргуулахгүй. Д.Д бид хоёр салаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хүүхдийн тэтгэлэг авдаггүй байсан. Хүүхэдтэйгээ холбоогүй байгаад байсан учир тэтгэлэг авах нь зүйтэй юм байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан...Би 2017 онд ургийн овгоо Боржигоноос Ш, өөрийн эцгийн нэрээ Пүрэвээс П, өөрийн нэрийг Сонинхүүгээс Ч болгон солиулсан байгаа. Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр хуучин нэрээрээ явж байгаа....Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Хурим хийж байгаагүй. Хоёр гэрийнхээ хооронд ирэн очин амьдардаг байсан....гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2014 онд П.Чтэй танилцаж үерхэж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д.Н охин төрсөн. 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Д.Э төрсөн. Би хүү дээрээ ирж сар хүрэхгүй хугацаанд даавууг нь угааж байгаад буцаж явах замдаа мотоциклиос унаж толгойндоо гэмтэл авч хот руу зуны гурван сар явж хагалгаанд ороод ирсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд нэхэмжлэгч нь холбоо барихгүй байсан. Хадам аав, ээж ч дургүйцээд наад арчаагүй юмнаасаа сал гэж хэлж байсан тухай би хүнээс сонссон. Өөрөө ч аав, ээж хоёр чамаас сал гээд байна гэж хэлж байсан удаатай. Би хагалгаанд орчхоод 8 сард ирээд охинтойгоо тоглож байхад охин маань унаад уйлсан чинь хадам аав, ээж хоёр над руу уурлаад чи арчаагүй, 30 хувийн эрүүл мэндтэй, чиний амьдарна гэж юу байдаг юм, хоёр хүүхдээ чамд үхсэн ч өгөхгүй гэж хэлж байсан. Би хавар 3 дугаар сарын 15-ны өдөр очсон. Мөн хоёр эгчийгээ явуулж уулзуулахад одоо бүтэхгүй, нийлүүлэхгүй гэж хэлсэн байсан. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Ннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ би сар сардаа өгч чадахгүй жилдээ тодорхой хэмжээний мөнгө өгч байж болно....Охин Д.Н миний хүүхэд мөн....гэв.

 

 Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Ч нь Д.Дид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Нэхэмжлэгч П.Ч, хариуцагч Д.Д нарын дундаас 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин Д.Н төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 115/002843 дугаартай нэхэмжлэгч П.Чийн Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6, 17 дугаар тал/

Хариуцагч Д.Д нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Д.Н нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Доос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Д.Намуун-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Охин Д.Намуун-Эрдэнийн төрсний гэрчилгээнд нэхэмжлэгч П.Чийн нэр П.Сонинхүү гэж бичилттэй байх ба нэхэмжлэгч П.Ч нь 2017 онд ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчилсөн болохыг дурдав.

Нэхэмжлэгч П.Чийн төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,537 төгрөгөөс 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Д.Н нь 4 нас 8 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн тал хувь 106,900 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг Д.Д нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Дийн сар бүр төлөх тэтгэлэг 106,900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч П.Чт олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч П.Чт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Дид тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М овогт Дийн Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Доос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч П.Чт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Дид тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,537 (гучин таван мянга таван зуун гучин долоо) төгрөгөөс 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 200 (хоёр зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Доос улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.Чт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ