Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 843

 

                                                                                      

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1705012690183 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 25а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн ЗЗа дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж ял эдлэж байгаа;

 

С.Б нь:

иргэн Ц.Оюун-Эрдэнэд өөрийгөө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн мэргэжилтнээр ажилладаг, тендер авч өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Мөнхбаян төгөл” сангийн 6000067932 дугаарын “Хас” банкны данс руу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7,900,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,100,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн 2016 оны 9 дүгээр сарын 7-нд “яаралтай хэрэг боллоо” гэж 500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-нд “чухал хэрэг боллоо. Би удаахгүй өгнө” гэж 760,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Оросоос чихэр татах гэсэн юм, охин ирэх болчихоод мөнгөө хүлээж чаддаггүй” гэж 7,600,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авах” гэж байгаа...яаралтай бараа татах хэрэгтэй байна. Миний аль нэг мөнгө түрүүлээд ороод ирэхээр нь та хоёрын мөнгийг өгнө гэж 3,000,000 төгрөгийг тус тус өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан нийт 31,860,000 төгрөгийн хохирол,

иргэн Б.Рэнчинванжилд “...орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Б.Рэнчинванжилаас авч, залилан 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 35,360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, С.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бгийн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар С.Бгээс нийт 19.736.200 төгрөг гаргуулж хохирогч Ц.Оюун-Эрдэнэд 16.236.200 төгрөг, хохирогч Б.Рэнчинванжилд 3.500.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Оюун-Эрдэнэд холбогдох хэрэг иргэд хоорондын гэрээтэй, намайг 2018 оны 12 дугаар сарын 20-нд шүүх хурлаар ороход өөр хэрэг байгаа гэж хэлсээр байтал иргэд хоорондын маргаан, хэрэг биш гэж хэлсэн атлаа миний эрх зүйн байдлыг дордуулж, 3 жилийн дараа яллагдагчаар татаж ял оногдуулсанд гомдолтой байна. Намайг ял эдлэж байгаа болохоор хэтэрхий нэг талыг баримталж, хэргийн материал бүрдүүлсэн. Би ял эдлээгүй байхдаа гэрээний дагуу төлбөрийг төлж байсан. Үлдэгдэл төлбөрт миний болон хүүхдийн газрын гэрчилгээ барьцаанд байгаа. 3 жилийн дараа яллагдагчаар татахад корона вирусын улмаас ар гэрийхэнтэйгээ уулзаж чадалгүй 5 сар болсон. Мөн эрүүл мэндийн улмаас эмнэлэгт хэвтэж байсан болохоор энэ хэрэгт ямар ч нотлох баримт гарган өгч чадаагүй, нэг ч удаа өмгөөлөгчийн хамтаар байцаалт аваагүй юм. Би 2011 онд хөхний хорт хавдарын хагалгаанд орсон. Хавдар судлалын үндэсний төвийн хяналтанд байдаг, насанд хүрээгүй хүүхэдтэй, амьдралын болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон шүүх хуралд миний хам хэрэгтэн Д.Оюунчимэгээс авах 80,000,000 төгрөгийн авлагыг тогтоосон, хоригдож байгаа болохоор өдий болтол явч чадахгүй байгаа билээ. Энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хэргийн мөн чанарыг тогтоож, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч С.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын талаар маргаж байгаагүй. Бага насны хүүхдийн асуудал нь маш хүндрэлтэй байна. Шүүгдэгч С.Бгийн хавдрын явц маш хүндрэлтэй байдалтай. Хүний амьдрал гэдэг бол зүүний үзүүр дээр арвай будаа тогтохтой адил ийм ариун нандин амьдрал байдаг. Нэг хүүхэд нь Оросын Холбооны Улсад малын эмчээр суралцаж байгаа. Би хохирогч Оюун-Эрдэнэтэй уулзаж хохирлын талаар ярилцсан. Том хүүхэд нь дүүгээ хардаг. Шүүгдэгч С.Б анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял боломжийн харагдаж байгаа боловч өөр ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өгөх саналтай байна. Ялаа эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийх ялыг эдлүүлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв ял шийтгэл нь нэмэгдэхгүй байх юм бол 9 дүгээр сард хянан магадлангийн хуралд орох гэж байгаа учир нэг удаа төрийн уучлал үзүүлж өгнө үү. ...” гэв.

 

   Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хамгийн бага ял оногдуулсан гэж үзэж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байхад 1 жилийн хорих ял оногдуулсан нь хөнгөн ял гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Бд холбогдох 1705012690183 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

 

С.Б нь:

иргэн Ц.Оюун-Эрдэнэд өөрийгөө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн мэргэжилтнээр ажилладаг, тендер авч өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Мөнхбаян төгөл” сангийн 6000067932 дугаарын “Хас” банкны данс руу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 7,900,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2,100,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн 2016 оны 9 дүгээр сарын 7-нд “яаралтай хэрэг боллоо” гэж 500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-нд “чухал хэрэг боллоо. Би удаахгүй өгнө” гэж 760,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Оросоос чихэр татах гэсэн юм, охин ирэх болчихоод мөнгөө хүлээж чаддаггүй” гэж 7,600,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авах” гэж байгаа...яаралтай бараа татах хэрэгтэй байна. Миний аль нэг мөнгө түрүүлээд ороод ирэхээр нь та хоёрын мөнгийг өгнө гэж 3,000,000 төгрөгийг тус тус өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан нийт 31,860,000 төгрөгийн хохирол,

иргэн Б.Рэнчинванжилд “...орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус Б.Рэнчинванжилаас авч, залилан 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 35,360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Оюун-Эрдэнийн “...2016 оны 8 дугаар сард нөхөр бид хоёрыг таксинд явж байхад Батсүрэн гар өргөж суугаад Батсүрэн өөрийгөө анх танилцуулахдаа Хөдөө аж ахуйн яаманд төслийн менежер хийдэг гэж хэлсэн. Батсүрэн “Мөнхбаян төгөл сан”-д 20 сая төгрөг байршуулаад 200 сая төгрөгийн тендер авч уг мөнгөөрөө мах худалдаж аваад зооринд хадгалж байгаад хавар нөөцийн мах худалдан борлуулдаг. Та хоёр хөдөөний хүн яг тохирно гэсэн. Тэгэхээр нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хас банкин дээр очоод “Мөнхбаян төгөл” сангийн 5000067932 тоот харилцах дансанд “Боврой хайрхан” ХХК-иас тендерийн баталгаа гэх утгаар 10.000.000 төгрөг хийсэн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 100 айл тооцооны төв Хас банк дээр очоод “Мөнхбаян төгөл” сангийн 5000067932 тоот харилцах дансанд “Боврой хайрхан” ХХК-иас тендерийн баталгаа гэх утгаар 2.100.000 төгрөг хийсэн. Үүний 1 сая төгрөгийг нь Батсүрэн өөрөө гаргаж өгсөн. Миний 20 сая төгрөг байршуулах мөнгө 19 сая болчихоод байсан. Би бусдаас мөнгө зээлсэн байсан. Дээрх 20 сая төгрөгийг тендерийн дансанд байршуулчихсан гэж бодоод тайван байсан юм. Дараа нь С.Б 2016 оны 9 дүгээр сарын 7-нд яаралтай хэрэг боллоо 500,000 төгрөг хэрэг болсон гээд Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр сургууль дээр ирж надаас бэлнээр авсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Б 1 сая төгрөг хэрэг болоод байна та хоёр олж өгч чадах байх гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь манай нөхрийн цалин буухаар нь 260,000 төгрөг аваад би сургуулийнхаа хамтын сангаас 500 мянган төгрөг зээлж аваад 1 сая төгрөг хүрэхгүй байна гэж Батсүрэнд хэлээд бэлнээр 760,000 төгрөгийг Сүхбаатар дүүрэг, Дөлгөөн нуур зочид буудлын үүдэнд автомашин дотор өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Б Оросоос чихэр татах гэсэн юм гэхээр нь би Батсүрэнд Сүхбаатар дүүрэг, Монгол банкны ар талд бэлнээр 7,600,000 төгрөг өгсөн. Уг мөнгөний 5 саяыг нь өөрийн эгчийн хүүхэд Рэнчинванжилаас зээлсэн. Сүүлд би өөрөө Рэнчинванжилд буцааж өгсөн байгаа. Тухайн үед Батсүрэн нь 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа өнөө маргаашгүй бүтнэ гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.Б “би 50 сая төгрөгийн зээлээ хөөцөлдөөд байна, арай бүтсэнгүй гэж хэлээд дэлгүүрт бараа татах гэсэн юм” гэхээр нь манай нөхөр Баярсайхан банкнаас 5 сая төгрөг зээлээд 3,000,000 төгрөгийг С.Бгийн өгсөн нэг дансанд шилжүүлсэн. Ингээд миний зүгээс С.Бд нийт 31.860.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 15.623.800 төгрөгөнд бараа болон бэлэн мөнгө авсан. Би эдгээр мөнгөний хүүнд их хохирч байна. Одоо үлдэгдэл 16.236.200 төгрөгийг С.Бгээс нэхэмжилж байна. Батсүрэн сүүлдээ ХХААЯ-нд ажилладаггүй гэж мэдэгдсэний дараа Мягмардорж гэж нэр гаргаж ирсэн. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй. ...Тэгээд Батсүрэн нь худлаа яриад байхаар нь энэ худлаа боллоо гэж бодоод Хас банкин дээр очоод манай “Боврой хайрхан” ХХК-ний 20 сая төгрөг “Мөнхбаян төгөл” сангийн дансанд байгаа авъя гэсэн чинь хүний данс шалгаж өгөхгүй гэж банкны теллер хэлсэн. Тэгээд 99119026 дугаарын утас руу залгасан чинь эмэгтэй хүн утсыг нь аваад би энэ дугаарыг худалдаж авсан гэж хэлсэн. ХХААЯ дээр очиж Мягмардорж гэж хүн сурагласан чинь хүмүүс нь мэдэхгүй байсан. Тэгээд би залилуулсан гэж бодсон...” /1хх  68-69, 192/,

 

хохирогч Б.Рэнчинванжилийн “...С.Б гэж эгч надтай танилцаад орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хэлээд надаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 3.500.000 төгрөгийг залилан мэхэлж дансаар авсан. Сүүлдээ энэ нь худлаа болж таараад би С.Бтэй уулзаж мөнгөө нэхэхэд эгч нь авсан мөнгөө өгнө л гэдэг. Энэ мэтчилэн хэлээд өгөлгүй 2-3 жил болсон. ...” /1хх 184-185/,

 

гэрч Ч.Цэцгээгийн “...Би Батсүрэнг сайн бол танихгүй. Нилээн хэл амтай хүүхэн 4-5 жилийн өмнө санагдаж байна. Компанийн эрх шилжүүлэх гэж надтай холбогдож байсан. Би тухайн үед ямар хүний нэр дээр ямар компани шилжүүлж байсныг санахгүй байна. Тэрнээс хойш 2016 билүү 2017 онд Батсүрэн эхнэр, нөхөр гэх хоёр хүн дагуулж ирээд “компани байгуулах гэсэн юм, тамга, тэмдэг хийлгэж улсын бүртгэлд оруулах гэсэн юм” гэхээр нь би тэр хүмүүсийн материалыг бүрдүүлж, тамга тэмдгийг гаргаж өгч тэр хүмүүс өөрсдөө улсын бүртгэлд бүртгүүлж байсан. ...Батсүрэнг Хөдөө аж ахуйн яаманд янз бүрийн юм хөөцөлдөж зээл гаргаж өгдөг хүн л гэж ойлгосон. Дандаа л хөдөө аж ахуйн чиглэлээр компани байгуулуулдаг. Би тэр хүнтэй бол ямар нэг дотно харилцаа холбоо байхгүй...” /1хх 74/ гэх мэдүүлгүүд,

 

төлбөр барагдуулах хэлцэл /1хх 34-35/, орлогын маягт /1хх 36-37/, Хас банкны дансны хуулга /1хх 58/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “С.Б нь тус яаманд ажиллаж байгаагүй болно” гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг /1хх 91/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “2016-2017 оны хооронд Ц.Оюун-Эрдэнэ, С.Баярсайхан нарын нэр дээр болон “Боврой Хайрхан” ХХК-ийн нэр дээр тендерийн материал тус яамны архивт байхгүй болно” гэсэн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 03/1820 дугаартай албан бичиг /1хх 60/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч C.Батсүрэнгийн хохирогч Ц.Оюун-Эрдэнэ, Б.Ренчинваанжил нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 35,360,000 төгрөгийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Залилах...” гэсэн гэмт хэргийн шинжтэй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял…” гэсэн ялын төрлүүдээс хорих ялыг С.Бд сонгож оногдуулсан нь түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Иймд С.Бгийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/464 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ